Skip to content

Гарчиг руу орох

Мянган жил, тэгээд үүрд амар тайван!

Мянган жил, тэгээд үүрд амар тайван!

«Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм» (1 КОР. 15:28).

1. «Үй олон хүн» ямар сайхан ирээдүйг үзэх вэ?

 ӨРӨВЧ сэтгэлтэй, шударга удирдагчтай хүчирхэг засгийн газар мянган жилийн дотор ард иргэдийнхээ төлөө ямар гайхалтай юм хийхийг бодоод үз дээ! Тоо томшгүй «үй олон хүн» энэ сайхан ирээдүйг үзнэ. «Үлэмж их зовлон» буюу агуу их гай гамшгаар өнөөгийн ёс бус тогтолцоо бүрмөсөн устахад тэд эсэн мэнд үлдэнэ (Илч. 7:9, 14).

2. Өнөөдрийг хүртэлх 6 000 жилийн хугацаанд хүн төрөлхтөн юу үзэж байна вэ?

2 Түүхийнхээ 6 000 жилийн турш хүн хүнээ удирдаж, бүхнийг дур мэдэн шийдэх гэж оролдсоноор хүн төрөлхтөн асар их гай зовлон эдэлж байна. «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг» гэж Библид олон жилийн өмнө бичжээ (Ном. 8:9). Өнөөдөр байдал ямар байна вэ? Дайн дажин, бослого хөдөлгөөн, цаашлаад ядуурал, өвчин тахал, байгаль орчны сүйрэл, цаг уурын өөрчлөлт гэх мэтийн сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг тоочоод баршгүй. Дэлхийгээ сүйтгэхээ больж, томоохон өөрчлөлт хийхгүй бол аймшигтай хохирол амсана хэмээн албаны хүмүүс анхааруулдаг.

3. Мянган жилийн засаглалын үед юу болох вэ?

3 Мессиа Хаан Есүс тэргүүтэй, 144 000 захирагчтай Бурхны Хаанчлал хүн төрөлхтөн хийгээд дэлхий ертөнцөд учирсан хор хохирлыг үе шаттайгаар арилгана. Мянган жилийн засаглалын үед «Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» хэмээн Ехова Бурхны амласан сэтгэл дулаацуулам амлалт биелнэ (Ис. 65:17). Тэгвэл ирээдүйд ямар гайхамшигтай үйл явдал болох вэ? Хараахан болоогүй тэдгээр «үл үзэгдэх юмсыг» төсөөлөхийн тулд Бурхны Үгэнд бичигдсэн зөгнөлийг авч үзье (2 Кор. 4:18).

«ТЭД ГЭР БАРЬЖ, ... УСАН ҮЗЭМ ТАРИАЛНА»

4. Өнөөдөр байр сууцтай болох асуудал ямар янзтай байгаа вэ?

4 Хувьдаа байр сууцтай болж, гэр бүлээрээ амар жимэр амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ? Гэвч өнөөгийн нийгэмд орон байртай болох нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүмүүс хот газар бараадан, бөөгнөрөн суурьших болсон. Ядуусын хорооллын хуучин муу оромжид хоног төөрүүлдэг хүн олон. Өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг тэдний хувьд мөрөөдөл ажээ.

5, 6. а) Исаиа 65:21, Мика 4:4-т байдаг зөгнөл хэрхэн биелэх вэ? б) Ийм ивээл хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

5 Бурхны Хаанчлал дэлхийг захирах үед өөрийн гэсэн байртай болохыг хүссэн бүх хүний хүсэл биелнэ. Исаиа: «Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» гэж зөгнөжээ (Ис. 65:21). Гэхдээ өөрийн гэсэн байшинтай өнөөгийн хүмүүстэй огт адилгүй байх юм. Өнөөдөр хувийн байр сууцтай, тэр байтугай орд харш, эдлэн газартай хүмүүс байдаг ч байрны мөнгөө төлж дийлэхээ болих вий, хулгайч нарт орон гэрээ ухуулах вий хэмээн байнга санаа зовж явдаг. Харин Бурхны Хаанчлалын үед бүх хүн санаа зовох юмгүй, тайван амгалан амьдарна! Зөнч Мика: «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» гэж бичсэн (Мика 4:4).

6 Ийм сайхан ирээдүйг хүлээнгээ юу хийх ёстой вэ? Бидэнд тохилог орон байр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ мөрөөдөл болсон байшингаа одоо олж авах гэж өр тавихын оронд Еховагийн амлалтад анхаарлаа хандуулж явах нь ухаалаг биш гэж үү? Есүс өөрийнхөө тухай «Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй» гэж хэлснийг санаарай (Лук 9:58). Есүс өөртөө дээд зэргийн байшин барих юм уу худалдаад авч чадах байсан ч яагаад тэгээгүй вэ? Хаанчлалыг эн тэргүүнд тавихад саад болох, анхаарал сарниулах бүхнээс хол байхыг хүссэн нь тодорхой. Та Есүсийг дууриан нүдээ «цэвэр» байлгаж, эд хөрөнгөнд татагдалгүй, сэтгэл зовох юмгүй амьдарч чадах уу? (Мат. 6:33, 34).

«ЧОНО ХУРГАТАЙ ХАМТ БЭЛЧИНЭ»

7. Ехова хүн, амьтны талаар анх ямар санаа зорилготой байсан бэ?

7 Ехова дэлхий дээрх бүхнийг бүтээхдээ хүн хэмээх сор бүтээлээ хамгийн сүүлд хийжээ. Тэрбээр өөрийн ууган Хүү, Уран дархан Есүст «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя» хэмээн санаа зорилгоо тодорхой хэлсэн (Эх. 1:26). Эхлээд Адам Ева хоёр, тэгээд яваандаа бүх хүн төрөлхтөн ан амьтдыг захирах учиртай байжээ.

8. Ер нь амьтад ямар зан араншинтай вэ?

8 Хүмүүс бүх амьтныг захираад, бүгдтэй нь эвтэй найртай байж болно гэж үү? Нохой, муур гэх мэтийн гэрийн тэжээвэр амьтанд хайртай хүн олон байдаг. Тэгвэл зэрлэг амьтдын тухайд юу хэлж болох вэ? Нэгэн тайланд «Араатан амьтантай ойр амьдарч, судалгаа хийж байсан эрдэмтэд хөхтөн амьтад бүгдээрээ сэтгэл мэдрэмжтэй байдгийг олж тогтоосон» гэж бичжээ. Ер нь амьтан аюул учрахлаар айж цочих юм уу уурлан догширдог шүү дээ. Тэгвэл тэд энэрэн хайрлахыг мэддэг болов уу? Мөнхүү тайланд цааш нь «Сүүн тэжээлтнүүдийн жинхэнэ чанар үр төлөө өсгөх үед харагддаг. Тэд энхрийлэн хайрлах гайхалтай чадвартай» гэж бичсэн байна.

9. Амьтад ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ?

9 Хүн амьтан хоёр эвтэй найртай амьдардаг болох тухай Библиэс уншаад гайхах хэрэггүй (Исаиа 11:6–9; 65:25-ыг уншина уу). Яагаад? Усан галавын дараа Ноаг гэрийнхэнтэйгээ хөвөгч авдраас гарахад Ехова тэдэнд «Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн ... та нараас айж эмээнэ» гэж хэлснийг саная. Амьтад амиа хамгаалахын тулд хүнээс зугтдаг (Эх. 9:2, 3). Харин Ехова ийм айдсыг тодорхой хэмжээгээр арилгахад анхны санаа зорилгынх нь дагуу хүн амьтан хоёр эвтэй найртай болно (Хос. 2:18). Эсэн мэнд үлдээд дэлхий дээрээ амьдрах бүх хүнийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ!

«ТЭР ТЭДНИЙ НҮДНЭЭС НУЛИМС БҮРИЙГ НЬ АРЧИНА»

10. Хүн яагаад уйлдаг вэ?

10 Соломон «наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг» хараад, «Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга» хэмээн халаглан өгүүлжээ (Ном. 4:1). Өнөөдөр байдал бүр ч дордсон. Ямар нэгэн шалтгаанаар нулимс унагадаггүй хүн байдаггүй. Заримдаа баярын нулимс унагадаг нь үнэн. Гэхдээ ихэвчлэн шаналж гашуудсандаа уйлдаг.

11. Библид байдаг ямар үйл явдал таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?

11 Сэтгэл хөдөлгөм олон үйл явдал Библид байдгийг саная. Сараг 127-тойдоо нас барахад «Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлав» (Эх. 23:1, 2). Наомиг бэлэвсэрч үлдсэн хоёр бэртэйгээ салах ёс гүйцэтгэхэд «тэд дуугаа өндөрсгөн уйлалдав». Дараа нь бүр ч ихээр «дуугаа өндөрсгөн уйлалдсан» (Рут 1:9, 14). Хезекиа хаан үхлүүт өвчин тусчихаад байхдаа Бурханд залбирч «цурхиран уйлсан». Тэгэхэд Еховагийн сэтгэл хөдөлжээ (Х.дэд 20:1–5). Элч Петрт тохиолдсон явдлыг уншсан олон хүн уярдаг. Есүсийг танихгүй гэж мэлзсэнийхээ дараа азарган тахиа донгодоход гадагшаа гарч яван гашуунаар уйлдаг шүү дээ (Мат. 26:75).

12. Бурхны Хаанчлал хүн төрөлхтнийг жинхэнэ ёсоор хэрхэн тайвшруулах вэ?

12 Хүмүүст эмгэнэлтэй, харуусмаар юм их тохиолддог. Тиймээс тэднийг тайвшруулж, тайтгаруулах хэрэгтэй. Мянган жилийн засаглалын үед «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илч. 21:4). Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болохоор үл барам, хүн төрөлхтний заналт дайсан үхлийг Бурхан устгана гэж амласан нь үнэхээр гайхалтай. Бурхан амлалтаа хэрхэн биелүүлэх вэ?

«БУЛШИНД БАЙГЧИД БҮГДЭЭРЭЭ ... ГАРЧ ИРНЭ»

13. Адамыг нүгэл үйлдсэнээс хойш хүн төрөлхтөнд юу тохиолдсон бэ?

13 Адамыг нүгэл үйлдсэнээс хойш үхэл хүн төрөлхтнийг хаан шиг захирч байна. Энэ бол хэнд ч дийлдэшгүй дайсан юм. Барагдашгүй их уй гашуу, гуниг зовлонгийн эх булаг болсон энэ дайснаас нүгэлт хүмүүс яаж ч хичээгээд зугтаж чаддаггүй (Ром 5:12, 14). Үнэндээ сая сая хүн «бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож» байна (Евр. 2:15).

14. Үхэл устгагдахад юу болох вэ?

14 Библид «Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн» гэж бичсэн байдаг (1 Кор. 15:26). Үхэл устгагдах нь хоёр бүлэг хүнд ач тустай. «Үй олон хүнийг» бүрдүүлдэг, одоо амьд байгаа хүмүүс Бурхны амласан шинэ ертөнцөд эсэн мэнд орж, үүрд мөнх амьдрах ирээдүйтэй. Түүнчлэн нас барсан олон тэрбум хүнд амилах найдвар бий. «Үй олон хүн» тэднийг угтан авах үед ямар их баяр хөөр болохыг төсөөл дөө. Нас барсан хүмүүс амилсан тухай Библид бичсэн үйл явдлыг сайтар уншвал Мянган жилийн засаглалын үед юу болохыг мэдэж авна (Марк 5:38–42; Лук 7:11–17-г уншина уу).

15. Дотны хүн тань амилахад та яах вэ?

15 «Тэд бүр гайхаж орхив», «Бурханыг алдаршуулж эхлэв» гэснийг бодож үзье. Тэр үед та тэнд байсан бол бас л гайхах байсан биз ээ. Хайртай дотны хүмүүсийнхээ амилахыг хараад бид үнэхээр их догдолж, баяр хөөрөөр цалгина. Есүс: «Булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж хэлсэн (Иох. 5:28, 29). Үхсэн хүн амилахыг та бидний хэн нь ч үзээгүй. Энэ бол «үл үзэгдэх юмс» буюу хамгийн их сэтгэл хөдөлгөм явдлын нэг байх юм.

БУРХАН «БҮГДЭД БҮХ ЮМ» БОЛНО

16. а) Үл үзэгдэх ивээлийн талаар урам зоригтой ярих хэрэгтэйн учир юу вэ? б) Паул Коринтын христиануудад юу хэлж урмыг нь сэргээсэн бэ?

16 Энэ хэцүү цагт Еховад үнэнч байж чадсан хүмүүсийг гайхалтай сайхан ирээдүй хүлээж байна! Агуу их ивээл хүртэх цаг хараахан болоогүй байгаа ч ивээлээ тод санаж явбал үнэхээр чухал юмыг анхаарч, өнөөгийн тогтолцоонд байдаг бүхэнд хуурталгүй явж чадна (Лук 21:34; 1 Тим. 6:17–19). Гэр бүлийн хичээл хийхдээ, итгэл нэгтнүүдтэйгээ үг солихдоо, суралцагч, сонирхогч хүмүүстэй ярилцахдаа гэрэлт ирээдүйнхээ тухай урам зоригтой ярьж байцгаая. Тэгвэл энэ сайхан найдвар маань оюун бодлыг эзэмдэж, сэтгэл зүрхэнд хоногшино. Элч Паул христиануудын урам зоригийг ингэж л бадраадаг байв. Үүний ачаар хүмүүс Христийн Мянган жилийн засаглалын эцэст юу болохыг боддог байжээ. 1 Коринт 15:24, 25, 28-д бичсэн Паулын үг ямар утгатайг төсөөлж бодоорой (Уншина уу).

17, 18. а) Хүн төрөлхтний түүхийн эхэнд Ехова яаж «бүгдэд бүх юм» болж байсан бэ? б) Есүс энх тайван, эв нэгдлийг сэргээхийн тулд юу хийх вэ?

17 «Бурхан бүгдэд бүх юм болно». Мянган жилийн эцэст амьдрал ямар болохыг үүнээс илүү сайн илэрхийлэх үг байхгүй. Тэгвэл энэ үгийг юу гэж ойлгох вэ? Адам Ева хоёрыг амар тайван, эв нэгдэл ноёлсон Еховагийн гэр бүлийн гишүүн байх үеийг эргэн саная. Орчлонт ертөнцийн Эзэн Ехова тэнгэр элч, хүн гээд бүх бүтээлээ шууд удирдан захирдаг байв. Бүтээлүүд нь ч шууд харьцаж, түүнийг шүтэж, ивээлийг нь хүртдэг байсан. Ехова «бүгдэд бүх юм» болж байв.

18 Анхны хүмүүс Сатаны турхиралтаар Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэн босоход энэхүү найрсаг харилцаа тасарсан. Гэхдээ Мессиагийн Хаанчлал энх тайван, эв нэгдлийг сэргээх ажлыг 1914 оноос эхлэн үе шаттайгаар хийж байна (Еф. 1:9, 10). Одоохондоо «үл үзэгдэх» тэр гайхалтай «юмс» Мянган жилийн засаглалын үед биеллээ олно. Тэгээд «төгсгөл ирэх» буюу Христийн Мянган жилийн засаглалын хугацаа дуусна. Дараа нь яах вэ? Есүс «тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг» авсан ч эрх мэдлийн хойноос хөөцөлддөггүй. Еховатай байр суурь булаалдах ямар ч санаа түүнд байхгүй. Даруу зантай учир «Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаана». Тэрбээр хосгүй байр суурь, эрх мэдлээ «Бурхан Эцэгийн алдрын төлөө» ашиглана (Мат. 28:18; Флп. 2:9–11).

19, 20. а) Хаанчлалын харьяат иргэд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг нь юугаар батлагдах вэ? б) Бидний өмнө ямар гайхамшигтай ирээдүй байна вэ?

19 Тэр үед Хаанчлалын харьяат албатууд төгс болно. Тэд Есүсийг дууриан даруу байж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Хэрэв тэд эцсийн сорилтыг амжилттай давбал Еховад захирагдах хүсэлтэй нь батлагдана (Илч. 20:7–10). Дараа нь самуун дэгдээгч бүхэн бүрмөсөн устгагдана. Ямар их баярламаар, догдолмоор цаг байх бол оо! Орчлонт ертөнцөд байдаг нэгэн гэр бүлийн гишүүн болсон оюун ухаант бүх бүтээл Еховаг магтан алдаршуулна. Тэгээд Ехова «бүгдэд бүх юм болно» (Дуулал 99:1–3-ыг уншина уу).

20 Хаанчлалын хийж бүтээх гайхамшигтай бүхнийг бодохлоор Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж, хүчин зүтгэл гаргах хүсэл төрж байгаа биз дээ? Та Сатаны ертөнцийн хий хоосон амлалтад итгэж тайвшрахын оронд Еховад үйлчлэхээ мартахгүй байж чадах уу? Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжихээр эргэлт буцалтгүй шийдсэн үү? Тийм бол үйл хэргээрээ батлан харуулаарай. Тэгвэл та мянган жил, тэгээд үүрд амар тайван, аз жаргалтай амьдрах болно!