Skip to content

Гарчиг руу орох

Урвах нь төгсгөлийн үеийн шинж мөн!

Урвах нь төгсгөлийн үеийн шинж мөн!

Урвах нь төгсгөлийн үеийн шинж мөн!

«Бид хэрхэн ариун [«үнэнч», ШЕ], зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчилнэ» (1 ТЕС. 2:10).

ДООРХ АСУУЛТЫН ХАРИУГ ОЛООРОЙ

Үнэнч бус байсан Делила Абсалом Искариотын Иудас нараас ямар сургамж авч болох вэ?

Яавал Ионатан Петр нар шиг үнэнч байх вэ?

Ханьдаа болон Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?

1-3. а) Төгсгөлийн үеийн нэг шинж юу вэ? б) Ямар гурван асуултын хариуг мэдэж авах вэ?

 ДЕЛИЛА Абсалом Искариотын Иудас нар юугаараа адилхан бэ? Бүгдээрээ үнэнч бус хүмүүс байсан. Делила өөрт нь хайртай шүүгч Самсоноос, Абсалом төрсөн эцэг Давид хаанаас, Иудас Эзэн Христ Есүсээс урважээ. Аль алиных нь хийсэн өөдгүй хэргээс болж бусад хүн хохирсон! Тэгвэл эдгээр түүхийг бид анхаарч судлах хэрэгтэйн учир юу вэ?

2 Нэгэн зохиолч орчин үеийн хүмүүсийн нийтлэг дутагдлыг жагсааж бичихдээ нэг нэгнээсээ урвах явдлыг оруулжээ. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Есүс «үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байхыг» хэлэхдээ «олон хүн ... нэг нэгнээ тушаана» гэсэн (Мат. 24:3, 10). «Тушаах» гэж орчуулсан грек үг нь итгэл эвдэн дайсны гарт өгөх гэсэн утгатай. Хүмүүс үнэнч бус болж байгаа нь Паулын хэлсэн «эцсийн өдрүүдийн» тухай зөгнөл биелж байгаагийн баталгаа мөн. Паул хүмүүсийг «ариун бус [«үнэнч бус», ШЕ], ... тэрслэгчид» болно гэж зөгнөжээ (2 Тим. 3:1, 2, 4). Уран бүтээлчид үнэнч бус явдлыг гоё сайхан зүйл мэтээр зохиол бүтээлдээ дүрсэлдэг ч бодит амьдрал дээр энэ нь уй гашуу, гуниг зовлон дагуулдаг. Хүмүүс нэг нэгнээсээ урваж, үнэнч бус болж байгаа нь төгсгөлийн үеийн нэг шинж юм!

3 Үнэнч бус хүмүүсийн тухай Библиэс уншвал ямар сургамж авч болох вэ? Ямар хүмүүс чин үнэнчээрээ бидэнд үлгэр дууриал үлдээсэн бэ? Хэнд гуйвшгүй үнэнч байх ёстой вэ? Эдгээр асуултад хариулъя.

ӨНГӨРСНӨӨС АВАХ СУРГАМЖ

4. Делила Самсоноос хэрхэн урвасан бэ? Делилагийн хийсэн хэрэг яагаад жигшүүртэй байсан бэ?

4 Эхлээд, шүүгч Самсоны дурлалт бүсгүй Делила хэрхэн итгэл эвдсэнийг үзье. Самсон Бурхны ард түмний төлөө филистчүүдтэй тулалдахаар шийдсэн байв. Филистийн таван ноён Делилаг Самсонд хайргүйг мэдсэн бололтой. Тэгээд Самсоны ер бусын хүч чадлын нууц юундаа байдгийг олж мэдээч гэсэн хүсэлт тавьж, их шан харамж амлажээ. Хэрэв нууцыг нь мэдвэл Самсоныг устгах байлаа. Делила ашиг харж тэдний хүсэлтийг хүлээж авсан боловч гурван удаа оролдоод Самсоны нууцыг мэдэж чадаагүй. Гэсэн хэдий ч «өдөр бүр түүнийг үгээрээ дарамтлан зовоосоор» эцэстээ «түүний сэтгэл санааг мохоов». Самсон: «Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. ... Хэрэв миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлна» гэж хэлдэг. * Тэгэхлээр нь Делила Самсоныг өвөр дээрээ унтуулж байгаад үсийг нь хусаад, түүнийг дайснуудад тушаасан (Шүү. 16:4, 5, 15–21). Ямар жигшмээр хэрэг вэ! Шуналдаа автсан Делила өөрийг нь хайрлаж байсан хүнээс ингэж урвасан.

5. а) Абсалом Давидаас хэрхэн урвасан бэ? Энэ явдлаас Абсаломын талаар юу мэдэж болох вэ? б) Ахитофелыг урвахад Давидад ямар санагдсан бэ?

5 Одоо, урвагч Абсаломын тухай ярилцъя. Нэр алдар, эрх мэдэлтэй болохыг санаархсан тэрбээр эцэг Давидынхаа хаан ширээг булааж авахаар шийджээ. Эхлээд «Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав». Абсалом израильчуудад зусардан долигонож, сайхан юм амласан. Тэднийг үнэхээр анхаарч, юу хэрэгтэй байгааг нь сонирхдог дүр эсгэж, тэвэрч үнсэн сэтгэлийг нь татсан (2 Сам. 15:2–6). Тэр байтугай, төрийн эргэлт хийхдээ Давидын итгэлт зөвлөгч Ахитофелыг өөртөө урвуулсан (2 Сам. 15:31). Энэ явдал өөрт нь ямар санагдсаныг Давид 3 болон 55-р дуулалдаа өгүүлжээ (Дуу. 3:1–8; Дуулал 55:12–14-ийг уншина уу). Абсалом эрх мэдлийн төлөө Еховагийн тосолсон хааны эсрэг увайгүй төлөвлөгөө боловсруулсан нь үнэн чанартаа Бурхны хэмжээгүй эрх мэдлийг ичгүүргүйгээр үл тоомсорлосон хэрэг байв (Ш.дээд 28:5). Эцсийн эцэст Абсаломын төлөвлөгөө нурж, Давид Еховагийн тосолсон хаан хэвээрээ үлдсэн.

6. Иудас Есүсээс хэрхэн урвасан бэ? Иудас гэдэг нэр ямар үгтэй утга нэг болсон бэ?

6 Искариотын Иудас Христээс урвасан тухай одоо ярилцъя. Есүс сүүлчийн удаа Дээгүүр өнгөрөх баярыг 12 элчтэйгээ тэмдэглэж байхдаа «Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана» гэж хэлдэг (Мат. 26:21). Шөнө нь Гетсемани цэцэрлэгт очоод Петр Иаков Иохан нарт «Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ» гэж хэлмэгц Иудас хамсаатнуудтайгаа «Есүс уруу очиж „Амар байна уу, Рабби?“ гээд Түүнийг үнсэв» (Мат. 26:46–50; Лук 22:47, 52). Иудас «гэм зэмгүй цуснаас урван», Есүс Христийг дайснуудынх нь гарт өгдөг. Сувдаг сэтгэлтэй тэрбээр хэдэн зоосны төлөө ийм юм хийсэн бэ? 30-хан мөнгөн зоосны төлөө! (Мат. 27:3–5). Тэр цагаас хойш Иудас гэдэг нэр «урвагч» гэдэг үгтэй утга нэг болсон бөгөөд ялангуяа найзаасаа урвасан хүнийг Иудас гэх болжээ. *

7. а) Абсалом Иудас нарын болон б) Делилагийн түүх ямар сургамжтай вэ?

7 Энэ гурван явдлаас ямар сургамж авч болох вэ? Абсалом Иудас хоёр Бурхны тосолсон хүмүүсээс урвасан учраас гутамшигтайгаар амиа алддаг (2 Сам. 18:9, 14–17; Үйлс 1:18–20). Хүмүүс Делила гэдэг нэрийг сонсохлоороо хайрласан дүр эсгэсэн үнэнч бус хүнийг боддог (Дуу. 119:158). Нэр алдарт дурлаж, эд мөнгөнд шунахайрахгүй байх нь хэчнээн чухал бэ! Учир нь үүнээс болж Еховагийн сайшаалыг алдах аюултай. Ийм өөдгүй зан гарган бусдын итгэлийг эвдэхгүй байхад энэ гурван хүний түүх бидэнд сургамж болохгүй гэж үү?

ҮНЭНЧ ХҮМҮҮСИЙГ ДУУРИАГТУН

8, 9. а) Ионатан Давидад үнэнч байхаа андгайлсны учир юу вэ? б) Ионатаныг яаж дууриах вэ?

8 Библид үнэнч хүмүүсийн түүх олон байдаг. Хоёр хүний талаар ярилцаж, тэднээс юу сурч болохыг үзье. Эхлээд Давидад үнэнч байсан нэгэн хүний тухай ярилцъя. Саул хааны ууган хүү Ионатан Израилийн хаан ширээ залгамжилж болохоор байв. Гэвч Ехова Израилийн хоёр дахь хаанаар Давидыг сонгожээ. Ионатан Бурхны шийдвэрийг хүндэтгэсэн. Тэрбээр Давидад атаархаагүй. Өрсөлдөгчөө гэж үзээгүй. Харин ч түүний «сэтгэл Давидын сэтгэлтэй нийцсэн» тул үнэнч байхаа андгайлдаг (1 Сам. 18:1–4). Ионатан «Давидыг зоригжуулах» гэж чадах бүхнээ хийсэн. Бүр амь насаараа дэнчин тавин байж Давидыг өмөөрсөн. Ионатан Давидад үнэнч байж, «Чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно» гэж хэлдэг (1 Сам. 20:30–34; 23:16, 17). Ионатаныг амиа алдахад харамсан гашуудсан Давид түүнд хайртай байснаа дуундаа өгүүлсэн нь гайхах зүйл биш юм (2 Сам. 1:17, 26).

9 Ионатан хэнд үнэнч байх ёстойгоо мэдэж байсан. Хэмжээгүй эрхт Эзэн Еховад бүрэн захирагдаж, Давидыг Бурхны тосолсон хүн гэж дэмжиж байсан. Бид ч бас Ионатаныг дууриах хэрэгтэй. Хэчнээн хүсээд ч хуралд үйлчлэх тусгай үүрэг хүлээгээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч хурлын гишүүдийг удирдах үүрэг хүлээсэн ах дүүсээ дуртайяа дэмжих учиртай (1 Тес. 5:12, 13; Евр. 13:17, 24).

10, 11. а) Петр Есүсийг орхиогүйн учир юу вэ? б) Петрийг хэрхэн дууриах вэ? Яах нь зүйтэй вэ?

10 Дууриавал зохих жишээ үзүүлсэн өөр нэг хүн нь Есүст үнэнч байхаа амласан элч Петр юм. Христ удахгүй биеэ тахил болгон өргөх гэж байгаагаа яриад, үүнд итгэхийн чухлыг онцлохын тулд «махыг идэж, цусыг уух» гэдэг үг хэрэглэсэн. Тэгтэл шавь нарын олонх нь ойлгохгүй гайхаж, түүнийг орхин явдаг (Иох. 6:53–60, 66). Есүс 12 элчээсээ «Та нар бас явахыг хүсэж байна уу?» гэж асуусанд, Петр «Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн» хэмээн хариулдаг (Иох. 6:67–69). Өөрийгөө тахил болгон өргөнө гэсэн Есүсийн үгийг Петр ойлгосон уу? Үгүй л болов уу. Гэсэн хэдий ч Бурхны тосолсон Хүүд үнэнч байхаар шийдсэн.

11 Есүс буруу зөрүү юм яриад байна, цаг нь болохоор ойлгоод, хэлсэн үгнээсээ буцна даа гэж Петр бодоогүй. Харин ч Есүст «мөнх амийн үгс» байгааг даруухнаар хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр бас үүнтэй төстэй явдал гарч мэднэ. Итгэмжит нярвын гаргадаг ном хэвлэлээс уншсан юм ойлгомжгүй, эсвэл бодож байснаас өөр бол яах вэ? Аяндаа миний бодсоноор болно доо гэж хүлээхийн оронд учрыг нь олохыг хичээх хэрэгтэй (Лук 12:42-ыг уншина уу).

ХАНЬДАА ҮНЭНЧ БАЙГТУН

12, 13. Хүн яагаад ханиасаа урвадаг вэ? Үүнийг настай холбож зөвтгөх ёсгүйн учир юу вэ?

12 Хэн нэгнээс урвана гэдэг нь өөдгүй муухай хэрэг юм. Христианууд бид гэр бүл болон хурлыг амар тайван, эв нэгдэлтэй байлгахын тулд үнэнч байх ёстой. Тэгвэл Бурхандаа болон ханьдаа хэрхэн чин үнэнч байж болохыг авч үзье.

13 Урвах үйлийн дотроос завхайрал хамгийн их сэтгэл өвтгөдөг. Завхайрсан хүн ханьдаа үнэнч байхаа больж, өөр хүнийг боддог, хайрладаг болдог. Харин буруугүй хань нь гэнэт хаягдан ганцаараа хоцорч, амьдрал нь орвонгоороо эргэдэг. Нэгэн цагт бие биедээ хайртай байсан хоёр яахлаараа ийм болчихдог байна аа? Гэв гэнэт ийм байдалд хүрдэггүй. Их төлөв тэр хоёр сэтгэлээрээ холдсон байдаг. Нийгмийн ухааны профессор Габриелла Турнатурийн тайлбарласнаар, хосууд ойртон дотносохын төлөө юу ч хийхгүй бол бие биедээ үнэнч байхаа больдог. Ханиасаа холдож хөндийрөх нь дунд насныханд ч тохиолддог ажээ. Жишээ нь, 50 настай нэг эрэгтэй өөр эмэгтэйд дурлан, түүнтэй суухын тулд 25 жил ханилсан үнэнч эхнэрээсээ салжээ. Зарим хүн үүнийг амьдралын дунд үеийн хямрал гэж зөвтгөдөг. Гэвч энэ нь байх ёстой зүйл биш юм. Ханийн итгэл эвдэхийг ханиасаа урвасан хэрэг гэж үзэх нь зүйтэй.

14. а) Ханиасаа урвахыг Ехова юу гэж үздэг вэ? б) Ханьдаа үнэнч байх талаар Есүс юу хэлсэн бэ?

14 Библийн үндэсгүй шалтгаанаар ханиасаа салдаг хүмүүсийг Ехова юу гэж үздэг вэ? «Салалтыг үзэн яддаг» тэрбээр ханьтайгаа зүй бусаар харьцдаг, салж явдаг хүмүүсийг хатуу зэмлэсэн байдаг (Малахи 2:13–16-г уншина уу). Эцэгтэйгээ адилхан үзэл бодолтой Есүс дагалдагчдадаа ханиа хөөж явуулах юм уу, хаяж явсан хүн зүгээр өнгөрөхгүй гэдгийг хэлж захижээ (Матай 19:3–6, 9-ийг уншина уу).

15. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?

15 Гэр бүлтэй хүмүүс ханьдаа үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Үгэнд «Залуудаа гэрлэсэн эхнэртээ [эсвэл нөхөртөө] баярлан баяс», «Өөрийн хайрт эмэгтэйтэй [эсвэл нөхөртэй] жаргалтайгаар амьдрагтун» гэж байдаг (Сур. 5:18; Ном. 9:9). Он жил өнгөрөхийн хэрээр нөхөр эхнэр хоёр бие, сэтгэлээрээ үргэлж хамт байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн хэндээ санаа тавьж, хоёр биедээ цаг заваа зориулж, бие биетэйгээ улам дотносох хэрэгтэй. Еховатай тогтоосон харьцаагаа, гэр бүлээ бат бэх байлгахын төлөө чадах бүхнээ хийх учиртай. Үүний тулд Библийг хамтдаа судалж, дэлгэрүүлэх ажилд тогтмол хамт оролцож, Еховагаас ивээл гуйн хамт залбирч байх нь чухал.

ЕХОВАД ҮНЭНЧ БАЙГТУН

16, 17. а) Бурханд үнэнч эсэх маань ямар үед шалгагдаж болох вэ? б) Хурлаас хасагдсан гэрийнхэнтэйгээ харьцаж болохгүй гэсэн Бурхны тушаалыг дагавал сайн үр дүнд хүрдгийг харуулах жишээ хэлнэ үү.

16 Ноцтой нүгэл үйлдсэн хурлын гишүүнийг «итгэл дотор эрүүл» байлгахын тулд «хатуу зэмлэдэг» (Тит 1:13). Зарим хүнийг хурлаас хасах ч шаардлага гардаг. Сахилга батын энэхүү арга хэмжээ нь тухайн хүнийг сүнслэгээр сэргээх ач холбогдолтой (Евр. 12:11). Гэр бүлийн гишүүн, эсвэл дотны найз маань хурлаас хасагдвал яах вэ? Хүнд үнэнч байх уу, Бурханд үнэнч байх уу гэдгээ ийм үед шалгуулна. Хасагдсан ямар ч хүнтэй холбогдож болохгүй гэсэн тушаалыг нь дагах нь уу, үгүй юү гэдгийг Ехова харж байдаг (1 Коринт 5:11–13-ыг уншина уу).

17 Хурлаас хасагдсан гэрийнхэнтэйгээ харьцаж болохгүй гэсэн Еховагийн тушаалыг үнэнчээр дагахын ач тусыг хүртсэн нэгэн гэр бүлийг жишээ болгон авч үзье. Нэг залуу хасагдаад арав гаруй жил болжээ. Тэр хугацаанд аав, ээж, ах, гурван дүү нь түүнтэй огт «холбогдоогүй» аж. Заримдаа гэрийнхэнтэйгээ хамт байхыг хүсдэг ч тэдний нэг нь ч түүнтэй харьцдаггүй байж. Тэр залуу гэрийнхнийгээ байнга үгүйлдэг, ялангуяа оройн цагаар ганцаараа байхдаа тэднийгээ санадаг байсан тухайгаа эрхээ сэргээлгэснийхээ дараа ярьжээ. Хэрэв гэрийнхэн нь түүнтэй жаахан ч атугай харьцсан бол сэтгэл ханах байсан гэж үнэнээ хэлсэн юм. Гэвч өөртэй нь харьцах гэж өчүүхэн төдий ч оролддоггүй байсан учир тэдэнтэйгээ хамт байх гэсэн чин хүсэлдээ автсан нь Еховатай тогтоосон харьцаагаа сэргээх нэг хүчин зүйл болжээ. Хэрэв та хурлаас хасагдсан төрөл садангийн хүнтэй харьцаж болохгүй гэсэн Бурхны тушаалыг зөрчих гээд байвал энэ жишээг санаарай.

18. Үнэнч байхын ач тус, үнэнч бус байхын хор уршгийн тухай авч үзээд та яахаар шийдэж байна вэ?

18 Үнэнч бус, урвагч хүн энэ ертөнцөд өдий төдий байдаг. Харин христиан хурал дотор үнэнчээрээ үлгэр дууриал болсон хүмүүс олон бий. Тэд «ариун [«үнэнч», ШЕ], зөв болон гэм зэмгүйгээ» амьдралаараа баталдаг (1 Тес. 2:10). Бурханд болон нэг нэгэндээ үнэнч байхын төлөө чадах бүхнээ хийцгээе.

[Зүүлт]

^ Самсоны хүч чадал үсэндээ байгаагүй. Харин тэрбээр назир хүний хувьд Еховатай онцгой харьцаатай байсан учраас ер бусын хүчтэй байжээ.

^ Зарим хэлэнд «Иудасын үнсэлт» гэдэг үг байдаг бөгөөд энэ нь урвах үйлийг хэлдэг.

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны зураг]

Бурхны тосолсон Хүүг олон дагалдагч нь орхиж явсан ч Петр үнэнч байсан