Skip to content

Гарчиг руу орох

Намтар

Еховад үйлчлээд «нууцад» суралцаж явна

Еховад үйлчлээд «нууцад» суралцаж явна

Оливье Рандриамурагийн яриа

«Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх[ын] ... аль алины нууцад би суралцсан. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» (Флп. 4:12, 13).

ОЛИ бид хоёр элч Паулын хэлсэн энэ үгэнд их урамшдаг даа. Мадагаскарт үйлчилдэг бид, Паулын адилаар, Еховад бүрэн найдахын «нууцад» суралцаж явна.

1982 онд Олийн ээжийг Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхлэх тэр үед Оли бид хоёр аль хэдийн сүй тавьчихсан байлаа. Тэр үеэс эхлээд би, дараа нь Оли Библийн хичээл хийдэг болов. Бид хоёр 1983 онд гэрлэсэн. 1985 онд баптисм хүртсэн даруйдаа туслах эхлэгчээр үйлчилж эхэлсэн. 1986 оны 7 дугаар сард байнгын эхлэгч болцгоосон.

1987 оны 9 дүгээр сард тусгай эхлэгчээр томилогдож, Мадагаскарын баруун хойно байдаг нэг жижиг хотод үйлчлэхээр болов. Мадагаскарт 18 угсаатны бүлэг, тоймгүй олон омог байдаг бөгөөд уламжлал, зан заншлаараа ялгаатай. Малагас хэл албан ёсны хэл боловч хүмүүс олон янзын аялгуугаар ярина. Бид хэсгийнхээ хүмүүсийн аялгууг сурч эхлэв. Үүний ачаар хүмүүс биднийг бүр ч дуртай хүлээж авсан юм.

Эхэндээ хоёулхнаа цуглаан хийдэг байлаа. Ням гариг бүр намайг илтгэл тавьсны дараа Оли алга ташна. Бас Дэлгэрүүлэгчийн сургуулийг бүрэн хөтөлбөрөөр явуулж, Оли хэн нэгэн хүнтэй ярьж байгаагаар даалгавар биелүүлдэг байв. Дүүргийн харгалзагчийн зөвлөсний дагуу цуглааныхаа хөтөлбөрийг өөрчлөөд, сая нэг санаа амарч билээ.

Шуудан цагтаа ирдэггүй болохоор сар бүрийн нөхөн олговроо тогтмол авч чаддаггүй байлаа. Тийм учраас гачигдаж дутагдахын «нууцад» суралцсан. Нэг удаа, 130 километрийн зайтай газар болох дүүргийн чуулганд очих гэтэл замын зардал байсангүй. Тэр үед итгэл нэгтний маань хэлсэн үг санаанд оров. «Еховад зовлонгоо хэлж бай. Тэгээд ч та нар Еховагийн ажлыг хийж байгаа шүү дээ» гэсэн юм. Ингээд хоёулаа залбирчихаад, явган явахаар шийдлээ. Яг явах гэж байтал нэг ах манайд орж ирээд бид хоёрт бэлэг болгож мөнгө өгөв. Тэр нь замын зардал болсон доо!

ДҮҮРГИЙН ХАРГАЛЗАГЧИЙН АЖИЛ

1991 оны 2 дугаар сард намайг дүүргийн харгалзагчаар томилов. Тэр үед манай жижигхэн бүлэг 9 дэлгэрүүлэгчтэй болчихсон, 3 нь баптисм хүртчихсэн байлаа. Цуглаанд дунджаар 50 хүн ирдэг байсан. Сургалтад суусны дараа нийслэл Антананаривуд дүүргийн харгалзагчаар үйлчлэх болсон. Харин 1993 оноос Мадагаскарын зүүн хэсэгт дүүргийн харгалзагчаар үйлчлэв. Тэндхийн амьдрал хот газраас шал ондоо байлаа.

Хурлууд болон алслагдсан бүлгүүдэд явган явж, заримдаа 145 километр зам туулж очно. Уул нуруу дамжин, өтгөн шигүү ой дундуур явна. Бид ер нь ачаа багатай явдаг байсан. Харин заримдаа илтгэл тавихын хажуугаар кино үзүүлдэг байлаа. Тэр үед ачаа маань нэмэгдэнэ дээ. Оли проектороо, харин би 12 вольтын мотор чирч явдаг байлаа.

Бид нэг хурлаас нөгөөд очих гэж өдөрт голдуу 40 километр зам туулдаг байлаа. Уул давж, гол гатлан, шавар шалбааг туучсаар очно. Зам зуураа хээр хонох ч үе бий. Голдуу тосгон олж, тэндээ хоноглох байр хайдаг байлаа. Заримдаа огт танихгүй хүмүүсээс гэртээ хонуулахыг гуйдаг байсан. Тэгээд байр олмогцоо хоолоо хийж эхэлнэ дээ. Оли айлаас тогоо гуйж аваад, ойролцоох гол юм уу, нуураас ус авчирна. Тэр хооронд нь би сүх олоод түлээ хагалж, хоол хийхэд бэлтгэнэ. Энэ бүхнийг амжуулахад нэлээд цаг хэрэгтэй. Заримдаа бид амьд тахиа худалдаж аваад төхөөрч, цэвэрлэдэг байв.

Хоолоо идсэнийхээ дараа ахиухан шиг ус авчраад усанд ордог байсан. Заримдаа гал тогооны өрөөнд унтана. Бороо ороход дээврээс ус гоожоод байвал норохгүйн тулд хана дагаж хэвтдэг байв.

Байсан айлынхаа хүмүүст дэлгэрүүлэхийг цаг ямагт хичээдэг байлаа. Зорьсон газраа хүрэхэд христиан ах дүүс маань хэчнээн сайхан сэтгэлээр угтан авч, ямар их зочломтгой ханддаг гэж санана! Биднийг ирлээ гэж чин сэтгэлээсээ баярлахыг нь хараад замд тохиолдсон таагүй бүхнийг мартдаг байж билээ.

Итгэл нэгтнүүдийнхээ гэрт байхдаа гэрийнх нь ажлаас элбэлцдэг байлаа. Гэрийн ажил гэж санаа зовох юмгүй болчихлоороо тэд бидэнтэй дэлгэрүүлдэг байв. Тав тухтай байлга, тусгай хоол хий гэх мэтээр боломж чадал хүрэхгүй юмыг нь шаарддаггүй байсан.

АЛСЛАГДСАН БҮЛГҮҮДЭД ЭРГЭЛТ ХИЙСЭН НЬ

Алслагдсан бүлгүүдэд очиж эргэлт хийх сайхан. Тэндхийн ах дүү нар маань их шахуу хөтөлбөртэй угтдаг байв. Тийм болохоор «жаахан амрах» цаг ч ховорхон гарна (Марк 6:31). Нэг удаа, гэр бүлийн хоёр 40 суралцагчаа бүгдийг нь гэртээ цуглуулаад, бид хоёрыг Библийн хичээлдээ суулгасан юм. Оли эхнэрийнх нь 20 хичээлд, би нөхрийнх нь 20 хичээлд оролцлоо. Нэг хичээл дуусмагц залгуулаад нөгөөг нь хийсээр орой болоход жаахан завсарлав. Цуглаантай байсан болохоор тэр л дээ. Тэгээд цуглааны дараа хичээлээ үргэлжлүүлсэн. Ар араасаа цуварсан хичээл орой найм өнгөрч байхад дуусаж билээ.

Өөр бүлэгт очлоо. Тэгтэл бүгдээрээ нийлээд өглөөний найман цагийн үед зэргэлдээх тосгон руу явах болж, муухан хувцсаа өмсөцгөөв. Ойгоор явж явж, дэлгэрүүлэх хэсэгт үдийн алдад очмогцоо цэвэрхэн хувцас өмсөөд шууд л айлаар дэлгэрүүлж эхлэв. Айлууд цөөхөн, дэлгэрүүлэгчид олон байсан тул 30-аад минутын дотор зорьсон хэргээ бүтээв. Тэгээд хажуугийн тосгон руу явлаа. Тэнд дэлгэрүүлж дуусаад сунайсан урт зам туулж харив. Маш их цаг, хүч зарцуулчихаад айлаар цаг хүрэхгүй хугацаагаар дэлгэрүүлэхлээр эхэндээ жаахан сэтгэл дундуур байсан. Харин нутгийн Гэрчүүд огтхон ч гомдоллоогүй. Урам зоригтой байж билээ.

Тавиранамбо хотын алслагдсан нэг бүлэг бараг уулын орой дээр байдаг байв. Тэнд бид нэгэн Гэрч айлд очсон юм. Тэднийх нэг өрөө байшинтай. Хажууханд нь байдаг жижиг байшинд цуглаан хийдэг юм байж. Тэгтэл байгаа айлын маань эзэн: «Ах нар аа!» гэж чанга хашхирлаа. Хариуд нь зэргэлдээх уулын оройгоос «Юу вэ!» гэх дуу гарав. Гэрийн эзнийг «Дүүргийн харгалзагч ирлээ!» гэхэд «За!» гэж хариулав. Хол амьдардаг бусад хүмүүс сонссон бололтой, удалгүй цугларч, цуглаан эхлэхэд 100 гаруй хүн ирсэн байлаа.

УНАА ОЛДОХГҮЙН ЗОВЛОН

1996 оноос Антананаривугийн ойролцоох уулархаг нутагт дүүргийн харгалзагчаар үйлчлэх болов. Энэ дүүрэг ч бас өөрийн гэсэн онцлогтой. Зах зайдуу газартаа нийтийн унаа явдаггүй байв. Бид Антананаривугаас 240 километр зайтай оршдог Бэанкана (Бэсакей) дахь бүлэгт очих хуваарьтай байлаа. Бүхээгтэй машины жолоочтой ярьж тохироод машинд нь суув. Тэгтэл жолоочийн кабин дотор болон тэвшин дээр суусан, бүхээг дээр хэвтсэн, араас нь зүүгдсэн 30 шахам зорчигч явж байлаа.

Машин удалгүй эвдэрч, бид цаашаа явган явлаа. Энэ бол ерийн л хэрэг. Хэдэн цаг гэлдэрч явтал том ачааны машин хүрч ирэв. Мөн л дүүрэн ачаа бараатай, пиг хүнтэй мөртлөө жолооч нь зогсож өгөв. Бид ч багтаж, зогсоогоороо явлаа. Дараа нь гол гатлах гэтэл гүүр засвартай байж таарав. Тэгэхлээр нь машинаас буугаад явган явсаар хэдэн тусгай эхлэгчийн амьдардаг нэг жижиг тосгонд очлоо. Эргэлт хийхээр төлөвлөөгүй ч, гүүрний засвар дуусахлаар өөр унаагаар явъя гэж бодоод, тэдэнтэй хамт дэлгэрүүлсэн.

Машин долоо хоногийн дараа ирж, бид аяллаа үргэлжлүүлсэн. Замын бартаа их тул байн байн бууж өвдгөөр татсан ус туулан машинаа түрэн, унаж тусан явж байлаа. Өглөө хэдэн цаг яваад жижиг тосгонд очив. Цаашаа явган явж тутаргын талбай дундуур, бүсэлхий хүрсэн шавартай усан дотор явсаар зорьсон газартаа хүрэв.

Бид энэ хэсэгт анх удаа эргэлт хийсэн юм. Тийм болохоор тутаргын талбай дээр ажиллаж байгаа хүмүүст дэлгэрүүлэнгээ нутгийн Гэрчүүд хаана амьдардгийг асууя гэж шийдлээ. Гэтэл тэнд сүнслэг ах дүү нар маань ажиллаж байж. Баярласан гэж жигтэйхэн!

БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧЛЭХИЙГ УРИАЛСАН НЬ

Нэг нь нөгөөдөө бүрэн цагаар үйлчлэхийг зөвлөх нь үнэхээр үр дүнтэй байдгийг олон жил үзэж байна. Есөн байнгын эхлэгчтэй хуралд эргэлт хийж байхдаа, нэг нэг дэлгэрүүлэгчийг байнгын эхлэгч болгох зорилго тавихыг эхлэгчдэд уриалсан юм. Зургаан сарын дараа эргэлт хийхээр очиход байнгын эхлэгчдийн тоо 22 болтлоо өссөн байлаа. Эхлэгчээр үйлчилдэг хоёр эмэгтэй, хурлын ахлагч аавуудаа ятган байнгын эхлэгч болгожээ. Тэгтэл аавууд нь өөр нэг ахлагчид байнгын эхлэгчээр үйлчлэхийг зөвлөсөн байж. Гурав дахь ахлагч удалгүй тусгай эхлэгчээр томилогдож, хожим эхнэртэйгээ явуулын ажил хийх болжээ. Нөгөө хоёр ахлагч яасан бэ? Нэг нь дүүргийн харгалзагч, нөгөө нь Хаанчлалын танхимын сайн дурын барилгачин болсон.

Бид өөрсдийн хүчээр юу ч хийж чадахгүйгээ ойлгодог. Тийм болохоор үргэлж тусалдаг Еховадаа өдөр бүр талархдаг. Ядрах, өвдөх үе бий л дээ. Гэхдээ Бурханд үйлчлэх нь үр дүнд хүрдгийг эргэцүүлж бодохлоор жаргалтай байдаг. Ехова өөрөө ажлаа урагшлуулдаг. Эхнэр бид хоёр одоо тусгай эхлэгчээр үйлчлэн, Бурхныхаа ажилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай явдаг. Бид «хүч өгөгч» Еховад найдахын «нууцад» суралцаж явна.

[6-р хуудасны товчлол]

Бид Еховад найдахын «нууцад» суралцаж явна

[4-р хуудасны газрын зураг/​зураг]

Том улаан арал гэгддэг Мадагаскар нь дэлхийн дөрөв дэх том арал юм. Улаан өнгийн хөрстэй бөгөөд дэлхий дээр өөр хаа ч байхгүй төрөл зүйлийн ургамал ихтэй.

[5-р хуудасны зураг]

Хамгийн том нэг бэрхшээл нь зам тээвэр байлаа

[5-р хуудасны зураг]

Бид Библийн хичээлд оролцох дуртай