Skip to content

Гарчиг руу орох

Чуулган бол Еховагийн ард түмний баяр

Чуулган бол Еховагийн ард түмний баяр

«Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, ... харийн хүмүүсийг цуглуул» (Д.ХУУЛЬ 31:12).

1, 2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН орчин үеийн түүхийг олон улсын болон мужийн чуулгангүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний ихэнх нь энэ баярт үйл явдлыг нүдээр үзсэн бөгөөд бүр хэдэн арван жил үзэж байгаа хүн олон бий.

2 Хэдэн мянган жилийн тэртээ Бурхны ард түмэн ариун чуулган зохиодог байжээ. Библид бичигдсэн, эрт үед болж байсан чуулганы тухай ярилцаж, өнөөдөр болдог чуулгантай юугаараа адилхан байсныг авч үзье. Түүнчлэн, чуулганд очих нь ашигтай байдгийн учрыг мэдэж авъя (Дуу. 44:1; Ром 15:4).

ЭРТ, ЭДҮГЭЭГИЙН ЧУУЛГАНЫ ОНЦЛОГ

3. а) Библид бичигдсэн хамгийн анхны чуулган юугаараа онцлог байсан бэ? б) Израильчууд хэзээ цуглахаа яаж мэддэг байсан бэ?

3 Эртний израильчууд Ехова Бурхнаас заавар авахаар Синаи уулын бэлд цуглажээ. Энэ нь Библид бичигдсэн хамгийн анхны чуулган бөгөөд цэвэр шүтлэгийн түүхэн дэх онцгой үйл явдал байв. Тэр үед Ехова израильчуудад Хуулиа өгөхдөө агуу сүр хүчээ үзүүлсэн. Үнэхээр сэтгэл хөдөлгөм, мартахын аргагүй үйл явдал байлаа (Ег. 19:2–9, 16–19; Египетээс гарсан нь 20:18; Дэд хууль 4:9, 10-ыг уншина уу). Тэр өдөр Бурхан израильчуудтай онцгой харьцаа тогтоосон. Үүний дараахан Ехова Мосед ард түмнийг хэрхэн дуудаж цуглуулах заавар өгөхдөө хоёр мөнгөн бүрээ хийхийг тушаажээ. Бүрээн дуунаар «бүх чуулган хурлын майхны үүдэн дээр ... цуглах ёстой» байв (Тоол. 10:1–4). Цугласан олны сэтгэл хэчнээн их хөдөлдөг байсныг төсөөлөөд үз дээ!

4, 5. Мосе Иошуа нарын зохион байгуулсан чуулган онцгой чухал байсан гэхийн учир юу вэ?

4 Харьцангуй шинэ үндэстэн болох израильчуудын түүхийн нэг чухал үе эхэлжээ. Тэд цөлд 40 жилийг өнгөрөөсний эцэст Амласан газрын босгонд тулж очоод байлаа. Мосе элэг нэгтнүүдээ цуглуулав. Еховагийн хийсэн, хийж байгаа бүхнийг ах дүүстээ сануулахад хамгийн тохиромжтой цаг байлаа (Д.хууль 29:1–15; 30:15–20; 31:30).

5 Бурхны ард түмнийг цаашид ийнхүү цуглуулж, зааж сургаж байхыг Мосе энэ чуулганы үеэр хэлсэн бололтой. Долоо дахь жил бүрийн Майхан баяраар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд болон харийн хүмүүст «сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг» болгохын тулд тэднийг цуглуулах ёстой байлаа (Дэд хууль 31:1, 10–12-ыг уншина уу). Тэгэхлээр Бурхны ард түмэн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн байнга хамт цуглаж, Еховагийн үг болон санаа зорилгыг мэдэж авдаг байсан нь тодорхой байна. Амласан газрыг эзэлж авсны дараа ч израильчуудын эргэн тойронд хуурамч бурхан шүтдэг улс үндэстнүүд байсаар байв. Тиймд Иошуа израильчуудыг цуглуулж Еховад үнэнч хэвээрээ байхыг уриалсан. Тэд ч Бурханд үйлчилнэ гэж ам тангараг өгчээ (Иош. 23:1, 2; 24:1, 15, 21–24).

6, 7. Еховагийн орчин үеийн ард түмний түүхэнд ямар ямар онцгой чуулган болж байсан бэ?

6 Еховагийн орчин үеийн ард түмэн бас түүхэнд тэмдэглүүштэй чуулгануудыг зохион байгуулж ирсэн. Бурхны байгууллагад ахиц дэвшил гарч, Библийн ойлголт өөрчлөгдсөнийг эдгээр чуулганаар зарлаж байсан (Сур. 4:18). Дэлхийн І дайны дараа Библи Судлаачдын зохион байгуулсан анхны том чуулган 1919 онд АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо болжээ. 7 000 хүн оролцсон уг арга хэмжээний үеэр дэлгэрүүлэх ажлыг дэлхий даяар хийх уриалга гарсан. Тус хотод 1922 онд болсон есөн өдрийн чуулганаар Ж. Ф. Рутерфорд сэтгэл хөдөлгөм илтгэл тавьж «Эзэнд үнэнч, жинхэнэ гэрч байгтун. Вавилоны ул мөр үлдэхгүй болтол урагш давшин тэмцэгтүн. Сайн мэдээг хаа сайгүй тунхаглагтун. Еховаг Бурхан гэдгийг, Есүс Христийг хаадын Хаан, эздийн Эзэн гэдгийг дэлхий даяар мэдэх ёстой. Одоо бол хамгийн чухал цаг үе мөн. Харагтун, Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» хэмээн сонсогчдод уриалсан нь чухал үйл явдал байв. Тэнд хүрэлцэн ирэгсэд болон дэлхийн өнцөг булан бүрд байсан Бурхны үйлчлэгчид уг уриалгыг баяртайгаар хүлээн авчээ.

7 Охайо мужийн Коламбус хотноо 1931 онд болсон чуулганаар Еховагийн Гэрчүүд гэдэг шинэ нэртэй болсондоо Библи Судлаачид туйлын их баярлажээ. 1935 онд Вашингтон хотноо болсон чуулган дээр Рутерфорд «Илчлэлт» номд гардаг «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсох» «үй олон хүн» гэж хэн болохыг тайлбарласан (Илч. 7:9–17). 1942 онд буюу дэлхийн ІІ дайны ид үед Нейтан Норр «Энх цаг удаан үргэлжлэх үү?» гэсэн сэдэвтэй, сэтгэл хөдөлгөм үг хэлсэн. «Илчлэлт» номын 17-р бүлэгт гардаг «час улаан араатан» юуг төлөөлдгийг тайлбарлаж, дайн дууссаны дараа ч бас их дэлгэрүүлэх хэрэгтэйг онцолжээ.

8, 9. Зарим чуулганаар Бурхны ард түмний сэтгэл тэгтлээ их хөдөлсний учир юу вэ?

8 1946 онд Охайо мужийн Кливленд хотод болсон «Жаргалтай ард түмэн» гэсэн сэдэвтэй чуулганд Норр ах «Сэргээн босгох, өргөтгөх ажилд тулгарсан асуудлууд» гэсэн тун сонирхолтой илтгэл тавьсан. Уг илтгэлийг сонсож байсан хүмүүсийн сэтгэл ямар их хөдөлсөн тухай нэг Гэрч: «Би тэр орой тайзан дээр Норр ахын ард зогсох даалгавартай байлаа. Норр ахыг Бруклины Бетелийн орон сууцны барилга болон үйлдвэрийг өргөтгөх төлөвлөгөөг танилцуулахад үзэгчид нижигнэтэл алга ташиж билээ. Тайзан дээрээс хүмүүсийн царай тод харагдахгүй ч бүгд баярласан нь илт байлаа» хэмээн дурссан юм. 1950 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын чуулган дээр «Христиан Грек Судрын шинэ ертөнцийн орчуулга» гарсныг зарлахад сонсогчид бөөн баяр болжээ. Энэ нь байх ёстой газар нь Бурхны нэрийг оруулж, орчин цагийн англи хэлээр орчуулсан Библийн анхны орчуулга юм (Иер. 16:21).

9 Еховагийн Гэрчүүдийг эсэргүүцэн хавчиж, үйл ажиллагааг нь хориглож байсан улс оронд чуулган зохион байгуулахад хүрэлцэн ирэгсдийн сэтгэл үнэхээр их хөдөлсөн юм. Адольф Гитлер Герман дахь Еховагийн Гэрчүүдийг устгана гэж тангараглаж байжээ. Гэвч Нюрнберг хотод Гитлерийн цэргийн жагсаал болж байсан тэр газар 1955 онд 107 000 Гэрч чуулж, баярын нулимс унагасан! 1989 онд Польшийн гурван хотод болсон «Бурханд үнэнч байгтун!» гэсэн нэртэй чуулганд нийтдээ 166 518 хүн хүрэлцэн ирсэн. Тэдний дунд тухайн үеийн ЗХУ, Чехословак, зүүн европын орнуудаас ирсэн олон хүн байв. 15–20-уулаа цугладаг байсан хүмүүс ийм том чуулганыг анх удаа үзжээ. 1993 онд Украины Киев хотноо болсон «Бурхнаар заалгая» нэртэй олон улсын чуулганд 7 402 хүн баптисм хүртэхэд цугласан олон ямар их баяр хөөрөөр цалгиж байсныг төсөөл дөө! Энэ бол Еховагийн Гэрчүүдийн түүхэнд хамгийн олон хүн баптисм хүртсэн чуулган юм (Ис. 60:22; Хаг. 2:7).

10. Танд ямар чуулган онцгой байсан бэ? Яагаад?

10 Таны сэтгэлд хоногшин үлдсэн мужийн юм уу олон улсын чуулган байдаг байх. Та анх очиж байсан, эсвэл баптисм хүртсэн чуулганаа санаж байна уу? Таны хувьд хамгийн чухал үйл явдал байсан биз ээ. Тэр сайхан дурсамжаа нандигнаж яваарай! (Дуу. 42:4).

ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭДЭГ БАЯР

11. Жил бүр ямар ямар баяр тэмдэглэж байхыг Бурхан израильчуудад тушаасан бэ?

11 Жилийн гурван улиралд Иерусалимд цугларч, Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр (хожим нь Пентекостын өдөр гэгдэх болсон), Майхан баяр тэмдэглэж байхыг Ехова израильчуудад тушаажээ. Тийнхүү тушаахдаа «Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой» хэмээн айлджээ (Ег. 23:14–17). Еховаг шүтэхэд энэ гурван баяр онцгой ач холбогдолтой гэдгийг ойлгож байсан өрхийн тэргүүнүүд эхнэр хүүхдээ аваад баярт очдог байжээ (1 Сам. 1:1–7; Лук 2:41, 42).

12, 13. Израильчууд жил бүрийн баяр тэмдэглэхийн тулд яах хэрэгтэй байсан бэ?

12 Израильчууд баяр тэмдэглэхээр Иерусалим руу хэрхэн явдаг байсныг бодъё. Жишээлбэл, Иосеф Мариа хоёр Назараас Иерусалим хүртэл нэг талдаа 100 километр зам туулдаг байжээ. Та өөрийгөө тийм хол газар бага насны олон хүүхэд дагуулаад явж байгаагаар төсөөл дөө. Жаал хүү Есүсийн Иерусалимд очсон тухай уншвал, ах дүү, найз нөхөд нийлээд хамт явдаг байсан бололтой. Таньж мэдэхгүй нутаг орноор аялж, цугтаа хооллон, унтаж амрахад тохиромжтой газар олно гэдэг тэр чигээрээ адал явдал байсан биз ээ. Есүс мэтийн 12 настай жаахан хүүхдийг дураар нь байлгаж байсныг бодвол аян зам аюул осол багатай байсан бололтой. Энэ бүхэн, ялангуяа, хүүхэд багачуудад мартахын аргагүй дурсамж болон үлддэг байсан байх (Лук 2:44–46).

13 Израильчууд өөр үндэстнүүдийн дунд амьдарч эхэлснээс хойш янз бүрийн үндэстнүүд баярт оролцдог болжээ. МЭ 33 онд болсон Пентекостын өдрийг тэмдэглэхээр Бурханд талархах сэтгэлтэй иудейчүүд болон бусад үндэстний хүмүүс Итали, Ливи, Крет, Бага Ази болон Месопотами гэх зэргийн газраас Иерусалимд иржээ (Үйлс 2:5–11; 20:16).

14. Жил бүрийн баярт оролцсон израильчуудын сэтгэгдэл ямар байсан бэ?

14 Үнэнч израильчуудын хувьд энэ аяллын хамгийн чухал, сэтгэл хөдөлгөм зүйл нь талархах сэтгэлтэй мянга мянган хүнтэй хамт Еховаг шүтэх явдал байсан. Баярт оролцсон хүмүүсийн сэтгэгдэл ямар байсан бэ? Энэ асуултын хариуг Еховагийн заавраас мэдэж болно. Тэрбээр Майхан баярын талаар «Тэр баяраар чи болон чиний хөвгүүд, охид, зарц, шивэгчид, танай хотод оршин суудаг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө хөөрөн баярла. Чи тэр баярыг ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний хийж бүтээсэн бүх зүйл, чиний гараар бүтсэн аливаа ажил үйлсийг ивээх учир чи сэтгэл дүүрэн баярлах болно» гэсэн заавар өгчээ (Д.хууль 16:14, 15; Матай 5:3-ыг уншина уу).

ЧУУЛГАН БИДЭНД ҮНЭ ЦЭНЭТЭЙ

15, 16. Чуулганд суухын тулд та юугаа золиосолж байсан бэ? Гэхдээ ашиг тустай гэхийн учир юу вэ?

15 Эртний израильчуудын тэмдэглэдэг байсан дээрх баярууд өнөөгийн бидэнд туйлын ач холбогдолтой. Эрин зуун улиран өнгөрч, их юм өөрчлөгдсөн хэдий ч тэдгээр чуулганы чухал зүйлүүд нь хэвээрээ байна. Эрт үед хүмүүс чуулганд явахын тулд олон юм золиослох хэрэгтэй байсан. Өнөөдөр ч бас адилхан. Гэхдээ хүртэх ашиг нь их. Чуулган одоо ч шүтлэгт маань онцгой чухал байр эзэлдэг. Чуулганд суухлаар Бурхантай дотно байхад тустай их зүйлийг мэдэж авдаг. Бас мэдэж авснаа хэрэгжүүлэх хүсэл бадарч, гай зовлонгоос хол явахаар бат шийдэн, өөрийгөө жаргалтай байлгах, сэргээх зүйлийг үргэлж бодож, хийх оргилуун сэтгэлтэй болдог (Дуу. 122:1–4).

16 Чуулганд суухлаар баяр хөөрөөр цалгидаг. 1946 онд болсон томоохон хэмжээний чуулганы тайланд «Тухлан суусан олон мянган гэрчийг харахлаар сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Хүрэлцэн ирэгсэд Хаанчлалын баясгалант дууг найрал хөгжимтэй дуулж, Еховаг магтан алдаршуулж байгааг сонсох бүр ч бахдалтай» хэмээн тэмдэглэжээ. Уг тайланд цааш нь бичихдээ олон хүн сайн дурын ажилд оролцож, итгэл нэгтнүүддээ дуртайяа тусалж байв гэжээ. Та ч бас мужийн чуулган, олон улсын чуулганд очиж, энэ бүхнийг нүдээрээ үзээд сэтгэл хөдөлж байсан уу? (Дуу. 110:3; Ис. 42:10–12).

17. Чуулганы зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

17 Чуулганыг зохион байгуулах зарим арга өөрчлөгдсөн. Жишээ нь, найман өдөр явуулдаг байсан чуулганыг Бурхны зарим хүн мартаагүй байх. Өглөө, өдөр, оройн хөтөлбөртэй байсан. Тэр хөтөлбөрийн нэг хэсэг нь дэлгэрүүлэх ажил байв. Хөтөлбөр заримдаа өглөө есөн цагт эхлээд оройн ес хүртэл үргэлжилдэг байлаа. Сайн дурын ажилчид чуулганд хүрэлцэн ирэгсдэд зориулж өглөө, өдөр, оройн хоол хийгээд завгүй ажилладаг байв. Харин одоо бол чуулганыг цөөн өдрөөр явуулдаг болсноор гэр бүл, хувь хүмүүс өөрсдөө хоол ундаа бэлдэж ирээд сүнслэг хоолыг илүү анхаарч байна.

18, 19. Танд чуулганы юу нь сайхан санагддаг вэ? Яагаад?

18 Чуулганд ирэгсдийн хувьд хүсэн хүлээдэг баярт мөч олон бий. Жишээ нь, илтгэл сонсохоос гадна шинэ ном хэвлэл авдаг. Ийнхүү сүнслэг хоол ундыг «цагт нь» хүртэж, Библийн зөгнөл болон сургаалыг илүү сайн ойлгодог (Мат. 24:45). Шинээр гарсан ном хэвлэл бол чин сэтгэлтэй хүмүүст Библийн үнэнийг ойлгуулдаг багаж хэрэгсэл юм. Урам зориг бадраасан Библийн сэдэвтэй жүжиг үзсэн аль ч насны хүн Еховад зөв сэдэл хандлагаар үйлчилж байгаа эсэхээ шалгаж, ертөнцийнхний үзэл бодолтой болохоос өөрийгөө хамгаалдаг. Баптисм хүртэх хүмүүст зориулсан илтгэл сонсоод бид амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдгаа эргэцүүлдэг. Бас Еховад өөрийгөө зориулснаа илтгэн баптисм хүртэж буй хүмүүсийг хараад баярладаг.

19 Чуулган олон мянган жилийн турш жинхэнэ шүтлэгийн хэсэг байсаар ирсэн. Энэ арга хэмжээний ачаар бид хэцүү цагт ч баяр хөөрөө алдалгүй Еховад үнэнч байж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Бас чуулганаар шинэ найз нөхөдтэй болж, дэлхий дахины ахан дүүсийн барилдлагад багтах гэж юу болохыг мэдэж авдаг. Ехова ард түмнээ ивээж халамжилдгийн нэг баталгаа нь чуулган юм. Тиймээс энэ сайхан баярт оролцож, бүх хөтөлбөрийг эхнээс нь дуустал сонсохын тулд ажил төрлөө зохицуулахыг хүн бүр хүсдэг (Сур. 10:22).