Skip to content

Гарчиг руу орох

«Илүү чухал юм нь юу болохыг магадал»

«Илүү чухал юм нь юу болохыг магадал»

«Илүү чухал юм нь юу болохыг магадал» (ФЛП.1:10, ШЕ).

1, 2. Төгсгөлийн үед болох ямар үйл явдал Есүсийн шавь нарын сонирхлыг татсан бэ? Яагаад?

 ЕСҮСИЙН хажууд Петр Иаков Иохан Андрей нараас өөр хэн ч байсангүй. Иерусалимын сүм устгагдах тухай хэлсэн Есүсийн үгнээс болоод тэр дөрөв их шаналжээ (Марк 13:1–4). Тиймээс тэд: «Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуусан (Мат. 24:1–3). Есүс шавь нарынхаа асуултад хариулахдаа Иерусалимын сүм устгагдахын өмнө юу болохыг төдийгүй Сатаны ёс бус тогтолцооны төгсгөлийн үед болох үйл явдлуудыг ч хэлж өгчээ. Дайн дажин, өлсгөлөн, ёс бус байдал гэх мэтийн муу муухай юм газар авахыг зөгнөсөн. Гэхдээ төгсгөлийн үед болох сайн сайхан юмыг ч хэлсэн байдаг. Тэрбээр: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Мат. 24:7–14).

2 Багштайгаа хамт Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан шавь нар нь энэ зөгнөлийг сонсоод Багшийнхаа хэлсэн нэг үгийг санасан биз ээ. Өмнө нь Есүс тэдэнд «Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа» гэсэн юм (Лук 8:1; 9:1, 2; 10:2). «Харин яаж „дэлхий даяар“ дэлгэрүүлж „бүх үндэстэнд“ гэрчлэх юм бол? Ажилчид нь хаана байгаа юм бол оо?» гэж шавь нар бодсон нь лавтай. Матай 24:14-т байдаг энэ зөгнөл одоо яг таг биелж байна. Үүнийг Есүсийн эртний шавь нар огтхон ч төсөөлж чадаагүй байх.

3. Лук 21:34-т байдаг Есүсийн хэлсэн үг бидэнд онцгой хамаатай гэж хэлэхийн учир юу вэ? Ямар асуултыг бодож үзэх нь зүйтэй вэ?

3 Есүсийн зөгнөл өнөөдөр биелж сая сая хүн Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж байна (Ис. 60:22). Гэхдээ ямар үед амьдарч байгаагаа үргэлж анхаарч явах нь зарим хүнд амаргүй байхыг Есүс хэлсэн. Тэд өөр юманд анхаарлаа хандуулж түүндээ «дарамтлагдах» аж (Лук 21:34-ийг уншина уу). Есүсийн хэлсэн энэ үг өнөөгийн бидэнд онцгой хамаатай. Учир нь зарим христиан хамгийн чухал зүйлийг эн тэргүүнд тавихаа больж байна. Энэ нь юунаас харагддаг вэ? Нэг хэсэг нь ажил төрөл сонгох, дээд боловсрол эзэмших, эд хөрөнгө хураахыг чухалд үздэг байхад, нөгөө хэсэг нь спорт, зугаа цэнгэлд хэтэрхий их цаг зарцуулдаг. Түүнээс гадна өдөр тутмын амьдралдаа түүртээд Бурханд үйлчлэх боломжоо бүрэн ашиглаж чаддаггүй хүн бас байдаг. Тиймээс дараах асуултыг бодож үзээрэй. «Би ингэхэд яадаг билээ? Бурхны хүсэл тааллыг эн тэргүүнд тавьдаг уу?».

4. а) Паул Филиппойн христиануудын төлөө юу гэж залбирсан бэ? Яагаад? б) Энэ болон дараагийн өгүүллээр юуны талаар үзэх вэ? Энэ нь ямар ач тустай вэ?

4 Нэгдүгээр зууны христианууд сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавихын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байсан. Тиймээс элч Паул Филиппойн христиануудыг «илүү чухал юм нь юу болохыг магадлаасай» (ШЕ) хэмээн залбирдаг байжээ (Филиппой 1:9–11-ийг уншина уу). Үүний үрээр ихэнх христиан Паулыг дууриан Бурхны үгийг «улам илүү зоригтой» ярьдаг болсон (Флп. 1:12–14). Өнөөдөр ч гэсэн ихэнх христиан Бурхны Үгийг эр зоригтой тунхагладаг. Матай 24:14-т байдаг зөгнөл биелэхэд Еховагийн байгууллага ямар үүрэг гүйцэтгэдгийг энэ өгүүллээр ярилцъя. Үүнийг сайн ойлговол хамгийн чухал ажил болох дэлгэрүүлэх ажлыг бүр ч зоригтой, идэвх зүтгэлтэй хийнэ. Еховагийн байгууллага юуг голлон анхаардаг вэ? Энэ нь бидэнд болон гэр бүлийнхэнд маань ямар хүсэл төрүүлэх вэ? Бурхандаа тууштай үйлчилж, Еховагийн байгууллагын заавар зөвлөгөөг үргэлж дагахын тулд яах ёстойг энэ болон дараагийн өгүүллээр үзнэ.

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТЭНГЭР ДЭХ ХЭСЭГ

5, 6. а) Ехова байгууллагынхаа тэнгэр дэх хэсгийн талаарх үзэгдлийг үйлчлэгчдэдээ яагаад үзүүлсэн бэ? б) Езекиел ямар үзэгдэл үзсэн бэ?

5 Ехова Үгэндээ зарим зүйлийг бичүүлээгүй. Тухайлбал, хүмүүс бидэнд гайхалтай санагддаг уураг тархи юм уу орчлонт ертөнцийн бүтэц, үйл ажиллагааны талаар нарийн ширийн зүйлийг хэлж өгөөгүй. Харин санаа зорилгыг нь ойлгож, хүсэл тааллыг нь биелүүлж амьдрахад тус болох бүх мэдээлэл бий (2 Тим. 3:16, 17). Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийн талаар Библид байдаг нь үнэхээр сонирхолтой! Энэ талаар бичсэн Исаиа Езекиел Даниел Иохан нарын номыг уншихлаар сэтгэл хөдөлдөг (Ис. 6:1–4; Езе. 1:4–14, 22–24; Дан. 7:9–14; Илч. 4:1–11). Бидэнд харуулах гээд Ехова тэнгэрийн хөшгөө нээсэн гэлтэй. Үүний учир юу вэ?

6 Ехова биднийг орчлонт ертөнц дэх байгууллагынх нь гишүүн гэдгийг үргэлж санаж яваасай гэж хүсдэг. Энэ байгууллагын тэнгэр дэх хэсэгт Еховагийн санаа зорилгыг биелүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Езекиел агуу том тэнгэрийн тэргийг гайхамшгаар үзжээ. Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийг төлөөлсөн энэ тэрэг маш хурдтай явах агаад чиглэлээ хурдан өөрчилж байлаа (Езе. 1:15–21). Дугуй нь нэг бүтэн эргэхэд асар хол зам туулдаг аж. Бас хэн жолооддогийг нь Езекиел үзжээ. Тэрбээр: «Эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан» гээд цааш нь «ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв» хэмээн хэлсэн (Езе. 1:25–28). Езекиел энэ үзэгдлийг үзээд сүрдэж биширсэн биз ээ! Ехова байгууллагаа бүрэн хянаж, хаашаа хөдлөхийг нь ариун сүнсээрээ чиглүүлж байжээ. Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буйг Езекиел гайхалтай дүрсэлсэн!

7. Даниелын үзэгдлийг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

7 Бас Даниелын үзэгдэл бидэнд итгэл төрүүлдэг. Тэрбээр дугуйтай сэнтийд залран буй «Эртний Нэгэн» болох Еховаг харсан (Дан. 7:9). Санаа зорилгыг нь биелүүлэхийн тулд зогсолтгүй ажилладаг байгууллагаа Ехова Даниелд харуулахыг хүсжээ. Даниел Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийг удирдах эрх мэдлийг авч буй «Хүний Хүү шиг Нэгэн» буюу Есүсийг ч харсан аж. Есүс хэдхэн жил удирдахгүй. «Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» (Дан. 7:13, 14). Энэ үзэгдлийг эргэцүүлж бодохлоор Ехова юу хийж байгааг ойлгож, түүнд улам итгэж найддаг болдог. Бас Еховагийн итгэлийг хүлээн «эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлалыг» авсан Есүсийг Удирдагчаа хэмээн итгэж найдна.

8. Езекиел Исаиа нар үзэгдэл үзээд яасан бэ? Бид яах ёстой вэ?

8 Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийн талаар зөнчдийн бичсэн мэдээллийг уншихлаар ямар сэтгэгдэл төрдөг вэ? Езекиелийн адилаар, Еховагийн хийж байгаа зүйлийг хараад өөрийн эрхгүй сүрдэж, даруу байхыг хүсдэг (Езе. 1:28). Еховагийн байгууллагын талаар эргэцүүлэн бодохлоор Исаиаг дууриах хүсэл төрдөг. Исаиа Еховагийн агуу үйлсийг бусдад мэдүүлэх боломжийг алдаагүй (Исаиа 6:5, 8-ыг уншина уу). Тэрбээр Еховагийн тусламжтайгаар ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Үүнтэй адилаар, бид бас Еховад илүү идэвх зүтгэлтэй үйлчилж, байгууллагыг нь дэмжих хүсэлтэй болдог. Еховагийн санаа зорилгыг биелүүлэхийн төлөө зогсолтгүй ажиллаж буй байгууллагын гишүүн гэдгээ бодохлоор үнэхээр урам зориг бадардаг!

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭЛХИЙ ДЭХ ХЭСЭГ

9, 10. Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг байгуулагдах болсны учир юу вэ?

9 Байгууллагынх нь тэнгэр дэх хэсэгтэй хамтран ажиллах өөр нэг хэсгийг дэлхий дээр байгуулахыг Ехова Хүүдээ даалгасан. Ингэснээр Матай 24:14-т байдаг зөгнөл биелэх байв. Яагаад ингэж хэлж болох вэ? Гурван шалтгааныг авч үзье.

10 Нэгдүгээрт, Есүсийн хэлснээр шавь нар нь «энэ дэлхийн хязгаар хүртэл» сайн мэдээг тунхаглах учиртай (Үйлс 1:8). Хоёрдугаарт, энэ ажилд оролцдог хүмүүсийг сүнслэг хоол ундаар хангаж, урамшуулан зоригжуулах хэрэгтэй (Иох. 21:15–17). Гуравдугаарт, Еховаг шүтэж, дэлгэрүүлэх ажлын арга барил эзэмшихийн тулд цуглаан хийх шаардлагатай (Евр. 10:24, 25). Христийн дагалдагчид сайн зохион байгуулалттай байсан цагт энэ гурван зорилгыг биелүүлж чадах байв.

11. Еховагийн байгууллагыг яаж дэмжих вэ?

11 Еховагийн байгууллагыг яаж дэмжих вэ? Дэлгэрүүлэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн эрчүүдэд үргэлж итгэж найдах хэрэгтэй. Учир нь Ехова Есүс хоёр тэдэнд итгэл хүлээлгэсэн шүү дээ. Эдгээр эрчүүд өнөөгийн ертөнцийн бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө цаг зав, хүч чадлаа зориулж болох л байсан. Гэхдээ тэгээгүй. Тэгвэл тэд юуг голлон анхаардаг вэ?

«ИЛҮҮ ЧУХАЛ ЮМАНД» АНХААРЛАА ХАНДУУЛСАН

12, 13. Ахлагчид үүрэг даалгавраа хэрхэн биелүүлдэг вэ? Энэ нь танд урам зориг хайрладгийн учир юу вэ?

12 Дэлхий дахинд буй туршлагатай ахлагчид үйлчилж байгаа улс орондоо Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээдэг. Тэд шийдвэр гаргахын өмнө «хөл дэх дэнлүү, ... зам дахь гэрэл» болсон Бурхны Үгнээс удирдлага заавар хайхын зэрэгцээ тусламж гуйн шаргуу залбирдаг (Дуу. 119:105; Мат. 7:7, 8).

13 Хариуцлагатай үүрэг хүлээдэг байсан нэгдүгээр зууны үеийн хүмүүсийн адилаар, дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг өнөөгийн ахлагчид «үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулсан» (Үйлс 6:4). Тэд улс оронд нь төдийгүй дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх ажил өргөжин тэлж байгааг хараад маш их баярладаг (Үйлс 21:19, 20). Чухал үүрэг гүйцэтгэдэг эдгээр эрчүүд тоо томшгүй олон дүрэм журам гаргадаггүй. Харин дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахад гол анхаарлаа хандуулдаг бөгөөд ингэхдээ Библийн зарчмыг баримталж, Бурхны ариун сүнсээр удирдуулдаг (Үйлс 15:28-ыг уншина уу). Ийнхүү хурлынхандаа үлгэр дууриал болдог (Еф. 4:11, 12).

14, 15. а) Дэлгэрүүлэх ажлыг дэлхий даяар өрнүүлэхийн тулд ямар ажил зохиодог вэ? б) Та ийм ажилд оролцох завшааныг хэр үнэлдэг вэ?

14 Ном хэвлэл гаргах, цуглаан, чуулганаар үзэх материал бэлдэхийн тулд өдөр бүр нөр их хөдөлмөрлөдөг хүмүүс бий. Жишээ нь, олон мянган итгэл нэгтэн маань энэхүү сүнслэг хоолыг 600 гаруй хэлээр гаргахын төлөө эцэж цуцахыг үл мэдэн сайн дураараа ажилладаг. Үүний ачаар олон хүн «Бурханы агуу үйлсийг» эх хэлээрээ мэдэж авдаг (Үйлс 2:7–11). Бас орчуулсан материалыг хамгийн сүүлийн үеийн, хүчин чадал сайтай хэвлэх машинаар хэвлэж, хавтаслах ажил хийдэг залуус олон. Бэлэн болсон ном хэвлэлийг дэлхий дахины бүх хуралд илгээдэг.

15 Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарахад туслах янз бүрийн арга хэмжээ улс орон бүрд зохиогддог. Жишээлбэл, Хаанчлалын болон Чуулганы танхим барих, байгалийн гамшигт нэрвэгдсэн болон эмнэлгийн яаралтай тусламж шаардагдсан хүмүүст туслах, чуулган зохион явуулах, Библийн боловсрол олгодог сургуулиудад багшлах гэх зэргийн ажилд сайн дураараа оролцон хувь нэмрээ оруулдаг хүмүүс хэдэн мянга бий. Энэ бүх ажлын зорилго юу вэ? Сайн мэдээ тунхаглах ажилд түлхэц болох, энэ ажилд хувь нэмрээ оруулдаг хүмүүсийг сүнслэгээр өсгөх, жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Ийнхүү, Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг илүү чухал юмыг анхаарч байна!

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЦГААЯ

16. Юуг гэр бүлээрээ юм уу эсвэл бие дааж судлах нь зүйтэй вэ?

16 Еховагийн байгууллага ямар гайхалтай зүйл хийж байгааг та үе үе эргэцүүлэн боддог уу? Зарим Гэрч зориуд цаг зав гаргаж байгууллагын талаар бие дааж юм уу эсвэл гэр бүлээрээ судалдаг. Жишээ нь, Исаиа Езекиел Даниел Иохан нарын үзсэн үзэгдлийг судалбал танд сонирхолтой санагдах нь дамжиггүй. Манай байгууллагын тухай өгүүлсэн кино болон ном хэвлэл олон бий. Үүний нэг нь «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» ном юм («Jehovah’s Witnesses—Proclaimers of God’s Kingdom»).

17, 18. а) Та энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ? б) Ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

17 Ехова байгууллагаараа дамжуулан юу хийдгийг эргэцүүлэн бодох нь бидэнд тустай. Энэ хосгүй байгууллагын гишүүнийхээ хувьд «илүү чухал юмыг» эн тэргүүнд тавьж явцгаая. Ингэдэг бол Паулын адилаар «Бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй» хэмээн итгэл төгс хэлнэ (2 Кор. 4:1). Паул бас «Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» хэмээн итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулсан (Гал. 6:9).

18 Та болон танай гэр бүлийнхэн хамгийн чухал зүйлийг үргэлж эн тэргүүнд тавихын тулд ямар нэг юмаа өөрчлөх хэрэгтэй юм биш биз? Хамгийн чухал ажил болох дэлгэрүүлэх ажлыг илүү их анхаарахын тулд амьдралаа эгэл жирийн болгож чадах уу? Дараагийн өгүүллээр, Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхахад туслах таван зүйлийг ярилцана.