Skip to content

Гарчиг руу орох

Та ямар хандлага, зан чанартай хүн бэ?

Та ямар хандлага, зан чанартай хүн бэ?

«Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай» (ФЛМ. 25).

1. Паул юунд итгэдгээ хурлуудад бичсэн захидалдаа илэрхийлсэн бэ?

 ЭЛЧ ПАУЛ нэгдүгээр зууны христиануудад бичсэн захидалдаа Ехова Есүс хоёр хурлуудын «сүнсийг» сайшаадаг гэдэгт итгэдгээ олон удаа илэрхийлсэн байдаг. Жишээ нь, Галатын христиануудад «Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен» гэж бичжээ (Гал. 6:18). Юуг «та нарын сүнс» гэсэн бэ?

2, 3. а) Паул «сүнс» гэдэг үгийг заримдаа ямар утгаар хэрэглэдэг байсан бэ? б) Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

2 Паулын бичсэн «сүнс» гэдэг нь хүний хандлага, зан чанар юм. Энэ нь үг яриа, үйл хэргээр илэрдэг. Зарим хүн эелдэг боловсон, анхаарал халамжтай, дөлгөөн зантай, өгөөмөр сэтгэлтэй, уучламтгай байдаг. Библид «дөлгөөн болон даруу сүнсийг» сайшаадаг (1 Петр 3:4, МБОХ, 2000). Харин зарим нь бусдаар даажигнадаг, эд мөнгөнд дуртай, амархан гомддог, захирагдах дургүй. Тэр бүү хэл, завхай юм боддог, дуулгаваргүй загнадаг, Бурханд тэрсэлдэг хүн ч бий.

3 Паул «Эзэн чиний сүнстэй хамт байг» гэж хэлсэн нь Бурхны хүсэлд нийцсэн үзэл бодол, хандлагатай байж, Христийнх шиг зан чанар илэрхийлж байхыг уриалсан хэрэг байв (2 Тим. 4:22; Колоссай 3:9–12-ыг уншина уу). Бид өөрсдөөсөө «Би ямар хандлага, зан чанартай хүн бэ? Хандлага, зан чанараа Бурхны таалалд үргэлж нийцүүлэхийн тулд яах вэ? Хурлынхаа сайн сайхны төлөө би юу хийж чадах вэ?» гэж асуух нь зүйтэй. Ингэж асуухын учрыг жишээгээр бодъё. Талбай дүүрэн ургасан наранцэцэг алтран шаргалтаад ямар гоё харагддаг гээч. Цэцэг бүр нь цоморлогоо дэлгэсэн учраас л тэр шүү дээ. Та хурлаа бүхэлд нь «гоё харагдуулахад» хувь нэмрээ оруулдаг «цэцэг» мөн үү? Тийм «цэцэг» болоход хичээл зүтгэл хэрэгтэй. Бурханд таалагддаг хандлага, зан чанар илэрхийлэхийн тулд яах ёстойг авч үзье.

ЕРТӨНЦИЙНХНИЙ ХАНДЛАГААС ЗАЙЛСХИЙХ НЬ

4. «Ертөнцийн сүнс» гэж юу вэ?

4 «Бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм» гэж Библид байдаг (1 Кор. 2:12). «Ертөнцийн сүнс» гэж юу вэ? Энэ сүнсний талаар Ефес 2:2-т дурдсан. Тэнд «Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан» гэж бичжээ. «Агаар» буюу «ертөнцийн сүнс» гэдэг нь ертөнцийнхний нийтлэг үзэл бодол юм. Энэ нь агаар адил хаа сайгүй тархсан байдаг. Өнөөдөр «Юу хийхийг минь хэн ч надад заах эрхгүй!» гэх юм уу «Эрхийнхээ төлөө тэмц!» гэсэн үзэл баримталдаг хүн олон. Тэднийг Сатаны ертөнцийн «дуулгаваргүй байдлын хөвгүүд» гэж хэлж болно.

5. Зарим израильчууд ямар хандлагатай байсан бэ?

5 Ийм хандлага шинээр бий болсон юм биш ээ. Мосегийн үед Кора Израиль дахь эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг тэрсэлжээ. Ялангуяа, тахилчаар үйлчилдэг Аарон болон түүний хөвгүүдийг эсэргүүцсэн. Алдаа дутагдлыг нь анзаарсан ч юм уу, эсвэл Мосе тэднийг хамаатан садан болохоор нь арын хаалгаар тусгай үүрэг хүлээлгэсэн гэж бодсон байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн, Кора энэ бүхэнд хүний үзлээр хандаж, Еховагийн томилсон хүмүүсийг үл хүндэтгэн, «Та нар хэт хол явчихлаа. ... Юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ?» гэж асуужээ (Тоол. 16:3). Датан Абирам нар ч Мосед дургүйцэн, «Биднийг захирах нь уу?» гэж хэлдэг. Мосег дуудахад тэд: «Бид очихгүй» хэмээн ам бардам хариулсан (Тоол. 16:12–14). Тэдний энэ хандлагыг Ехова таалаагүй тул үймээн дэгдээсэн бүх хүнийг шийтгэжээ (Тоол. 16:28–35).

6. I зууны зарим христиан ямар буруу хандлагатай байсан бэ? Шалтгаан нь юу байж болох вэ?

6 Нэгдүгээр зууны зарим христиан ч бас хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрх мэдэлтэй хүмүүсийг эсэргүүцэн шүүмжилдэг болжээ (Иуда 8). Олдсон завшаандаа сэтгэл ханалгүй, илүү ихийг санаархсан бололтой. Тэд Бурхнаас авсан үүргээ сайн биелүүлж байгаа хүмүүсийг эсэргүүцээд зогсохгүй бусдыг уруу татахыг оролдсон (3 Иохан 9, 10-ыг уншина уу).

7. Бид ямар хандлагатай болохоос сэрэмжлэх хэрэгтэй вэ?

7 Ийм хандлагатай хүмүүс христиан хуралд байх эрхгүй нь ойлгомжтой. Бид тэдэн шиг болохоос сэрэмжлэх хэрэгтэй. Мосегийн үеийн Израилийн ахмадууд, элч Иоханы үеийн ахлагчид төгс бус байсны адил өнөөгийн христиан хурлын ахлагчид ч төгс бус. Тэд алдаа гаргаж, таныг гомдоож мэдэх юм. Тэгэхэд нь ертөнцийн хандлагад автан барьцах юм уу «Энэ хүнд ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй» гэх зэргээр авирлах нь зохисгүй! Ехова ахлагчдын гаргасан иймэрхүү жижиг алдааг тоохгүй өнгөрөөж болох шүү дээ. Бид ч бас тэгж болохгүй гэж үү? Ноцтой нүгэл үйлдсэн зарим хүн өөрт нь туслахаар ирсэн ахлагчдын алдаа дутагдлыг анзаарсан учраас тэдэнтэй уулзаж тусламж авахаас цааргалдаг. Тийм хүн бол эмчээ голоод эмчлүүлээгүй, үүнийхээ улмаас эмчилгээний үр дүнг үзээгүй өвчтөнтэй адил юм.

8. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийн талаар зөв үзэлтэй байхад Библийн ямар зүйл туслах вэ?

8 Библид Есүсийг «баруун мутартаа долоон од барьснаар» дүрсэлсэн байдгийг санавал эрх мэдэлтэй хүмүүсийг эсэргүүцэх хандлагатай болохоос зайлсхийж чадна. «Од» нь тослогдсон ахлагчид бөгөөд өргөн утгаар нь авч үзвэл хурлын бүх ахлагч юм. Есүс мутартаа байгаа тэр «одыг» зохистой гэж үзсэнээрээ удирдан чиглүүлдэг (Илч. 1:16, 20). Христиан хурлын Тэргүүний хувьд бүх ахлагчийг нэгд нэгэнгүй мэддэг. «Галын дөл мэт» нүдтэй тэрбээр бүх юмыг хардаг учраас хэн нэг ахлагчийг засах хэрэгтэй болбол цаг нь болохоор тохиромжтой аргаар засна (Илч. 1:14). Харин тэр болтол тухайн ахлагчийг ариун сүнсээр томилогдсоныг нь санаад хүндэтгэх хэрэгтэй. Паул: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» гэж бичжээ (Евр. 13:17).

9. а) Христиан хүн зэмлэл хүртэхлээрээ ямар хандлага гаргаж болзошгүй вэ? б) Ахлагчдаас зэмлэл хүртвэл яах хэрэгтэй вэ?

9 Ахлагчдаас зэмлэл хүртэх юм уу хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрхээ алдах үед христиан хүний хандлага илэрдэг. Зодоон цохионтой видео тоглоом тоглосон нэг Гэрч залууд ахлагч нар сайхан сэтгэлээр зөвлөгөө өгчээ. Харамсалтай нь, тэрбээр зөвлөгөөг хүлээж аваагүйгээр барахгүй, Библийн шаардлага хангахаа больсон учир туслах үйлчлэгч байх эрхгүй болжээ (Дуу. 11:5; 1 Тим. 3:8–10). Дараа нь ахлагчдын гаргасан шийдвэрийг бусдад шүүмжлэн ярьдаг болсон. Тэр байтугай, ахлагчдыг матаж салбар луу дахин дахин захидал бичиж, хурлынхаа бусад гишүүнд бас ингэхийг уриалжээ. Өөрийгөө зөвтгөх гэж оролдвол үнэхээр муу үр дагавартай бөгөөд хурлын амар тайвныг эвдэн бусниулна. Ахлагчдаас зэмлэл хүртвэл алдаа дутагдлаа мэдэх боломж олдлоо гэж үзээрэй. Тэгээд өгсөн зөвлөгөөг нь дуртайяа хүлээж аваарай (Иеремиагийн гашуудал 3:28, 29-ийг уншина уу).

10. а) Зөв, буруу хандлагын талаар Иаков 3:16–18-д юу гэж байдаг вэ? б) «Дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулдаг хүн ямар байдаг вэ?

10 Хурлын гишүүд бие биедээ зөв хандах, буруу хандах гэж юу болохыг Иаков 3:16–18-д тайлбарлан: «Хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг. Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм» хэмээн бичжээ. «Дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулдаг хүн Бурханд таалагддаг зан чанар илэрхийлж, итгэл нэгтнүүддээ зөв ханддаг.

ХУРЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ НЬ

11. а) Зөв хандлагатай хүн юунаас зайлсхийдэг вэ? б) Давидаас юу сурч болох вэ?

11 Ехова «чуулганыг хариулуулах» зорилгоор ахлагчдыг томилсныг үргэлж санах хэрэгтэй (Үйлс 20:28; 1 Петр 5:2). Бурхны авч явуулдаг арга хэмжээнд хүндэтгэлтэй хандах нь ахлагч ч бай, үгүй ч бай хүн бүрийн үүрэг юм. Хэрэв хүн зөв хандлагатай бол хуралд эзлэх байр суурийг хэтэрхий их чухалчилдаггүй. Израилийн хаан Саул Давидад хааны эрх мэдлээ алдчих вий гэж бодоод түүнийг «сэжиглэн харах болжээ» (1 Сам. 18:9). Тэгээд буруу бодолдоо автаж, бүр Давидыг алахыг хүссэн. Саулын адилаар, эрх мэдлийн төлөө хэтэрхий их санаа зовохын оронд Давид шиг байх нь сайн. Тэрбээр шударга бус явдлын золиос болсон ч Бурхны томилсон эрх мэдэлтэй хүнийг үргэлж хүндэтгэдэг байсан (1 Самуел 26:23-ыг уншина уу).

12. Хурлынхаа эв нэгдэлд яаж хувь нэмэр оруулах вэ?

12 Хүн бүр өөр өөр бодол санаатай учраас заримдаа нэгнийхээ уурыг хүргэчихдэг гэмтэй. Ахлагчид бас ялгаагүй. Ийм үед яах хэрэгтэйг Библид «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл»; «Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго» хэмээн зөвлөсөн байдаг (Ром 12:10, 16). Өөрийнхөөрөө зүтгэхийн оронд зөв арга цорын ганц байдаггүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв бусдын юу бодож санаж байгааг ойлгохыг хичээдэг бол хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулна.

13. Саналаа хэлснийхээ дараа яах хэрэгтэй вэ? Библид ямар жишээ байдаг вэ?

13 Тэгвэл өөрчлөх шаардлагатай юм хуралд байлаа гэхэд саналаа хэлэх нь буруу гэсэн үг үү? Буруу биш ээ. Нэгдүгээр зуунд христиануудын дунд маргаан дэгдээсэн асуудал гарчээ. «Ах дүүс хэдэн хүнийг Паул, Барнаб нарын хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов» (Үйлс 15:2). Уг асуудлыг хэрхэн шийдэх талаарх хүн бүрийн санал өөр өөр байсан учраас тус тусын үзэл бодлоо илэрхийлсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг ариун сүнсээр удирдуулж гаргасан тул өөрийнх нь саналыг хүлээж авсангүй гэж хэн нь ч гомдоллоогүй. Гаргасан шийдвэрээ хурлуудад захидлаар илгээхэд «тэд урамшуулсан үгэнд нь баярлацгааж», итгэл нь бэхэжжээ (Үйлс 15:31; 16:4, 5). Бид ч гэсэн өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юмаа ахлагчдад нэгэнт хэлсэн бол зүгээр л орхичих хэрэгтэй. Тэд тухайн асуудлыг нухацтай авч үзээд, шийдэх биз ээ.

БУСДАД ЗӨВ ХАНДАХ НЬ

14. Бусдад зөв хандах нэг арга юу вэ?

14 Бусдад зөв хандах олон арга байдаг. Нэг арга нь хүнд гомдлоо гэхэд тэр хүнийг уучлах явдал юм. Бурхны Үгэнд «Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [Ехова] уучилсны адил та нар бас уучил» гэж байдаг (Кол. 3:13). «Хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал» гэсэн нь уурлах шалтгаан бидэнд байдгийг харуулж байна. Гэхдээ итгэл нэгтнийхээ өчүүхэн алдаанаас болж уурлан бухимдаж, хурлынхаа эв нэгдлийг бусниулахгүй байцгаая. Харин хамтдаа мөр зэрэгцэн үйлчлэхийн тулд Еховаг дууриаж бие биеэ чин сэтгэлээсээ уучилцгаая.

15. а) Бусдыг уучлах талаар Иовоос юу сурч болох вэ? б) Бусдад зөв хандахад залбирал ямар ач тустай вэ?

15 Бусдыг уучлах талаар Иовоос сурах юм бий. Гурван найз нь Иовыг тайвшруулах гэж ирсэн боловч хатуу ширүүн үг хэлж гомдоодог. Гэсэн ч Иов тэднийг уучилжээ. Яаж уучилсан бэ? «Нөхдийнхөө төлөө залбирсан» (Иов 16:2; 42:10). Бусдын төлөө залбирдаг бол тэдний талаарх үзэл бодол өөрчлөгдөж болох юм. Бүх итгэл нэгтнийхээ төлөө залбирдаг хүн Христ шиг хандлагатай болдог (Иох. 13:34, 35). Ах дүүсийнхээ төлөө залбирахаас гадна Еховагаас ариун сүнс гуйх хэрэгтэй (Лук 11:13). Учир нь ариун сүнсний тусламжтайгаар христиан зан чанар илэрхийлж, бусадтай сайхан харьцдаг (Галат 5:22, 23-ыг уншина уу).

ХУРЛЫН САЙН САЙХАНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ НЬ

16, 17. Та ямар хандлагатай байхыг хүсэж байна вэ?

16 Христиан бүр зөв хандлагатай байх гэж хичээдэг бол хуралд хувь нэмэр оруулна. Та энэ өгүүллийг судлаад бусдадаа илүү их урам хайрладаг зөв хандлагатай хүн болохоор шийдсэн биз ээ. Тийм бол Бурхны Үгээр өөрийгөө шүүж, өөрчлөх шаардлагатай юу байгаагаа мэдэж аваарай (Евр. 4:12). Бусдадаа үлгэр дууриал болохыг ихэд анхаардаг байсан Паул: «Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн [Ехова] мөн» гэж хэлжээ (1 Кор. 4:4).

17 Бид бүгдээрээ бие биеэ урамшуулан зоригжуулдаг бол хурлын сайн сайханд хувь нэмэр оруулж чадна. Үүний тулд «дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулах хэрэгтэй. Өөрийнхөөрөө зүтгэх юм уу байр сууриа хэтэрхий чухалд үзэх ёсгүй. Уучламтгай байж, бусдынхаа талаар сайнаар боддог бол өөр хоорондоо эв нэгдэлтэй байна (Флп. 4:8). Ингэвэл Ехова Есүс хоёр бидний «сүнсийг» буюу зөв хандлагатай байгааг маань хараад баярлах нь лавтай (Флм. 25).