Skip to content

Гарчиг руу орох

Амласнаа биелүүлье

Амласнаа биелүүлье

«Үг чинь „За [бол] за“ эсвэл „Үгүй [бол] үгүй“ байг» (МАТ. 5:37).

1. Ам тангараг өгөх талаар Есүс юу гэж хэлсэн бэ? Яагаад?

 ЕР НЬ, жинхэнэ христианууд ам тангараг өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл, тэд Есүсийн хэлснийг дуулгавартай дагадаг. Есүс: «Үг чинь „За [бол] за“ ... байг» гэж хэлэхдээ, амласан бол түүнийгээ биелүүл гэсэн санаа илэрхийлжээ. Энэ тушаалыг өгөхийнхөө өмнө «Юугаар ч бүү тангарагла» гэж хэлсэн. Учир нь ямар нэг юмыг хийнэ гэж бодлогогүй амладаг, дахин дахин тангарагладаг муу зуршилтай хүн олон байдаг. «За» эсвэл «Үгүй» гэж хэлчихээд хэрэгжүүлдэггүй хүн үнэхээр найдваргүй бөгөөд «муу» нэгний нөлөөнд байдаг гэсэн үг юм (Матай 5:33–37-г уншина уу).

2. Тангараглаж огт болохгүй юу? Тайлбарлана уу.

2 Тангараглаж огт болохгүй гэж Есүс хэлсэн үү? Бид өмнөх өгүүллээр Ехова Бурхан болон үнэнч үйлчлэгч Абрахам онцгой тохиолдолд тангараглаж байсныг үзсэн билээ. Үүнээс гадна, ямар нэгэн маргааныг шийдвэрлэх үед ам тангараг өгөхийг Бурхны Хуульд заасан байжээ (Ег. 22:10, 11; Тоол. 5:21, 22). Христиан хүнд ч бас шүүх дээр үнэнийг хэлэхээ тангараглах шаардлага гарч болох юм. Эсвэл ямар нэг зүйлийг хийхээр төлөвлөж байгаагаа бусдад хэлж ам өчгөө өгөх юм уу эсвэл аливаа асуудлыг үнэнээр нь хэлэхээ тангараглах үе ч байж мэднэ. Тэргүүн тахилч тангараглахыг шаардахад Есүс татгалзалгүй, Иудейн Зөвлөлд үнэнийг өчсөн (Мат. 26:63, 64). Уг нь Есүс үргэлж үнэн юм ярьдаг учир тангараглах шаардлагагүй байв. Тэгсэн ч гэсэн сургаалд нь итгэж болно гэдгийг онцлохын тулд «Үнэнээр, үнэнээр би та нарт хэлье» гэж хэлдэг байжээ (Иох. 1:51; 13:16, 20, 21, 38). Хэлсэн үгээ найдвартай биелүүлдэг байсан Есүс, Паул болон бусад хүнээс юу сурч болохыг одоо үзье.

ЕСҮС ХАМГИЙН САЙН ЖИШЭЭ ҮЗҮҮЛСЭН

3. Есүс Еховад залбирахдаа юу гэж амласан бэ? Тэнгэрийн Эцэг нь хэрхэн хариулсан бэ?

3 «Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр би ирлээ» (Евр. 10:7). Есүс ийнхүү залбирч, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээ амласан. Энэ нь амласан Үрийн тухай зөгнөсөн ёсоор бүхнийг хийнэ, тэр байтугай Сатанд өсгийгөө няцлуулна гэсэн үг байв (Эх. 3:15). Ийм хэцүү даалгаврыг түүнээс өөр хэн ч сайн дураараа биелүүлээгүй юм. Амласнаа биелүүлнэ гэж тангараглахыг Ехова Хүүгээсээ шаардаж байгаагүй ч, дээрх залбиралд нь хариулахдаа түүнд бүрэн дүүрэн итгэдгээ илэрхийлсэн (Лук 3:21, 22).

4. Есүс «За» гэж амласнаа бүрэн биелүүлснийг хаанаас мэдэж болох вэ?

4 Есүс «За» л гэсэн бол түүнийгээ үргэлж биелүүлдэг байсан. Өөр юунд ч татагдалгүй, Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө хамаг анхаарлаа хандуулдаг байв. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, Эцгийнхээ татсан хүмүүсийг шавь болгох ажлыг зогсолтгүй хийжээ (Иох. 6:44). Есүс амласан бүхнээ биелүүлснийг Библид «Бурханы бүх амлалт Түүний [Есүсийн] дотор „За“ гэдэг» хэмээн бичсэн байдаг (2 Кор 1:20). Эцэгтээ амласнаа ийнхүү биелүүлсэн нь бидэнд хамгийн сайн үлгэр дууриал болдог. Есүсийг дууриах гэж чадах бүхнээ хийсэн нэг хүний тухай авч үзье.

ПАУЛ «ЗА» ГЭВЭЛ ЁОГҮЙ ХҮН БАЙСАН

5. Элч Паул бидэнд сайн үлгэр дууриал болдог гэхийн учир юу вэ?

5 «Эзэн, би юу хийх вэ?» (Үйлс 22:10). Эзэн Есүс тухайн үед Саул нэртэй байсан Паулд гайхамшгаар үзэгдэн, христиануудыг хавчихаа болихыг шаарддаг. Тэгэхэд нь Паул чин сэтгэлээсээ ийн асуужээ. Энэ үйл явдлын дараа Саул өмнөх амьдралдаа гэмшин, баптисм хүртэж, Есүсийн тухай сайн мэдээг үндэстнүүдэд хүргэх тусгай даалгаврыг дуртайяа хүлээн авчээ. Тэр цагаас хойш үхэн үхтэлээ Есүсийг «Эзэн» хэмээн дуудаж, дуулгавартай захирагдах болсон (Үйлс 22:6–16; 2 Кор. 4:5; 2 Тим. 4:8). Есүс зарим хүнд «Та нар Намайг „Эзэн, Эзэн“ гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ?» хэмээн хэлсэн байдаг. Харин Паул тэдэн шиг байгаагүй юм (Лук 6:46). Тэрбээр Есүсийг Эзэн гэж хүлээн зөвшөөрдгөө үйл хэргээрээ баталдаг байсан. Есүс бүх хүнийг Паул шиг байгаасай гэж хүсдэг.

6, 7. а) Паул Коринтын христиануудыг эргэж тойрох төлөвлөгөөгөө яагаад өөрчилсөн бэ? Зарим хүн Паулыг найдваргүй хүн гэж шүүмжилснийг зөвтгөх аргагүйн учир юу вэ? б) Бид удирдах үүрэгтэй хүмүүст яаж хандах ёстой вэ?

6 Паул Бага Ази, Европ даяар Хаанчлалын тухай мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглан, олон хурал үүсгэн байгуулж, дахин дахин эргэж тойрдог байжээ. Бичсэн зүйл нь үнэн гэдгийг заримдаа батлан тангараглах шаардлага гардаг байв (Гал. 1:20). Коринт хотын зарим христиан түүнийг итгэл хүлээлгэх аргагүй хүн хэмээн буруутгахад өөрийгөө өмгөөлөн: «Бурхан худлаа хэлэхгүй. Бид та нарт „За“ гэж хэлэхэд ч тэр яасан ч худлаа биш» гэж бичсэн (2 Кор. 1:18, ШГ). Паул Ефесээс Коринт орох замдаа Македонид очжээ. Тэнд байхдаа үүнийг бичсэн аж. Уг нь Македони руу биш, Коринт руу явж, тэндхийн итгэл нэгтнүүдээ эргэж тойръё гэсэн бодолтой байв (2 Кор. 1:15, 16). Ер нь аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага өнөөгийн явуулын харгалзагчдад хааяа гардаг. Гэхдээ тэд аар саар зүйл, амин хувийн шалтгаанаас бус, харин гэнэт үүссэн нөхцөл байдлаас болоод ингэхэд хүрдэг. Паулд бас тийм юм тохиолджээ. Тэрбээр эргэлтээ түр хойшлуулсан нь Коринт дахь христиануудын тусын тулд байв. Ингэж хэлж болохын учир юу вэ?

7 Паул Коринтын хурлын тухай таагүй мэдээ хүлээн авчээ. Тэндхийн христианууд талцан хуваагдаж, садар самуун явдалд хүлцэнгүй ханддаг болсон байв (1 Кор. 1:11; 5:1). Үүнийг засахын тулд Паул Коринтынхонд бичсэн эхний захидлаараа хатуу сануулга өгсөн аж. Тэгээд сануулгыг анхаарч, алдаагаа засах хугацаа олгохын тулд Ефесээс Коринт руу шууд явахгүй байхаар шийджээ. Ингэвэл, түүнийг очиход Коринтын христианууд илүү их урамшин зоригжих байлаа. Паул төлөвлөгөөгөө өөрчлөх болсны учрыг хоёр дахь захидалдаа тайлбарлан: «Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг» гэж бичсэн (2 Кор. 1:23). Бид Паулыг шүүмжилдэг байсан хүмүүс шиг байлгүй, харин Бурхны томилсон хүмүүсийг гүнээ хүндэтгэх учиртай. Паул Христийг дууриан амласнаа биелүүлсний адил, бид ч бас түүнийг дууриах нь зүйтэй (1 Кор. 11:1; Евр. 13:7).

САЙН ЖИШЭЭ ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮС

8. Ребека ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

8 «Би явна» (Эх. 24:58). Абрахамын хүү Исаакийн эхнэр болмоор байна уу гэж ээж ах хоёрыгоо асуухад Ребека ийн хариулжээ. Тэр өдөртөө төрсөн гэрээ орхин, танихгүй хүнийг дагаад 800 километр газар аялах ёстой байлаа (Эх. 24:50–58). Ребека хэлсэндээ хүрч, Бурхнаас эмээдэг, үнэнч эхнэр болсон. Тэрбээр Амласан газарт харийн хүн мэт насан туршдаа майханд амьдарчээ. Үнэнч байсан түүнийг Ехова шагнаж, амласан Үр Есүс Христийн элэнц эх болгосон юм (Евр. 11:9, 13).

9. Рут хэлсэн үгэндээ яаж хүрсэн бэ?

9 «Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна» (Рут 1:10). Бэлэвсэрч үлдсэн моаб бүсгүйчүүд болох Рут Орпа хоёр хадам ээж Наомигаа Бетлехем рүү буцахад нь энэ үгийг дахин дахин хэлжээ. Гэвч эцэст нь бэлэвсэн эмэгтэй Наомийн шахаж шаардсанаар Орпа нутаг буцдаг. Харин Рут хэлснээсээ няцаагүй (Рут 1:16, 17-г уншина уу). Моабын хуурамч шашин шүтэхээ больж, төрөл төрөгсдөө орхин, Наомитай хамт явсан. Рут эцсээ хүртэл Еховад үнэнч байж, ивээл хүртжээ. «Матай» номд гардаг Христийн угийн бичигт дурдсан таван эмэгтэйн нэг нь Рут юм (Мат. 1:1, 3, 5, 6, 16).

10. Исаиа ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

10 «Би энд байна. Намайг явуулаач» (Ис. 6:8). Исаиа энэ үгийг хэлэхийнхээ өмнө Израилийн сүмийн дээхэн талд сэнтийдээ заларч байгаа Еховаг гайхамшгаар үзжээ. Тэрхүү сүрлэг үзэгдлийг гайхан биширч байхдаа «Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?» гэж асуух Еховагийн дууг сонсов. Исаиа энэ урилгыг хүлээж аваад, хэлсэндээ хүрчээ. Тэрбээр Еховагийн төлөөлөгч болж 46 жил зөнчөөр үйлчилсэн. Энэ хугацаанд, Бурхан зөрүүд израильчуудыг шийтгэх гэж байгааг тунхаглаж, жинхэнэ шүтлэг сэргэх тухай сайхан мэдээ хүргэсэн юм.

11. а) Амласнаа биелүүлэх нь хэр чухал бэ? б) Хэлсэн үгэндээ хүрээгүй хэний жишээ сануулга болдог вэ?

11 Ехова дээрх жишээг Библид бичүүлсэн нь ямар учиртай юм бол оо? «За» гэж хэлсэн бол биелүүлэх нь хэр чухал бэ? «Найдваргүй» буюу амласнаа биелүүлдэггүй хүн «үхвэл зохино» хэмээн Библид тодорхой анхааруулсан байдаг (Ром 1:31, 32). «За» гэж хэлсэн атлаа хэлсэндээ хүрээгүй, муу жишээ үзүүлсэн хүмүүсээс Египетийн фараон Иудагийн хаан Зедекиа Ананиа Сапфир нарыг онцолж болно. Тэд бүгдээрээ үүнийхээ горыг амссан нь бидэнд сануулга болдог (Ег. 9:27, 28, 34, 35; Езе. 17:13–15, 19, 20; Үйлс 5:1–10).

12. Хэлсэн үгэндээ хүрдэг байхын тулд яах хэрэгтэй вэ?

12 «Эцсийн өдрүүдэд» амьдарч буй бидний эргэн тойронд «бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг» үнэнч бус хүн олон бий (2 Тим 3:1–5). Бид ийм хүмүүсээс аль болохоор хол байж, «За» гэж хэлсэндээ хүрэхийг хичээдэг хүмүүстэй байнга уулзах хэрэгтэй (Евр. 10:24, 25).

ХАМГИЙН ЧУХАЛ АМЛАЛТ

13. Есүс Христийн дагалдагчдын хамгийн чухал амлалт юу вэ?

13 Бурханд өөрийгөө зориулах нь бидний хувьд хамгийн чухал амлалт өгч буй хэрэг юм. Есүсийн шавь болох хүсэлтэй хүнээс үнэхээр хүсэж байгаа эсэхийг нь гурван удаа асуудаг (Мат. 16:24). Эхлээд, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болохын өмнө хоёр ахлагч: «Та Еховагийн Гэрч болохыг үнэхээр хүсэж байна уу?» гэж асууж ярилцана. Дараа нь, сүнслэгээр өсөөд баптисм хүртэхийг хүссэн үед нь ахлагчид уулзаж, «Та өөрийгөө Еховад зориулж залбирсан уу?» хэмээн асууна. Тэгээд баптисм хүртэх өдөр нь «Та урьд үйлдэж байсан нүглээ Есүсийн золих тахилын үндсэн дээр гэмшиж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр түүнд өөрийгөө зориулсан уу?» гэсэн асуулт тавихад Бурханд үүрд үйлчлэхээ олон гэрчийн өмнө амладаг.

14. Бид өөрсдөөсөө үе үе юу гэж асуух хэрэгтэй вэ?

14 Та саяхан баптисм хүртсэн үү? Эсвэл Бурханд олон арван жил үйлчилж байна уу? Аль нь ч бай, дараах асуултыг асуун өөрийгөө үе үе шалгаж байгаарай. «Би Есүс Христийг дууриан хамгийн чухал амлалтынхаа дагуу амьдарч байна уу? Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг амьдралынхаа гол зорилго болгож, Есүст дуулгавартай захирагдаж байгаа юу?» (2 Коринт 13:5-ыг уншина уу).

15. Амласнаа биелүүлэх зайлшгүй шаардлагатай өөр ямар ямар үе байдаг вэ?

15 Өргөсөн тангарагтаа үнэнч байж Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарна гэдэг нь бусад чухал зүйлд ч үнэнч байхыг хэлнэ. Жишээ нь, та гэрлэсэн бол ханиа хайрлаж, хүндэтгэнэ гэсэн чухал амлалтаа үргэлж биелүүлээрэй. Хамтран ажиллах гэрээ байгуулсан, эсвэл Еховагийн байгууллагад сайн дураараа үйлчлэхээр анкет бөглөсөн бол амласнаа ажил хэрэг болгоорой. Ядуу дорой хүн таныг хоолонд урихад та очихоо амлажээ. Гэтэл боломжийн амьдралтай өөр нэг хүн яг тэр цагт илүү тансаг зоогт уривал өмнөх амлалтаа бүү мартаарай. Айлаар дэлгэрүүлж яваад уулзсан хүнтэйгээ дахин уулзана гэж тохирсон бол заавал очоорой. «За» гэснээ биелүүлдэг бол Ехова таныг ивээх болно (Лук 16:10-ыг уншина уу).

ТЭРГҮҮН ТАХИЛЧ БӨГӨӨД ХААН ЕСҮСИЙН ИВЭЭЛ

16. Амласнаа биелүүлж чадаагүй бол яах хэрэгтэй вэ?

16 Библид төгс бус хүмүүсийг «олон юман дээр», ялангуяа, «хэлэх үгэн дээрээ» бүдэрдэг гэж бичсэн байдаг (Иак. 3:2). Амласнаа биелүүлж чадахгүйгээ мэдвэл яах нь зүйтэй вэ? Эртний израильчуудад өгсөн Бурхны Хуульд зааснаар, «амаараа бодлогогүйгээр тангарагласан» гэмтэй хүн өршөөл хүртэх боломжтой байжээ (Лев. 5:4–7, 11). Ийм алдаа гаргасан христиан ч бас өршөөл хүртэх боломжтой. Нүглээ нэгд нэгэнгүй илчилбэл Ехова Тэргүүн Тахилч Есүс Христээр дамжуулан өршөөж уучилна (1 Иох. 2:1, 2). Гэхдээ Бурхны сайшаалыг алдахгүйн тулд чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлан харуулах ёстой. Үүний тулд гаргасан алдаагаа давтахгүй байх нь нэн чухал. Бас юунаас болоод бодлогогүй ярьснаа олж мэдээд, засах гэж чадах бүхнээ хийгээрэй (Сур. 6:2, 3). Ер нь, чадахгүй байж амласнаас, урьдаар сайтар бодох нь хавьгүй дээр (Номлогчийн үгс 5:2-ыг уншина уу).

17, 18. «За» гэж хэлсэндээ хүрэхийг хичээдэг бүх хүнийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ?

17 «За» гэж хэлсэндээ хүрэх гэж хичээдэг Еховагийн бүх үйлчлэгчийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ! Тослогдсон 144 000 хүн тэнгэрт үхэшгүй мөнхийн амьтай болж, Есүстэй «хамт мянган жилийн турш хаанчилна» (Илч. 20:6). Харин тоолж баршгүй олон сая хүн диваажин дэлхийд амьдарч, Христ тэргүүтэй Бурхны Хаанчлалын ивээлээр цоо эрүүл биетэй, төгс оюун ухаантай болно (Илч. 21:3–5).

18 Хүн төрөлхтөн Есүсийн Мянган жилийн засаглалын эцэст сүүлчийн сорилтод орно. Сорилтыг амжилттай давж үнэнчээ баталбал бие биеийнхээ хэлсэн үгэнд үргэлж итгэж амьдарна (Илч. 20:7–10). Бүх хүн «За» гэж хэлсэн бол за, «Үгүй» гэж хэлсэн бол үгүй л байх болно. Тэнгэрт байдаг хайртай Эцэг, «үнэний Бурхан» Еховагаа хүн бүр төгс дууриана (Дуу. 31:5).