Skip to content

Гарчиг руу орох

Та сүнслэг өвөө эрхэмлэдэг үү?

Та сүнслэг өвөө эрхэмлэдэг үү?

«Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар . . . харуулсан» (ҮЙЛС 15:14).

1, 2. а) «Давидын ... асар» гэж юу вэ? Яаж дахин босгох вэ? б) Өнөөдөр хэн Еховад үйлчилж байна вэ?

 МЭ 49 онд нэг чухал үйл явдал болжээ. Иерусалимд болсон удирдах зөвлөлийн хурал дээр шавь Иаков: «Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон [Петр] хэллээ. Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ. „«Үүний дараа Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ. Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх Харь үндэстнүүд болон бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой» гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна“ гэжээ» хэмээн хэлсэн (Үйлс 15:13–18).

2 «Давидын ... асар» гэдэг нь түүний удмын хаад юм. Иудагийн сүүлчийн хаан Зедекиаг хаан ширээнээс түлхэн унагаснаар энэхүү «асар» «нурсан» (Ам. 9:11). Гэхдээ Давидын удмаас гарах, мөнхийн Хаан Есүс үүнийг дахин босгох ажээ (Езе. 21:27; Үйлс 2:29–36). Давидын асрыг дахин босгож, сэргээнэ гэдэг нь Есүстэй хамт тэнгэрээс захирах иудей, иудей биш хүмүүсийг цуглуулна гэсэн үг болохыг Иаков онцолсон. Өнөөдөр дэлхий дээр үлдсэн тослогдсон христианууд болон Есүсийн сая сая «өөр хонинууд» хамтдаа Библийн үнэнийг тунхагладаг (Иох. 10:16, ШГ).

ИУДЕЙЧҮҮД ОЛЗЛОГДСОН НЬ

3, 4. Еховагийн үйлчлэгчид Вавилонд байхдаа ч сүнслэгээр сэргэг байсны учир юу вэ?

3 Вавилончууд иудейчүүдийг олзолсноор «Давидын ... асар» нурсан нь тодорхой болжээ. Бурхны үйлчлэгчид МЭӨ 607–537 он хүртэлх 70 жилийг хуурамч шашны үүр уурхай болсон Вавилон улсад өнгөрүүлэхдээ үнэнч байж чадсан. Еховагийн үйлчлэгчид бид бас Сатаны мэдэлд байдаг ертөнцөд амьдардаг хэр нь Бурхандаа үнэнч байдаг (1 Иох. 5:19). Асар их сүнслэг өвтэй учраас тэр.

4 Бурхны Үг бол сүнслэг өвийн маань нэгээхэн хэсэг юм. Вавилонд олзлогдсон иудейчүүдэд Ариун Судар бүтнээрээ байгаагүй. Гэхдээ тэд Мосегийн Хууль, Арван тушаал, «Сионы дуунууд» болон олон сургаал үг мэддэг байв. Түүнээс гадна, үлгэр дууриал болсон эртний үнэнч үйлчлэгчдийг дурсан санадаг байжээ. Нутаг орноо санагалзан уйлдаг байсан нь Еховаг мартаагүйнх аж (Дуулал 137:1–6-г уншина уу). Тийм болохоор Вавилоны хуурамч сургаал, ёс заншлыг дагалгүй сүнслэгээр сэргэг байж чадсан.

ГУРВАЛЫН СУРГААЛ ЭРТНЭЭС ЭХТЭЙ

5. Эртний вавилончууд болон египетчүүд ямар ямар гурвал шүтдэг байсан бэ?

5 Хүмүүс эрт дээр үеэс гурвал буюу гурван бурхан шүтдэг байжээ. Жишээ нь, вавилончуудын шүтдэг гурвалуудын нэг нь Син (сар бурхан), Шамаш (нар бурхан), Иштар (үржлийн ба дайны охин тэнгэр) гэсэн гурван бурхнаас бүрддэг байж. Эртний египетчүүдийн үздэгээр, бурхан эхнэр авч хүү төрүүлснээр «гурван бодгалиас бүрдсэн нэг бурхан буюу гурвалыг бий болгодог аж. Эцэг бурхан үргэлж тэргүүн байх албагүй бөгөөд эх бурхныг гол байр суурь эзэллээ гэхэд уурлахын оронд нөхөр нь гэдэгтээ сэтгэл нь ханадаг гэж үздэг байжээ» («New Larousse Encyclopedia of Mythology»). Египетчүүдийн шүтдэг байсан нэг гурвал нь Осирис (эцэг бурхан), Исис (охин тэнгэр), Хорус (хүү) гэсэн гурван бурхнаас бүрддэг аж.

6. Гурвал гэж юу вэ? Еховагийн ард түмэн яагаад Гурвалын тухай сургаалд итгэдэггүй вэ?

6 Христ шашны ертөнц Гурвалын тухай сургаал зааж, Эцэг, Хүү, ариун сүнс гурав нийлээд нэг Бурхан юм гэж номлодог. Энэ нь, үнэн чанартаа, Еховаг гурван бурхны нэг хэсэг төдийхнөөр ойлгуулж, хэмжээгүй эрх мэдэлд нь халдаж байгаа хэрэг юм. Харин Еховагийн ард түмэн энэ хуурамч сургаалд итгэдэггүй. Тэд Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн дараах үгийг хүлээн зөвшөөрдөг. «Израиль аа, сонс! ЭЗЭН [Ехова] бол бидний Бурхан, ЭЗЭН [Ехова] бол ганц» (Д.хууль 6:4). Есүс энэ үгийг иш татан хэлсэн байдаг. Тиймээс жинхэнэ христианууд Есүсийн хэлснийг няцаана гэж үү? (Марк 12:29).

7. Гурвалд итгэдэг хүн яагаад Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэж болохгүй вэ?

7 Гурвалын тухай сургаал Есүсийн тушаалтай зөрчилддөг. Тэрбээр дагалдагчдадаа «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ» хэмээн тушаасан (Мат. 28:19). Баптисм хүртэж жинхэнэ христиан буюу Еховагийн Гэрч болъё гэвэл Эцэг Бурхан Ехова Есүсээс илүү эрх мэдэлтэй, харин Есүс түүний Хүү бөгөөд амиа золиос болгон өгөхөөр дэлхийд ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бас ариун сүнс бол Гурвалын нэг хэсэг биш, Бурхны үйлдэх хүч гэдэгт итгэх учиртай (Эх. 1:2). Хэрэв хүн Гурвалд итгэдэг бол Ехова Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх боломжгүй. Гурвалын тухай сургаал Бурхныг гутаан доромжилдог хуурамч сургаал гэдгийг мэддэгтээ бид баярладаг. Учир нь энэ мэдлэг маань үнэлж баршгүй сүнслэг өвийн нэг хэсэг юм.

ЧӨТГӨРҮҮДТЭЙ ХОЛБОО ТОГТООХ

8. Вавилончууд бурхан чөтгөр хоёрыг юу гэж үздэг байсан бэ?

8 Вавилончууд хуурамч сургаалд итгэдэг, шүтээн шүтдэг, чөтгөрүүдтэй холбоо тогтоодог байжээ. Нэгэн нэвтэрхий тольд «Эртний Вавилоны шашин нэгдүгээрт бурхдыг, дараа нь бие махбод, сэтгэл мэдрэлийн янз бүрийн өвчтэй болгох чадалтай чөтгөрүүдийг онцгойлон анхаардаг байжээ. Вавилоны шашин чөтгөрүүдтэй байнга тэмцдэг байсан бололтой. Хүмүүс чөтгөрөөс хамгаалж өгөхийг гуйж бурхдадаа залбирдаг байсан» гэж бичжээ («The International Standard Bible Encyclopaedia»).

9. а) Иудейчүүд Вавилонд олзлогдсоноос хойш яаж мунхарсан бэ? б) Бид чөтгөрүүдтэй холбоо тогтоохын аюулаас хамгаалагддаг гэхийн учир юу вэ?

9 Вавилонд олзлогдсоноос хойш олон иудей хүн Бурхны Үгтэй зөрчилдсөн хуурамч сургаалд итгэж, яваа яваандаа Грекийн гүн ухааны нөлөөнд автан сайн чөтгөр ч байдаг гэж үзэх болсон. Харин Ехова чөтгөрүүдтэй холбоо тогтоохыг эрс буруушааж, үүний аюулаас сэрэмжлүүлдэг. Ийм үнэн зөв мэдлэг бол сүнслэг өвийн маань нэг хэсэг юм (Ис. 47:1, 12–15). Үүний ачаар бид чөтгөртэй холбоо тогтоох аюулаас хол явдаг тул хамгаалагддаг (Дэд хууль 18:10–12; Илчлэлт 21:8-ыг уншина уу).

10. Агуу Вавилоны сургаал номлол, зан үйлийн талаар юу хэлж болох вэ?

10 Өнөөдөр хуурамч шашин шүтдэг олон хүн чөтгөрүүдтэй холбоо тогтоодог. Үүгээрээ эртний вавилончуудтай адилхан. Тийм учраас, бүх хуурамч шашныг Библид «Агуу Вавилон» гэж нэрлэдэг (Илч. 18:21–24). Хуурамч шашны зан үйл, сургаал номлол эртний Вавилоноос эхтэй. Чөтгөртэй холбоо тогтоох, хиймэл шүтээн шүтэх гэх мэтийн нүглээр дүүрсэн Агуу Вавилон удахгүй устгагдана (Илчлэлт 18:1–5-ыг уншина уу).

11. Чөтгөртэй холбоо тогтоохын аюулаас манай ном хэвлэл хэрхэн сэрэмжлүүлдэг вэ?

11 Ехова: «Бузар гэм[ийг] ... Би тэвчиж чадахгүй» хэмээн айлджээ (Ис. 1:13). XIX зууны үед муу сүнснүүдтэй холбоо тогтоох явдал их байв. «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1885 оны 5 дугаар сарын дугаарт «Үхэгсэд өөр ертөнцөд байдаг гэдэг ойлголт шинэ юм биш ээ. Эрт үеэс номлож ирсэн сургаал бөгөөд бүхий л үлгэр домгийн эх юм» гэж бичжээ. Мөнхүү өгүүлэлд цааш нь, чөтгөрүүд үхсэн хүний дүрд хувилж амьд хүмүүстэй холбоо тогтоохыг оролдож, олон хүнийг төөрөгдүүлж үзэл бодол, үйл хэргийг нь удирддаг хэмээн анхааруулсан байна. Тэр үед гарсан «Чөтгөртэй холбоо тогтоохыг Библи юу гэж үздэг вэ?» гэдэг товхимол болон манай байгууллагаас гаргасан сүүлийн үеийн хэвлэлүүдэд дээрхтэй төстэй анхааруулга байдаг.

ҮХЭГСЭД ТАМД ЗОВДОГ УУ?

12. Соломон ариун сүнсээр удирдуулан бичихдээ нас барагсад ямар байдалтай байдаг гэсэн бэ?

12 «Үнэнийг мэддэг» бүх хүн энэ асуултад зөв хариулж чадна (2 Иох. 1). Бид Соломоны бичсэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр: «Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. . . . Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. . . . Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» хэмээн бичжээ (Ном. 9:4, 5, 10).

13. Эртний Грекийн шашин, соёл иудейчүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

13 Иудейчүүд нас барагсдын талаар үнэн зөв мэдлэгтэй байсан. Харин Их Александрын жанжнууд Грекийг хувааж аван Иуда, Сирийг гартаа оруулж, эртний Грекийн шашин, соёлыг нэвтрүүлснээр хүн үхэшгүй мөнхийн сүнстэй, үхэхлээрээ өөр ертөнцөд очиж тарчлан зовдог гэсэн хуурамч сургаалд итгэх болжээ. Гэхдээ үхсэн хүний сүнс тамд тарчилдаг тухай сургаал Грекээс бус, Вавилоноос үүсжээ. «Вавилон, Ассирийн шашин» хэмээх нэгэн бүтээлд асар их хүч чадалтай, хэрцгий догшин бурхад болон чөтгөрүүд айдас хүйдсээр дүүрсэн тамыг захирч байдаг гэж бичсэн байна. Тэгэхлээр вавилончууд үхэшгүй мөнхийн сүнсэнд итгэдэг байжээ.

14. Иов Абрахам нар үхэл, амилалтын талаар юу мэддэг байсан бэ?

14 Иов Библигүй хэр нь үхлийн тухай үнэнийг мэддэг байв. Бас үхлээ гэхэд хайр халамжаар дүүрэн Ехова Бурхан өөрийг нь амилуулах гэж тэмүүлэхийг мэдэж байсан (Иов 14:13–15). Үхсэн хүн амилна гэдэгт Абрахам ч итгэдэг байв (Еврей 11:17–19-ийг уншина уу). Хүн үхдэггүй байсан бол амилуулна гэдэг утгагүй шүү дээ. Тийм учраас, Иов Абрахам хоёр үхэшгүй мөнхийн сүнсэнд итгэдэггүй байсан. Бурхны сүнсний ачаар тэд үхэгсэд ямар байдалтай байдгийг ойлгож, эргээд амилна гэдэгт итгэдэг болсон нь дамжиггүй. Энэ ойлголт бас сүнслэг өв юм.

ЗОЛИОСОНД ИТГЭХ НЬ АМИН ЧУХАЛ

15, 16. Бид ямар учраас нүгэл, үхлээс чөлөөлөгдөх боломжтой болсон бэ?

15 Адамаас өвлөж авсан нүгэл, үхлээс биднийг хэрхэн аврахаа хэлж өгсөн Бурхандаа талархах хэрэгтэй (Ром 5:12). Есүс «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирснийг» бид мэддэг (Марк 10:45). «Христ Есүс доторх золилтоор дамжуулан» аврагдана гэдэг ямар сайхан юм бэ! (Ром 3:22–24).

16 Нэгдүгээр зууны иудейчүүд болон харь үндэстнүүд нүглээ гэмшиж, Есүсийн золиосонд итгэх шаардлагатай байсан. Тэгсэн цагт өршөөл хүртэх байлаа. Өнөөдөр ч мөн ялгаагүй (Иох. 3:16, 36). Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн хуурамч сургаалд итгэдэг хүн золиосны ач тусыг хүртэхгүй. Харин бид хүртэнэ. Бид Бурхны Хүүгийн тухай үнэнийг мэддэг. Түүний өргөсөн золих тахилын үндсэн дээр нүглээ уучлуулж, аврагдах болсон билээ (Кол. 1:13, 14).

ЕХОВАД ҮЙЛЧИЛСЭЭР БАЙЯ

17, 18. Еховагийн Гэрчүүдийн түүхийг хаанаас мэдэж болох вэ? Ямар ач холбогдолтой вэ?

17 Жинхэнэ үнэний тухай мэдлэгээс гадна Бурханд үйлчлэхэд тохиолдсон явдал, хуримтлуулсан туршлага, Бурхнаас хүртсэн янз бүрийн ивээлийг өв гэж хэлж болно. Дэлхий дахинд буй итгэл нэгтнүүд маань Ехова Бурхандаа хэрхэн үйлчилж байгааг харуулсан сэтгэл хөдөлгөм тайланг «Жил тутмын ном»-д нийтлээд хэдэн арван жил болж байна. Бидний түүхэн замналыг өгүүлдэг «Еховагийн Гэрчүүд ба амьд итгэл» гэсэн 2 хэсэгтэй видео кино, «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» гэх зэргийн ном хэвлэл бий. Түүнчлэн, манай сэтгүүлүүдэд хайртай итгэл нэгтнүүдийн маань түүх намтар үе үе гардаг.

18 Еховагийн байгууллагын түүхийг боломжоороо судлах нь бидэнд хэрэгтэй. Бурхны ачаар Египетийн дарлалаас хэрхэн аврагдсанаа эргэцүүлэн бодох нь эртний израильчуудад бас тустай байсан (Ег. 12:26, 27). Бурхны гайхамшигт үйлсийг үзсэн өвгөн буурал Мосе: «Эртний өдрүүдийг санацгаа. Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө» хэмээн израильчуудад захижээ (Д.хууль 32:7). Еховагийн ард түмэн, түүний «бэлчээрийн хонин сүрэг» бид Еховаг баяр хөөртэйгөөр магтан алдаршуулж, хүчирхэг үйлсийг нь бусдад хэлж мэдүүлдэг (Дуу. 79:13). Еховагийн ард түмний түүхийг судалж, сургамж авбал Бурхандаа идэвх зүтгэлтэй үйлчилсээр байх болно.

19. Сүнслэг гэрэлд алхдаг бид юу хийх ёстой вэ?

19 Бид сүнслэг харанхуйд бус, Бурхны өгдөг сүнслэг гэрэлд алхдагтаа үнэхээр их баярладаг (Сур. 4:18, 19). Тийм учраас, Бурхны Үгийг нямбай судалж, үнэнийг идэвх зүтгэлтэй тунхаглацгаая. Бид дуулалчийн нэгэн адилаар «Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана. Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч» хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Еховагаа магтан дуулдаг (Дуу. 71:16–18).

20. Хоорондоо холбоотой ямар маргаантай асуудлууд байдаг вэ? Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

20 Еховад өөрсдийгөө зориулсан бид Сатаны дэгдээсэн, хоорондоо холбоотой маргаантай асуудлуудыг мэддэг. Тийм учраас, Ехова бол Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн, биднээр шүтүүлэх зохистой Нэгэн гэсэн няцаахын аргагүй үнэнийг тунхагладаг (Илч. 4:11). Даруу, шаналсан зүрхтэй, гашуудагч хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхэд маань Бурхан ариун сүнсээ өгч тусалдаг (Ис. 61:1, 2). Бурхны ард түмнийг болон хүн төрөлхтнийг бүхэлд нь эрхшээлдээ оруулах гэсэн Сатаны төлөвлөгөө хэзээ ч бүтэхгүй. Асар их сүнслэг баялаг өвлүүлсэн Еховадаа чин сэтгэлээсээ талархан, үргэлж үнэнч байцгаая. Ехова бол одоо ч, ирээдүйд ч Хэмжээгүй эрхт Эзэн байх болно гэдгийг ямагт тунхаглацгаая (Дуулал 26:11; 86:12-ыг уншина уу).