Skip to content

Гарчиг руу орох

«Та нарын ажил шагналтай»

«Та нарын ажил шагналтай»

«Та нарын ажил шагналтай»

АСА хаан цэргээ удирдан Иудейн өндөрлөг газрыг уруудан уудам хөндийгөөр довтолгож яваад дуу алдан зог тусав. Доохон талд нь дайсны нүсэр арми хуарагнан буусан байлаа! Этиопын цэргүүд саяар тоологдох атал Асагийн цэргийн тоо тэдний тэн хагасаас ялимгүй илүү байв.

Тулалдаан эхлэх тун дөхчихөөд байхад Аса хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Жанжнууддаа тушаал өгсөн үү? Цэргүүдээ зоригжуулсан уу? Гэрийнхэндээ захиа бичсэн үү? Үгүй ээ! Тэрбээр шийдвэрлэх энэ мөчид залбирчээ.

Юу гэж залбирсныг нь болон тэр үед юу болсныг ярилцахаасаа өмнө Аса гэж чухам хэн байсныг мэдэж авъя. Тэрбээр юуны учир залбирсан бэ? Бурхнаас тусламж гуйсан нь зөв байсан уу? Ехова үйлчлэгчдээ ивээж, ажил үйлсийг нь бүтэмжтэй болгодгийг Асад тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ?

АСА ГЭЖ ХЭН БЭ?

Израилийг хоёр хаант улс болж задарснаас хойш 20 жил өнгөрөхөд Иуда улс завхарч, хуурамч бурхад шүтдэг болсон байлаа. МЭӨ 977 онд Асаг хаан болоход ордныхон хүртэл ёс суртахууны хувьд доройтож, канаанчуудын үржлийн бурхдыг шүтэж байв. Харин Аса «өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдсэн» тухай Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн хаадын шастирт тэмдэглэжээ. Тэрбээр «харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяжээ» (Ш.дэд 14:2, 3). Мөн түүнчлэн шашны нэр барьж, садарлан самуурч байсан сүмийн «янхан эрчүүдийг» Иудагийн хаант улсаас хөөн зайлуулсан. Газар нутгаа цэвэрлэх ажил нь үүгээр дуусаагүй. Тэрбээр «эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг» ард түмэндээ тушаасан (Х.дээд 15:12, 13; Ш.дэд 14:4).

Ехова цэвэр шүтлэгийн төлөө нөр их хүчин зүтгэл гаргасан Асаг ивээж, Иудагийн ард түмнийг олон жил амар тайван амьдруулжээ. Хаан: «Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул ... Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө» хэмээн хэлсэн нь ийм учиртай. Иудагийн ард түмэн энэ хугацаанд хаант улсынхаа хотуудыг тойруулан хана хэрэм босгожээ. «Тэд барьж босгоод, амжилт олжээ» гэж Библид бичсэн байдаг (Ш.дэд 14:1, 6, 7).

ДАЙНЫ ТАЛБАРТ

Библид Этиопын армийг хамгийн олон хүнтэйгээр дүрсэлсэн байдаг. Тэгэхлээр Асаг тийм нүсэр армитай байлдахаасаа өмнө залбирсанд гайхах хэрэггүй. Өөрт нь итгэдэг хүнийг Ехова ивээдгийг Аса мэдэж байлаа. Тэрбээр Еховагаас тусламж гуйн залбирчээ. Бурхан тусална гэж бүрэн найдаж байсан цагт дайсны арми хэчнээн хүчирхэг, хэр олон цэрэгтэй байх нь чухал биш байв. Түүнчлэн энэ тулалдаан Еховагийн нэр хүндэд нөлөөлөх байсан учир Аса: «Бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг» хэмээн залбирсан (Ш.дэд 14:11). Энэ нь «Ехова, этиопчууд тан руу дайрч байна шүү дээ. Таны ард түмнийг эзлэн түрэмгийлж, нэрийг тань гутаан доромжлохыг энэ мөхөс хүмүүст бүү зөвшөөрөөч» гэж хэлснээс өөрцгүй байсан. Тэгээд «ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав» (Ш.дэд 14:12).

Өнөөдөр Еховагийн ард түмнийг хүчтэй эсэргүүцдэг хүн олон. Бид тэдэнтэй дайны талбарт зэвсэг барин тулалдахгүй. Гэхдээ Ехова нэрийнх нь төлөө сүнслэг дайнд оролцдог бүх үнэнч үйлчлэгчээ ялахад нь заавал тусална. Хүн бүр сүнслэг дайнд ордог гэдэг нь ёс суртахууны хувьд улам бүр доройтож буй ертөнцийнхөнтэй адил болохгүйг хичээх, дутагдлаа засахын төлөө тэмцэх, Бурхнаас хөндийрүүлж болзошгүй аливаа аюулаас сэргийлэхэд нь гэр бүлийнхэндээ туслах зэрэг нь байж болох юм. Бидэнд ямар ч саад тотгор учирсан, Асагийн адилаар залбирах хэрэгтэй. Тэрбээр ялалт байгуулсан нь Еховагийн ач юм. Хэрэв бид Еховад найддаг бол түүний тусламжтайгаар ямар ч тулалдаанд ялалт байгуулж чадна. Учир нь Ехова хэнээс ч, юунаас ч илүү хүчтэй.

ЗОРИГЖУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ АНХААРУУЛСАН НЬ

Аса хааныг дайснаа дарчихаад буцаж явахад нь зөнч Азариа тосож уулзжээ. Зөнч: «Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно. . . . Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм» гэж хэлэн зоригжуулахын зэрэгцээ анхааруулсан (Ш.дэд 15:1, 2, 7).

Энэ үг бидний итгэлийг батжуулдаг. Хэрэв бид үнэнч байвал Ехова бидэнтэй хамт байна гэдгийг эндээс ойлгож болно. Тусламж гуйхад тэрбээр сонсдог. Азариа: «Бүү зүрх алд» гэж хэлсэн. Зөв юм хийхэд эр зориг хэрэгтэй. Гэхдээ бид Еховагийн хүчээр л зөв юмыг зоригтой хийж чадна гэдгээ ойлгодог.

Аса «жигшүүрт хөргийг бүтээсэн» эмэг эх Маакагаа «эх хатны» суудлаас авч хаях амаргүй даалгавар биелүүлэх болов. Тэрбээр хэцүү бэрхийг сөрөн байж эмэг эхийнхээ шүтээнийг шатаажээ (Х.дээд 15:13). Аса эрс шийдэмгий, зоригтой байсныхаа төлөө ивээл хүртсэн. Хамаатан садан маань Бурханд үнэнч ч бай, үгүй ч бай, бид Еховагаас зуурч, тогтоосон хэм хэмжээг нь чанд баримтлах учиртай. Тэгэх аваас үнэнч байсны маань төлөө Ехова шагнана.

Тэрслүү Израилийн хаант улсаас олон хүн Иуда руу ирж байсан нь Асагийн хүртсэн ивээлийн нэг юм. Ехова Асатай хамт байгааг израильчууд ойлгожээ. Тэд цэвэр шүтлэгийг ихэд үнэлсэн учраас орон гэрээ хүртэл орхиж, Еховад үйлчилдэг хүмүүсийн дунд амьдрах болсон. Дараа нь Аса болон Иудагийн ард түмэн баярлан «бүх зүрх, сэтгэлээрээ ... ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров». Тэгээд яасан бэ? Бурхан «тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв» (Ш.дэд 15:9–15). Өнөөдөр ч гэсэн чин сэтгэлтэй хүмүүс Еховаг шүтэхээр ирдэг. Үүнийг хараад бид хэчнээн их баярладаг билээ!

Зөнч Азариа Асад бас «Та нар [Еховаг] умартах аваас Тэр та нарыг умартах болно» хэмээн анхааруулжээ. Энэ нь бидэнд ч хамаатай. Бид энэ анхааруулгыг үл тоомсорлоод хөнөөлт үр дагавар амсахыг хэзээ ч хүсэхгүй! (2 Петр 2:20–22). Ехова Аса хаанд ямар учраас анхааруулга өгснийг Библид бичээгүй. Ямар ч байсан, хаан үүнийг үл тоомсорложээ.

«ЧИ ... МУНХАГ ҮЙЛ ХИЙЛЭЭ»

Асагийн хаанчлалын 36 дахь жилд Израилийн хаан Бааша Иудагийн эсрэг дайлаар морджээ. Тэрбээр Иерусалимаас хойш 8 километрт байдаг хилийн хот Рамад бэхлэлт босгож эхэлсэн. Энэ нь харьяат албатуудаа Аса хаанд үйлчлэх вий, Еховаг шүтэх вий хэмээн болгоомжилсных болов уу. Этиопчуудыг довтлох үед Аса хаан Бурхнаас тусламж хүсэж байсан бол, харин энэ удаа хүнээс тусламж хүсжээ. Сирийн хаанд бэлэг сэлт илгээн, Израилийн хаант улс руу довтлохыг гуйжээ. Сирийн цэргүүдийг довтолж эхэлмэгц Бааша Рамад бэхлэлт барихаа зогсоосон (Ш.дэд 16:1–5).

Ехова Асаг үл таалж буйгаа хэлүүлэхээр зөнч Хананиг явуулсан. Аса этиопчуудыг ялсан явдлаасаа нэг зүйлийг ойлгох учиртай байв. Юу гэвэл, «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» юм. Гэтэл хэн нэг нь зөвлөж, буруу юм хэлсэн ч юм уу, эсвэл Баашагийн арми тийм ч хүчирхэг биш учир энэ асуудлыг өөрийнхөөрөө шийдье гэж Аса бодсон байж болох юм. Аль нь ч бай, тэрбээр Еховад бус, хүнд найдсан. Ханани: «Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно» гэж хэлжээ (Ш.дэд 16:7–9).

Аса энэ үгийг сонсоод уурлан хилэгнэж, зөнч Хананиг шоронд хийсэн (Ш.дэд 16:10). Тэрбээр: «Олон жил үнэнч үйлчилсэн намайг ингэж зэмлээд байхдаа яах вэ дээ» гэж бодсон юм болов уу? Эсвэл хөгшрөөд ухаан санаа нь муудсан юм болов уу? Библид энэ тухай бичээгүй.

Хаанчлалынхаа 39 дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. «Түүний өвчин хүнд байсан боловч ... тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав» гэж Библид бичсэн байдаг. Тэр үед Аса Еховатай урьдынх шигээ дотно биш болсон бололтой.Энэ л янзаараа байсаар хаанчлалынхаа 41 дэх жилд таалал төгсжээ (Ш.дэд 16:12–14).

Гэлээ ч Ехова Асагийн алдаа дутагдлыг бус, сайхан чанарыг нь, жинхэнэ шүтлэгийн төлөө гаргасан хичээл зүтгэлийг нь дурсдаг ажээ. Аса Еховад үйлчлэхээ хэзээ ч болиогүй юм (Х.дээд 15:14). Тэгвэл Асагийн амьдралын түүх ямар сургамжтай вэ? Еховагаас ямар тусламж авч байснаа үргэлж санадаг бол сорилт тулгарах үед тусламж гуйн залбирах хүсэл төрнө. Түүнчлэн, Бурханд олон жил үнэнч үйлчилсэн надад зөвлөгөө өгөөд байхдаа яадаг юм гэж бодох учиргүй. Хэдэн жил ч үйлчилсэн бай, алдаа гаргасан хэнийг ч Ехова сахилгажуулна. Сахилга батын арга хэмжээ авахуулах үедээ даруу байвал бидэнд л сайн. Хамгийн гол нь, үнэнч байсан цагт тэнгэрийн Эцэг маань бидэнтэй хамт байх болно. Өөрт нь үнэнч хүмүүс хаана ч байсан, Ехова хайж олоод хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Тиймээс Асад тусалсан шигээ бидэнд ч тусална.

[9-р хуудасны товчлол]

Ехова сүнслэг дайнд оролцдог үнэнч үйлчлэгчдээ шагнадаг

[10-р хуудасны товчлол]

Зөв юм хийхэд эр зориг хэрэгтэй