Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Порно материал үздэг христиан хурлаас хасагдах тохиолдол бий юү?

▪ Хасагдах тохиолдол бий. Тиймээс сонин сэтгүүлд нийтэлдэг, телевиз, интернетээр цацдаг бүхий л төрлийн порно материалаас нүүр буруулах нь туйлын чухал.

Өнөөдөр порно материал хаа сайгүй тархжээ. Интернетийг өргөн хэрэглэх болсноор, порно үзэхэд ядах юмгүй болж, энэ аюулт тахалд нэрвэгдэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хөгшин, залуу хэн боловч порно Вэб сайт руу санамсаргүй орчихдог. Порно материалыг гэртээ юм уу ажил дээрээ үзэж, уншихад хэн ч мэдэхгүй гэж бодоод зориуд тийм сайтад нэвтэрдэг хүмүүс ч бий. Тэгвэл порно материал үзэх нь христиан хүнд яагаад аюултай вэ?

«Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» гэж Есүс анхааруулсан нь гол шалтгаан юм (Мат. 5:28). Нөхөр эхнэрийн хоорондох бэлгийн хэвийн харилцаа нь зүй зохистой бөгөөд таашаал өгдөг (Сур. 5:15–19; 1 Кор. 7:2–5). Харин порно материалд ёс бус бэлгийн харьцааг дүрсэлдэг бөгөөд үүнийг үзэж сонирхсон хүн Есүсийн анхааруулгыг зөрчин муухай юм боддог. Шуудхан хэлэхэд, порно материал үзэж, унших нь «Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» хэмээсэн Бурхны тушаалыг илт зөрчиж байгаа хэрэг (Кол. 3:5).

Хэрэв христиан хүн ганц хоёр удаа порно үзвэл юу болох вэ? Аюултай байдалд орсон дуулалч Асаф шиг болно. Тэрбээр: «Миний хувьд би бараг хөл алдаж, бараг хальтрах шахлаа» хэмээжээ. Нүцгэн шалдан хүмүүсийн зураг, эр эмийн явдлыг нүд салгалгүй ширтэж байсан хүн Бурхантай эвтэй, мөс чанар нь цэвэр байж чадна гэж үү? «Би өдөржин сахилгажуулагдаж, өглөө бүр гэсгээл хүртдэг» гэж бичсэн Асаф шиг байх биз ээ (Дуу. 73:2, 14).

Порно үзэж байгаа христиан Еховатай тогтоосон харьцаанд нь сэв суусныг ойлгож, сүнслэг тусламж авах шаардлагатай. «Хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай» гэдэг учир ахлагчид тусалж чадна (Гал. 6:1). Нэг юм уу хоёр ахлагч тэр хүний төлөө залбирах зэргээр шаардлагатай тусламж үзүүлдэг. «Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж», нүгэл нь «уучлагдах болно» (Иак. 5:13–15). Порно үзэхээ болих гэж ахлагчдаас тусламж авсан хүмүүс Бурханд ойр байх нь сайн гэдгийг Асафын адилаар мэдэрдэг (Дуу. 73:28).

Гэтэл «өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа» гэмшээгүй зарим хүний тухай элч Паул бичжээ * (2 Кор. 12:21). Профессор Марвин Винсент «ариун бус» гэж орчуулсан «акатарсиа» гэдэг грек үгийг «ёс суртахууны хувьд ой гутам» гэж тайлбарласан байна. Зарим порно материал зүгээр нэг нүцгэн хүмүүсийн зураг, эр эмийн явдлыг харуулсан дүрснээс ч бүр дор байдаг нь гашуун үнэн. Ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаа, бүлэг секс, малтай хурьцах, хүүхдийн порно, бүлэглэн хүчиндэх, эмэгтэйчүүдтэй зэрлэг балмад харьцах, садизм (тарчилгаж таашаал авах), бусдыг хүлж бэлгийн таашаал авах зэргийн ой гутам, аймшигтай явдлыг харуулсан порно материал байдаг. Паулын үед амьдарч байсан, «оюун ухаандаа харанхуй болсон» хүмүүс «мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаасан» ажээ (Еф. 4:18, 19).

Паул «акатарсиа» гэдэг үгийг бас Галат 5:19-д бичжээ. Үүнийг Ариун Библид «бузар байдал» гэж орчуулсан байна. «Энд, ялангуяа, бэлгийн гаж хүсэл тачаалыг хэлсэн байж болохыг» Английн нэгэн эрдэмтэн тэмдэглэсэн байдаг. Дээр дурдсан, бэлгийн харьцааг гутамшиг болгодог жигшүүртэй порно нь «гаж хүсэл тачаал» төрүүлдэг, ой гутам зүйл гэдгийг бүх христиан зөвшөөрөх нь ойлгомжтой. Тийм бузар булайг «үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй» гэж Паул Галат 5:19–21-д бичжээ. Тиймээс, христиан хүн бэлгийн харьцааг гутамшиг болгодог жигшүүртэй порно үзэж зуршаад нэлээд удсан бөгөөд гэмшихгүйгээр энэ зуршлаа давтаад байвал хурлыг цэвэр ариун, сайн сайхан байлгахын тулд тийм хүнийг хасдаг (1 Кор. 5:5, 11).

Порно материалын жигшүүртэй төрлийг үздэг болсон зарим хүн ахлагчдад хандан, сүнслэг тусламж авч, шийдэмгий өөрчлөлт гаргаж чадсаныг магтууштай. Есүс эртний Сардейн христиануудад «Үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. ... Чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол ... ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй» хэмээн айлджээ (Илч. 3:2, 3). Гэмшиж, порно хэмээх галаас суга үсрэн гарах боломжтой (Иуда 22, 23).

Гэхдээ аюултай газар луу ойртохгүй байя гэж дор бүрнээ хатуу шийдэх нь хамгийн сайн. Тийм ээ, порно материалын бүхий л төрлөөс хол явцгаая.

[Зүүлт]

^ «Ариун бус, садар самуун, тачаангуй байдал» нь нэг нэгнээсээ ямар ялгаатайг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 7-р сарын 15-ны дугаарын 29–31-р хуудаснаас үзнэ үү (англи).

[30-р хуудасны товчлол]

Порно үздэг христиан сүнслэг байдалд нь аюул учирсныг ойлгож, ахлагчдаас тусламж авах шаардлагатай