Skip to content

Гарчиг руу орох

«Хүүхдүүдийн амнаас» гарсан урмын үг

«Хүүхдүүдийн амнаас» гарсан урмын үг

2009 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсын Дээд шүүх Таганрог хот дахь Еховагийн Гэрчүүдийн шашны байгууллагыг татан буулгаж, Хаанчлалын танхимыг хураан авч, 34 ном хэвлэлийг нь нийгэмд аюултай гэж үзсэн юм. Еховагийн Гэрчүүд энэ тухай мэдээллийг албан ёсны Вэб сайтдаа тавьж, Таганрог дахь Гэрчүүд болон хүүхдүүдийн зургийг хавсаргасан билээ.

Түүнээс хойш хэдэн сарын дараа Оросын Холбооны Улс дахь Еховагийн Гэрчүүдийн Удирдах Төвд Австралийн Квинсленд мужид амьдардаг Гэрч гэр бүлээс захидал бүхий илгээмж ирсэн юм. Тэд Шүүхийн шийдвэрийн тухай мэдээг үзээд дараах захидлыг бичжээ. «Эрхэм хүндэт ах дүү нар аа, манай хүү Коди охин Ларисса хоёр, сорилт тулгарсан ч бат итгэлтэй байсан орос найзуудынхаа тухай уншаад үнэхээр их бахархсан. Бид тэднийхээ бичсэн ил захидлыг бэлэгтэй хамт Таганрогийн хүүхдүүдэд илгээлээ. Та нарын тухай боддог, Еховад үнэнч хүүхдүүд танай нутгаас хол газар байдаг юм шүү гэдгийг мэдүүлэхийг хүссэн юм. Хоёр хүүхэд маань Таганрог дахь итгэл нэгт бүх хүүхдийг чанга тэврэн үнсэж, халуун хайрын мэнд дэвшүүлж байна».

Таганрогийн хүүхдүүд тэр бэлгийг хүлээж аваад, Австрали дахь гэр бүлд хариу захидал бичиж, зурсан зургаа явуулан талархлаа илэрхийлжээ. Оросын салбарт үйлчилдэг нэг Гэрч, «хүүхдүүдийн амнаас» гарсан урмын үгэнд баярлан Коди Ларисса хоёрт захидал бичсэн байна. Захидалдаа «Хэрэг хийгээгүй мөртлөө шийтгүүлбэл том хүнд ч, хүүхдэд ч таагүй байдгийг та нар төсөөлөх биз ээ. Таганрог дахь ах дүүс маань буруу хэрэг хийгээгүй ч Хаанчлалын танхимыг нь хураачихсан. Ийм хэцүү үед тэднийг бодож явдаг хүмүүс дэлхийн өөр нэг хэсэгт байдгийг мэдээд тэд урамшиж байгаа. Халуун хайр, өгөөмөр сэтгэлтэй та нарт баярлалаа!» гэсэн байлаа (Дуу. 8:2).

Бид олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгдсэн хүмүүс. Бие биеэ хайрладгийнхаа ачаар амьдралд тулгарах бэрхшээл сорилтыг даван туулж чаддаг. Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэл хүмүүст муугаар нөлөөлж, бие биеэ үзэн ядахад хүргэдэг хэмээн буруутгагдаж байхад, хэл соёл, яс үндсээрээ ялгаатай газар газрын Гэрч хүүхдүүд бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ санаа тавьж байна. Ийнхүү Есүсийн хэлсэн үгийн үнэнийг баталдаг. Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» хэмээн айлджээ (Иох. 13:35).