Skip to content

Гарчиг руу орох

«Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй»

«Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй»

«Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» (МАТ. 25:13).

1-3. а) Есүсийн ярьсан хоёр ёгт үлгэрийн санааг ойлгоход ямар жишээ тус болох вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 НЭР ХҮНДТЭЙ нэг түшмэл чухал уулзалтад очихдоо таны машинаар хүргүүлэхээр болжээ. Гэтэл та тэр хүнийг авахаар явах гэж байхдаа түлш дуусаж байгааг анзаарчээ. Тэгээд бушуухан шатахуун авахаар явав. Тэр хооронд нөгөө түшмэл ирж ийш тийш хараад, таныг олоогүй тул хүлээж чадалгүй өөр машинд суугаад явчихжээ. Та удаж төдөлгүй ирсэн ч нөгөө эрхэм аль хэдийн явчихсан байлаа. Ямар харамсалтай юм бэ!

2 Одоо та өөрийгөө өндөр албан тушаалын хүн гэж бодоорой. Тэгээд авьяас чадвартай гурван хүнийг сонгож чухал ажил хийлгэхээр болов. Юу хийх ёстойг нь тайлбарлаж өгөхөд гурвуулаа зөвшөөрчээ. Та хэсэг хугацааны дараа холын аянаас ирээд мөнөөх гурвын хоёр нь даалгавраа биелүүлснийг мэдэв. Хийгээгүй нэг нь өөрийгөө өмөөрч байлаа. Үнэндээ бол даалгавраа биелүүлэх гэж хичээгээ ч үгүй байв. Танд ямар санагдах вэ?

3 Дээрх жишээ Есүсийн ярьсан арван охины тухай, талантын тухай ёгт үлгэртэй төстэй. Энэ хоёр ёгт үлгэрт эцсийн өдрүүдийн тухай гардаг бөгөөд тослогдсон христиануудын зарим нь ямар учраас итгэмжит, ухаалаг байж чадах вэ, зарим нь яагаад чадахгүй вэ гэдгийг тайлбарлажээ * (Мат. 25:1–30). Тэрбээр: «Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» гэж хэлэн гол санаагаа онцолсон. Өөрөөр хэлбэл, яг хэзээ ирж Сатаны ертөнцийг устгахыг дагалдагчид нь мэдэхгүй ажээ (Мат. 25:13). Бид ч бас «соргог» байх ёстой. Есүсийн энэ зөвлөгөөг дагах нь бидэнд яагаад сайн бэ? Хэн сонор сэрэмжтэй байсан бэ? Үргэлж сонор сэрэмжтэй байхын тулд бид юу хийх ёстой вэ?

ҮРГЭЛЖ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫН АЧ ТУС

4. Сонор сэрэмжтэй байна гэдэг нь цагаа байн байн харна гэсэн үг үү? Тайлбарлана уу.

4 Заримдаа цаг хэд болж байгааг мэдэх нь чухал байдаг. Жишээ нь, үйлдвэрт ажиллах, эмчид үзүүлэх, автобус юм уу галт тэргээр зорчих бол цагийн хуваарийг ягштал баримтлах хэрэгтэй. Харин гал унтраах, гамшгийн дараа хүний амь аврах ажил хийхэд цаг руугаа байн байн хараад байвал анхаарал сарнина, бүр үүнээс ч дор юм болж мэднэ. Тийм үед, ажлаа анхаарах нь цаг хэд болж байгааг мэдэхээс илүү чухал байдаг. Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам дэлгэрүүлэх ажил маань хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Учир нь хүмүүсийг аврахын төлөө Еховагийн юу хийснийг бид энэ ажлын ачаар олон нийтэд мэдүүлдэг. Христианууд бидний хувьд сонор сэрэмжтэй байх гэдэг нь цагаа байн байн харахыг хэлэхгүй. Харин ч төгсгөл болох өдөр, цагийг мэдэхгүй байх нь бидэнд сайн. Наад зах нь таван сайн талтай.

5. Тэр өдөр, цагийг мэдэхгүй байвал сэтгэл зүрхэндээ юу байгааг мэдэж болно гэхийн учир юу вэ?

5 Нэгдүгээрт, төгсгөл хэзээ болохыг мэдэхгүй байвал сэтгэл зүрхнийхээ угт чухам юу байгааг мэдэх боломжтой. Ехова биднийг хүндэтгэн үзээд, үнэнч эсэхээ батлах боломж олгосон. Хэдийгээр бид энэ тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давахыг тэсэн ядан хүлээдэг ч мөнх амьдрах гэсэндээ биш, Еховаг хайрладагтаа түүнд үйлчилдэг (Дуулал 37:4-ийг уншина уу). Бид Еховагийн хүсэл таалалд нийцдэг зүйл хийхлээрээ баярладаг. Бурхан бидэнд тустайг сургаж байгааг ойлгодог (Ис. 48:17). Түүний тушаалуудыг хүнд дарамт гэж огтхон ч боддоггүй (1 Иох. 5:3).

6. Биднийг хайрандаа хөтлөгдөн үйлчилбэл Бурхан яадаг вэ? Яагаад?

6 Тэр өдөр, цагийг мэдэхгүй байхын хоёр дахь сайн тал нь Еховагийн зүрхийг баярлуулах явдал юм. Төгсгөл удахгүй болно эсвэл шагнал авна гэж бодолгүй, хайрандаа хөтлөгдөн үйлчилдэг бол Сатаны хэлсэн худал үгийг няцаахад нь Еховад нэмэр болно (Иов 2:4, 5; Сургаалт үгс 27:11-ийг уншина уу). Сатан хэчнээн их гай зовлон учруулсныг мэддэг учраас бид түүнд биш, харин Еховад захирагдан, хэмжээгүй эрх мэдлийг нь дуртайяа дэмждэг.

7. Та ямар учраас хувиа хичээлгүй Бурханд үйлчилж, бусдад тусалдаг вэ?

7 Гуравдугаарт, төгсгөл хэзээ болохыг мэдэхгүй бол хувиа бодолгүйгээр Бурхан болон бусдын төлөө амьдарч чадна. Бурхныг мэддэггүй зарим хүн ч ертөнцийн төгсгөл болно гэдэгт итгэдэг. Хэзээ нэгэн цагт гамшиг болно гэхээс айдаг учраас тэд «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэсэн хандлагатай байдаг (1 Кор. 15:32). Харин бид айдаггүй. Хувиа бодож бусдаас зожгирдоггүй (Сур. 18:1). Үүний оронд Еховагийн хүслийг эн тэргүүнд тавьж, цаг, хүч болон өөрт байгаа бүхнээ Хаанчлалын сайн мэдээ дэлгэрүүлэхэд дуртайяа зориулдаг (Матай 16:24-ийг уншина уу). Бид Бурханд үйлчилнэ, ялангуяа хүмүүст Бурхныг мэдүүлнэ гэхээс баяр хөөр болдог.

8. Ехова болон түүний Үгэнд бүрэн найдах хэрэгтэйн учрыг Библийн ямар жишээнээс мэдэж болох вэ?

8 Дөрөвдүгээрт, тэр өдөр, цагийг мэдэхгүй байвал Еховад бүрэн найдаж, Үгийг нь ажил хэрэг болгох гэж мэрийнэ. Бид төгс бус учраас өөртөө найдчих гээд байдаг муу талтай. Паул: «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн бүх христианд сануулжээ. Амласан газар луу орохын даваан дээр 23 000 израиль хүн Еховад дуулгаваргүй загнан, тааллыг нь алдсаныг Паул дурдаад «Үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» хэмээсэн байдаг (1 Кор. 10:8, 11, 12).

9. Зовлон тохиолдоход итгэл бэхжиж, Бурхантай дотно болдгийн учир юу вэ?

9 Тавдугаарт, төгсгөл яг хэзээ болохыг мэдэхгүй байх тусам бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужилтай болж, итгэл бэхэждэг сайн талтай (Дуулал 119:71-ийг уншина уу). Энэ тогтолцооны эцсийн өдрүүд үнэхээр «хэцүү» (2 Тим. 3:1–5). Сатаны ертөнцийн олон хүн биднийг үзэн яддаг учир итгэл үнэмшлээс маань болоод хавчиж мэдэх юм (Иох. 15:19; 16:2). Металлыг галд цэвэршүүлдгийн адил, тийм сорилт тулгарахад итгэл улам бэхэждэг. Хэрэв бид даруу байж, Бурхны зааврыг дагавал сорилтод бууж өгөхгүй, харин Еховатай, төсөөлж байснаасаа ч илүү дотно болно (Иак. 1:2–4; 4:8).

10. Яавал цаг хугацаа хурдан өнгөрөх мэт санагддаг вэ?

10 Цаг хугацаа хэрхэн өнгөрч байгаа нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Ажил ихтэй, цаг харах завгүй үед өдөр хоног харвасан сум шиг өнгөрдөг. Еховагийн өгсөн сэтгэл хөдөлгөм ажлыг хийгээд байвал нэг л мэдэхэд тэр өдөр, цаг болчихно. Энэ талаар тослогдсон христианууд сайн үлгэр дууриал үзүүлсэн. 1914 онд Есүсийг хаан ширээнд залрахад юу болсныг товч үзэж, тослогдогсдын зарим нь бэлэн бус байхад зарим нь яаж бэлэн байсныг ярилцъя.

ТОСЛОГДОГСОД БЭЛЭН БАЙСАН

11. 1914 он гарахад зарим тослогдогсод Эзнийгээ ирэхгүй удаад байна гэж бодсоны учир юу вэ?

11 Есүсийн ярьсан арван охины тухай, талантын тухай ёгт үлгэрийг саная. Тэнд гардаг арван охин шинэ хүргэнийг, харин боолууд нь эзнээ хэзээ ирэхийг мэдсэн бол сонор сэрэмжтэй байх хэрэггүй байсан нь ойлгомжтой. Гэвч мэдэхгүй учраас үргэлж бэлэн байх шаардлагатай байв. Тослогдсон христианууд ямар нэг онцгой үйл явдал 1914 онд болно гэж хэдэн арван жил хүлээж байсан ч чухам юу болохыг мэдэхгүй байсан. Гэтэл хүсэн хүлээж байсан зүйл нь болсонгүй. Зарим хүнд шинэ Хүргэн ирэхгүй удаад байх шиг л санагджээ. Нэг Гэрч: «Бидний хэдэн хүн [1914 оны] аравдугаар сарын эхний долоо хоногт багтаад тэнгэрт гарчихна гэж үнэхээр бодож байсан юм» хэмээн хожим нь дурсжээ.

12. Тослогдогсод итгэмжит, ухаалаг гэдгээ хэрхэн баталсан бэ?

12 Хүсэн хүлээсэн төгсгөл нь болоогүйд яасан их урам хугарсан бол оо! Ядахад, ах дүүс маань дэлхийн I дайны улмаас эсэргүүцэлтэй тулгарсан хэцүү цаг байв. Тэгээд сүнслэгээр унтаж эхэлжээ. Харин 1919 онд тэднийг нэг зүйл сэрээв! Есүс Еховагийн сүнслэг сүмд ирж шалгалт хийжээ. Зарим нь шалгалтад унаж, цаашид «худалдаа» буюу Хааны ажлыг хийх эрхгүй болсон (Мат. 25:16). Тэд дэнлүүгээ тосоор дүүргээгүй мунхаг таван охины адилаар, сүнслэг тос нөөцлөх гэж хичээгээгүй юм. Хаанчлалын төлөө ямар нэгэн юмаа золиослоход бэлэн биш байсан тэднийг бас залхуу боолтой адилтгаж болно. Гэхдээ тослогдсон христиануудын ихэнх нь Эзэндээ үйлчлэх чин хүсэлтэйгээ, гуйвшгүй үнэнчээ дайны хүнд хэцүү жилүүдэд ч батлан харуулсан.

13. 1914 он гарахад боолын анги ямар хандлагатай байсан бэ? Өнөөдөр ямар байна вэ?

13 1914 оноос хойш гарсан «Харуулын цамхаг» сэтгүүлд «Ах дүү нар аа, та бидний Бурханд хандах хандлага зөв байвал Бурхныг юу ч хийсэн гонсойхгүй. Бид өөрсдийн хүслийг урьтал болгоогүй. 1914 оны 10 дугаар сард болно гэж бодсон зүйл маань буруу байсныг ойлгоод, Эзэн бидний хүсэлд нийцүүлж Төлөвлөгөөгөө өөрчлөөгүйд баярласан. Өөрчлөөсэй ч гэж бодоогүй. Харин Эзний зорилго, төлөвлөгөөг илүү сайн ойлгодог болохыг л хүсэж байна» гэж бичжээ. Өнөөгийн тослогдогсод ч бас Бурхны хүсэл тааллыг биелүүлэх хүсэлтэй, даруу хүмүүс юм. Тэд өөрсдийгөө ариун сүнсний нөлөөгөөр бүх юмыг бүрэн төгс ойлгодог гэж боддоггүй. Гэхдээ Эзнийхээ даалгасан дэлхий дээрх ажлыг хийх шийдвэр төгс байдаг. Эдүгээ «өөр хонинуудын» ангид багтах «үй олон хүн» буюу дэлхийд амьдрах найдвартай христианууд тэднийг дууриан сонор сэрэмжтэй байж, идэвх зүтгэлтэй үйлчилж байна (Иох. 10:16, ШГ; Илч. 7:9).

БЭЛЭН БАЙХ НЬ

14. Итгэмжит, ухаалаг боолын өгсөн сүнслэг хоолыг хүртэх нь бидэнд яагаад сайн бэ?

14 Тослогдсон христианууд сүнслэг хоол унд өгүүлэхээр Бурхны томилсон итгэмжит, ухаалаг боолтой нягт хамтран ажилладаг. «Үй олон хүний» тоонд багтдаг сонор сэрэмжтэй үйлчлэгчид ч бас адилхан. Ингэснээр тэд, дэнлүүгээ тосоор дүүргэхийн адил, Бурхны Үг болон сүнсний ач тусыг хүртдэг (Дуулал 119:130; Иохан 16:13-ыг уншина уу). Ийнхүү хүч тэнхээтэй болдог учраас хүнд бэрх сорилтын үед ч идэвх зүтгэлээ алдалгүй, Христийг ирэхэд бэлэн байдаг. Жишээ авъя. Нацистын үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан хэдэн Гэрч ганцхан Библитэй байв. Тийм учраас, илүү их сүнслэг хоол өгөөч хэмээн залбирчээ. Тэгтэл удалгүй дахин нэг Гэрч хоригдов. Тэрбээр «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн хэдэн дугаарыг хиймэл хөлдөө нууж авчирсан байлаа. Амьд үлдсэн хүмүүсийн дунд Эрнст Вауер гэдэг тослогдсон христиан байжээ. Тэрбээр: «Өгүүллүүдэд бичсэн чухал чухал санааг тогтооход Ехова бидэнд гайхамшгаар тусалж байсан. Одоо ч, сүнслэг хоол олж авах амархан болж дээ. Харин бид үргэлж үнэлдэг бил үү? Ехова өөрт нь найддаг, ширээнээс нь хооллодог, үнэнч хүнийг арвин ихээр ивээнэ гэдэгт би итгэдэг» хэмээн хожим дурссан юм.

15, 16. Хичээл зүтгэлтэй гэр бүлийн хоёр ямар ивээл хүртсэн бэ? Эндээс та юу ойлгосон бэ?

15 Өөр хонинууд Христийн ах дүүсийг дэмжиж, дэлгэрүүлэх ажил хийгээд завгүй байдаг (Мат. 25:40). Тэд Хаанчлалыг тэргүүнд тавихын тулд их юмаа золиосолж, шаргуу хөдөлмөрлөдөг учир Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг муу, залхуу боолоос өөр. Жишээ нь, Жон Масако хоёр Кени улсад амьдардаг хятад хүмүүст дэлгэрүүлээч гэсэн урилга ирэхэд анхандаа яахаа мэдэхгүй байсан ч сайтар бодож залбирсны эцэст тийшээ нүүхээр шийджээ.

16 Тэд идэвх зүтгэлтэй байсныхаа төлөө ивээл хүртжээ. «Энд үйлчлэх сайхан байна» гэж Жон Масако хоёр хэлсэн. Библийн долоон хичээлтэй болсноор барахгүй сэтгэл хөдөлгөм олон сайхан юм үзжээ. «Биднийг ийш нь явуулсан Еховадаа өдөр бүр талархдаг» гэж тэд ярьсан юм. Төгсгөл хэзээ ч болсон, Бурхандаа үйлчлээд завгүй явж байхыг хүсдэг өөр олон Гэрч бий. Гилеад сургууль төгсөөд миссионер болдог, эсвэл сайн дураараа гадаадад очиж үйлчилдэг мянга мянган Гэрчийн тухай бод доо. 2012 оны 7 дугаар сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлээс «Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт» гэсэн гарчигтай өгүүллийг уншвал дэлгэрүүлэгчийн хэрэгцээтэй газар очиж үйлчлэх талаар нэмэлт мэдээлэл авч болно. Гадаадад үйлчилдэг хүмүүсийн хэлсэн үгийг уншаад, үйлчлэлээ өргөжүүлэх боломжтой эсэхээ бодож үзээрэй. Тэгвэл та Бурхныг магтан алдаршуулж, улмаар баяр хөөр эдлэх болно.

ТА Ч БАС СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ

17. Өдөр, цагийг мэдэхгүй байх нь бидэнд ямар ач тустай вэ?

17 Энэхүү тогтолцоо төгсөх өдөр, цагийг мэдэхгүй байх нь бидэнд үнэхээр ашигтай. Сэтгэлээр унаж гутралгүй, хайртай Эцгийнхээ хүслийг биелүүлээд завгүй байвал түүнтэй улам дотно болно. Есүсийн даалгасан ажлыг анхаараад, өөр зүйлд сатаарахгүй байвал Еховад үйлчлэхийн жаргал эдэлнэ (Лук 9:62).

18. Бурханд үнэнч үйлчлэхийг хүсдэгийн маань учир юу вэ?

18 Бурхны шүүх өдөр ойртсоор байна. Ехова Есүс хоёрын урмыг хугалахыг хэн маань ч хүсэхгүй. Өнөөгийн хэцүү цагт хийх чухал ажлыг бидэнд хариуцуулсан нь завшаантай хэрэг. Ийм их итгэл хүлээлгэсэнд нь талархаад баршгүй! (1 Тимот 1:12-ыг уншина уу).

19. Бэлэн байя гэвэл юу хийх хэрэгтэй вэ?

19 Бид тэнгэр газрын алинд ч амьдрах найдвартай бай, дэлгэрүүлж, шавь бэлд хэмээсэн Бурхны тушаалыг үнэнчээр биелүүлсээр байх болно. Еховагийн өдөр яг хэзээ, хэдэн цагт болохыг бид мэдэхгүй. Ер нь мэдэх шаардлага байна уу? Бид бэлэн байж чадна, бэлэн байх ч болно (Мат. 24:36, 44). Еховад бүрэн найдаж, Хаанчлалыг эн тэргүүнд тавьж байсан цагт хэзээ ч урам хугарахгүй (Ром 10:11).