Skip to content

Гарчиг руу орох

Бурхныг танин мэдье

«Биднийг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрөөч»

«Биднийг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрөөч»

Та урьд нь Еховад үйлчилж байсан уу? Еховад дахин үйлчилье гэж бодсон ч өөрийг тань хүлээн авах болов уу гэж эргэлзэж байсан уу? Энэ болон дараагийн өгүүллийг анхааралтай уншаарай. Эдгээр өгүүллийг танд тусгайлан зориуллаа.

«ГЭРТЭЭ буцаж ирэхийг минь зөвшөөрөөч, гомдоосныг минь уучлаач гэж би Еховад залбирсан юм». Багаасаа христиан ёсоор хүмүүжсэн ч ноцтой алдаа гаргаж, Библийн хэм хэмжээг зөрчсөн нэг эмэгтэй ингэж ярьжээ. Та энэ хүний сэтгэлийг ойлгож байна уу? «Бурхан өөрт нь үйлчилж байгаад больсон хүнд яаж ханддаг бол? Ехова тийм хүнийг санадаг болов уу? „Гэртээ буцаад ирээсэй“ гэж хүсдэг болов уу?» гэж та боддог уу? Эдгээр асуултын хариуг мэдэхийн тулд Иеремиагийн бичсэн үгийг авч үзье. Таны сэтгэл уужрах нь лавтай (Иеремиа 31:18–20-ийг уншина уу).

Иеремиа ямар учиртай үг бичсэнийг мэдэж авъя. Ехова МЭӨ 740 онд буюу Иеремиагийн үеэс хэдэн арван жилийн өмнө Израилийн арван овогт хаант улсыг ассиричуудад олзлогдохыг зөвшөөрчээ. * Бурхан ард түмэндээ ийм зовлон гамшиг тохиолдохыг зөвшөөрсөн нь тэднийг сахилгажуулах гэснийх аж. Учир нь тэд дахин дахин сэрэмжлүүлж байсан зөнчдийг нь үл тоомсорлож, ноцтой нүгэл үйлдэж байв (Хаадын дэд 17:5–18). Олзонд очсон тэд Бурхнаасаа салж, харийн нутагт зовж байхдаа дуулгаваргүй зөрүүд зангаа зассан болов уу? Ехова тэднийг бүрмөсөн мартсан уу? Нутагтаа буцаж ирэхэд нь хүлээн авах болов уу?

«Би ... гэмшсэн билээ»

Израильчууд олзонд байхдаа гэм нүглээ ухаарч, гэмшжээ. Ехова тэднийг чин сэтгэлээсээ гэмшихийг харсан. Ефраим буюу олзлогдсон израильчуудын сэтгэл, үзэл бодлыг Ехова хэрхэн дүрсэлснийг авч үзье.

Ехова: «Би Ефраимыг ... гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо» гэж хэлжээ(1819-р зүйл). Тэрбээр израильчуудыг нүгэл үйлдсэнийхээ горыг амсан, харамсан шаналж байгааг сонсжээ. Нэг судлаачийн тэмдэглэснээр, «гашуудах» гэдэг үг «сэгсрэх, эргүүлэх» гэсэн санаа илэрхийлдэг аж. Зүйрлэн хэлбэл, израильчууд гэртээ яаж амьдарч байснаа санан, өөртөө зовлон тарьсандаа харамсан толгойгоо сэгсэрч буй хүү мэт байв (Лук 15:11–17). Тэд юу гэж ярьж байсан бол?

«Та намайг гэсгээсэн ... Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм» (18-р зүйл). Израильчууд «сургагдаагүй бух» мэт аашилж байснаа ухаарч сахилга батын арга хэмжээ авуулах болсныхоо учрыг ойлгожээ. «Буулганд анх оруулахад зөрүүдлэн эсэргүүцээгүй бух савааны амт» үздэггүй. Харин тэднийг зөрүүдэлсэн учир «сургагдаагүй бухтай» зүйрлэсэн бололтой гэж нэгэн тайлбар тольд тэмдэглэжээ.

«Та миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ» (18-р зүйл). Ард түмэн номхорч, Бурхан руу эргэжээ. Тэд нүглийн замаар төөрч будилж явсан бол одоо таалалд нь багтахын тулд замаа олоход нь туслахыг Бурхнаас гуйжээ. Энэ зүйлийг өөр нэг орчуулгад: «Та бол бидний Бурхан билээ. Биднийг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрөөч» гэж буулгасан байдаг («Contemporary English Version»).

«Би ... гэмшсэн билээ. Би ... ичиж, дорд болгогдсон» (19-р зүйл). Ард олон нүгэл үйлдсэндээ гэмшиж, буруугаа хүлээв. Бас шившиг болж, хаягдсанаа ухаарчээ (Лук 15:18, 19, 21).

Ийнхүү израильчууд гэмшжээ. Тэд нүгэл хийсэндээ харамсаж, Бурхны өмнө нүглээ улайн буруу замаасаа эргэв. Гэмшсэн тэднийг Бурхан энэрч, гэртээ ирэхийг нь зөвшөөрөх болов уу?

«Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ»

Ехова израильчуудтай онцгой харьцаатай байв. Тэрбээр: «Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм» гэжээ (Иеремиа 31:9). Халамжит эцэг чин сэтгэлээсээ гэмшсэн хүүгээ буцаж ирэхэд нь угтаж авахгүй байж чадна гэж үү? Ехова ард түмэндээ эцгийн ёсоор ханддагаа хэрхэн илэрхийлснийг анхааръя.

«Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг» (20-р зүйл). Ямар сэтгэл хөдөлгөм үг вэ! Хатуу боловч халамжит эцгийн адилаар Бурхан хайрын сэтгэлдээ хөтлөгдөн үр хүүхдийнхээ «эсрэг» ярих буюу тэдэнд буруу замаасаа эргэхийг дахин дахин сануулж байв. Гэтэл тэд зөрүүдлэн дуулгаваргүй загнасан учир дайсанд олзлогдохыг нь зөвшөөрсөн. Зүйрлэн хэлбэл, гэрээс нь явуулжээ. Бурхан тэднийг шийтгэсэн ч гэлээ мартаагүй. Яаж ч мартах билээ дээ! Хайрын сэтгэлтэй эцэг үр хүүхдээ мартана гэж үү? Тэгвэл хүүхдүүд нь чин сэтгэлээсээ гэмшихэд Еховад ямар санагдсан бэ?

«Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ» (20-р зүйл). Ехова хүүхдүүдийнхээ хүслэн болсон. Тэднийг үнэн голоосоо гэмшихэд сэтгэл нь уярч, өөр лүү нь буцаж ирээсэй гэж ихэд хүсэж байв. Есүсийн ярьсан самуун хүүгийн тухай ёгт үлгэрт гардаг эцгийн адилаар Ехова хүүхдүүдээ «ихэд өрөвдөн» гэртээ харьж ирэхэд нь баярлан угтаж авахад бэлэн байсан (Лук 15:20)

«Ехова намайг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрсөн!»

Иеремиа 31:18–20-д бичсэн үг Еховагийн хэчнээн өрөвч, нигүүлсэнгүйг харуулдаг. Бурхан өөрт нь үйлчилж байсан хүнийг мартдаггүй. Өөр лүү нь буцаж ирэхийг хүсдэг хүнд яаж ханддаг вэ? Бурхан «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5). Тэрбээр гэмшсэн хүнийг ирэхэд нүүр буруулдаггүй (Дуулал 51:17). Харин ч гэртээ буцаад ирэхэд нь халуун дотноор угтан авдаг (Лук 15:22–24).

Өгүүллийн эхэнд дурдсан эмэгтэй Ехова руу буцаж ирэх гэж санаачилга гарган Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очсон байна. Тэрбээр эхлээд буруу үзлээ засах хэрэгтэй болжээ. «Би өөрийгөө Еховад үйлчлэх ямар ч эрхгүй хүн гэж боддог байлаа» гэж ярьсан юм. Харин хурлын ахлагчид сэтгэлийн дэм өгч, урьдынх шигээ Бурхантай дотно харьцаатай болоход нь тусалжээ. Тэрбээр: «Ехова намайг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрсөн нь үнэхээр сайхан санагддаг» гэж талархан ярьжээ.

Та бас Еховад үйлчилж байсан, дахин үйлчлэхийг хүсдэг бол нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очоорой. «Биднийг гэртээ буцаж ирэхийг зөвшөөрөөч» гэж гуйдаг гэмшсэн хүнд Ехова энэрэнгүй, өршөөнгүй ханддагийг санаарай.

[Зүүлт]

^ Энэ явдлаас өмнө буюу МЭӨ 997 онд Израилийн хаант улс хуваагдаж, Иудагийн хоёр овогт өмнөд хаант улс, Израилийн арван овогт хойд хаант улс болон салжээ. Арван овогт хаант улсын хамгийн нөлөө бүхий овог нь Ефраим байсан учраас энэ хаант улсыг Ефраим ч гэдэг.