Skip to content

Гарчиг руу орох

Ертөнцийн төгсгөл хэрхэн болох вэ?

Ертөнцийн төгсгөл хэрхэн болох вэ?

«Та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй» (1 ТЕС. 5:4).

1. Яавал сонор сэрэмжтэй байж, сорилтыг давж чадах вэ?

 ДЭЛХИЙГ донсолгосон үйл явдал тун удахгүй болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Учир нь Библийн зөгнөлүүд биелж байна. Тиймээс бид сонор сэрэмжтэй байх учиртай. Яавал сонор сэрэмжтэй байх вэ? Элч Паул: «Үл үзэгдэх юмсыг [үргэлж] хар» хэмээн христиануудад уриалсан байдаг. Тэгэхлээр бид тэнгэр, газарт мөнх амьдрах шагналтайгаа санаж явах учиртай. Хам сэдвийг үзвэл, Бурханд үнэнч байсныхаа төлөө хүртэж байгаа ивээлдээ гол анхаарлаа хандуулахыг Паул итгэл нэгтнүүддээ уриалсан байна. Ингэвэл тэд урамшин зоригжоод сорилт, хавчлагыг тэвчиж чадах байлаа (2 Кор. 4:8, 9, 16–18; 5:7).

2. а) Итгэл найдвараа бат хадгалахын тулд яах ёстой вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

2 Паулын өгсөн зөвлөгөөнөөс нэг чухал зүйлийг ойлгож болно. Юу гэвэл, хүн итгэл найдвараа бат хадгалахын тулд өмнө байгаа зүйлийнхээ цаана юу байгааг харах ёстой ажээ. Бид хараахан болоогүй байгаа чухал чухал үйл явдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй (Евр. 11:1; 12:1, 2). Мөнх амьдрах найдвартай маань нягт холбоотой, ирээдүйд болох арван үйл явдлыг одоо авч үзье. *

ТӨГСГӨЛИЙН ӨМНӨХӨН ЮУ БОЛОХ ВЭ?

3. а) Хараахан болоогүй ямар үйл явдлыг 1 Тесалоник 5:2, 3-т дурдсан байдаг вэ? б) Улс төрийн удирдагчид яах вэ? Хэн тэдэнтэй нэгдэх вэ?

3 Ирээдүйд болох нэг үйл явдлыг Паул Тесалоникийн христиануудад бичсэн захидалдаа дурдсан байдаг (1 Тесалоник 5:2, 3-ыг уншина уу). Тэрбээр Еховагийн өдрийн тухай бичжээ. Тэр «өдөр» нь хуурамч шашны сүйрлээр эхэлж, Хармагедоноор дуусах аж. Еховагийн өдөр эхлэхийн өмнөхөн ертөнцийн удирдагчид: «Амар тайван, аюулгүй байдал» гэж ярина. Энэ нь нэг юм уу цогц үйл явдлыг хэлж байж болох юм. Ард түмнүүд тулгамдсан асуудлаа шийдэх цаг боллоо гэж бодож магадгүй. Шашны удирдагчид яах бол? Тэд ертөнцийнх учраас улс төрийн удирдагчидтай дуу хоолойгоо нэгтгэх байх (Илч. 17:1, 2). Тийнхүү эртний Иудагийн хуурамч зөнчидтэй адил болно. Ехова тэдний тухай «Тэд „Амар амгалан, амар амгалан“ гэж хэлэ[в]. ... Гэвч амар амгалан нь үгүй» гэжээ (Иер. 6:14; 23:16, 17).

4. Ихэнх хүний мэддэггүй юуг бид мэддэг вэ?

4 «Амар тайван, аюулгүй байдал» гэж хэн нь ч хэлсэн бай, энэ үйл явдал Еховагийн өдөр эхлэхийн дохио байх болно. Христианууд үүнийг мэдэж байсан учраас Паул: «Ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд» гэж бичжээ (1 Тес. 5:4, 5). Одоо болж байгаа үйл явдлын талаар Библид юу гэж тайлбарладгийг ихэнх хүн мэдэхгүй байхад бид мэддэг. Тэгвэл «Амар тайван, аюулгүй байдал» гэж ярих тухай зөгнөл чухам яаж биелэх вэ? Хүлээгээд, харах хэрэгтэй. Тиймээс «сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» (1 Тес. 5:6; Зеф. 3:8).

«ХАТАН ХААН» ЭНДҮҮРЧЭЭ

5. а) «Агуу их гай гамшиг» юугаар эхлэх вэ? б) Өөрт нь ямар ч муу юм тохиолдохгүй гэж эндүүрч бодох «хатан хаан» нь хэн бэ?

5 Дараа нь юу болох вэ? Паул: «Хүмүүсийг „Амар тайван, аюулгүй байдал“ гэж ярьж байх үед ... тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирнэ» гэж бичжээ. Энэ сүйрэл дэлхийн бүх хуурамч шашны эсрэг довтолгоогоор эхэлнэ. Библид хуурамч шашнуудыг «агуу их Вавилон», «янхан эм» гэдэг (Илч. 17:5, 6, 15). Бүх хуурамч шашин, түүний дотор христ шашны ертөнцийн эсрэг довтлох энэхүү довтолгоо нь «агуу их гай гамшгийн» эхлэл байх юм (Мат. 24:21; 2 Тес. 2:8). Олон хүн энэ үйл явдлыг үзээд гайхаж цочирдоно. Учир нь, янхан эм өөрийгөө «уй гашууг хэзээ ч үзэхгүй» «хатан хаан» гэж тэр мөчийг хүртэл бодсоор байх ажээ. Гэвч эндүүрч байснаа гэнэт ухаарна. Маш богинохон хугацаанд устгагдах учир сүйрэл нь нэг л өдрийн дотор болсон мэт санагдана (Илч. 18:7, 8).

6. Хуурамч шашныг хэн устгах вэ?

6 Янхан эм рүү довтлогчийг Бурхны Үг илчилдэг. «Арван эвэртэй» «араатан» довтлох ажээ. Библийн «Илчлэлт» номыг судалж үзвэл араатан нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) юм. Энэхүү «час улаан араатныг» дэмждэг, одоо байгаа бүх засгийн газрыг «арван эвэр» гэдэг (Илч. 17:3, 5, 11, 12). Энэ довтолгоо юугаар дуусах вэ? НҮБ-ын гишүүн орнууд янхан эмийн эд хөрөнгийг тонож, үнэн нүүр царайг нь илчлэн, ховдоглон идэж, «галаар шатаах болно». Ингэж бүрмөсөн устгана (Илчлэлт 17:16-г уншина уу).

7. «Араатны» довтолгоог хэн өдүүлэх вэ?

7 Бас энэ довтолгоог хэн өдүүлэхийг Библийн зөгнөлөөс мэдэж болно. Ехова улс төрийн удирдагчдад ямар нэг аргаар нөлөөлж, янхан эмийг устгах хүсэл төрүүлнэ (Илч. 17:17). Дайн гарч, дэлхий ертөнц сүйдэж байгаагийн буруутан нь их төлөв шашин байдаг. Тийм учраас, улс үндэстнүүд эрх ашгаа бодоод, янхан эмийг устгах нь зүйтэй гэж үзэж болох юм. Улс төрийн удирдагчид янхан эм рүү довтолж байхдаа өөрсдийнхөө «зорилгыг» хэрэгжүүлж байна гэж бодно. Гэвч үнэн хэрэгтээ, Бурхан тэднийг ашиглаж бүх хуурамч шашныг устгах ажээ. Тийнхүү, дэлхийн байдал огцом өөрчлөгдөж, Сатаны тогтолцоог бүрдүүлэгч нэг хэсэг нь нөгөөгийнхөө эсрэг дайрахад Сатан үүнийг хориглож дийлэхгүй хүчин мөхөстөнө (Мат. 12:25, 26).

БУРХНЫ АРД ТҮМЭН РҮҮ ДОВТОЛНО

8. «Магогийн газрын ... Гогийн» довтолгоо гэж юу вэ?

8 Хуурамч шашин устгагдсаны дараа Бурхны үйлчлэгчид урьдын адил «хана хэрэмгүй», «аюулгүй амьдарч» байх болно (Езе. 38:11, 14). Еховаг шүтдэг бөгөөд ямар ч хамгаалалтгүй юм шиг харагдах энэ хүмүүст юу тохиолдох вэ? «Олон ард түмэн» бүх хүчээ нэгтгэн тэдэн рүү довтолно. Бурхны Үгэнд үүнийг «Магогийн газрын ... Гогийн» довтолгоо гэдэг (Езекиел 38:2, 15, 16-г уншина уу). Энэ үйл явдалд бид хэрхэн хандах ёстой вэ?

9. а) Христиан хүний хувьд юу хамгийн чухал бэ? б) Итгэлээ бэхжүүлэхийн тулд одоо юу юу хийх хэрэгтэй вэ?

9 Бурхны үйлчлэгчид рүү довтлохыг урьдаас мэддэг ч гэсэн бид хэтэрхий их санаа зовдоггүй. Бидний хувьд аврагдах нь гол биш, харин Еховагийн нэр ариусаж, хэмжээгүй эрх мэдэл нь зөвтгөгдөх явдал хамгийн чухал нь юм. Ехова: «Та нар Намайг ЭЗЭН [Ехова] гэдгийг мэдэх болно» гэж 60 гаруй удаа хэлсэн байдаг (Езе. 6:7). Тийм учраас, бид «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн [Ехова] мэддэг» гэдэгт итгэн, Езекиелийн энэ гайхалтай зөгнөл хэрхэн биелэхийг үзэх гэж тэсэн ядан хүлээж байдаг (2 Петр 2:9). Мөн үүний зэрэгцээ, итгэлээ бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг. Бат итгэлтэй бол ямар ч сорилт тулгарсан Еховад үнэнч байж чадна. Тэгвэл юу хийх хэрэгтэй вэ? Залбирч, Бурхны Үгийг судлан, эргэцүүлэн бодож, Хаанчлалын тухай мэдээг хүмүүст хүргэх хэрэгтэй. Үүний ачаар мөнх амьдрах итгэл найдвар маань хөлөг онгоцыг аргамждаг «зангуу» мэт бат байх болно (Евр. 6:19; Дуу. 25:21).

ҮНДЭСТНҮҮД ЕХОВАГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

10, 11. Хармагедон яаж эхлэх вэ? Тэр үед юу болох вэ?

10 Еховагийн үйлчлэгчид рүү довтлох үед дэлхийг донсолгосон ямар үйл явдал болох вэ? Ехова ард түмнээ аврахын тулд Есүс тэргүүтэй тэнгэрийн армиа илгээнэ (Илч. 19:11–16). Ийнхүү «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайн» Хармагедон болно (Илч. 16:14, 16).

11 Ехова Бурхан Гогийн эсрэг явуулах дайныхаа тухай «„Би Өөрийн бүх уулан дээр түүний эсрэг илдийг дуудна“ гэж Эзэн БУРХАН тунхаглан „Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно“» хэмээснийг зөнч Езекиел бичжээ. Сатаны талынхан цочирдон балмагдсандаа ухаан санаа нь самуурч, өөр хоорондоо тулалдана. Сатаны тогтолцоо тэр чигээрээ самуурна. Ехова: «Би [Гогийн] дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр ... гал, хүхэртэй аадар бороог асгах болно» гэжээ (Езе. 38:21, 22). Үүний дүнд юу болох вэ?

12. Үндэстнүүд юуг ухаарах вэ?

12 Үндэстнүүд Еховагийн гарт үрэгдэж байгаагаа ухаарна. Тэгээд цөхрөнгөө барахдаа, израильчуудын араас Улаан тэнгис рүү орсон эртний египетчүүдийн адилаар «ЭЗЭН тэдний төлөө ... тулалдаж байна» хэмээн хашгиралдах биз ээ! (Ег. 14:25). Тийм ээ, үндэстнүүд Еховаг хүлээн зөвшөөрнө (Езекиел 38:23-ыг уншина уу). Энэ бүх үйл явдал болох цаг хэр ойртож байна вэ?

ӨӨР ЭЗЭНТ ГҮРЭН ГАРЧ ИРЭХГҮЙ

13. «Даниел» номд гардаг баримлын тав дахь хэсгийн талаар бид юу мэддэг вэ?

13 Бид ямар цаг үед амьдарч байгаагаа «Даниел» номын зөгнөлөөс мэдэж болно. Уг номд янз бүрийн металлаас бүрддэг хүн хэлбэртэй баримлын тухай гардаг (Дан. 2:28, 31–33). Энэ нь шил даран гарч ирсэн дэлхийн эзэнт гүрнүүдийг төлөөлдөг бөгөөд тэд Бурхны эртний болон орчин үеийн ард түмэнд ихээхэн нөлөө үзүүлж ирсэн. Тэдгээр нь Вавилон, Меде болон Перс, Грек, Ром ба сүүлчийнх нь өнөө үед оршин тогтнож байна. Даниелын зөгнөлийг судалж үзвэл аварга баримлын тавхай нь сүүлчийн эзэнт гүрнийг төлөөлдөг. Дэлхийн І дайны үед Англи АНУ хоорондоо түншийн онцгой харилцаа тогтоожээ. Тэгэхлээр, «Даниел» номд гардаг баримлын тав дахь буюу тавхайн хэсэг нь Англи-Америкийн эзэнт гүрэн юм. Тавхайнаас цааш юу ч байхгүй учир дэлхийн тавцанд өөр эзэнт гүрэн гарч ирэхгүй гэсэн үг. Тавхай нь төмөр, шаврын холимгоос бүтсэн гэдэг нь Англи-Америкийн эзэнт гүрний хүч мөхөс байдлыг харуулдаг.

14. Хармагедон болох үед ямар гүрэн дэлхийг ноёрхож байх вэ?

14 Мөнхүү зөгнөлд том чулуугаар дүрслэгддэг Бурхны Хаанчлал 1914 онд Еховагийн хэмжээгүй эрх мэдэл хэмээх уулнаас цавчигдсан. Тэр чулуу баримлын тавхай руу асар хурдтай ойртож явна. Хармагедоноор баримлын тавхай болон бусад хэсгүүд бут үсэрнэ (Даниел 2:44, 45-ыг уншина уу). Тэгэхлээр, Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёрхож байх тэр үед Хармагедон болох ажээ. Энэ зөгнөл бүрэн биелэхийг нүдээр үзэхлээр хэчнээн их сэтгэл хөдлөх бол оо! * Харин Сатаныг Ехова яах вэ?

БУРХНЫ ГОЛ ДАЙСАН ЯАХ ВЭ?

15. Хармагедоны дараа Сатан болон чөтгөрүүдийг яах вэ?

15 Эхлээд, дэлхий дээрх Сатаны байгууллага сөнөнө. Дараа нь Сатаны ээлж ирнэ. Чухам юу болохыг элч Иохан бичжээ (Илчлэлт 20:1–3-ыг уншина уу). «Ёроолгүй гүний түлхүүртэй» тэнгэр элч буюу Есүс Христ Сатан болон чөтгөрүүдийг ёроолгүй гүнд хаяж, мянган жил хорино (Лук 8:30, 31; 1 Иох. 3:8). Энэ нь могойн толгойг няцалж эхэлсний шинж байх юм * (Эх. 3:15).

16. Сатан «ёроолгүй гүнд» хаягдана гэдгийг юу гэж ойлгох вэ?

16 Сатан болон чөтгөрүүдийг хаях «ёроолгүй гүн» гэж юу вэ? Иоханы бичсэн ависсос гэдэг грек үг «маш их буюу хэтэрхий гүнзгий» гэсэн утгатай. Энэ үгийг бас «хүршгүй, хөлгүй», «хязгааргүй орон зай» гэж орчуулдаг. Тэгэхлээр, энэ нь Ехова болон «ёроолгүй гүний түлхүүртэй» тэнгэр элчээс өөр хэн ч хүрч чадахгүй газар ажээ. Сатан ямар ч идэвхгүй болох учир «үндэстнүүдийг цаашид» мэхэлж чадахгүй. «Архирах арсланг» ингэж л дуугүй болгоно! (1 Петр 5:8).

ЭНХ ЦАГИЙН БОСГОН ДЭЭР

17, 18. а) Хараахан болоогүй ямар ямар үйл явдлын тухай энэ өгүүллээр үзсэн бэ? б) Эдгээр үйл явдлын дараа ямар үе эхлэх вэ?

17 Дэлхийг донсолгосон онцгой үйл явдал удахгүй болно. «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн яриа гарах цагийг бид тэсэн ядан хүлээж байна. Тэгээд Агуу их Вавилоны сүйрэл, Магогийн Гогийн дайралт, Хармагедоныг үзнэ. Дараа нь Сатан болон чөтгөрүүд ёроолгүй гүнд хаягдана. Эдгээр үйл явдал болж, ёс бус бүхэн арилсны дараа бидний амьдралын цоо шинэ үе эхэлнэ. Христийн Мянган жилийн засаглалын үед бид «элбэг амар амгалангаар баярлана» (Дуу. 37:10, 11).

18 Хараахан болоогүй таван үйл явдлыг энэ өгүүллээр үзлээ. Бидний «харж» байх ёстой «үл үзэгдэх юмс» үүгээр дуусаагүй. Бусдыг нь дараагийн өгүүллээр авч үзнэ.

^ Арван үйл явдлыг энэ болон дараагийн өгүүллээр үзнэ.

^ Даниел 2:44-т бичсэн, сөнөн устах «тэдгээр бүх хаанчлал» гэдэг нь баримлын хэсгүүдээр төлөөлүүлсэн хаанчлалууд буюу дэлхийн эзэнт гүрнүүд юм. Гэхдээ Библийн өөр нэг зөгнөлд «бүх дэлхийн хаад» «Төгс хүчит Бурханы агуу өдрөөр» Еховатай тулалдана гэж байдаг (Илч. 16:14; 19:19–21). Тиймээс баримлаар төлөөлүүлдэг эзэнт гүрнүүд төдийгүй энэ ертөнцийн бусад засгийн газрууд бүгд Хармагедоноор устгагдана.

^ Мянган жилийн эцэст Сатан болон чөтгөрүүдийг «хүхэр бүхий галт нуурт» хаяна. Ингэж могойн толгойг бүрмөсөн няцална (Илч. 20:7–10; Мат. 25:41).