Skip to content

Гарчиг руу орох

Та гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг хэмээн үзэж эрхэмлэдэг үү?

Та гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг хэмээн үзэж эрхэмлэдэг үү?

Та гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг хэмээн үзэж эрхэмлэдэг үү?

«Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг» (СУР. 19:14).

ХАРИУГ ОЛООРОЙ

Бурхны эртний үйлчлэгчид гэрлэлт хэмээх бэлгийг үнэлж эрхэмлэдэг байсан гэхийн учир юу вэ?

Амьдралын хань сонгох асуудал маань Еховад хамаатайг хаанаас мэдэж болох вэ?

Та гэр бүлийн талаарх Библийн ямар зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

1. Адам эхнэртэй болоод яасан бэ?

 «ЭНЭ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах бөгөөд түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан тул эмэгтэй гэж нэрлэе» (Эх. 2:23). Анхны хүн Адам эхнэртэй болсондоо хөөрөн баярлаж, яруу сайхнаар ийн хэлжээ. Ехова Адамыг гүн нойронд автуулж, нэг хавиргаар нь үзэсгэлэнтэй эмэгтэй бүтээсэн. Адам түүнийг хожим нь Ева гэж нэрлэжээ. Бурхан тэр хоёрыг нийлүүлж нөхөр эхнэр болгосон. Ехова эмэгтэй хүнийг Адамын хавиргаар бүтээсэн учраас Адам Ева хоёр энэ цагийн ямар ч эхнэр нөхрөөс илүү дотно байжээ.

2. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ татагддагийн учир юу вэ?

2 Хосгүй мэргэн ухаантай Ехова Бурхан хүнийг янаглан хайрлах чадвартайгаар бүтээжээ. Тийм учраас эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ татагддаг. Дэлхийн нэвтэрхий тольд «Гэрлэх гэж байгаа хоёр хүн насан туршдаа бие биеэ хайрлаж, янаглан амраглана гэж боддог» хэмээн бичжээ («The World Book Encyclopedia»). Еховагийн үйлчлэгчид ч ийм бодолтойгоор гэрлэдэг.

ТЭД ГЭРЛЭЛТИЙГ БЭЛЭГ ГЭЖ ҮЗСЭН

3. Абрахам Исаакт хэрхэн эхнэр олж өгсөн бэ?

3 Үнэнч Абрахам гэрлэлтийг ихэд эрхэмлэн үнэлдэг байжээ. Тийм учраас, хүү Исаактаа эхнэр олуулахаар ахмад зарцаа Месопотами руу явуулсан. Зарц нь залбирсанд бүх ажил нь бүтэж, Еховаг шүтдэг Ребека гэдэг бүсгүй Исаакийн хайртай эхнэр болжээ. Ингэж, Абрахамын үр удмыг таслахгүй хэмээсэн Еховагийн амлалт биелэхэд Ребека тодорхой үүрэг гүйцэтгэсэн (Эх. 22:18; 24:12–14, 67). Орчин үед хүмүүс ирээдүйн ханиа өөрсдөө сонгодог. Гэрлэх хүнээ бусдаар зуучлуулж олох нь ч бий. Харин тухайн хүн тусламж гуйгаагүй байхад зуучилж болохгүй. Түүнээс гадна, хэнтэй гэрлэхийг Бурхан шийддэггүй. Гэхдээ христиан хүн удирдамж заавар, ариун сүнс гуйвал гэрлэх болон өөр янз бүрийн асуудлаар Бурхан туслахад бэлэн байдаг (Гал. 5:18, 25).

4, 5. Шуламмит бүсгүй хоньчин залуу хоёр хайр сэтгэлтэй байсныг хаанаас мэдэж болох вэ?

4 Эртний Израильд амьдарч байсан үзэсгэлэн гоо Шуламмит охин найзуудынхаа ятгалгаар Соломон хааны олон эхнэрийн нэг болохыг хүсээгүй тул «Иерусалимын охид оо, би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн» гэж хэлсэн * (Сол. 8:4). Тэр охин нэг хоньчин залууд сэтгэлтэй байжээ. Үзэмж төгс түүнийг «Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ» хэмээн даруухнаар хэлэхэд хариуд нь хоньчин залуу: «Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ» гэж дуу алдсан (Сол. 2:1, 2). Тэд бие биедээ үнэхээр хайртай байлаа.

5 Шуламмит охин хоньчин залуу хоёр сайхан айл болж, насан туршдаа жаргалтай амьдрах нь гарцаагүй байлаа. Учир нь тэд Бурханд хамгаас илүү хайртай байжээ. Тиймдээ ч Шуламмит хайрт залуудаа «Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй, хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ. Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл [учир нь Ехова хайрын Эх булаг] билээ. Их ус хайрыг унтрааж үл чадна. Гол ч түүнийг хальж үл чадна» гэж хэлсэн (Сол. 8:6, 7). Бурхны үйлчлэгчид яг ийм юм амлахыг ханиасаа шаардах эрхгүй гэж үү?

ШИЙДВЭР ТАНЬ БУРХАНД ХАМААТАЙ

6, 7. Амьдралын хань сонгох асуудал маань Еховад хамаатай гэхийн учир юу вэ?

6 Амьдралын хань сонгох асуудал маань Еховад хамаатай. Бурхан Канаан нутагт амьдран суудаг хүмүүсийн талаар израильчуудад сануулж, «Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно» хэмээсэн тушаал буулгажээ (Д.хууль 7:3, 4). Түүнээс хойш олон зууны дараа тахилч Езра: «Та нар итгэлгүй байж, Израилийн гэм бурууг нэмэгдүүлэн харь эхнэрүүд авчээ» гэж зэмлэсэн (Езр. 10:10). Хожим нь элч Паул итгэл нэгт христиан ах дүүстээ «Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм» гэж хэлжээ (1 Кор. 7:39).

7 Еховад өөрийгөө зориулсан христиан хүн итгэгч бус хүнтэй гэрлэвэл дуулгаваргүй загнасан хэрэг болно. Езрагийн үеийн израильчууд «харь эхнэрүүд авч» Бурхны итгэлийг алдсан. Хэнтэй гэрлэхийг заасан тодорхой тушаал Библид байсаар атал дуулгаваргүй загнан, үүнийгээ зөвтгөх нь буруу юм (Езр. 10:10; 2 Кор. 6:14, 15). Ийм христиан бусдад үлгэр дууриал болж чаддаггүй бөгөөд гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг хэмээн үзэж эрхэмлэдэггүй. Баптисм хүртчихээд, дараа нь итгэгч бус хүнтэй гэрлэвэл хуралд хүндтэй үүрэг хүлээх эрхгүй болдог. Тийм хүн: «Ехова, би санаатайгаар таны үгийг дагаагүй нь үнэн. Тэглээ ч гэсэн та намайг ивээгээч» гэж залбирах нь утгагүй.

ТЭНГЭРИЙН ЭЦЭГ МААНЬ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ

8. Гэрлэх асуудлаар Бурхны удирдамж зааврыг дагах ёстойн учрыг тайлбарлана уу.

8 Ямар нэг тоног төхөөрөмжийн яаж ажилладгийг зохион бүтээгчээс нь илүү сайн мэдэх хэн ч байдаггүй. Тэр төхөөрөмжийн юуг нь яаж угсрах нарийн зааврыг зохион бүтээгч л хэлж өгч чадна. Зааврыг нь тоолгүй дур мэдэн угсраад ажиллуулбал яах вэ? Аюул болж мэднэ! Гэрлэсэн хойноо жаргалтай амьдаръя гэвэл гэр бүлийг Санаачлагч Еховагийн зааврыг дагах ёстой.

9. Ехова ганцаардахын зовлонг ч, гэр бүлтэй болохын баяр жаргалыг ч ойлгодог гэж хэлж болохын учир юу вэ?

9 Ехова хүмүүсийн тухай, нөхөр эхнэрийн тухай мэдэх ёстой бүх зүйлийг мэддэг. Тэрбээр хүмүүсийг «өсөн нэмэгдэж, өнөр өтгөн» болгох зорилгоор тэдэнд бэлгийн дур хүсэл, нөхөн үржих чадвар хайрлажээ (Эх. 1:28). Бурхан анхны эмэгтэй хүнийг бүтээхээсээ өмнө «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» хэмээн хэлснээс хүний зовлонг ойлгодог нь харагддаг (Эх. 2:18). Мөн гэр бүлтэй болохлоороо хүн жаргалтай болдгийг сайн мэддэг (Сургаалт үгс 5:15–18-ыг уншина уу).

10. Христиан нөхөр эхнэрүүд дотно нандин харьцааны асуудалд хэрхэн хандвал Еховад таалагдах вэ?

10 Хүн төрөлхтөн Адамаас нүгэл, төгс бус байдлыг өвлөн авсан учраас төгс гэр бүл гэж байдаггүй. Харин Еховагийн үйлчлэгчид Үгийг нь дагадаг бол жинхэнэ жаргалтай гэр бүлийг цогцлооно. Жишээ нь нөхөр эхнэрийн хоорондох нандин харьцааны талаар Паулын өгсөн тодорхой зөвлөгөөг авч үзье (1 Коринт 7:1–5-ыг уншина уу). Библид бичсэнээр бол, хүүхэдтэй болох нь нөхөр эхнэрийн хоорондох бэлгийн харьцааны цорын ганц шалтгаан биш ажээ. Энэхүү нандин харьцааны дүнд сэтгэл санаа, бие махбодын хэрэгцээгээ ч хангадаг. Гэхдээ жам ёсноос гажууд ямарваа үйлдэл Бурхны дургүйг хүргэх нь гарцаагүй. Христиан нөхөр эхнэрүүд бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, бэлгийн амьдралын эмзэг асуудалд уян зөөлөн хандах ёстой.

11. Рут Еховад үнэнч байсныхаа төлөө ямар ивээл хүртсэн бэ?

11 Гэр бүлийн амьдрал аз жаргал бэлэглэхээс бус дарамт болох учиргүй. Ялангуяа, христиан гэр бүлийн дотор тайван амгалан байдал ноёлох ёстой. Одоогоос 3 000 жилийн тэртээ болсон нэг явдлыг бодож үзье. Ахимаг насны Наоми болон түүний бэр Орпа Рут нар цөмөөрөө бэлэвсэн эмэгтэйчүүд байлаа. Моабаас Иуда руу явах замдаа Наоми хоёр бэрээ ард түмэн рүүгээ буц гэж ятгадаг. Гэвч Рут Моаб руу буцалгүй Наомитай хамт явж, жинхэнэ Бурханд үнэнч байсан. Тийм ч учраас Еховагийн үнэнч үйлчлэгч Боаз хэмээх настай эр түүнд «Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин доор чи хоргодох газар хайн иржээ» гэж хэлжээ (Рут 1:9; 2:12). Рут гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэн эрхэмлэдэг байсан бөгөөд Боазын эхнэр болсон. Тэрбээр Бурхны шинэ ертөнцөд амилаад Есүс Христийн элэнц болсноо мэдэхлээрээ баярлах биз ээ (Мат. 1:1, 5, 6; Лук 3:23, 32). Еховад үнэнч байсныхаа төлөө үнэхээр их ивээл хүртжээ!

ГЭР БҮЛД ТУСТАЙ ЗӨВЛӨГӨӨ

12. Гэр бүлд тустай зөвлөгөөг хаанаас авах вэ?

12 Гэр бүлээ сайн сайхан авч явахад юу хэрэгтэйг Бурхнаас өөр хэн ч бидэнд хэлж өгч чадахгүй. Библийн зөвлөгөө ямагт зөв байдаг. Тиймээс гэр бүлийн хосод тус болох ухаалаг зөвлөгөө өгье гэвэл Бурхны тогтоосон хэм хэмжээг үндэс болгох хэрэгтэй. Тухайлбал: «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай («нөхрөө гүн хүндэтгэ», ШЕ)» гэсэн зөвлөгөө байдаг (Еф. 5:33). Библийн ийм тодорхой зөвлөгөөг ойлгодоггүй төлөвшсөн христиан гэж байхгүй. Харин хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдэг нь гэрлэлтийг Бурхны бэлэг гэж чин сэтгэлээсээ эрхэмлэн үнэлдэг эсэхээс шалтгаална. *

13. 1 Петр 3:7-д байдаг зөвлөгөөг дагахгүй бол юу болох вэ?

13 Христиан нөхөр хүн эхнэрээ хайрлах ёстой. Элч Петр: «Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй» гэж бичжээ (1 Петр 3:7). Хэрэв нөхөр хүн Еховагийн зөвлөгөөг дагахгүй бол залбиралд нь саад тотгор учрах ажээ. Нөхөр эхнэрийн аль аль нь сүнслэг талаараа хохирол амсана. Түүнээс гадна уурлаж бухимдах, хэрэлдэж маргах, цаашлаад бие биедээ хатуу ширүүн ханддаг болж болох юм.

14. Айл гэрийн амьдралд халамжтай эхнэр ямар хувь нэмэр оруулдаг вэ?

14 Айл гэрийг амар тайван, аз жаргалтай байлгахад Еховагийн Үг болон ариун сүнсээр удирдуулдаг эхнэр ихээхэн үүрэгтэй. Бурхнаас эмээдэг нөхөр нь эхнэрээ хайрлаж, бие махбодыг нь ч, сүнслэг байдлыг нь ч хамгаалах нь зүйн хэрэг. Ер нь эхнэр хүн нөхрөөсөө хайр хүсдэг. Гэхдээ хайрлуулъя гэвэл хайр татам байх хэрэгтэй. Сургаалт үгс 14:1-д «Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг» гэж байдаг. Ухаалаг, халамжтай эхнэр гэр бүлээ аз жаргалтай, сайн сайхан авч явахын төлөө асар их хувь нэмэр оруулдаг. Түүнчлэн гэрлэлтийг Бурхны бэлэг гэж эрхэмлэн үнэлдэг.

15. Ефес 5:22–25-д ямар зөвлөгөө байдаг вэ?

15 Нөхөр эхнэр хоёр гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг хэмээн үзэж эрхэмлэдэг бол шавь нараа хайрлаж, хүндэтгэдэг байсан Есүсийг дууриана (Ефес 5:22–25-ыг уншина уу). Хоёр биенээ үнэн сэтгэлээсээ хайрладаг хосууд бардам дээрэнгүй загнах, дуугаа хураах юм уу өөр янз бүрийн ааш авир гаргаж гэр бүлийнхээ харьцаанд сэв суулгадаггүй. Ехова ийм гэр бүлийг ивээдэг!

ХЭН Ч БҮҮ САЛГАГ

16. Зарим христиан яагаад гэрлэдэггүй вэ?

16 Ихэнх хүн гэрлэхээр шийддэг. Харин зарим хүн сэтгэлд нийцэх, Бурханд таалагдах хань ижил олж чадахгүйгээсээ болоод аргагүйн эрхэнд ганц бие явдаг. Гэтэл гэрлэх бодолгүй нэг хэсэг нь Еховад үйлчлэхэд өөрийгөө бүрэн зориулдаг. Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахиж байсан цагт ганц бие хүмүүс ч жаргалтай амьдардаг нь мэдээжийн хэрэг (Мат. 19:10–12; 1 Кор. 7:1, 6, 7, 17).

17. а) Есүс гэрлэлтийн тухай юу гэж хэлсэн бэ? б) Христиан хүн бусдын эхнэр юм уу нөхөрт санаархвал ямар арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай вэ?

17 Гэрлэсэн ч, гэрлээгүй ч бид бүгдээрээ Есүсийн хэлсэн үгийг санах ёстой. Тэрбээр: «Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү?» гээд «Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэжээ (Мат. 19:4–6). Хүний эхнэр юм уу нөхөрт санаархах нь нүгэл (Д.хууль 5:21). Ийм бузар хүсэл төрж эхэлмэгц түүнийг ухаан санаанаасаа нэн даруй таягдан хаяхын төлөө христиан хүн чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хүслээ зөнд нь орхисноос болж сэтгэлийн их зовлон амсаж байлаа ч тэмцэх ёстой (Мат. 5:27–30). Бодлоо өөрчилж, хуурамч зүрхнийхээ нүгэлт хүслийг тэвчих нь маш чухал (Иер. 17:9).

18. Гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэх талаар та ямар бодолтой байна вэ?

18 Ехова Бурхныг мэддэггүй, гэрлэлтийг түүний өгсөн гайхамшигтай бэлэг гэж боддоггүй хүмүүс хүртэл гэр бүлийг тодорхой хэмжээгээр үнэлж үздэг. Тэгвэл жаргалтай Бурхан Еховад өөрийгөө зориулсан бид яах ёстой вэ? Гэрлэлт хэмээх бэлэг өгсөнд нь үнэхээр талархаж, эрхэмлэн үнэлдгээ батлан харуулж амьдрах нь зүйн хэрэг болох бус уу! (1 Тим. 1:11).

[Зүүлт]

^ «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад энэ үгийг болзоот залуу хэлсэн байдаг. Харин эх Библид Шуламмит бүсгүй хэлснийг бусад орчуулгаас мэдэж болно (МБН, 1999).

^ Гэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 1011-р бүлгийг үзнэ үү.

[Догол мөрийн асуулт]

[6-р хуудасны товчлол]

Гэр бүл бат бэх бол Еховаг алдаршуулна, өөрсдөө жаргалтай байна

[5-р хуудасны зураг]

Рут гэрлэлтийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэж эрхэмлэдэг байсан

[7-р хуудасны зураг]

Та гэрлэлтийг Еховагийн өгсөн бэлэг гэж үзэж эрхэмлэдэг үү?