Skip to content

Гарчиг руу орох

Есүс Христ асуултын маань хариу

Есүс Христ асуултын маань хариу

Есүс Христ асуултын маань хариу

«Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна?» (ЛУК 9:18).

ЕСҮС шавь нараасаа ийн асуужээ. Учир нь олон түмэн өөрийг нь янз бүрээр ярьж байлаа. Уг нь Есүс олны нүднээс далдуур юм хийдэг этгээд зожиг хүн байгаагүй тул янз янзаар ярих учиргүй байв. Харин ч хот хөдөөгүй яван ард олны дунд орж, сайн мэдээ дэлгэрүүлэн сургаал айлддаг байсан. Яагаад гэвэл Есүс хүмүүсийг өөрийнх нь тухай үнэнийг мэдээсэй гэж хүссэн юм (Лук 8:1).

Есүсийн сургаал номлол, үйл хэргийн талаар бичсэн Евангели буюу «Матай», «Марк», «Лук», «Иохан» номоос Есүс гэж чухам хэн болохыг мэдэж болно. Бурхны удирдлагаар бичигдсэн эдгээр ном Есүсийн талаарх асуултад баттай хариу өгөх баримт юм (Иохан 17:17).

АСУУЛТ: Есүс гэдэг хүн үнэхээр байсан уу?

ХАРИУЛТ: Байсан. Түүхчид, тэр дундаа Иосеф, Тацит нарын І зууны түүхчдийн бичиж тэмдэглэснийг үзэхэд Есүс гэдэг хүн үнэхээр байсан нь батлагддаг. Хамгийн гол нь, Евангелийн номууд Есүсийг үлгэр домгийн баатар бус, түүхэн хүн байсныг хөдөлгөөнгүй нотолдог. Эдгээр номд аливаа үйл явдлын хэзээ, хаана болсныг нарийн, тодорхой бичсэн байдаг. Жишээлбэл, Евангели бичигч Лук Есүсийн дэлхий дэх үйлчлэлээ хэзээ эхэлснийг тодорхойлохдоо түүхчдийн тэмдэглэлд ч гардаг долоон захирагчийн нэрийг дурджээ (Лук 3:1, 2, 23).

Есүс гэж хүн үнэхээр байсныг батлах баримт няцаашгүй юм. Нэгэн номд: «Судлаачдын ихэнх нь Назарын Есүс гэж нэрлэгдсэн хүн І зуунд амьдарч байсныг хүлээн зөвшөөрдөг» хэмээн бичжээ («Evidence for the Historical Jesus»).

АСУУЛТ: Есүс Бурхан мөн үү?

ХАРИУЛТ: Биш. Есүс өөрийгөө Бурхантай эн тэнцүү гэж үзэж байгаагүй. Харин ч Еховад захирагддагаа олон удаа хэлсэн. * Тухайлбал, Еховаг «Бурхан минь», «цорын ганц үнэн Бурхан» гэжээ (Матай 27:46; Иохан 17:3). Есүс «Бурхан», «үнэн Бурхан» гэж хэлсэн нь хэн нэгнийг шүтдэгийг нь харуулдаг. Хэрэв Есүс өөрөө Бурхан байсан бол хэн нэгнийг өөрөөсөө дээгүүр гэж үзэн шүтэхгүй байсан, шүтэх ёстой гэж бодох ч үгүй байсан.

Есүс Бурхнаас өөр бодгаль гэдгээ ч бас хэлсэн. Нэг удаа тэрбээр эрх мэдлийг нь эсэргүүцсэн хүмүүст: «„Хоёр хүний гэрчлэл нь үнэн“ гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг Илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг» гэж хэлдэг (Иохан 8:17, 18). Тэгэхлээр, Есүс гэж нэг бодгаль, Ехова гэж өөр бодгаль байж таарна. Тийм бишсэн бол тэднийг хоёр гэрч гэх аргагүй байв. *

АСУУЛТ: Есүс гэж зүгээр л сайн хүн байсан юм биш үү?

ХАРИУЛТ: Үгүй. Тэрбээр сайн хүний хийдгээс илүүг хийсэн юм. Есүс Бурхны хүсэл таалал биелэхэд олон чухал үүрэг гүйцэтгэхээ ойлгож байсан. Заримыг нь авч үзье.

«Бурханы цорын ганц Хүү» (Иохан 3:18). Есүс өөрийнхөө гарал үүслийг мэддэг байсан. Дэлхий дээр хүн болж төрөхөөсөө бүр өмнө тэнгэрт амьдарч байжээ. Тиймээс «Би ... тэнгэрээс бууж ирсэн» гэж хэлсэн (Иохан 6:38). Тэрбээр Бурхны анхны бүтээл байсан бөгөөд бусад бүх юмыг бүтээхэд нь Бурханд тусалсан. Есүс Бурхны гардаж бүтээсэн цорын ганц бүтээл учир түүнийг Бурхны «цорын ганц Хүү» гэх нь зүйн хэрэг юм (Иохан 1:3, 14; Колоссай 1:15, 16).

«Хүний Хүү» (Матай 8:20). Есүс өөрийнхөө тухай ярихдаа «Хүний Хүү» гэдэг үгийг олон удаа хэрэглэсэн бөгөөд энэ үг Евангелид 80 орчим удаа гардаг. Энэ нь түүнийг хүний биед хувилсан Бурхан бус, жинхэнэ хүн байсныг харуулдаг. Бурхны цорын ганц Хүү яаж хүн болж төрсөн бэ? Ехова ариун сүнсээрээ Хүүгийнхээ амийг Мариа гэдэг онгон еврей эмэгтэйн хэвлийд шилжүүлж, хүн болон бүрэлдэх явцыг эхлүүлжээ. Үүний дүнд Хүү нь Есүс гэдэг нүгэлгүй, төгс хүн болж төржээ (Матай 1:18; Лук 1:35; Иохан 8:46).

«Багш» (Иохан 13:13). Хаанчлалын тухай «сургаал айлдаж, ... сайн мэдээг тунхаглах» ажлыг Бурхан өөрт нь даалгасныг Есүс тодорхой харуулсан (Матай 4:23; Лук 4:43). Бурхны Хаанчлал гэж юу болох, Хаанчлал Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхийг гайхалтай энгийн, ойлгомжтой заасан (Матай 6:9, 10).

«Үг» (Иохан 1:1). Есүс Бурхны Төлөөлөгч байсан. Өөрөөр хэлбэл, Бурхны мэдээ, зааврыг бусдад дамжуулдаг байв. Ехова Есүсээр дамжуулан дэлхий дээрх хүн төрөлхтөнд мэдээ хүргүүлсэн (Иохан 7:16, 17).

АСУУЛТ: Есүс Бурхны амласан Мессиа мөн үү?

ХАРИУЛТ: Мөн. «Тослогдсон Нэгэн» гэсэн утгатай Мессиа буюу Христ ирэхийг Библид зөгнөсөн байдаг. Амласан Мессиа нь Еховагийн санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэх байв. Нэгэн самари эмэгтэй Есүст: «Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ» гэж хэлэхэд нь Есүс: «Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн» хэмээжээ (Иохан 4:25, 26).

Есүсийг Мессиа үнэхээр мөн байсан гэж нотлох ямар нэг баримт байна уу? Нэгтгээд үзэхэд Есүс гэдэг ганц л хүнийг таниулах хурууны хээтэй зүйрлэж болохоор гурван баримт бий. Эдгээрийг авч үзье.

Есүсийн угийн бичиг. Библид Мессиаг Абрахамаас гаралтай Давидын удмаас гарна гэдгийг зөгнөсөн байв (Эхлэл 22:18; Дуулал 132:11, 12). Үнэхээр ч Есүс Абрахам Давид хоёрын удмын хүн байсан (Матай 1:1–16; Лук 3:23–38).

Биелсэн зөгнөлүүд. Еврей Сударт Мессиаг дэлхий дээр хэрхэн амьдрах, тухайлбал хэрхэн төрж, үхэхийг нарийн зөгнөсөн олон зөгнөл байдаг. Есүс дээр тэр бүх зөгнөл биелсэн. Жишээлбэл, тэрбээр Бетлехемд төрсөн (Мика 5:2; Лук 2:4–11). Египетээс дуудуулан гарсан (Хосеа 11:1; Матай 2:15). Цаазлуулахдаа нэг ч ясаа хугалуулаагүй (Дуулал 34:20; Иохан 19:33, 36). Есүс Мессиагийн талаарх бүх зөгнөлийг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх гэж уран арга хэрэглэх ямар ч боломжгүй байсан нь тодорхой. *

Бурхан өөрөө гэрчилсэн. Есүсийг төрөхөд Бурхан тэнгэр элчүүдийг хоньчид руу илгээн Мессиа төрснийг дуулгадаг (Лук 2:10–14). Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад Бурхан түүнийг таалдгаа тэнгэрээс хэд хэдэн удаа хэлсэн (Матай 3:16, 17; 17:1–5). Ехова Есүсийг гайхамшиг үйлдэх чадвартай болгосон нь Мессиа болохыг нь давхар баталдаг (Үйлс 10:38).

АСУУЛТ: Есүс ямар учраас зовж тарчилж, үхэх ёстой байсан бэ?

ХАРИУЛТ: Нүгэлгүй төрсөн Есүс зовж тарчлах учиргүй байлаа. Бас гэмт хэрэгтний адил шонд хадуулж, шившигтэйгээр үхэх ёсгүй байсан юм. Гэсэн ч Есүс ийм шударга бус юм болохыг мэдэж байсан бөгөөд хүлцэнгүй байв (Матай 20:17–19; 1 Петр 2:21–23).

Мессиа хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлөхийн тулд тарчилж, үхнэ гэдгийг Библид зөгнөсөн байдаг (Исаиа 53:5; Даниел 9:24, 26). Есүс «амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» гэдгээ өөрөө ч хэлсэн (Матай 20:28). Есүсийн золиосны ачаар л аврагдана гэдэгт итгэдэг хүмүүс нүгэл, үхлээс чөлөөлөгдөж, Диваажин дэлхийд мөнх амьдрах боломжтой болно * (Иохан 3:16; 1 Иохан 4:9, 10).

АСУУЛТ: Есүс үнэхээр амилсан уу?

ХАРИУЛТ: Амилсан. Есүс амилна гэдгээ сайн мэдэж байсан (Матай 16:21). Гэхдээ гайхамшгаас өөр ямар нэг хүчээр амилна гэсэн итгэхийн аргагүй үг Есүс өөрөө ч, Библийг бичигчид ч хэлээгүйг анхаарах нь зүйтэй. «Бурхан Есүсийг үхлийн зовлонгоос чөлөөлж, дахин амилууллаа» гэж Библид бичжээ (Үйлс 2:24, ШГ). Бурхан байдаг бөгөөд тэр Бурхан бүхнийг бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрвөл Хүүгээ үхлээс амилуулах чадалтай гэдгийг ойлгоно (Еврей 3:4).

Есүсийн амилсныг нотлох баттай баримт байдаг уу? Дараах баримтыг авч үзье.

Нүдээр үзсэн гэрчүүд. Есүсийг үхсэнээс хойш 22 орчим жилийн дараа элч Паул түүний амилсныг 500 гаруй хүн харсан хэмээн бичжээ. Ингэж бичих үед тэр хүмүүсийн ихэнх нь амьд сэрүүн байжээ (1 Коринт 15:6). Нэг юм уу хоёр гэрчийг амархан үгүйсгэж болох ч 500 гэрчийг няцааж болно гэж үү?

Итгэл хүлээсэн гэрчүүд. Есүст яг юу тохиолдсоныг гарцаагүй мэдэх ёстой хүмүүс бол эртний шавь нар нь юм. Тэд Есүсийг амилсан гэж эр зоригтой тунхаглаж явсан (Үйлс 2:29–32; 3:13–15). Тэгээд ч христиан хүн Есүсийг амилсан гэдэгт заавал итгэх учиртай гэж үздэг байсан (1 Коринт 15:12–19). Есүсийн шавь нар итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байлаа (Үйлс 7:51–60; 12:1, 2). Мэдсээр байж худал юмны төлөө үхэх хүн байна гэж үү?

Есүсийн талаарх чухал зургаан асуултын хариуг Библиэс мэдэж авлаа. Эдгээр хариу Есүс гэж чухам хэн байсныг тодорхой харуулж байна. Гэхдээ эдгээр хариултыг чухалд үзэх шалтгаан байна уу? Есүсийн талаар юунд итгэдгээ магадлах хэрэгтэй юм байна гэж бодогдож байна уу?

[Зүүлт]

^ Библийн эх бичигт гардаг Ехова гэдэг нэр Бурхны оноосон нэр юм.

^ Энэ талаарх дэлгэрэнгүй тайлбарыг 20–22-р хуудасны «Таны асуултад хариулъя–Есүс Бурхан мөн үү?» гэсэн өгүүллээс үзнэ үү.

^ Есүс дээр биелсэн зөгнөлийн заримыг hecies that were fulfilled in Jesus, see «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 200-р хуудаснаас үзнэ үү.

^ Есүсийн золиосны ач тусын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 5-р бүлгийг үзнэ үү.