Skip to content

Гарчиг руу орох

Есүс даруу байхын жишээ үзүүлсэн

Есүс даруу байхын жишээ үзүүлсэн

«Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» (ИОХ. 13:15).

1, 2. Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө элч нартаа ямар чухал зүйлийг ойлгуулсан бэ?

 ЕСҮС дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнийг элч нарынхаа хамт Иерусалим хотод, нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд өнгөрүүлж байлаа. Хооллох зуураа тэрбээр босож, гадуур хувцсаа тайлаад алчуур авч бүслэв. Тэгснээ саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, алчуураар арчлаа. Дараа нь гадуур хувцсаа авч өмсөв. Ийм хар бор ажил хийсний учир юу вэ? (Иох. 13:3–5).

2 Үүнийхээ учрыг Есүс өөрөө тайлбарлан «Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу? ... Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» хэмээн хэлжээ (Иох. 13:12–15). Зарц хүний хийдэг ийм ажлыг чин сэтгэлээсээ хийсэн нь элч нартаа чухал зүйлийг ойлгуулах гэснийх байлаа. Тэд мартахын аргагүй энэ явдлаас сургамж авч, үргэлж даруу байх ёстойг ойлгох учиртай байв.

3. а) Даруу байхын чухлыг Есүс хэрхэн онцолсон бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Есүс элч нарынхаа хөлийг угаасан нь даруу зангийн чухлыг анх удаа онцолсон хэрэг биш байв. Бүр өмнө элч нар нь хоорондоо өрсөлдөхөд Есүс нэгэн хүүхдийг хажуудаа авчраад, тэдэнд «Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм» гэж хэлсэн (Лук 9:46–48). Фарисайчууд алдар нэрд дурладгийг мэддэг байсан тэрбээр нэг удаа «Өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө» гэжээ (Лук 14:11). Үүнээс үзэхэд, дагалдагчдаа бардам ихэмсэг бус, харин цаг ямагт даруу байгаасай гэж хүсдэг байсан. Есүс шиг даруу байхын тулд үлдээсэн жишээг нь анхааралтай авч үзье. Даруу байх нь өөрт төдийгүй өрөөл бусдад ямар ач тустайг бас ярилцъя.

«БИ ... ГЭДРЭГ УХАРСАНГҮЙ»

4. Бурхны цорын ганц Хүү дэлхийд ирэхээсээ өмнө ч даруу байсныг хаанаас мэдэж болох вэ?

4 Бурхны цорын ганц Хүү тэнгэрт байхдаа ч даруу байсан. Есүс хүн болж төрөхөөсөө өмнө тоолж баршгүй олон жилийг тэнгэрийн Эцэгтэйгээ хамт өнгөрүүлжээ. «Исаиа» номд «Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ. Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй» гэж бичсэнээс үзвэл Эцэг Хүү хоёр хэр дотно байсныг мэдэж болно (Ис. 50:4, 5). Бурхны Хүү даруу байж, Эцгийнхээ заасан бүгдийг хичээнгүйлэн анхаардаг байв. Үнэхээр, жинхэнэ Бурхнаар заалгах чин хүсэлтэй байжээ. Нүгэлт хүмүүст өршөөнгүй ханддаг Эцгийнхээ ямар даруу зантайг ажигласан биз ээ.

5. Тэргүүн тэнгэр элч Михаел буюу Есүс Диаволтай харьцахдаа даруу байсан нь юунаас харагддаг вэ?

5 Тэнгэр дэх бүх бүтээл Бурхны цорын ганц Хүү шиг даруу байгаагүй юм. Тухайлбал, тэнгэр элчүүдийнх нь нэг байснаа хожим нь Сатан Диавол болсон этгээд даруу байж Еховагаар заалгахын оронд өөрийгөө их юманд бодох болж, бардам загнан Еховад тэрсэлсэн. Харин Есүс тэнгэр дэх байр сууриа голох юм уу эрх мэдлээ буруу ашиглахыг огт хүсдэггүй байсан. Тэргүүн тэнгэр элч Михаел буюу Есүс «Мосегийн биеийн талаар» «диаволтай сөргөлдөж байхдаа» эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй. Даруу байж, орчлонт ертөнцийн Хамгийн Дээд Шүүгч Еховад уг асуудлыг даатган, цаг нь болохоор зохих ёсоор шийднэ гэдэгт итгэл төгс байсан (Иуда 9-ийг уншина уу).

6. Мессиа болох даалгавар өгөх үед Есүсийн даруу зан хэрхэн илэрсэн бэ?

6 Есүс тэнгэрт байхдаа Эцгээрээ их юм заалгасан. Түүний дотор дэлхий дэх амьдралынхаа тухай бүхий л нарийн ширийн зүйлийг мэдэж авсан нь эргэлзээгүй. Тийм учраас, Мессиагийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь дэлхий дээр амьдарч, эцэст нь амиа алдана гэсэн үг болохыг ойлгосон биз ээ. Гэлээ ч энэ хэцүү даалгаврыг хүлээж авчээ. Яагаад тэр вэ? Элч Паул Бурхны цорын ганц Хүү хэчнээн даруу зантайг онцолж «Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ» хэмээн бичсэн байдаг (Флп. 2:6, 7).

«ӨӨРИЙГӨӨ ДАРУУ БОЛГОВ»

7, 8. Есүс хүүхэд байхдаа ч, дэлхий дээр үйлчлэх үедээ ч даруу байсныг юунаас мэдэж болох вэ?

7 «Хүн төрхийг олсон [Есүс] үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» (Флп. 2:8). Тэрбээр бүр хүүхэд байхын л даруу байсан. Төгс бус эцэг эх Иосеф Мариа хоёрын «үгэнд дуулгавартай байв» гэж Библид бичжээ (Лук 2:51). Хүүхэд багачуудад ямар сайхан жишээ үзүүлээ вэ! Эцэг эхдээ дуулгавартай хүүхдийг Бурхан ивээнэ.

8 Есүс эрийн цээнд хүрсэн хойноо ч даруу байж, өөрийнхөө бус Еховагийн хүсэл тааллыг юуны түрүүнд боддог байсан (Иох. 4:34). Дэлхий дээр үйлчилж байхдаа чин сэтгэлтэй хүмүүст Бурхны нэрийг хэлж ярихын зэрэгцээ хүн төрөлхтний талаарх санаа зорилго, зан чанарыг нь үнэн зөвөөр мэдүүлдэг байв. Бас Еховагийн тухай юу заана, түүнийхээ дагуу амьдардаг байсан юм. Жишээ залбирлынхаа эхэнд «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» хэмээжээ (Мат. 6:9). Үүгээрээ, Еховагийн нэрийг ариусгах нь хамгийн гол зүйл гэдгийг дагалдагчдадаа хэлж өгсөн. Өөрөө ч ингэж амьдардаг байв. Дэлхий дэх үйлчлэлийнхээ эцэст «Би Таны нэрийг тэдэнд [элч нарт] мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно» хэмээн Еховад залбирчээ (Иох. 17:26). Дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа хийсэн бүхнээ Еховагийн ач гавьяа гэдэг байсан (Иох. 5:19).

9. Зехариа Мессиагийн талаар юу гэж зөгнөсөн бэ? Яаж биелсэн бэ?

9 Мессиагийн талаар Зехариа: «Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ» хэмээн зөгнөсөн байдаг (Зех. 9:9). Энэ зөгнөл МЭ 33 оны Пентекостын өдрөөс өмнө Есүсийг Иерусалимд ирэхэд биелсэн. Цугласан олны зарим нь гадуур хувцсаа, зарим нь модны мөчир зам дээр дэвсэн хот даяараа хөл хөөрцөг болон угтжээ. Олон түмэн өөрийг нь Хаан хэмээн өргөмжлөхөд ч Есүс даруухан байсан (Мат. 21:4–11).

10. Есүс үхэн үхтэлээ дуулгавартай байснаараа юу юуг баталсан бэ?

10 Есүс Христ Эцэгтээ дуулгавартай, даруу байсаар шонд хадуулж амиа алджээ. Дааж давшгүй хүнд сорилтод орсон хүн ч Еховад үнэнч байж болдгийг тэрбээр хөдөлгөөнгүй нотолсон. Хүн ашиг харж Еховад үйлчилдэг гэж хэлсэн Сатаны үгийн худлыг ч баталсан (Иов 1:9–11; 2:4). Тэрбээр туйлын үнэнч байснаараа Еховагийн хэмжээгүй эрх мэдэл хууль ёсных бөгөөд зөв гэдгийг харуулжээ. Даруу зантай Хүү нь гуйвшгүй үнэнч байгааг хараад Ехова үнэхээр баярласан нь ойлгомжтой (Сургаалт үгс 27:11-ийг уншина уу).

11. Есүс Христийн золиосны ачаар хүн төрөлхтөн ямар ирээдүйтэй болсон бэ?

11 Түүнчлэн Есүс шонд хадуулж үхсэнээрээ хүн төрөлхтний өмнөөс төлөөс төлсөн (Мат. 20:28). Тийм болохоор Ехова зөвт хэм хэмжээнийхээ дагуу бидний нүглийг уучилж, мөнх амьдрах боломж олгосон юм. «Нэг зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв» гэж Паул бичжээ (Ром 5:18). Есүс амиа өгснөөр тослогдсон христианууд үхэшгүй мөнхийн амьтай болж тэнгэрт амьдрах, «өөр хонинууд» диваажин дэлхийд амьдрах үүд хаалга нээгдсэн (Иох. 10:16, ШГ; Ром 8:16, 17).

«БИ ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ ... ДАРУУ БИЛЭЭ»

12. Есүс төгс бус хүмүүстэй харьцахдаа ч даруу, дөлгөөн байсан гэхийн учир юу вэ?

12 Есүс «эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн» бүх хүнийг өөр лүүгээ ирэхийг урьж «Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно» гэжээ (Мат. 11:28, 29). Даруу, дөлгөөн зантай учраас төгс бус хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, хэнийг ч ялгалгүй харьцдаг байв. Хэр чадлаас нь хэтэрсэн зүйлийг шавь нараасаа шаарддаггүй, чадвар муутай, хэнд ч хэрэггүй гэсэн бодол төрүүлэлгүй, харин ч магтаж урамшуулдаг байсан. Өөр лүү нь ирж, заасан сургаалыг нь ажил хэрэг болгохыг уриалдаг байснаас бус, хатуу ширүүн харьцаж, дээрэнгүй загнасан удаагүй. Буулга нь эвтэйхэн, ачаа нь хөнгөн учир дагалдагчид нь сэргэх байлаа. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу ямар ч хүн түүний хажууд тайван байдаг байв (Мат. 11:30).

13. Есүс ядуу дорой хүмүүсийг хэрхэн өрөвддөг байсан бэ?

13 Есүс эгэл жирийн хүмүүстэй найзалж нөхөрлөдөг, ядуу дорой гэж өрөвддөг, юу хэрэгтэйг нь анхаарч санаа тавьдаг байсан. Нэг удаа Иерихогийн ойролцоо явж байгаад Бартимай гэдэг хүнийг найзтайгаа хамт гуйлга гуйж байхад нь таарчээ. Хоёулаа харалган сохор аж. Есүсээс тусламж гуйн цөхрөлтгүй хашгиралдах тэднийг олон түмэн дуугүй бай хэмээн зандарчээ. Сохор гуйлгачдыг тоохгүй өнгөрч болох л байсан! Гэвч Есүс тэднийг өөр лүүгээ авчруулаад, өрөвдсөндөө хараа оруулжээ. Тэрбээр Эцэг Еховагаа дууриан даруу байж, дорой буурай хүмүүсийг энэрэн нигүүлсдэг байсан (Мат. 20:29–34; Марк 10:46–52).

«ӨӨРИЙГӨӨ ДОРД БОЛГОГЧ НЬ ӨРГӨМЖЛӨГДӨХ БОЛНО»

14. Есүс даруу зантай нь хэнд ямар ач тустай байсан бэ?

14 Есүс даруу байсан нь Еховаг баярлуулаад зогсохгүй хүмүүст ач тусаа өгсөн. Хайртай Хүү нь даруу байж, хүсэл тааллыг нь биелүүлэхэд Ехова баярласан. Есүс «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» учир элч нар болон дагалдагчдынх нь сэтгэл сэргэдэг байв. Үлгэр дууриал үзүүлж, сургаал номлол айлдаж, үнэн сэтгэлээсээ магтдаг байсан учраас тэд сүнслэгээр өсжээ. Даруу зантай Есүс энгийн ард олонд ч тусалж, сургаал зааж, урам зориг өгдөг байлаа. Ирээдүйд бүх хүн Есүсийн золиосны ач тусыг хүртэж, үүрд мөнх амьдарна.

15. Есүс даруу байсан нь өөрт нь хэрэг болсон гэхийн учир юу вэ?

15 Есүс даруу байснаараа ямар ач тус хүртсэн бэ? Тэрбээр шавь нартаа «Өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно» хэмээн хэлжээ (Мат. 23:12). Энэ үг үнэн гэдэг нь түүний амьдралаар батлагдсан. Паул үүнийг тайлбарлаж «Бурхан [Есүсийг] үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ» хэмээсэн байдаг. Дэлхий дээр үйлчилж байхдаа үнэнч, даруу байсных нь төлөө Ехова Хүүгээ өргөмжилж, тэнгэр газар дээрх бүх бүтээлийг захирах эрх мэдэл өгчээ (Флп. 2:9–11).

ЕСҮС «ҮНЭН, ДАРУУ БАЙДЛЫН» ТӨЛӨӨ «МОРДОНО»

16. Бурхны Хүү даруу зантай нь ирээдүйд юунаас харагдах вэ?

16 Бурхны Хүү аливаа зүйлийг хийхдээ ямагт даруу байдаг. Тэнгэрт өндөр байр суурь эзэлсэн тэрбээр дайснуудтайгаа хэрхэн тэмцэхийг дуулалч зөгнөн «Үнэн, дөлгөөн [«даруу», ШЕ] байдал, зөв шударгын төлөө өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч» хэмээн дуулжээ (Дуу. 45:4). Хармагедоны үеэр Есүс Христ үнэнийг хайрладаг, зөвт, даруу хүмүүсийг хамгаалан тулалдана. Мянган жилийн засаглалын эцэст Мессиа Хаан «бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгох» үедээ даруу байх болов уу? Тийм ээ, даруу байна. Тийм ч учраас «Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаана» (1 Коринт 15:24–28-ыг уншина уу).

17, 18. а) Еховагийн үйлчлэгчид Есүсийг дууриан даруу байх нь яагаад чухал бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Харин бид ямар байх бол? Агуу үлгэр дууриал болсон Есүс Христийг дууриан даруу байх болов уу? Хармагедоны үед ёс бус бүхнийг шүүхээр Хааныгаа ирэхэд бид ямархуу байдалтай байх вэ? Есүс үнэн, даруу байдал, зөв шударгын төлөө ирэх учир зөвхөн даруу, зөв шударга хүмүүсийг аварна. Тиймээс, бид аврагдъя гэвэл үргэлж даруу байх хэрэгтэй. Бурхны Хүү даруу байсан нь өөрт нь төдийгүй бусдад хэрэг болсон. Бид ч бас даруу байвал адилхан үр дүн амсана.

18 Есүсийг дууриан даруу байхын тулд яах хэрэгтэй вэ? Даруу байхад амаргүй үед ч яавал даруу байх вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултын хариуг мэдэж авцгаая.