Skip to content

Гарчиг руу орох

Гэр бүлээ бат бэх байлгахын төлөө чадах бүхнээ хийгтүн

Гэр бүлээ бат бэх байлгахын төлөө чадах бүхнээ хийгтүн

Гэр бүлээ бат бэх байлгахын төлөө чадах бүхнээ хийгтүн

«Гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг» (1 КОР. 7:10).

ТАЙЛБАРЛАНА УУ

Бурхан гэр бүлийн хоёрыг хамтад нь холбосныг юу гэж ойлгох вэ?

Ахлагчид гэр бүлийн асуудалтай христиануудад хэрхэн туслах вэ?

Бид гэрлэлтийг юу гэж үзэх ёстой вэ?

1. Христианууд гэрлэлтийг юу гэж үздэг вэ? Яагаад?

 ХРИСТИАНУУД хуримлах өдрөө Бурхны өмнө бие биедээ тангараг өргөдөг. Үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй (Ном. 5:4–6). Гэр бүлийг Санаачлагч Ехова эр эм хоёрыг «хамтад нь холбодог» (Марк 10:9). Гэрлэлтийн талаар улс орнууд ямар ч хууль мөрддөг бай, Бурхан үүнийг хэн ч салгаж болохгүй бат холбоо гэж үздэг. Тиймээс, христианууд Еховатай адилхан үзэл бодолтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Еховагийн Гэрч болохоосоо өмнө гэрлэсэн ч, Гэрч болсныхоо дараа гэрлэсэн ч, аль ч тохиолдолд салж болохгүй.

2. Энэ өгүүллээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

2 Нөхөр эхнэр хоёр хоёулаа биш гэхэд аль нэг нь Библийн зарчмыг хэрэгжүүлж, гэр бүлээ бат бэх байлгах гэж хичээдэг бол жаргалтай байна. Харин гэр бүл нь салж сарних дээрээ тулсан бол яах вэ? Тасрах гэж байгаа гэр бүлийн холбоог дахин батжуулах боломж бий юү? Түнжин хагарсан хоёр эвлэрэхийн тулд яах хэрэгтэй вэ?

ЖАРГАХ УУ, ЗОВОХ УУ?

3, 4. Ханиа сонгох асуудалд хайнга хандвал юу болж болзошгүй вэ?

3 Гэр бүл нь бат бэх бол христианууд өөрсдөө ч жаргалтай байна, Еховаг ч алдаршуулна. Харин болж бүтэхгүй бол зүгээр нэг шаналаад зогсохгүй, бүр түүнээс ч дор юм болно. Гэрлэх хүсэлтэй христиан Бурхны удирдамж зааврыг дагавал гэр бүлээ эхнээс нь зөв зохионо. Харин хань ижлээ сонгох асуудалд хайнга хандвал эцэст нь харамсаад барахгүй. Жишээ нь, зарим залуус амьдрал аваад явах ямар ч бэлтгэлгүй хэр нь болзоонд явж эхэлдэг. Нөгөө зарим нь хань болох хүнээ интернетээс хайж олоод яаран гэрлэдэг ч жаргалгүй гэр бүлийн тоог нэгээр нэмдэг. Үерхэж байхдаа биеэ барьж чадалгүй ноцтой нүгэл үйлдсэн хүмүүс бие биеэ хүндэтгэхээ больдог. Гэрлэсэн ч тэдний амьдрал, булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг болж мэднэ.

4 Зарим христиан «зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаалыг зөрчөөд, шашин шүтлэгийн хувьд хуваагдмал байхын гашуун зовлон амсдаг (1 Кор. 7:39). Хэрэв та тэдний нэг бол Бурхнаас өршөөл гуйж, тусламж аваарай. Ехова гэмшсэн хүний хийсэн хэргийн үр дагаврыг арилгахгүй боловч сорилтыг давахад нь тусална (Дуу. 130:1–4). Бурханд таалагдахыг цаг ямагт хичээгээрэй. Тэгвэл «ЭЗЭНий баяр баясгалан» таны «хүч чадал» болно (Нех. 8:10).

САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛБАЛ

5. Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур явдаг хүн юу гэж бодох ёсгүй вэ?

5 Гэр бүлийн амьдралаасаа болоод сэтгэлийн зовлон амсдаг хүмүүс: «Гэр бүлээ жаргалтай болгохын төлөө тэгтлээ их чармайх хэрэг үнэхээр байна уу? Цаг хугацааг ухраагаад өөр хүнтэй гэрлэж болдог ч болоосой! Эрх дураараа байх юмсан. Библийнхээр бол салж болохгүй. Гэхдээ дахиад жаргалтай болохын тулд ядаж тусдаа амьдарч яагаад болохгүй гэж?» хэмээн боддог. Христиан хүн ингэж бодож, хий хоосон мөрөөдөхийн оронд Бурхны удирдлага зааврыг дагаж одоо хийж чадах бүхнээ хийх хэрэгтэй.

6. Матай 19:9-д байдаг Есүсийн үг ямар утгатай вэ?

6 Христиан хүн ч ханиасаа салах нь бий. Тэгвэл тэр христиан өөр хүнтэй гэрлэж болох уу? Библиэс үзвэл энэ нь нөхцөл байдлаас шалтгаална. Есүс: «Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно» гэж хэлжээ (Мат. 19:9). «Садар самуун» гэдэгт завхайрал болон бэлгийн амьдралтай холбоотой бусад ноцтой нүгэл ордог. Завхайрсан ханиасаа салъя гэж бодож байгаа бол Бурхнаас удирдлага заавар гуйж залбирах нь нэн чухал.

7. Гэр бүлийн амьдрал нь болж бүтдэггүй христиануудыг хүмүүс юу гэж бодох вэ?

7 Христиан нөхөр эхнэр хоёр салах юм уу тусдаа амьдарвал сүнслэгээр сул гэсэн үг байж болох юм. Элч Паул: «Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?» гэсэн бодууштай асуултыг хөнджээ (1 Тим. 3:5). Эхнэр нөхөр хоёр өөрсдийгөө христианууд гэдэг мөртлөө гэр бүлийн амьдрал нь болж бүтдэггүй бол хөндлөнгийн хүмүүс тэднийг хэлж ярьдаг зүйлээ өөрсдөө хэрэгжүүлдэггүй юм байна гэж бодно (Ром 2:21–24).

8. Христиан нөхөр эхнэр хоёр тусдаа амьдрах юм уу салахаар шийдсэн нь юу харуулж байна вэ?

8 Хэрэв баптисм хүртсэн христиан хос Библийн үндэслэлгүйгээр тусдаа амьдаръя, бүр салъя гэж бодож байгаа бол тэд сүнслэг талаараа доголдоод байна гэсэн үг. Эхнэр нөхрийн аль нэг нь эсвэл хоёулаа Библийн зарчмыг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг юм. Хэрэв тэд «бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэдэг» байсан бол салж сарних тухай бодохгүй байх байсан (Сургаалт үгс 3:5, 6-г уншина уу).

9. Зарим христиан ханиасаа салалгүй тэвчсэнийхээ төлөө ямар ивээл хүртдэг вэ?

9 Салахын даваан дээр байсан олон гэр бүл одоо жаргалтай амьдарч байна. Гэр бүлийнх нь амьдрал таагүй байсан ч салах гэж яарахгүй бол ивээл хүртэх нь олонтаа. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд зориулж элч Петр: «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэж бичжээ (1 Петр 3:1, 2). Биеэ зөв зохистой авч яваа эхнэрээ хараад нөхөр нь үнэний зам дээр зогсож болох юм! Гэр бүлээ ийн аварч чадвал Бурхныг алдаршуулаад зогсохгүй нөхөр, эхнэр, хүүхдүүд их ивээл хүртэх нь дамжиггүй.

10, 11. Гэрлэсний дараа ямар асуудал тулгарч мэдэх вэ? Гэхдээ яах хэрэгтэй вэ?

10 Ганц бие христиануудын ихэнх нь Еховагийн таалалд багтахыг хүсдэг учраас баптисм хүртсэн итгэл нэгтнүүдийнхээ дундаас ханиа сонгодог. Тэглээ ч гэсэн огт бодож байгаагүй бэрхшээлтэй тулгарч болох юм. Жишээлбэл, нөхөр юм уу эхнэр нь сэтгэцийн эмгэгтэй болж мэднэ. Эсвэл гэрлэснээс хойш хэсэг хугацаа өнгөрөхөд нөхөр эхнэрийн аль нэг нь идэвхгүй дэлгэрүүлэгч болж магадгүй. Бас хурлаас хасагдаж ч болох юм. Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч, халамжтай эх Линдад * ийм явдал тохиолджээ. Гэрч нөхөр нь буруу юм хийгээд түүндээ гэмшихгүй байсаар хурлаас хасагдахад Линдагийн хувьд яах ч аргагүй байжээ. Иймэрхүү шалтгааны улмаас гэр бүл нь сүйрэх гээд байгаа юм шиг санагдвал христиан хүн яах хэрэгтэй вэ?

11 «Юу ч болж байсан, салж сарнихгүй байх ёстой юм уу?» гэж та асууж болох юм. Үүнийг та л шийдэхээс биш өөр хэн ч шийдэхгүй, таны өмнөөс шийдэх ч учиргүй. Юутай ч, нөхөр эхнэрийн холбоо тасрах гээд байгаа юм шиг санагдвал бууж өгөлгүй тэмцэх хэрэгтэй. Яагаад тэр вэ? Мөс чанартаа захирагдаад гэр бүлийн бэрхшээлээ тэвчдэг христиануудыг Бурхан үнэ цэнэтэйд тооцдог (1 Петр 2:19, 20-ийг уншина уу). Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийж байгаа христианд Ехова Үг болон сүнсээрээ тусална.

ТЭД ТУСЛАХАД БЭЛЭН

12. Ахлагчдаас сүнслэг тусламж хүсвэл тэд бидний талаар юу гэж бодох вэ?

12 Хэрэв та хоёр таарч тохирохгүй байгаа бол төлөвшсөн христиануудаас сүнслэг тусламж авахаас нэрэлхэж зовох хэрэггүй. Ахлагчид бол сүргийг хариулдаг хоньчид юм. Тэд Бурхны зөвлөгөөг Библиэс дуртайяа үзүүлнэ (Үйлс 20:28; Иак. 5:14, 15). Гэр бүлийнхээ асуудлыг хэлж, сүнслэг тусламж хүсвэл ахлагчид биднийг хүндэтгэхээ болино гэж бүү бодоорой. Харин ч тэд Бурханд таалагдахыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг тань мэдээд та нарыг бүр ч их хайрлаж, хүндэтгэнэ шүү.

13. 1 Коринт 7:10–16-д ямар зөвлөгөө байдаг вэ?

13 Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлтэй христиан хүн тусламж гуйвал хурлын ахлагчид Паулын өгсөн зөвлөгөөг сануулдаг. Паул: «Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрлэсэн хүмүүст хандан би биш, харин Эзэн тушаадаг. (Хэрэв тэр салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл нөхөртэйгөө эвлэрэг.) Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй. . . . Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?» гэж бичжээ (1 Кор. 7:10–16). Итгэгч бус хань нь Еховагийн үйлчлэгч болбол юутай сайхан бэ!

14, 15. Христиан хүн ямар үед тусдаа амьдрах тухай бодож болох вэ? Ингэхдээ залбирч байгаад өөрийгөө сайтар шалгах хэрэгтэйн учир юу вэ?

14 Христиан эмэгтэй ямар шалтгаанаар нөхрөөсөө «салах» буюу тусдаа амьдарч болох вэ? Нөхөр нь гэр бүлээ санаатайгаар тэжээдэггүй, зодож нүддэг, Бурханд үйлчлэхэд нь саад болж, хатуу ширүүн эсэргүүцдэг гэх зэргийн шалтгаанаас болоод зарим эмэгтэйчүүд тусдаа амьдрахаар шийддэг байна.

15 Тусдаа амьдрах уу, үгүй юү гэдгээ хүн өөрөө шийдэх ёстой. Гэхдээ баптисм хүртсэн бол энэ асуудлын талаар залбирч, өөрийгөө сайтар шалгах хэрэгтэй. Жишээлбэл, Еховад үйлчлэхэд зөвхөн итгэгч бус хань нь саад болоод байна уу, эсвэл өөрөө Библиэ олигтой судалдаггүй, цуглаанд алдаг оног очдог, дэлгэрүүлэх ажилд идэвх муутай оролцдог уу?

16. Христианууд ямар учраас салах шийдвэрийг яаран гаргах ёсгүй вэ?

16 Бид Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг, гэрлэлтийг түүний өгсөн бэлэг хэмээн үзэж талархдаг учраас салах шийдвэрийг яаран гаргадаггүй. Еховагийн үйлчлэгчид бид Бурхныхаа ариун нэрд сэв суулгахыг хүсдэггүй. Тиймд ханийнхаа итгэлийг эвдэж, түүнийг орхин, өөр хүнтэй гэрлэхийг яасан ч бодохгүй (Иер. 17:9; Мал. 2:13–16).

17. «Бурхан биднийг амар тайван уруу дуудсан» гэж хэзээ хэлж болох вэ?

17 Гэрч биш ханьтай христиан хүн гэр бүлээ бат бэх байлгахын тулд асар их хүчин чармайлт гаргах учиртай. Гэхдээ хэчнээн хичээгээд ч хань нь хамт амьдрахыг хүсэхгүй салбал христиан хүн өөрийгөө буруутгах хэрэггүй. Паул: «Үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм» гэж бичжээ (1 Кор. 7:15). *

ЕХОВАД НАЙДАГТУН

18. Гэр бүлээ салж сарнихаас хамгаалах аргагүй байлаа ч хичээл зүтгэл гаргавал ямар үр дүнд хүрч болох вэ?

18 Гэр бүлд асуудал тулгарвал зоригтой байхын тулд Еховад залбирч, түүнд үргэлж найдаарай (Дуулал 27:14-ийг уншина уу). Дээр дурдсан Линда гэр бүлээ аврах гэж олон жил хичээсэн боловч эцэстээ салжээ. Цагаа дэмий үрлээ гэж харамсдаг болов уу? Тэрбээр: «Огтхон ч үгүй. Миний хичээл зүтгэл хүмүүст сайн гэрчлэл болсон. Мөс чанар өвдөхгүй байна. Хамгийн гол нь энэ олон жилийн хугацаанд охин минь үнэний зам дээр бат зогсож чадсан. Еховагийн үнэнч, идэвх зүтгэлтэй Гэрч болсон» гэж хэлжээ.

19. Салж сарнихгүй байх гэж хичээвэл ямар үр дүнд хүрч болох вэ?

19 Мэрилин гэдэг христиан эмэгтэй Бурханд найдан, гэр бүлээ салж сарних аюулаас аврах гэж асар их хүчин чармайлт гаргасандаа баяртай байдаг аж. Тэрбээр: «Нөхөр маань гэр бүлээ тэжээхгүй, Бурханд үйлчлэхэд минь саад болж байсан болохоор тусдаа амьдрах юмсан гэж бодсон. Урьд нь ахлагчаар үйлчилдэг байсан ч ажлаа буруу сонгосноос болоод цуглаан тасалдаг болж, бид хоёр хоорондоо ч ярихаа больсон. Манай хотод террорист халдлага болоход би маш их айгаад гэрээсээ ч гарахаа байсан юм. Тэгэхэд л, би бас буруутай байснаа ойлгосон. Бид дахин хоорондоо ярилцдаг болж, гэр бүлийн хичээлээ сэргээж, цуглаандаа тогтмол явж эхэлсэн. Ахлагч нар сайхан сэтгэл гарган маш их тусалсан. Манайх гэдэг айл өөдөлж эхэлсэн. Хожим нь манай нөхөр хуралд дахин хариуцлагатай үүрэг хүлээдэг болсон. Энэ явдал гашуун сургамж болсон ч бүх юм сайнаар дууссан» хэмээн ярьжээ.

20, 21. Энэ өгүүллийг уншаад та яахаар шийдсэн бэ?

20 Ганц бие ч бай, гэрлэсэн ч бай үргэлж зоригтой байж, Еховад найдацгаая. Нөхөр эхнэр хоёр хоорондоо таарамжгүй болж, амьдрал нь болж бүтэхгүй байвал «хоёр бус, харин нэг бие махбод» гэдгээ санан, бэрхшээлээ давахын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй (Мат. 19:6). Хэчнээн хэцүү байсан ч Гэрч биш ханиасаа салахгүй байвал Еховагийн үйлчлэгч болохыг хэн байг гэх вэ!

21 Амьдрал ахуй, орчин нөхцөл маань ямар ч бай, Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь үнэхээр ач тустайг баталцгаая. Тэгвэл итгэгч бус хүмүүст сайнаар яригдах болно. Гэр бүлд тулгарсан ноцтой асуудлаас болоод ханиасаа тусдаа амьдармаар санагдвал шаргуу залбирч, өөрийгөө сайтар шалгаж, Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, ахлагчдаас сүнслэг тусламж гуйцгаая. Хамгийн гол нь, юу ч хийсэн Еховагийн санаанд нийцүүлэхийг хичээж, гэрлэлт гэдэг гайхамшигтай бэлэг өгсөнд нь чин сэтгэлээсээ талархдагаа батлан харуулцгаая.

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

^ «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 219-221-р хуудсыг үзнэ үү.

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны товчлол]

Салахын даваан дээр байгаа гэр бүлээ аврах гэж чадах бүхнээ хийдэг христиан ивээл хүртдэг

[12-р хуудасны товчлол]

Еховад үргэлж найдан, зоригтой байхад туслахыг гуйгаарай

[9-р хуудасны зураг]

Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг христиануудыг Ехова ивээдэг

[11-р хуудасны зураг]

Христиан хурал биднийг тайвшруулж, сүнслэг тусламж үзүүлдэг