Skip to content

Гарчиг руу орох

Цалин, орлого буурахад амьдралаа яаж залгуулах вэ?

Цалин, орлого буурахад амьдралаа яаж залгуулах вэ?

Цалин, орлого буурахад амьдралаа яаж залгуулах вэ?

ОБЕД хоёр хүүхэдтэй. Африкийн нэгэн том хотын таван одтой зочид буудалд арван жил ажиллахдаа мөнгөөр гачигдахын зовлонгүй гэр бүлээ тэжээж байлаа. Хааяа гэр бүлээ аваад нутгийнхаа үзэсгэлэнт байгальтай газарт амардаг байв. Гэтэл зочид буудлын орлого буурч тэрбээр ажилгүй хоцорчээ.

Стивен банкинд 22 жил ажиллаж албан тушаал нэлээд ахижээ. Өндөр алба хашдаг тэрбээр тусгай хангамж эдлэн, том хаустай, гоё машинтай, гэрийн үйлчлэгчтэй байв. Бас хүүхдүүдээ нэр хүндтэй сургуульд сургадаг байлаа. Банк зохион байгуулалтаа өөрчилтөл Стивен ажлаа алджээ. Тэрбээр: «Манай гэрийн амьдрал орвонгоороо эргэсэн. Би гутарч, гомдож, түгшиж байсан» гэж ярьжээ.

Ийм жишээ олныг дурдаж болно. Дэлхий дахинд эдийн засаг хямарч байгаагаас тогтмол орлоготой явсан олон сая хүн ажилгүй болсон. Арай гэж ажилд ордог ч цалин бага авна. Гэтэл юмны үнэ тэнгэрт хадаж, амьдралаа залгуулах гэж тэмцэнэ. Өндөр хөгжсөн ч бай, ядуу буурай ч бай, ямар ч улс орон эдийн засгийн хямралд өртөхгүй гэсэн баталгаагүй.

Амьдрах ухаан

Цалин орлого буурах юм уу ажлаа алдахад цаашдаа яана даа гэж бодогдох нь лавтай. Айдас түгшүүр ч төрж мэднэ. Гэхдээ нэгэн мэргэн хүн: «Хэрэв чи бэрх цагт гутарваас хүч тэнхээ чинь сул аж» гэж хэлжээ (Сургаалт үгс 24:10, ШЕ). Санхүүгийн хямралд өртлөө гэхэд айж сандрахын оронд Бурхны Үгэнд зөвлөснөөр амьдрах ухаан буюу «саруул ухааныг нөөцлөх» хэрэгтэй (Сургаалт үгс 2:7).

Библи хэдийгээр эдийн засгийн сурах бичиг биш боловч мөнгө төгрөгний асуудлыг шийдэхэд тустай зөвлөгөө өгдөг. Эдгээрийг хэрэгжүүлсэн олон сая хүн ач тус хүртжээ. Библийн зарчмуудаас хэдийг нь сонирхъё.

Өрхийн төсөв гаргах. Лук 14:28-д «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» хэмээсэн Есүсийн үгийг бодож үзье. Энэ үгийн цаана нэг зарчим байна. Өөрөөр хэлбэл, төсөв гаргаад, тэр төсвөөсөө хэтэрсэн зарлага гаргахгүй байна гэсэн үг. Ингэх мэдээж амаргүй. Өгүүллийн эхэнд дурдсан Обед: «Намайг ажилтай байхад манай гэрийнхэн супермаркетэд ороод хэрэгтэй хэрэггүй баахан юм тэрэг дүүрэн авчихдаг байлаа. Авъя гэсэн болгоноо авах мөнгөтэй байсан болохлоор өрхийн төсөв гэж хэзээ ч тооцож байгаагүй» гэж ярьжээ. Нарийн төлөвлөх нь бага ч гэсэн байгаа мөнгөөрөө гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг хангах ухаалаг арга юм.

Энгийн амьдрах. Урьдынхаасаа энгийн амьдарна гэдэг санаснаар болох амар хэрэг биш ээ. Гэхдээ ингэх шаардлага зайлшгүй гардаг. Стивен: «Манайх мөнгөө хэмнэх гэж хуучин, жижиг байшиндаа нүүж орсон. Бас хүүхдүүдээ хямд боловч сургалт сайтай сургууль руу шилжүүлсэн» гэж ярьсан юм.

Дассан сурснаасаа өөрөөр амьдарч сурахын тулд гэр бүлийн гишүүд илэн далангүй ярилцах шаардлагатай. Санхүүгийн байгууллагад есөн жил ажиллаад ажилгүй болсон Оостин: «Эхнэр бид хоёр яг хэрэгтэй юмаа жагсааж бичсэн юм. Үнэтэй хүнсний бараа, шаардлагагүй хэр нь шинэ хувцас авах, амралтаар явах гэж их мөнгө үрэхээ больсон. Амьдрал маань тэгж өөрчлөгдөхөд манай гэрийнхэн намайг ойлгож, элдэв юм нэхээгүйд би их баярладаг» хэмээжээ. Хүүхдүүд ийм өөрчлөлтийг ойлгож ухаарч чадахгүй байж мэдэх учир эцэг эхчүүд хэлж тайлбарлах нь зүйтэй.

Ажил голохгүй байх. Хэрэв та бичиг цаасны ажил хийж сурсан бол биеийн хүчний ажлаас халширч болох юм. Оостин: «Би хар ажил хийх сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан. Том компанид менежер байлаа шүү дээ» гэж ний нуугүй хэлжээ. Ингэж бодогдох нь аргагүй байх. Библид ч «Хүний айдас болбоос занга юм» гэсэн байдаг (Сургаалт үгс 29:25). Хүн юу гэх бол гэж айлаа гээд амьдралаа залгуулахад нэмэр болохгүй шүү дээ. Ийм таагүй бодлоо ялахад юу туслах вэ?

Даруу байх нь хамгийн чухал. Зочид буудлын ажлаа алдсан Обедийг хамт ажилладаг байсан хүн нь машин засварын газартаа авчээ. Обед шороотой замаар хол газар явж, машины будаг, эд анги худалдаж авдаг байв. Тэрбээр шинэ ажлынхаа талаар «Би энэ байдалтай эвлэрч огт чадахгүй байлаа. Гэхдээ даруу байх хэрэгтэй байсан. Одоогийн цалин урьд нь авч байсан цалингийн дөрөвний нэгд ч хүрэхгүй боловч бид амьдралаа болгоод л явж байна» гэжээ. Та ингэж чадах уу?

Сэтгэл хангалуун байх. Мөнгө төгрөгөөр дутах, сэтгэл хангалуун байх гэдэг нэг л авцалдахгүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ юм юмаар гачигдаж явсан, Христийн дагалдагч Паул гэдэг хүн: «Би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ» гэсэн нь бодууштай (Филиппой 4:11, 12).

Байдал сайнаар эргэж болох л юм. Гэхдээ өнөөгийн тогтворгүй нийгэмд бүр дордож ч мэднэ. Паул Бурхнаар удирдуулан «Сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно» хэмээн бичжээ. Паул ийн хэлэхдээ залхуу хойрго байхыг уриалсан бус, харин материаллаг хэрэгцээг хэр зэрэг чухалд үзэхийг тайлбарласан юм (1 Тимот 6:6, 8).

Жинхэнэ аз жаргалын эх булаг

Жинхэнэ аз жаргал бол хүссэн бүхнээ хурааж хуримтлуулах эсвэл санаа зовох юмгүй, чинээлэг амьдрахын нэр биш ээ. Есүсийн хэлсэн нэг ийм үг байдаг. «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]». Өөрт байгаагаараа хүмүүст тусалж, бас бусдын сэтгэлийг сэргээж явбал жинхэнэ ёсоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг (Үйлс 20:35).

Хүнийг бүтээсэн Ехова Бурхан хүнд юу хэрэгтэйг сайн мэддэг. Олон сая хүн Еховагийн Үг буюу Библийн зөвлөгөөг хэрэгжүүлсний үрээр амьдрал ахуйгаа сайжруулж, хэрэггүй юманд санаа зовохоо больжээ. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл амьдрал нэг л өдрийн дотор сайжрах юм уу мөнгө төгрөгөөр дутахын зовлон огт үзэхгүй гэсэн үг биш ээ. Гэхдээ Бурхан «хаанчлал болон ... зөвт байдлыг» нь эн тэргүүнд тавьдаг хэн бүхний үндсэн хэрэгцээг хангана гэж Есүс батлан хэлсэн (Матай 6:33).