Skip to content

Гарчиг руу орох

Жил тутмын уулзалт

Эв нэгдэл ба сонирхолтой төлөвлөгөө

Эв нэгдэл ба сонирхолтой төлөвлөгөө

БИБЛИ, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгээс жил бүр зохион явуулдаг уулзалт сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн байдаг. 2011 оны 10 дугаар сарын 1-ний бямба гаригт болсон 127 дахь уулзалт ч мөн ялгаагүй. Дэлхийн өнцөг булан бүрээс уригдан ирсэн зочид төлөөлөгчид АНУ-ын Нью Жерси мужийн Жерси хотод байдаг Еховагийн Гэрчүүдийн чуулганы танхимд цугларсан юм.

Удирдах Зөвлөлийн гишүүн Геррит Лөөш уулзалтыг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр 85 орноос ирсэн зочид төлөөлөгчдийг хаа ч байхгүй эв нэгдэлтэй хүмүүс гэж хэлсэн. Гэрчүүд ийм хосгүй эв нэгдэлтэй байдгаараа олонд танигдаж, Еховаг алдаршуулдаг. Уулзалтын туршид эв нэгдэл гэдэг үгийг олон удаа дурдаж байсан юм.

МЕКСИКИЙН СОНИНООС

Еховагийн ард түмэн эв нэгдэлтэй байдгийг хөтөлбөрийн эхний хэсэг тодорхой харуулсан. Мексикийн салбарын Балтасар Перла тус салбарт үйлчилдэг гурван бетелчинтэй ярилцлага хийж, Төв Америкийн зургаан салбарыг Мексикийн салбартай нэгтгэхэд ямар байсныг асуусан. Тийн нэгтгэснээр Мексикийн Бетелд орон орны, янз бүрийн соёлтой хүмүүс нэг дор ажиллаж, амьдрах болсон. Үүний дүнд итгэл нэгтнүүд маань анд нөхөд бололцож, бие биеэ урамшуулан зоригжуулж байна. Бурхан аварга том баллуураар улс үндэстнүүдийн хил заагийг арилгасан гэлтэй.

Үйл ажиллагаа явуулж байсан зарим салбарыг хаасан нь Еховагийн байгууллагаас салгаж тусгаарласан хэрэг биш гэдгийг орон нутгийн Гэрчүүдэд ойлгуулах шаардлага гарсан. Ингээд хурал бүрд цахим шуудангаар баталгаат захидал илгээж, төвөөс алслагдсан газрын дэлгэрүүлэгчид хүртэл салбартай шууд холбоо барьж болохыг мэдэгдсэн.

ЯПОНЫ СОНИНООС

Японы салбарын Жеймс Линтон 2011 оны 3 дугаар сард болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн ах дүүсийн талаар ярив. Олон Гэрч ойр дотныхоо хүмүүсээс хагацаж, эд хөрөнгөө алджээ. Гамшигт өртөөгүй газар амьдардаг Гэрчүүд тэдэнд зориулж 3 100 гаруй байр гарган, хэдэн зуун унаа машинаа хэрэглүүлсэн байна. Бүс нутгийн барилгын хороотой хамтарч ажилладаг сайн дурынхан ах дүүсийнхээ орон байрыг засаж сэлбэн, чөлөө завгүй ажиллажээ. 1 700 гаруй хүн хэрэгцээтэй газруудад очиж сайн дураараа үйлчилсэн. Хаанчлалын танхим сэргээн босгоход нийт 575 хүн ажиллажээ. Тэдний дунд АНУ-аас ирсэн сайн дурынхан байлаа.

Гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэл санаа болоод сүнслэг байдлыг маш их анхаарчээ. 400 гаруй ахлагч хоньчны эргэлт хийхээр хэрэгцээтэй газар очсон байна. Удирдах Зөвлөл гамшигт нэрвэгдсэн ах дүүст сэтгэлийн дэм өгүүлэхээр бүсийн хоёр ч харгалзагчийг Байгууллагын төвөөс явуулсан нь тэдэнд санаа тавьсны илрэл юм. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг Гэрчүүд тэдний төлөө санаа зовж байгаагаа илэрхийлсэн нь ах дүүсийг маань асар их тайвшруулсан.

ШҮҮХИЙН ТАВЦАНД БАЙГУУЛСАН ЯЛАЛТ

Дараа нь Английн салбарын Стивен Харди шүүхийн тавцанд сүүлийн үед байгуулсан ялалтын талаар хэдэн хүнтэй ярилцсан юм. Уулзалтад хүрэлцэн ирэгсэд энэ ярилцлагыг чих тавин сонсож байлаа. Францын засгийн газар тус улс дахь Еховагийн Гэрчүүдийн нийгэмлэгээс 82 сая ам. долларын татвар нэхжээ. Европын Хүний Эрхийн шүүх (ЕХЭШ) Францын засгийн газрыг шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах тухай Европын Конвенцийн 9-р зүйлийг зөрчсөн гэж буруутгаад Гэрчүүдэд ашигтай шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрт «Шашны байгууллага гэж хүлээн зөвшөөрөөгүй, албан ёсны зөвшөөрлийг цуцлуулах гэж оролдсон, тэднийг үг хэлээр доромжилсон зэрэг нь тус Конвенцийн 9-р зүйлийг зөрчсөн хэрэг» гэжээ. Үүнээс үзвэл, энэ асуудал мөнгөтэй холбоотой биш аж.

ЕХЭШ бас Арментай холбоотой хэргийг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. ЕХЭШ 1965 оноос эхлэн, хүнийг цэргийн албанаас чөлөөлөх заалт Европын Конвенцид байдаггүй гэж үзсээр иржээ. Гэтэл Европын Шүүхийн дээд шат болох Их Танхим хэргийг дахин хянаж хэлэлцээд шашны итгэл үнэмшлээсээ болж цэргийн алба хаахаас татгалзаж байгаа хүний эрх Европын Конвенциор хамгаалагдана гэж үзсэн. Энэ шийдвэрийг хүндэтгэн үзэхийг Армен, Азербайжан, Туркийн засгийн газарт үүрэг болгосон байна.

БАРИЛГЫН ТӨСӨЛ

Дараагийн хэсгийг хөтлөн явуулсан Удирдах Зөвлөлийн гишүүн Гаи Пийрс уулзалтад ирсэн бүх хүний сонирхлыг татаад байгаа, Нью-Йорк мужид барих барилгын төслийн тухай ярив. Тэрбээр Нью-Йоркийн Уолкилл, Паттерсон болон саяхан худалдан авсан Уорик, Таксидо дахь шинэ эдлэн газарт юу хийсэн, юу хийх гэж байгааг харуулсан видео бичлэг үзүүлсэн юм. 2014 онд Уолкиллд 300 гаруй өрөө тасалгаа бүхий шинэ барилга баригдаж дуусна.

Уорикт 100 га газарт барилга барихаар төлөвлөж байгаа аж. Пийрс ах: «Уорикийн талаар Ехова ямар бодолтой байгааг бид одоохондоо сайн мэдэхгүй ч Еховагийн Гэрчүүдийн Байгууллагын төвийг тийш нь нүүлгэх санаатай ажиллаж байна» гэж хэлсэн. Түүнчлэн, Уорикт барилга барих хугацаанд тэндээс хойд зүгт 10 километрт байдаг 20 га газарт машин техник, барилгын материалаа тавихаар төлөвлөж байна. Пийрс ах: «Барилга барих зөвшөөрөл авах юм бол 4 жилийн дотор бүх ажлаа дуусгана гэж бодож байна. Дараа нь Бруклин дэх өмч хөрөнгөө зарна» хэмээн ярьсан юм.

Тэрбээр цааш нь «Удирдах Зөвлөл агуу их гай гамшиг мөдхөн болно гэж бодохоо больсон хэрэг үү?» гэж асуугаад «Үгүй ээ. Агуу их гай гамшиг болж, бидний төлөвлөгөө нурвал муу нь юу байх вэ, харин ч бүр сайн!» хэмээн хариулсан.

АРХИРАХ АРСЛАНГААС БОЛГООМЖИЛ

Дараа нь Удирдах Зөвлөлийн гишүүн Стивен Летт 1 Петр 5:8-д үндэслэн үг хэлсэн. Уг зүйлд «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээн бичсэн байдаг. Элч Петр Диаволыг арслантай зүйрлэсэн нь тун оновчтой болсныг Летт ах тайлбарлаж, арслангийн зарим онцлогийг дурдсан.

Арслан хурд, хүчээр хүнээс хамаагүй давуу. Сатан ч мөн адил биднээс хамаагүй давуу учир бид өөрийн хүчээр Сатантай тэмцэх юм уу зугтаж чадахгүй. Бидэнд Еховагийн тусламж хэрэгтэй (Ис. 40:31). Арслан шөнийн цагаар ангуучилдаг. Сатан гэгч арслангийн олз болохгүйн тулд сүнслэг харанхуй байдлаас зугтах ёстой. Номхон зээр юм уу унтаж байгаа эрээн тахийн унагыг барьдаг арслантай адилаар, энэрэх сэтгэлгүй Сатан биднийг олзлохыг хүсдэг. Арсланд бариулсан амьтан танигдахын аргагүй сэг болж үлддэг. Сатанд олзлуулсан хүний «сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дорддог» (2 Петр 2:20). Тиймээс бид Сатантай тэмцэж, Библийн зарчмыг чанд баримтлах хэрэгтэй (1 Петр 5:9).

ЕХОВАД ҮЙЛЧИЛДЭГТЭЭ БАЯРЛАЖ ЯВЪЯ

Удирдах Зөвлөлийн бас нэгэн гишүүн Сэмюэл Хөөрд: «Бид бүгдээрээ Еховагийн өргөөнд байх завшаан эдэлдэг» гэж хэлсэн. Еховагийн өргөө гэдэг нь түүний сүнслэг сүмийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Есүсийн золиосны үндсэн дээр Еховаг шүтэх арга хэмжээ юм. Бид Еховагийн өргөөнд байж, түүнд үйлчилдгээ өндөр үнэлэх учиртай. Давид «насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг» хүссэн. Бид ч бас тийн хүсдэг (Дуу. 27:4).

Хөөрд ах Дуулал 92:12–14-ийг уншиж «Ехова биднийг сайн сайхан явуулахын төлөө юу хийдэг вэ?» гэж асуугаад өөрөө энэ асуултдаа хариулан «Бурхан биднийг сүнслэг диваажиндаа байлгаж, тайвшруулж, хамгаалж, үнэний цэнгэг уснаас уулгадаг» гээд, «Тийм болохоор Бурхандаа талархацгаая. Еховагийн өргөөнд түр зуур биш, үүрд мөнх байж сэтгэл дүүрэн явцгаая» хэмээн хүрэлцэн ирэгсдэд уриалсан.

ХРИСТИАНУУД БУРХНЫ ҮГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ

Дараа нь Удирдах Зөвлөлийн гишүүн Дэйвид Сплэйн үг хэлж, жинхэнэ христианууд Бурхны Үгийг хэзээ ямагт эрхэмлэдэг тухай ярив. Нэгдүгээр зууны үед христианууд хөвч хөндөх тухай ярвигтай асуудлыг шийдэхдээ Бурхны Үгийг үндэс болгож байсан (Үйлс 15:16, 17). Гэтэл хоёрдугаар зуунд амьдарч байсан, өөрсдийгөө христиан гэдэг хүмүүс Судрыг бус, грекийн гүн ухааныг илүүд үзэх болжээ. Хожим нь зарим хүн Библийн сургаалыг гэхээсээ илүү, Сүмийн эцэг гэгдэгчдийн болон Ромын эзэн хаадын үзэл бодлыг номлодог болсон. Ингэж хуурамч сургаалын эхлэл тавигдсан түүхтэй.

Тослогдсон жинхэнэ христианууд түүхийн аль ч үед байж, үнэнийг хамгаална гэж Есүс сургаалт зүйрлэлээрээ хэлснийг Сплэйн ах онцолсон (Мат. 13:24–30). Чухам хэн хэн байсныг бид мэдэхгүй. Гэхдээ олон хүн хэдэн зууны турш Библийн үндэсгүй сургаал, зан үйлийг эсэргүүцэн тэмцэж иржээ. Тэд бол IX зуунд амьдарч байсан тэргүүн хамба Лионсын Агобард, XII зуунд амьдарч байсан Брюигийн Пьер, Лозанны Хенри, Вальдес (Уальдо), XIV зуунд амьдарч байсан Жон Уиклиф, XVI зуунд амьдарч байсан Уильям Тиндал, XIX зуунд амьдарч байсан Хенри Грү, Жорж Сторс нар юм. Еховагийн Гэрчүүд энэ хүмүүсийн адилаар Бурхны Үгэнд бичсэн шаардлагыг хэрэгжүүлдэг бөгөөд Библийг үнэний үндэс суурь хэмээн үздэг. Тийм ч учраас Удирдах Зөвлөл «Таны үг бол үнэн мөн» хэмээсэн Иохан 17:17-г 2012 оны уриа болгохоор шийдсэн юм.

СУРГАЛТЫН СИСТЕМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

Удирдах Зөвлөлийн гишүүн Энтони Моррис миссионер, тусгай эхлэгчидтэй холбоотой өөрчлөлт гарсныг зарласан. 2012 оны 9 дүгээр сард Христиан хосуудад зориулсан Библийн сургуулийг зарим оронд нээж хичээллүүлэхээр болоод байна. Түүнчлэн, «Гилеад» сургуулийн зорилго өөрчлөгдсөн. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Гилеад сургуульд сураагүй миссионер, тусгай эхлэгч, явуулын харгалзагч, бетелчин гэх зэргийн тусгай бүрэн цагийн үйлчлэгчид л Гилеад сургуульд сурдаг болж байгаа. Төгсөөд салбарт ажиллах юм уу явуулын ажил хийх, эсвэл хурал олонтой томоохон хотуудад үйлчлэх юм. Ингэвэл итгэл нэгтнүүдийнхээ дэлгэрүүлэх ажилд оролцох хүслийг бадрааж, урмыг сэргээх, сүнслэгээр бат бэх, тогтвортой байхад нь тусалж чадна.

Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургууль, Христиан хосуудад зориулсан Библийн сургууль төгсөгчдийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн түр тусгай эхлэгчээр томилж, дэлгэрүүлэгч цөөтэй буюу дэлгэрүүлэгчгүй газар гурван жил хүртэлх хугацаагаар үйлчлүүлэхээр болсныг зарласан. Тэгээд үр дүнтэй байвал байнгын тусгай эхлэгчээр томилно.

2011 оны жил тутмын уулзалт сайхан болж өнгөрлөө. Дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлж, дэлхий дахины ахан дүүсийн барилдлагыг бэхжүүлэх гэсэн шинэ арга хэмжээг маань Ехова ивээх болтугай. Энэ ажлын үрээр Ехова алдарших болтугай.

[18, 19-р хуудасны хавсралт/​зураг]

ТЭДЭНТЭЙ ТАНИЛЦЪЯ

Мөн энэхүү хөтөлбөрт Удирдах Зөвлөлийн гишүүдийн 5 бэлэвсэн эхнэртэй хийсэн ярилцлага багтсан юм. Марина Сидлик, Эдит Сютер, Мелита Ярач, Мелба Барри, Сидни Барбер нар үнэнийг яаж мэдэж, бүрэн цагаар хэрхэн үйлчилдэг болсон тухайгаа ярьсан юм. Тэд бүгдээрээ сайхан дурсамжаасаа хуваалцаж, нөхөртэйгөө хамт ямар ивээл хүртэж байснаа ярьсан. Төгсгөлд нь, тэнд хүрэлцэн ирэгсэд Еховад үнэнч эмэгтэйчүүдийн тухай 86-р дууг дуулсан.

[Зураг]

Дээр: Даниел Сидлик, Марина Сидлик; Грант Сютер, Эдит Сютер; Теодор Ярач, Мелита Ярач

Доор: Ллойд Барри, Мелба Барри; Кери Барбер, Сидни Барбер

[16-р хуудасны газрын зураг]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)

Зургаан салбарыг хааж, Мексикийн салбарт төвлөрүүлсэн

МЕКСИК

ГВАТЕМАЛ

ГОНДУРАС

САЛЬВАДОР

НИКАРАГУА

КОСТА-РИКА

ПАНАМ

[17-р хуудасны зураг]

Нью-Йорк мужийн Уорик дахь Еховагийн Гэрчүүдийн Байгууллагын төвийн загвар