Skip to content

Гарчиг руу орох

«Өчүүхэн» байх гэж хичээцгээе

«Өчүүхэн» байх гэж хичээцгээе

«Та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм» (ЛУК 9:48).

1, 2. Есүс элч нартаа юу гэж зөвлөсөн бэ? Яагаад?

 МЭ 32 он. Есүс элч нарынхаа хамт Галилд байлаа. Тэгтэл зарим элч нь хэн нь илүү вэ гэж маргалдав. Евангели бичигч Лук: «Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв. Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод, „Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм“ гэж тэдэнд хэлэв» хэмээн тэмдэглэжээ (Лук 9:46–48). Есүс даруу байхын чухлыг элч нартаа ойлгуулахын тулд тэвчээртэй, тууштай байсан.

2 «Өчүүхэн» байх талаар Есүсийн өгсөн зөвлөгөө нэгдүгээр зууны иудейчүүдийн үзэл бодолтой нийцэж байсан уу эсвэл зөрчилдөж байсан уу? Нэгэн тольд тэр үеийн нийгмийн байдлыг дүрслэн бичихдээ «Ямар ч үед хэн нь илүү агуу вэ гэсэн асуулт байнга гардаг байжээ. Тухайн хүний алдар нэр, албан тушаалд тааруулж хандахыг хамгийн их анхаардаг байсан» гэжээ («Theological Dictionary of the New Testament»). Есүс элч нараа эргэн тойрныхоо хүмүүсээс ялгаатай байгаасай гэж хүссэндээ ийм зөвлөгөө өгсөн нь тодорхой.

3. а) «Өчүүхэн» гэж орчуулсан грек үг ямар утгатай вэ? Өчүүхэн байх нь ямар учраас хэцүү вэ? б) Өчүүхэн байхтай холбоотой ямар ямар асуулт гарч байна вэ?

3 «Өчүүхэн» гэж орчуулсан грек үгээр эгэл жирийн, даруу, дорой, чухал биш, ноомой, нөлөө багатай хүнийг хэлдэг байна. Есүс элч нартаа хүүхэд шиг даруу, хэр чадлаа мэддэг, бусдыг дорд үздэггүй байх ёстойг зааж өгсөн. Есүсийн өгсөн зөвлөгөө нэгдүгээр зууны христиануудад ч, өнөөгийн бидэнд ч ашиг тустай. «Өчүүхэн» байх амаргүй үе заримдаа байдаг. Хүн угийн бардам зантай. Тиймд нэр алдартай болох хүсэл бидэнд төрж мэдэх юм. Эргэн тойронд маань амьдардаг хүмүүс нэг нэгнээсээ илүү гарах гэсэн хандлагатай учир бид ертөнцийн сүнсний энэ нөлөөнд автаж аминч үзэлтэй, түрэмгий зантай, заль мэхтэй болж болзошгүй. Яавал «өчүүхэн» байж сурах вэ? Бидний «дундаас хамгийн өчүүхэн нь» яаж «хамгийн агуу» болдог вэ? Ямар ямар үед даруу байх гэж хичээх хэрэгтэй вэ?

«БУРХАНЫ МЭРГЭН УХААН БОЛОН МЭДЛЭГИЙН БАЯЛАГ НЬ ЯМАР ГҮН ГҮНЗГИЙ ВЭ!»

4, 5. Яавал даруу байж сурах вэ? Жишээ хэлнэ үү.

4 Даруу байж сурахын тулд Еховаг өөртэйгөө харьцуулж хэчнээн агуу болохыг нь эргэцүүлэн бодох хэрэгтэй. Үнэндээ, «Түүний ухаан нь хязгааргүй» (Ис. 40:28). Элч Паул Еховагийн агуу байдлын тухай «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?» хэмээн 2 000 жилийн тэртээ бичжээ (Ром 11:33). Тэр цагаас хойш хүн төрөлхтний мэдлэг нэмэгдсэн боловч энэ үг одоо ч үнэн хэвээрээ байна. Бид арвин их мэдлэгтэй боллоо ч гэсэн Еховагийн ажил үйлс, арга ухааныг танин мэдэж барахгүй гэдгийг ойлговол даруухан байна.

5 Лео * гэдэг хүний тухай ярилцъя. Бурхны бүтээлийг бүгдийг нь судалж хэзээ ч чадахгүйгээ ойлгосон тэрбээр өчүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Залуу байхдаа шинжлэх ухааныг шүтэн биширдэг байсан учир орчлонт ертөнцийн талаар аль болох ихийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн астрофизик судалдаг болж, улмаар нэг чухал зүйлийг ойлгожээ. Лео: «Хүн төрөлхтөн дан ганц шинжлэх ухааны онол судлаад л орчлонт ертөнцтэй бүрэн танилцаж чадахгүйг би сурч мэдсэн зүйлээсээ ойлгосон. Тэгээд мэргэжлээ сольж хуульч болохоор шийдсэн» хэмээн ярьсан. Тэрбээр прокурор, дараа нь шүүгчээр ажиллажээ. Хожим нь Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж, үнэнийг ойлгоод Бурханд үйлчлэхээр шийдсэн байна. Тийм өндөр боловсролтой хэр нь яаж «өчүүхэн» байж сурсан юм бол? Лео: «Еховагийн тухай, орчлонт ертөнцийн тухай хэчнээн их мэдлээ ч гэсэн шинээр сурч мэдэх зүйл тоймгүй олон гэдгийг ойлгосон учраас» хэмээн хариулсан юм.

6, 7. а) Ехова даруу байхын ямар гайхалтай жишээ үзүүлсэн бэ? б) Даруу зантай Бурхан үйлчлэгчээ яаж «агуу» болгодог вэ?

6 Бас Ехова даруу байдгийг санадаг бол өөрийгөө «өчүүхэн» болгох амархан. «Бид Бурханы хамтран зүтгэгчид» гэдгийг бодоод үзье (1 Кор. 3:9). Зүйрлэшгүй агуу Ехова Бурхан биднийг өргөмжилдөг гээд бод доо! Тэрбээр өөрийнх нь Үг Библийн тусламжтайгаар сайн мэдээ дэлгэрүүлэх боломжийг бидэнд олгодог. Бид үр суулгаад, түүнийгээ усалдаг боловч ургуулдаг нь Ехова билээ. Гэсэн хэдий ч бидэнд хамтран зүтгэгч нь байх хүндтэй үүрэг оноосон (1 Кор. 3:6, 7). Бурхан гайхалтай даруу байгаа биз? Еховагийн энэ сайхан жишээг бодвол «өчүүхэн» байх хэрэгтэйгээ ойлгоно.

7 Бурхны даруу занд сэтгэл нь татагдсан дуулалч Давид: «Та надад ... авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж [«даруу зан», ШЕ] намайг агуу болгов» хэмээн дуулжээ (2 Сам. 22:36). Давид Израильд агуу үйлс бүтээснээ даруу зантай Ехова Бурхны ач гавьяа гэж үздэг байв. Учир нь Бурхан өөрийгөө дорд болгоод түүнийг анхаарч халамжлан, тусалж дэмжсэн юм (Дуу. 113:5–7). Бидний тухайд ч мөн ялгаагүй. Зан чанар, авьяас чадвар, үүрэг хариуцлагаа Еховагаас «аваагүй» гэж үү? (1 Кор. 4:7). «Хамгийн өчүүхэн нь хамгийн агуу» болдог гэхийн учир нь Ехова ийм үйлчлэгчээ илүү өндөр үнэлдэгт байгаа юм (Лук 9:48). Үүнийг батлах жишээ авч үзье.

«ТА НАРЫН ДУНДААС ХАМГИЙН ӨЧҮҮХЭН НЬ ХАМГИЙН АГУУ ЮМ»

8. Даруу хүн Еховагийн байгууллагад яаж ханддаг вэ?

8 Бурхнаар удирдуулдаг байгууллагын гишүүн гэдэгтээ сэтгэл хангалуун байж, хурлын үйл ажиллагааг үргэлж дэмжихэд даруу зан чухал. Гэрч эцэг эхтэй Петра гэдэг залуу эмэгтэйг жишээ болгон авч үзье. Петра дур зоргоороо амьдрах гээд хурлаас холбоогоо тасалжээ. Гэвч хэдэн жилийн дараа хуралдаа буцаж ирсэн аж. Одоо Еховагийн байгууллагад итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн үйлчилдэгтээ жаргалтай байж, хурлын арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмждэг. Яаж ингэж өөрчлөгдсөн бэ? Петра: «Бусдыг дорд үзэхгүй байх, өөрийнхөө хэр хэмжээг мэддэг болох нь хамгийн чухал юм билээ» гэжээ.

9. Даруу хүн сүнслэг хоолыг яаж хүлээж авдаг вэ? Ехова ийм хүнд яаж хандах вэ?

9 Даруу хүн Еховагийн өгдөг бүхнийг, ялангуяа сүнслэг хоолыг чин сэтгэлээсээ баярлан хүлээж авдаг учраас Библийг тогтмол нямбай судалж, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг шимтэн уншдаг. Еховад үнэнчээр үйлчилдэг бусад итгэл нэгтнийхээ адилаар, хэвлэл ирмэгц номын тавиур дээр тавилгүй шууд уншиж хэвшсэн байдаг. Талархах сэтгэлтэй, даруу хүн Библид үндэслэсэн манай ном сэтгүүлийг уншиж, судлаад Бурхантай улам дотно болдог. Тийм хүнд Ехова илүү их хариуцлагатай үүрэг онооно (Евр. 5:13, 14).

10. Хурлын гишүүн хүн «өчүүхэн» байна гэж яахыг хэлдэг вэ?

10 «Хамгийн өчүүхэн нь хамгийн агуу» болох өөр нэг аргыг ярилцъя. Хурал бүрд Бурхны ариун сүнсний удирдлагаар томилогдсон ахлагчаар үйлчилдэг эрчүүд бий. Тэд цуглаан, дэлгэрүүлэх ажил, хоньчны эргэлт гэх мэтийн сүнслэг үйл хэргийг зохион байгуулдаг. Хэрэв бид «өчүүхэн» байж эдгээр арга хэмжээг дуртайяа дэмждэг бол хурлыг эв нэгдэлтэй, амар тайван байлгаж, баяр баясгалан нэмнэ (Еврей 13:7, 17-г уншина уу). Та ахлагч, туслах үйлчлэгч бол өөрт тань итгээд ийм хариуцлагатай үүрэг оноосон Еховадаа талархдаг уу? Талархдаг бол даруу байгаа хэрэг юм.

11, 12. Ямар байвал Еховагийн байгууллагад илүү үнэ хүндтэй болох вэ? Яагаад?

11 Өөрийгөө дорд болгодог хүн «агуу» буюу Еховагийн байгууллагад илүү үнэ хүндтэй байдаг. Учир нь даруу зангийнхаа ачаар Бурхны сайн үйлчлэгч болдог. Есүс шавь нартаа «өчүүхэн» байж сурахыг зааж зөвлөжээ. Тэр үеийн нийтлэг үзэл ойлголт зарим шавьд нь нөлөөлсөн байв. Лук 9:46-д «Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв» гэж бичжээ. Бид ч бас өөрсдийгөө итгэл нэгтнүүдээсээ арай илүү, эсвэл олноос онцгой гэж боддог болж мэдэх юм. Энэ ертөнцийн олон хүн бардам зан, аминч үзэлдээ хөтлөгдөж амьдардаг. Тэдэн шиг бардам бололгүй, үргэлж даруу байхын зэрэгцээ Еховагийн хүслийг эн тэргүүнд тавьцгаая. Тэгвэл итгэл нэгтнүүдээ сэргээдэг сайн найз нөхөр нь болно.

12 «Өчүүхэн» байх тухай Есүсийн зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байхын аргагүй. Цаг үргэлж даруу байхыг хичээцгээе. Энэ зөвлөгөөг ямар гурван үед анхаарах хэрэгтэйг одоо үзье.

«ӨЧҮҮХЭН» БАЙХ ГЭЖ ХИЧЭЭХ НЬ

13, 14. Нөхөр эхнэр хоёр «өчүүхэн» байхыг хичээнэ гэдэг нь яана гэсэн үг вэ? Энэ нь яагаад сайн бэ?

13 Ханьдаа хандахдаа. Эдүгээ олон хүн зөвхөн өөрийгөө бодож, би л болж байвал боллоо гэсэн үзлээсээ болоод бусдын эрх ашгийг уландаа гишгэхээс буцдаггүй. Харин «өчүүхэн» хүн Паулын зөвлөснийг дагадаг. Паул ромчуудад бичсэн захидалдаа «Амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе» хэмээн уриалжээ (Ром 14:19). Өөрийгөө дорд болгодог хүн бүх хүнтэй, ялангуяа хамгаас эрхэм ханьтайгаа эвтэй байхыг хичээдэг.

14 Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг тухай ярилцъя. Нөхөр эхнэр хоёр өөр өөр юм сонирхдог байж болох юм. Нөхөр нь гэртээ чимээгүй суугаад ном унших дуртай байхад эхнэр нь гадуур явах, найз нөхдийнхөөрөө айлчилж очихыг илүүд үздэг байлаа гэж бодъё. Хэрэв нөхөр нь өөрийгөө бодохын оронд даруу байж, эхнэрийнхээ юунд дуртай, юунд дургүйг чин сэтгэлээсээ анхаардаг бол нөхрөө хүндэтгэхэд эхнэрт амар байх биз ээ. Мөн эхнэр нь өөрийнхөөрөө зүтгэлгүй нөхрийнхөө юу хүсэж байгааг бодолцдог бол нөхөр нь эхнэрээ илүү их хайрлаж, талархах нь лавтай! Гэр бүлийн хоёрын хэн хэн нь «өчүүхэн» байх гэж хичээдэг бол улам дотно болно (Филиппой 2:1–4-ийг уншина уу).

15, 16. 131-р дууллыг үзвэл Давид яахыг зөвлөсөн бэ? Энэ зөвлөгөөг хэрхэн дагах вэ?

15 Хуралд үйлчлэхдээ. Өнөөгийн нийгэмд хүслээ тэр дор нь биелүүлэхийн төлөө явдаг хүн олон болсон. Тэд тэвчээргүй учир ямар нэг юмыг хүлээж чаддаггүй. Харин «өчүүхэн» байдаг бол Еховаг хүлээж, түүнд найдаж чадна (Дуулал 131:1–3-ыг уншина уу). Даруу байж Еховаг хүлээдэг хүн айж түгших юмгүй амар тайван, сэтгэл хангалуун амьдарч, ивээл хишиг хүртэнэ. Тэгэхлээр, Бурхнаа тэвчээртэй хүлээхийг Давид израильчуудад уриалсан нь санамсаргүй хэрэг биш юм.

16 Бид ч бас даруухан байдаг бол Еховаг хүлээж чадна. Ингэвэл тайван амгалан байна (Дуу. 42:5). Та «сайн ажлыг хүсдэг», «харгалзагч болохыг эрмэлздэг» хүн байх (1 Тим. 3:1–7). Тийм ч учраас харгалзагч хүнд байвал зохих чанарыг ариун сүнсний нөлөөгөөр өөртөө бий болгохын төлөө чадах бүхнээ хийдэг нь лавтай. Гэхдээ бусдаас арай удаан хүлээх хэрэгтэй болбол яах нь зүйтэй вэ? Хэрэв та «өчүүхэн» байхыг хичээдэг бол ахлагч болохыг тэвчээртэй хүлээнгээ ямар ч даалгаврыг дуртайяа биелүүлэн, Еховад баяр хөөртэй үйлчилсээр байна.

17, 18. а) Уучлалт гуйдаг, бас бусдыг уучилдаг байх нь ямар сайн талтай вэ? б) Сургаалт үгс 6:1–5-д юу гэж уриалсан байдаг вэ?

17 Бусадтай харьцахдаа. Ихэнх хүний хувьд уучлалт гуйх нь тэр бүр амаргүй. Гэхдээ Бурхны үйлчлэгч «өчүүхэн» байх гэж хичээдэг. Тийм учраас, алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж чадна. Бас өөрөө ч хүний алдаа дутагдлыг уучлахад бэлэн байдаг. Хэрэв христианууд бардам байвал тэдний дунд хагарал гарч, хэрүүл маргаан тасрахгүй. Харин даруу байвал хурлын эв нэгдэл бэхэжнэ.

18 Өөр ямар үед «өөрийгөө даруу болгох» хэрэгтэй вэ? Заримдаа биднээс шалтгаалахгүй асуудал гардаг. Тийм үед буруугаа хүлээхэд амаргүй байсан ч чин сэтгэлээсээ уучлалт гуйдаг бол «өчүүхэн» байх гэж хичээдгийн шинж юм. Даруу хүн, нөгөө хүний буруу байлаа ч өөрийнхөө бурууг ойлгоод хүлээн зөвшөөрдөг (Сургаалт үгс 6:1–5-ыг уншина уу).

19. Өчүүхэн байх тухай зөвлөгөө Библид байдагт яагаад талархах хэрэгтэй вэ?

19 «Өчүүхэн» болох тухай зөвлөгөө Библид байдаг нь ямар сайн юм бэ! Энэ зөвлөгөөг дагах тэр бүр амаргүй ч Бүтээгчийнхээ даруу гэдгийг санаж, түүний дэргэд хэчнээн өчүүхнээ ойлгодог бол даруу байх хүсэл төрнө. Тэгсэн цагт бид Еховагийн үнэ хүндтэй үйлчлэгч болно. Тийм учраас, «өчүүхэн» байхыг дор бүрнээ хичээцгээе.

^ Нэрсийг өөрчлөв.