Skip to content

Гарчиг руу орох

Бурханд дуулгавартай байж, ивээл хүртье

Бурханд дуулгавартай байж, ивээл хүртье

«Бурхан ... Өөрөөсөө агуу хэнээр ч тангараглах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангарагласан» (ЕВР. 6:13).

1. Еховагийн амлалт хүнийхээс ямар ялгаатай вэ?

 ЕХОВА «үнэний Бурхан» билээ (Дуу. 31:5). Төгс бус хүний үгэнд дандаа итгэх аргагүй. Харин «Бурханы хувьд худал айлдах боломжгүй» (Евр. 6:18; Тооллого 23:19-ийг уншина уу). Бурхан хүн төрөлхтний төлөө хийхээр амласан бүхнээ хэзээ ямагт биелүүлдэг. Жишээ нь, дэлхий дээр ямар нэг юм бүтээх бүрдээ юу хийхээ хэлдэг байсан бөгөөд тэр нь «ёсоор болдог» байв. Тийм учраас, зургаа дахь өдрийн эцэст «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» (Эх. 1:6, 7, 30, 31).

2. Бурхны амралтын өдөр гэж юу вэ? Энэ өдрийг «ариун болгов» гэсэн нь юуны баталгаа вэ?

2 Ехова Бурхан бүтээсэн бүхнээ хараад нэн сайхан гэж хэлснийхээ дараа долоо дахь өдөр буюу амралтын өдөр эхэлснийг тунхаглажээ. Энэ нь 24 цагаар хэмжигддэггүй бөгөөд удаан хугацаагаар үргэлжилдэг тодорхой үе юм. Бурхан дэлхий дээр хийж бүтээе гэсэн бүх ажлаа дуусгаад амарсан (Эх. 2:2). Бурхны амралтын өдөр одоо ч дуусаагүй (Евр. 4:9, 10). Чухам хэзээ эхэлснийг Библид бичээгүй. 6 000-аад жилийн өмнө Адамын эхнэр Еваг бүтээсний дараа эхэлсэн нь тодорхой. Есүс Христийн Мянган жилийн засаглал удахгүй эхэлнэ. Тэр хугацаанд Бурхан дэлхийг диваажин болгож, төгс хүмүүсийг үүрд мөнх амьдруулна гэсэн санаа зорилгоо биелүүлнэ (Эх. 1:27, 28; Илч. 20:6). Таныг ийм сайхан ирээдүй хүлээж байна! Учир нь «Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов» гэж байдаг. Ямар нэг асуудал гэнэт гарсан ч Бурхан амралтын өдрийнхөө эцэс гэхэд санаа зорилгоо заавал биелүүлсэн байхыг энэ үг баталдаг (Эх. 2:3).

3. а) Бурхны амралтын өдөр эхлэхэд юу болсон бэ? б) Тангараглах шаардлага Еховад байсан уу? Самуун явдлыг арилгана гэдгээ хэрхэн мэдэгдсэн бэ?

3 Гэтэл Бурхны амралтын өдөр эхлэхэд гайтай явдал болжээ. Бурхны сүнсэн хүү байснаа хожим нь Сатан болсон этгээд өөрөө бурхан болох гэж санаархсан. Анх удаа худлаа ярин Еваг мэхэлж, Еховад дуулгаваргүй болгож дөнгөв (1 Тим. 2:14). Дараа нь Ева нөхрөө энэ самуун явдалд уруу татжээ (Эх. 3:1–6). Сатан Бурхныг худал хэлсэн хэмээн гүтгэсэн нь орчлонт ертөнц дэх хамгийн адгийн явдал байлаа. Дэлхийн талаарх санаа зорилго нь гарцаагүй биелэх тул батлан тангараглах шаардлага Еховад байгаагүй. Харин тангараглахын оронд самуун явдлыг хэрхэн арилгах тухайгаа зүгээр л ингэж хэлжээ. «Би [Сатан] чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэсэн. Энэ үг цаг нь болохоор ойлгомжтой болох байв (Эх. 3:15; Илч. 12:9).

ТАНГАРАГ ТОНГОРОГНООС ХУРЦ

4, 5. Абрахам хэлсэн үгийнхээ үнэнийг заримдаа яаж баталдаг байсан бэ?

4 Ямар нэг зүйлийг үнэн гэж батлан тангараглах шаардлага хүний түүхийн эхэнд байгаагүй нь лавтай. Ер нь төгс бүтээлүүдийн хувьд Бурхныг хайрладаг, түүнийг даган дууриадаг бол ам өчиг өгөх учиргүй. Яагаад гэвэл, тэд үргэлж үнэн юм ярьж, бие биедээ бүрэн итгэдэг. Гэвч хүн нүгэлтэй, төгс бус болсноор бүх юм өөрчлөгдсөн. Худал хэлэх, хуурч мэхлэх явдал газар авснаас болж чухал асуудлыг үнэн гэж батлахын тулд тангараглах болжээ.

5 Абрахам наад зах нь гурван удаа ам тангараг өгсөн байдаг (Эх. 21:22–24; 24:2–4, 9). Нэг явдлыг авч үзье. Тэрбээр Еламын хааныг холбоотнуудтай нь бут цохичихоод буцаж иржээ. Тэгтэл Салем болон Содомын хаад түүнийг тосож уулзав. Салемын хаан Мелхизедек «Хамгийн Дээд Бурханы тахилч» байсан учир Абрахамыг ерөөж, дайснаа дарахад нь тусалсан Бурхныг магтсан (Эх. 14:17–20). Содомын хаан өстөн дайсны савраас харьяат албатыг минь аварлаа гээд шагнах гэхэд Абрахам тангараглан: «Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи „Би Абрамыг баян болгосон“ гэж хэлэх вий» хэмээжээ (Эх. 14:21–23).

ЕХОВА АБРАХАМД ТАНГАРАГЛАСАН НЬ

6. а) Абрахам бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ? б) Абрахам дуулгавартай байсан нь бидэнд ямар ач тустай вэ?

6 Ехова Бурхан нүгэлт хүмүүсийн тусын тулд тангарагладаг байсан. Ингэхдээ «Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж хэлдэг байжээ (Езе. 17:16). Ехова Бурхан ам тангараг өгсөн талаар Библид 40 гаруй удаа бичжээ. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нэг жишээ нь Абрахамд тангарагласан явдал юм. Ехова олон жилийн хугацаанд Абрахамтай нэлээд хэдэн удаа гэрээ байгуулж, амласан Үрийг өөрийнх нь удмаас, хүү Исаакаас нь төрүүлэхээ амласан (Эх. 12:1–3, 7; 13:14–17; 15:5, 18; 21:12). Дараа нь хайртай хүүгээ тахил болгохыг тушаасан нь Абрахамд хүнд сорилт байлаа. Гэхдээ Абрахам тушаалыг тэр дор нь гүйцэтгэж, хүү Исаакаа тахил болгон өргөдгийн даваан дээр Бурхны тэнгэр элч түүнийг болиулжээ. Тэгэхэд нь Бурхан тангараглаж «Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь, Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно. Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно» хэмээн айлджээ (Эх. 22:1–3, 9–12, 15–18).

7, 8. а) Бурхан Абрахамд ямар зорилгоор тангарагласан бэ? б) Энэ тангараг «өөр хонинуудад» ямар ач холбогдолтой вэ?

7 Бурхан амласнаа биелүүлэхээ Абрахамд тангарагласны учир юу вэ? Амласан «үрийн» туслах хэсгийг бүрдүүлдэг, Христтэй хамт өв залгамжлах хүмүүсийг урамшуулан зоригжуулах, итгэлийг нь бэхжүүлэх зорилготой байжээ (Еврей 6:13–18-ыг уншина уу; Гал. 3:29). Элч Паулын тайлбарласнаар, Бурхан «худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйл» буюу амлалт, тангараг өгчээ. Ингэснээр тослогдогсод өмнөө «тавигдсан найдварыг барьж авах» урам зоригтой болох учиртай байлаа.

8 Бурхан Абрахамд тангараг өгсөн нь зөвхөн тослогдсон христиануудад ач холбогдолтой юм биш ээ. Ехова «газар дэлхийн бүх үндэстнийг» Абрахамын «үрээр» (ШЕ) дамжуулан ивээнэ хэмээн тангарагласан билээ (Эх. 22:18). Тиймээс диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай, Христэд дуулгавартай «өөр хонинууд» бас ивээл хүртэнэ (Иох. 10:16, ШГ). Тэнгэр газрын алинд ч амьдрах бай, энэ найдвараасаа «барьж аван» цаашдаа ч Бурхандаа дуулгавартай байцгаая (Еврей 6:11, 12-ыг уншина уу).

ЕХОВА ДАХИН ТАНГАРАГЛАСАН НЬ

9. Абрахамын үр удмыг Египетэд боолчлогдож байхад Бурхан юу гэж тангарагласан бэ?

9 Ехова Абрахамд амласнаа биелүүлэхийн тулд олон зууны дараа дахин тангараглажээ. Энэ явдал Египетийн боолчлолд байсан Абрахамын үр удам руу Мосег явуулах үед болсон юм (Ег. 6:6–8). Бурхан тэр тангаргийнхаа утгыг хожим нь тайлбарлаж, «Би Израилийг сонгон ... тэднийг Египетийн нутгаас авчирч, ... сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав» хэмээжээ (Езек. 20:5, 6).

10. Бурхан израильчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараа юу гэж амласан бэ?

10 Ехова израильчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараа тэдэнд өөр нэг амлалт өгч «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» хэмээн хэлжээ (Ег. 19:5, 6). Бурхан Израилийн ард түмэнд ямар агуу завшаан олгоо вэ! Хэрэв дуулгавартай байвал Ехова Израилийг «тахилч нарын хаанчлал» болгож, улмаар бусад бүх үндэстэнд ивээл хүртээх байв. Тэр амлалт нь үнэн хэрэгтээ тангараг байсныг хожим нь тайлбарлан «Би ... чамд тангараглан, ... чамтай гэрээнд нэгдсэн» гэжээ (Езек. 16:8).

11. Израильчууд Бурхны сонгосон ард түмэн болох онцгой завшааныг хэрхэн хүлээж авсан бэ?

11 Өөрт нь дуулгавартай байхаа амлаж тангарагла хэмээн Ехова израильчуудыг албадаагүй. Бас энэ онцгой завшааныг хүчээр эдлүүлээгүй. Харин ч израильчууд дуулгавартай байна гэж өөрсдөө хэлсэн. Тийм учраас, «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» гэцгээсэн (Ег. 19:8). Ехова Бурхан юу хүсэж байгаагаа сонгосон ард түмэндээ гурван хоногийн дараа мэдүүлжээ. Эхлээд тэдэнд Арван тушаалаа өгсөн. Дараа нь Египетээс гарсан нь 20:22—23:33-т байдаг бусад тушаалыг Мосегоор хэлүүлжээ. Тэгэхэд нь израильчууд юу гэж хариулсан бэ? «Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар „ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ“ гэж хариулцгаав» (Ег. 24:3). Тэгээд Мосе тэдгээр хуулийг «гэрээний номд» бичиж, ард түмэнд чанга уншиж өгсөнд израильчууд дахин сонсжээ. Дараа нь ард түмэн гурав дахь удаагаа тангараглан, «ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно» гэсэн (Ег. 24:4, 7, 8).

12. Ехова Израиль хоёр байгуулсан гэрээндээ яаж хандсан бэ?

12 Ехова Хуулийн гэрээгээр амласнаа тэр даруйд нь биелүүлж мөргөлийн асарт үйлчлэх тахилчдыг сонгов. Ингэснээр нүгэлт хүмүүс Еховатай харьцах боломжтой болжээ. Харин Израиль Бурхны ард түмэн болсноо тэр дор нь мартаж, «Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн» юм (Дуу. 78:41). Жишээлбэл, цаашид яах ёстойг мэдэхээр Мосег Синаи уул руу явсан хойгуур нь тэд тэвчээргүй загнан, Еховад итгэхээ больж, улмаар Мосе өөрсдийг нь хаяад явсан гэж боджээ. Тэгээд алтан тугал хийж, «Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм» хэмээн хэлсэн (Ег. 32:1, 4). Тэд «ЭЗЭНд зориулсан баяр наадам» гэгчийг тэмдэглэж, өөрсдийнхөө хийсэн шүтээнд мөргөж, тахил өргөдөг. Ехова үүнийг үзээд Мосед «Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ» гэв (Ег. 32:5, 6, 8). Тэр үеэс эхлэн израильчууд Бурханд өгсөн амлалтаа зөрчих болсон нь харамсалтай (Тоол. 30:2).

БУРХАН ДАХИН ХОЁР УДАА ТАНГАРАГЛАСАН НЬ

13. Бурхан Давид хаанд юу гэж тангарагласан бэ? Энэ нь амласан Үртэй ямар холбоотой вэ?

13 Ехова өөрт нь дуулгавартай бүх хүнийг ивээхээ Давидын хаанчлалын үед дахин хоёр удаа тангараглажээ. Эхнийх нь Давидын хаан ширээг мөнхөд тогтоох тухай тангараг байв (Дуу. 89:35, 36; 132:11, 12). Энэ нь, амласан Үр Давидын удмаас гарч, «Давидын Хүү» гэж хэлэгдэнэ гэсэн үг юм (Мат. 1:1; 21:9). Давид даруу байж, өөрийнх нь удмаас төрөх тэр хүнийг «Эзэн» хэмээн хэлжээ. Учир нь Христийг өндөр байр суурь эзэлнэ гэдгийг мэдэж байв (Мат. 22:42–44).

14. Ехова амласан Үрийн талаар юу гэж тангарагласан бэ? Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

14 Ехова хоёр дахь удаа Давидад тангараглахдаа, амласан Үр зөвхөн Хаан болоод зогсохгүй хүн төрөлхтний төлөө Тэргүүн Тахилчаар үйлчлэхийг хэлжээ. Эртний Израильд хаан, тахилчийн албыг нэг хүн хашдаггүй байв. Иуда овгийн хүн хаан, леви овгийн хүн тахилч болдог хуультай байсан. Харин ирээдүйн энэ Хааны тухай Давид: «ЭЗЭН миний Эзэнд „Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу“ гэдэг. ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй, „Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм“» хэмээн зөгнөжээ (Дуу. 110:1, 4). Энэ зөгнөл биелж, амласан Үр Есүс Христ одоо тэнгэрээс захирч байна. Мөн түүнчлэн, хүн төрөлхтний төлөө Тэргүүн Тахилчаар үйлчилж, гэмшсэн хүмүүсийг Бурхантай сайн харьцаатай болоход нь тусалж байна (Еврей 7:21, 25, 26-г уншина уу).

БУРХНЫ ШИНЭ ИЗРАИЛЬ

15, 16. а) Библид ямар хоёр Израилийн тухай байдаг вэ? Аль Израиль нь өнөөдөр Бурхны ивээлийг хүртэж байна вэ? б) Тангараглах талаар Есүс дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ?

15 Израиль үндэстэн Христийг үл тоомсорлосны улмаас Бурхны сайшаалыг болон «тахилч нарын хаанчлал» болох завшаанаа алдсан. Есүс Иудейн удирдагчдад «Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэжээ (Мат. 21:43). МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимд цугласан Есүсийн 120 шавь дээр Бурхны сүнс асгарснаар энэ үндэстэн бий болжээ. Удалгүй, «Бурханы Израиль» гэгддэг энэ шинэ үндэстний бүрэлдэхүүнд тухайн үеийн үндэстэн бүрийн олон мянган хүн багтах болсон (Гал. 6:16).

16 Шинээр бий болсон сүнслэг Израиль Бурхны анх сонгосон Израиль үндэстнээс юугаараа ялгаатай вэ? Бурханд үргэлж дуулгавартай байж, сайн үр жимс ургуулдаг. «Бурхны Израилийн» биелүүлэх ёстой тушаалын нэг нь тангараг өргөх тухай юм. Есүсийг дэлхийд байх үед хүмүүс хуурамчаар тангарагладаг, аар саар зүйл дээр ам өчиг өгдөг байжээ (Мат. 23:16–22). Есүс дагалдагчдадаа «Юугаар ч бүү тангарагла. ... Харин үг чинь „За [бол] за“ эсвэл „Үгүй [бол] үгүй“ байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм» хэмээн заажээ (Мат. 5:34, 37).

Еховагийн амлалт хэзээ ямагт биелдэг

17. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

17 Тэгвэл тангараглаж огт болохгүй гэсэн үг үү? «Үг чинь „За [бол] за“» байх ёстой гэдгийг юу гэж ойлгох вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ. Бурхны Үгийг цаашдаа ч эргэцүүлэн бодож, Еховад ямагт дуулгавартай байцгаая. Ингэвэл Бурхан тангарагласан ёсоороо биднийг үүрд мөнх ивээнэ.