Skip to content

Гарчиг руу орох

Ехова Есүс хоёр шиг тэвчиж суръя

Ехова Есүс хоёр шиг тэвчиж суръя

«Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц» (2 ПЕТР 3:15).

1. Бурхны зарим үнэнч үйлчлэгч юу гэж боддог вэ?

 ЕХОВАД олон жил үнэнч үйлчлэхдээ янз бүрийн зовлон үзсэн нэг Гэрч эмэгтэй: «Намайг үхэхээс өмнө төгсгөл болох болов уу?» хэмээн асуужээ. Өтөл буурал болтлоо Еховад үйлчилсэн зарим хүн ингэж боддог. Бурхан зовлон зүдүүрийг арилгаж, бүхнийг шинэчлэх тэр өдрийг бид тэсэн ядан хүлээдэг (Илч. 21:5). Сатаны тогтолцооны төгсгөл тун дөхөж байгаа нь олон зүйлээр батлагддаг ч тэр өдрийг тэвчээртэй хүлээх амаргүй байж болох юм.

2. Тэвчээрийн талаар ямар ямар асуултыг авч үзэх вэ?

2 Гэлээ ч Библид бичсэнээр бол, бид тэвчих ёстой. Бат итгэлтэй байж, Еховагийн амлалт биелэх цагийг тэвчээртэй хүлээвэл Бурхны эртний үйлчлэгчдийн адилаар «амлалтуудыг өвлөн» авна (Еврей 6:11, 12-ыг уншина уу). Ехова өөрөө тэвчиж байгаа. Тэрбээр ёс бус бүхнийг хүссэн үедээ устгаж чадах боловч тохиромжтой цагийг хүлээж байна (Ром 9:20–24). Тэгтлээ их тэвчдэгийн учир юу юм бол? Эцгээ дууриан тэвчээртэй байсан Есүс бидэнд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ? Бурхныг дууриан тэвчвэл бидэнд яагаад сайн бэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл Ехова удаад байгаа юм шиг санагдлаа ч тэвчээртэй, бат итгэлтэй байж чадна.

ЕХОВА ЯМАР УЧРААС ТЭВЧДЭГ ВЭ?

3, 4. а) Ехова ямар учраас тэвчиж байгаа вэ? б) Еденд самуун дэгдэхэд Ехова яасан бэ?

3 Тэвчих шалтгаан Еховад бий. Уг нь орчлонт ертөнцийг захирах эрх мэдэл түүнээс өөр хэнд ч байхгүй. Гэсэн хэдий ч Еденд дэгдсэн самуун явдлаас болоод маш чухал асуултууд гарч ирсэн. Тэдгээр асуултын төгс хариуг өгөхөд цаг хугацаа хэрэгтэйг Ехова мэддэг учир тэвчээртэй ханддаг. Тэнгэр, газар дээрх оюун ухаант бүтээлүүдийнхээ юу хийдэг, юу бодож санадгийг сайн мэддэг учраас хийж буй зүйл нь бидний тусын тулд байдаг (Евр. 4:13).

4 Ехова, Адам Ева хоёрын үр удмаар дэлхийг дүүргэх зорилготой байв. Сатан Еваг уруу татан, улмаар Адамыг дуулгаваргүй болгосон ч Бурхан санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэрбээр тэвдэж сандраад дутуу дулимаг шийдвэр гаргаагүй, бас хүмүүсийг голж хаяагүй. Харин ч хүн төрөлхтөн болон дэлхий ертөнцийн талаар бодож санаснаа биелүүлэх арга зам олсон (Ис. 55:11). Санаа зорилгоо хэрэгжүүлж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөхийн тулд дээд зэргээр биеэ барин, тэвчдэг. Тэр байтугай, санаж бодсон зарим зүйлээ хамгийн сайн аргаар хэрэгжүүлэх гэж хэдэн мянган жил хүлээж байна.

5. Ехова тэвчиж байгаагийн бас нэг шалтгаан юу вэ?

5 Ехова аль болох олон хүнийг мөнх амьдруулахыг хүсдэг нь тэвчээртэй хүлээж байгаагийн бас нэг шалтгаан юм. Яг одоо тэрбээр «үй олон хүнийг» аврах бэлтгэл ажил хийж байна (Илч. 7:9, 14; 14:6). Ехова өөрийнхөө Хаанчлалыг, тогтоосон хэм хэмжээгээ хүмүүст мэдүүлэх гэж биднээр дэлгэрүүлэх ажил хийлгэдэг. Хаанчлалын тухай мэдээ бол хүн төрөлхтөнд хүрч буй хамгийн сайн мэдээ юм (Мат. 24:14). Еховад татагдсан бүх хүн дэлхий дахины хурлын гишүүн болж, зөв юманд дуртай жинхэнэ анд нөхөдтэй болдог (Иох. 6:44–47). Тэд ийм маягаар тэнгэрийн Эцгийнхээ тусламжийг авч, сайшаалыг нь хүлээсэн хүмүүс болдог. Бурхан бас тэнгэрийн засгийн газрын гишүүн болох хүмүүсийг сонгон авч байгаа. Тэд тэнгэрт очоод дуулгавартай хүн төрөлхтнийг төгс, мөнхийн амьтай болгох үйлсэд хувь нэмэр оруулна. Ехова тэвчээртэй хүлээнгээ амлалтаа биелүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхнийг бидний сайн сайхны төлөө хийдэг.

6. а) Ехова тэвчээртэй Бурхан гэдгээ Ноагийн үед хэрхэн харуулсан бэ? б) Ехова өнөөдөр ч гэсэн тэвчиж байгаа нь юунаас харагддаг вэ?

6 Ехова өөрийг нь гутаан доромжилж, аймшигтай юм хийж байхад ч тэвчдэг. Жишээ нь, Усан галаваас өмнө газар авсан ёс бус явдлы хэрхэн шийдсэнийг бодъё. Тэр үед дэлхий садар самуун явдал, хүчирхийллээр дүүрч, хүмүүс бузар мууг үйлдэж байсан тул Ехова «сэтгэл зүрхэндээ гашуудсан» (Эх. 6:2–8). Ийм юмыг мөнхөд тэвчихгүй нь ойлгомжтой. Тиймээс дуулгаваргүй хүн төрөлхтнийг Усан галаваар устгахаар шийджээ. Харин устгах өдрөө хүлээх зуураа Ноаг гэрийнхэнтэй нь хамт аврах бэлтгэлээ базаасан (1 Петр 3:20). Тэгээд цаг нь болоход, Ноад Усан галавын тухай мэдэгдэж, хөвөгч авдар хийх даалгавар өгсөн (Эх. 6:14–22). Ноа энэ даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээ, болох гэж буй сүйрлийн талаар хүмүүст хэлж дуулган, «зөвт байдлыг тунхаглагч» болжээ (2 Петр 2:5). Есүс бидний амьдарч буй энэ үеийг Ноагийн үетэй адилтгасан. Ехова өнөөгийн ёс бус тогтолцоог хэзээ устгахаа шийдсэн боловч тэр «өдөр, цаг» нь хэзээ болохыг нэг ч хүнд мэдэгдээгүй (Мат. 24:36). Харин хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлж, хэрхэн аврагдахыг хэлж ярих даалгаврыг бидэнд өгсөн.

7. Ехова амлалтаа биелүүлэхдээ хойрго байгаа юу? Тайлбарлана уу.

7 Ехова тэвчиж байгаа гэдгийг цаг өнгөрөхийг хүлээгээд зүгээр суудаг гэж ойлгож болохгүй. Тэгэхлээр Ехова биднийг анхаардаггүй, санаа тавьдаггүй гэж бодох ёсгүй байх нь! Гэхдээ нас хөгширснөөс юм уу амсаж буй зовлонгоосоо болоод ингэж бодчих гээд байдаг нь үнэн. Тийм үед сэтгэлээр унаж, Бурхан амлалтаа биелүүлэхдээ хойрго байна гэж бодож мэднэ (Евр. 10:36). Тэвчих шалтгаан Еховад байгаа бөгөөд энэ цагийг үнэнч үйлчлэгчдийнхээ сайн сайхны төлөө ашигладгийг хэзээ ч бүү мартаарай (2 Петр 2:3; 3:9). Тэгвэл одоо, Есүс Эцгээ дууриан хэрхэн тэвчсэнийг ярилцъя.

ЕСҮС ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХЫН ЖИШЭЭ ХЭРХЭН ҮЗҮҮЛСЭН БЭ?

8. Есүс юуг тэвчсэн бэ?

8 Есүс Эцгийнхээ хүсэл тааллыг өчнөөн олон сая жил дуртайяа биелүүлж ирсэн, одоо ч биелүүлж байгаа. Ехова Сатаныг тэрслэхэд нь цорын ганц Хүүгээ Мессиа болгон дэлхий рүү илгээхээр шийдсэн. Энэ нь Есүсийн хувьд юу гэсэн үг байсныг бод доо. Тэрбээр дэлхийд очих цагаа олон мянган жил тэвчээртэй хүлээсэн (Галат 4:4-ийг уншина уу). Гэхдээ тэр цагийг хий дэмий хүлээлгүй, Эцгийнхээ даалгасан ажлыг хийгээд завгүй байсан. Тэгээд цаг нь болоход дэлхийд хүрч ирсэн. Тэрбээр зөгнөл ёсоор Сатаны гарт амиа алдахаа мэдэж байв (Эх. 3:15; Мат. 16:21). Асар их зовж шаналсан ч тэвчээртэй байж, Бурхны хүсэл тааллыг биелүүлсэн. Тэрбээр Бурханд дээд зэргээр үнэнч байсан. Хэзээ ч амиа бодож байгаагүй. Энэ нь бидэнд үлгэр дууриал болдог (Евр. 5:8, 9).

9, 10. а) Есүс Еховаг тэвчээртэй хүлээнгээ юу хийж байгаа вэ? б) Бид Еховагийн цагийн хуваарьт хэрхэн хандах хэрэгтэй вэ?

9 Есүс амилсныхаа дараа тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан (Мат. 28:18). Энэ эрх мэдлийнхээ хүрээнд Бурхны цагийн хуваарийг баримтлан, санаа зорилгынх нь дагуу ажилладаг. Тэрбээр Бурхны баруун гар талд суун, дайснуудыг нь хөлийн гишгүүр болгохыг 1914 он хүртэл тэвчээртэй хүлээсэн (Дуу. 110:1, 2; Евр. 10:12, 13). Тун удахгүй Сатаны тогтолцоог устгана. Тэр болтол хүмүүст тэвчээртэй туслан, тэднийг «амийн ус» руу хөтөлж байна (Илч. 7:17).

10 Та Еховагийн цагийн хуваарьт хэрхэн хандах хэрэгтэйг Есүсийн жишээнээс ойлгов уу? Есүс Эцгийнхээ хэлсэн болгоныг баяр хөөртэй биелүүлдэг байсан нь эргэлзээгүй. Гэхдээ Бурхны товлосон цагийг хүлээдэг байсан. Бид ч бас Сатаны ёс бус тогтолцооны төгсгөлийг хүлээнгээ Бурхнаас өрсөж ямар нэг юм хийлгүй, сэтгэлээр унаад бууж өгөлгүй тэвчээртэй байх хэрэгтэй. Ингэж тэвчихийн тулд яах хэрэгтэй вэ?

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ СУРАХЫН ТУЛД БИ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

11. а) Итгэл тэвчээр хоёр ямар холбоотой вэ? б) Бат итгэлтэй байх шалтгаан бидэнд байдгийн учир юу вэ?

11 Төгс бус хүн ч тэвчээртэй байж болдгийг зөнчид болон бусад үнэнч үйлчлэгч Есүсийг дэлхийд ирэхээс өмнө өөрийн биеэр үзүүлсэн. Тэд бат итгэлтэй байсан тулдаа тэвчиж чадсан (Иаков 5:10, 11-ийг уншина уу). Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгээгүй бол тэвчээртэй хүлээж чадах байсан гэж үү? Тэд итгэлийг нь шалгасан хүнд бэрх сорилтод олон удаа орсон ч Бурхан амласнаа биелүүлнэ гэдэгт итгэж байсан (Евр. 11:13, 35–40). Харин бидний хувьд бат итгэлтэй байх бүр чухал шалтгаан бий. Учир нь Есүс «итгэлийг ... бүрэн дүүрэн Төгсгөгч» болсон (Евр. 12:2). Тэрбээр олон зөгнөл биелэхэд гар бие оролцож, Бурхны санаа зорилгыг илүү сайн ойлгоход бидэнд тусалсан.

12. Итгэлээ бэхжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

12 Итгэлээ бэхжүүлж, улмаар илүү их тэвчээртэй болохын тулд яах хэрэгтэй вэ? Бурхны өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь нэг гол арга юм. Жишээ нь, Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавих хэрэгтэйн учрыг бодож үзээрэй. Та Матай 6:33-т байдаг зөвлөгөөг хэрэгжүүлье гэж үнэхээр хичээдэг үү? Ингэхийн тулд дэлгэрүүлэх ажилд илүү олон цагаар оролцох юм уу амьдралын хэв маягаа тодорхой хэмжээгээр өөрчлөх хэрэгтэй байж болох юм. Идэвх зүтгэл гаргаж байгаа таныг Ехова өнөөдрийг хүртэл яаж ивээснийг бүү мартаарай. Библийн шинэ хичээлтэй болгосон ч юм уу, эсвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг» өгсөн байж болох юм (Филиппой 4:7-г уншина уу). Еховагийн зааврыг дагаад ивээл хүртсэнээ эргэцүүлж бодвол тэвчээртэй байгаадаа илүү их баярлах болно (Дуу. 34:8).

13. Итгэлийн ачаар тэвчээртэй болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

13 Итгэлтэй байвал илүү их тэвчээртэй болдгийг ойлгохын тулд нэг жишээ авъя. Тариачин үр цацаж, ургуулаад, дараа нь хурааж авдаг. Арвин их ургац хураах тусам бүр ч итгэлтэйгээр үр цацдаг. Ургац хураах цагийг тэвчээртэй хүлээх нь мэдээжийн хэрэг. Тэглээ гээд үр суулгахаа больё гэж бодохгүй. Харин ч их ургац хураана гэж найдаад өмнөхөөсөө том талбайд үр суулгадаг. Үүнтэй адилаар, заавар зөвлөгөөг нь мэдэж аваад, дагаж мөрдөн, ач тусыг нь хүртээд байвал Еховад улам их найддаг болно. Итгэлээ ийнхүү бэхжүүлбэл тэвчихэд хялбар байна. Тэгээд ивээл хүртэнэ (Иаков 5:7, 8-ыг уншина уу).

14, 15. Бид хүн төрөлхтний зовж зүдэрч байгааг хараад яах нь зүйтэй вэ?

14 Улам их тэвчээртэй болох бас нэг арга нь өнөөгийн нийгэм болон өөрийн амьдралд тохиолдож буй асуудалд хэрхэн ханддагаа анхаарч үзэх явдал юм. Аливаа зүйлд Ехова шиг хандахыг хичээгээрэй. Жишээлбэл, Ехова хүний зовлонг хараад яадаг вэ? Зовж байгаа хүмүүсийг олон зууны турш хараад сэтгэл нь өвдөж байгаа. Гэсэн хэдий ч юу ч хийж чадахгүй болтлоо гуньж гутардаггүй. Тэрбээр «Диаволын үйлсийг устгаж», хүн төрөлхтөнд учирсан гай зовлонг арилгах зорилгоор цорын ганц Хүүгээ явуулсан (1 Иох. 3:8). Зовлон бэрхшээлийг удахгүй бүрмөсөн устгана. Тиймээс Сатаны захиргаанд байдаг ёс бус бүхнээс болж хэтэрхий их гуньж гутрах юм уу төгсгөл болохоос өмнө тэвчээргүй загнахын оронд Еховагийн амлалтад итгэцгээе. Ехова ёс бус бүхнийг хэзээ устгахаа яг таг товлочихсон байгаа. Тэгээд цаг нь болохоор төлөвлөсөн бүхнээ хийх болно (Ис. 46:13; Нах. 1:9).

15 Сатаны тогтолцооны эцсийн энэ өдрүүдийн хэцүү цагт итгэлийг маань шалгасан бүр ч айхавтар сорилт тулгарч болох юм. Хүчирхийлэл болон өөр ямар нэг шалтгааны улмаас өөрөө хохирох юм уу ойр дотны хүн маань зовлоо гэхэд уурлаж бухимдалгүй Еховад бүрэн найдах хэрэгтэй. Бид төгс бус учир энэ нь тийм ч амархан биш. Гэвч Есүс яасныг Матай 26:39-өөс уншаад санаарай (Уншина уу).

16. Төгсгөл болохыг хүлээнгээ юу хийх ёстой вэ?

16 Төгсгөл ойрхон гэдэгт эргэлздэг хүн буруу хандлагатай болж мэднэ. Тийм хүн «Еховагийн амлалт биелэхгүй бол...» гэсэн бодолтойгоор өөрийн гэсэн төлөвлөгөө зохиож болох юм. Өөрөөр хэлбэл, «Ехова хэлсэн үгэндээ үнэхээр хүрэх нь үү, үгүй юү, харъя» гэж бодож магадгүй. Тэгээд энэ ертөнцөд алдар нэртэй болох, Бурхны Хаанчлалыг бус, эд мөнгийг эн тэргүүнд тавих юм уу дээд боловсролтой болбол сайхан амьдарна гэж бодоод их сургуульд орж болох юм. Энэ нь Бурханд итгэдэггүй хүний шинж биш гэж үү? «Итгэл ба тэвчээртэй» байсныхаа ачаар Еховагийн «амлалтуудыг өвлөн» авсан үнэнч хүмүүсийг дууриахыг Паул бидэнд уриалсан билээ (Евр. 6:12). Ехова аль хэдийн өнөөгийн ёс бус тогтолцоог устгахаар шийдсэн. Товлосон цагаасаа хоцрохгүй (Хаб. 2:3). Тэр болтол бид Еховад ор нэрийн төдий үйлчлэлгүй, харин сонор сэрэмжтэй байж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцох хэрэгтэй. Энэ ажлын ачаар бид асар их сэтгэл ханамжтай байдаг (Лук 21:36).

ТЭВЧИХИЙН АЧ ТУС ЮУ ВЭ?

17, 18. а) Бид тэвчээртэй хүлээх зуураа юу хийх боломжтой вэ? б) Тэвчихийн ач тус юу вэ?

17 Бурханд үйлчлээд хэдэн сар, хэдэн арван жилийг элээсэн хүмүүс бидний дунд бий. Хэн маань ч Еховад үүрд мөнх үйлчлэхийг хүсдэг. Энэ тогтолцооны төгсгөлийг удаан хүлээх байсан ч тэвчээртэй байвал аврагдах цаг болтол ямар ч зовлонг тэвчиж чадна. Өөрт нь бүрэн дүүрэн найддагаа, нэрийнх нь төлөө зовоход бэлэн гэдгээ батлах боломжийг Ехова бидэнд өгч байна (1 Петр 4:13, 14). Бас биднийг тэвчээртэй болгохын тулд сургаж байна. Үүний ачаар аврагдах боломжтой (1 Петр 5:10).

18 Есүс тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан билээ. Та л үнэнч байвал Есүс таныг хамгаална (Иох. 10:28, 29). Ирээдүйд юу болох бол гэж санаа зовох юм уу үхлээс ч айх хэрэггүй. Төгсгөл хүртэл тэвчсэн хүн аврагдана. Тиймээс бид ертөнцийнхний нөлөөнд автахгүй байж, Еховад үргэлж найдах ёстой. Бурхан одоо тэвчээртэй хүлээж байна. Энэ цагийг ухаалаг ашиглан итгэлээ бэхжүүлэх нь зүйтэй (Мат. 24:13; 2 Петр 3:17, 18-ыг уншина уу).