Skip to content

Гарчиг руу орох

Бүү шантар

Бүү шантар

«Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая» (ГАЛ. 6:9).

1, 2. Орчлонт ертөнцийн хамгийн агуу Еховагийн байгууллагын талаар эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

 ОРЧЛОНТ ертөнцийн хамгийн агуу байгууллагын гишүүн гэдгээ бодохлоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. «Езекиел» номын 1-р бүлэг, «Даниел» номын 7-р бүлэгт гардаг үзэгдэлд санаа зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж буй Еховаг тод томруун дүрсэлдэг. Есүс Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийг удирдан чиглүүлдэг. Тэрбээр сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг урагшлуулах, энэ ажилд оролцдог хүмүүсийг сургаж бэлтгэх, урамшуулан зоригжуулах, жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Тийм болохоор бид Еховагийн байгууллагад итгэж найддаг (Мат. 24:45).

2 Та ийм хосгүй байгууллагатай хөл нийлүүлэн алхдаг уу? Бурхандаа улам идэвх зүтгэлтэй үйлчилж байна уу, эсвэл үгүй юү? Эдгээр асуултыг өөрөөсөө асуутал идэвх муутай болж байгаагаа анзаарвал яах вэ? Нэгдүгээр зууны үеийн христиануудад ийм юм тохиолджээ. Тиймээс элч Паул тэдэнд идэвх зүтгэлтэй байсан Есүсийн тухай эргэцүүлэн бодохыг зөвлөсөн. Ингэсэн нь «сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй» байхад нь туслах гэснийх аж (Евр. 12:3). Бид өмнөх өгүүллээр Еховагийн байгууллага ямар гайхалтай ажил хийж байгааг ярилцсан билээ. Нэгдүгээр зууны христианууд Есүсийн тухай эргэцүүлэн бодоод урам зоригтой үйлчилдэг болсон. Бид бас Еховагийн байгууллагын талаар эргэцүүлэн бодвол Бурхандаа улам идэвх зүтгэлтэй, тууштай үйлчилнэ.

3. Идэвх зүтгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бурхандаа идэвх зүтгэлтэй, урам зоригтой үйлчилье гэвэл зөвхөн байгууллагын талаар эргэцүүлэн бодоод зогсохгүй «сайныг үйлдэх» ёстой гэж Паул хэлсэн (Гал. 6:9). Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө тодорхой юм хийх хэрэгтэй гэсэн үг. Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхаж, тууштай байхад туслах таван зүйлийг авч үзье. Та болон танай гэрийнхэн юуг илүү анхаарах хэрэгтэйгээ мэдэж аваарай.

БУРХНАА ШҮТЭЖ, УРАМШИН ЗОРИГЖИХЫН ТУЛД ЦУГЛАХ НЬ

4. Цуглааныг жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг гэж хэлэхийн учир юу вэ?

4 Еховагийн үйлчлэгчид цуглардаг нь эрт үеэс улбаатай. Сүнсэн бүтээлүүд товлосон цагт Еховагийн өмнө цугладгийг Библид бичсэн байдаг (Х.дээд 22:19; Иов 1:6; 2:1; Дан. 7:10). Дээр үед Бурхан хуулиа «сонсгон, заахын» тулд Израилийн ард түмнийг цуглуулдаг байв (Д.хууль 31:10–12). Нэгдүгээр зууны иудейчүүд синагогт очиж Судраас уншдаг заншилтай байжээ (Лук 4:16; Үйлс 15:21). Христиан хурал үүсэн байгуулагдсан үед ч цуглаан ач холбогдлоо алдаагүй, өнөөдөр ч шүтлэгийн маань салшгүй хэсэг байсаар байна. Жинхэнэ христианууд «бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахыг» хичээдэг. Бид «хамтран цуглахаа болилгүй, харин [Еховагийн] өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулж» байх учиртай (Евр. 10:24, 25).

5. Бид цуглааны үед бие биеэ хэрхэн зоригжуулдаг вэ?

5 Бие биеэ зоригжуулах нэг арга нь цуглаандаа идэвхтэй оролцох явдал юм. Жишээ нь, догол мөрийн асуултад хариулах, Библийн зүйлийг тайлбарлах, Бурхны тогтоосон хэм хэмжээг баримтлах нь ач тустайг харуулсан жишээ цухас дурдах зэргээр итгэл үнэмшлээ илэрхийлж болно (Дуу. 22:22; 40:9). Та цуглаанд яваад хэдэн ч жил болсон бай, итгэл нэгтнүүдийнхээ хариулт, тайлбарыг сонсоод урамшин зоригждог биз дээ?

6. Цуглаан ямар ач тустай вэ?

6 Өөр ямар чухал зорилгоор хамт цугладаг вэ? Цуглаан, чуулганд тогтмол оролцдог бол биднийг эсэргүүцдэг, сайн мэдээ сонсохыг хүсдэггүй хүмүүст ч зоригтой дэлгэрүүлж чаддаг (Үйлс 4:23, 31). Библид үндэслэсэн илтгэл сонсож, хэлэлцүүлэгт оролцох нь итгэл бэхжүүлэх ач холбогдолтой (Үйлс 15:32; Ром 1:11, 12). Бас баяр баясгалантай, амар тайван болдог (Дуу. 94:12, 13). Дэлхий дахинд буй Еховагийн ард түмэнд зааж сургах бүх хөтөлбөрийг бэлтгэх ажлыг Удирдах Зөвлөлийн Сургалтын хороо хариуцаж зохион байгуулдаг. Долоо хоног бүр болдог цуглаанаас ач тустай олон чухал зүйлийг мэдэж авдагтаа бид үнэхээр их баярладаг!

7, 8. а) Хамт цугладгийн маань гол шалтгаан юу вэ? б) Та цуглааныг юу гэж үздэг вэ?

7 Гэхдээ бид өөрсдийнхөө тусын тулд л цугладаг юм биш. Хамт цугладгийн маань хамгийн гол шалтгаан бол Еховаг шүтэх явдал юм (Дуулал 95:6-г уншина уу). Агуу Бурхнаа магтан дуулна гэдэг бол асар их нэр төрийн хэрэг! (Кол. 3:16). Бас цуглаанд оролцож асуултад хариулан Еховаг алдаршуулдаг. Ехова бол ингэж шүтүүлэх зохистой Нэгэн (Илч. 4:11). Тиймээс «зарим хүний зуршил болсон шиг хамтран цуглахаа болихгүй» байхыг уриалдагт гайхах хэрэггүй! (Евр. 10:25).

8 Ёс бус тогтолцооны төгсгөл хүртэл Еховад тууштай үйлчлэхэд цуглаан тус болно гэж та боддог уу? Тэгж боддог бол, хэчнээн завгүй байсан ч цуглааныг «илүү чухал юмны» нэг гэж үзнэ (Флп. 1:10, ШЕ). Хүндэтгэх шалтгаангүй л бол Еховаг шүтэхээр ах дүүстэйгээ цуглах завшаанаа яасан ч алдахгүй.

ИДЭВХТЭЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

9. Дэлгэрүүлэх нь хамгийн чухал ажил гэхийн учир юу вэ?

9 Түүнчлэн дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцдог бол Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхана. Есүс дэлхий дээр байхдаа энэ ажлын эхийг тавьсан (Мат. 28:19, 20). Тэр цагаас хойш Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил Еховагийн байгууллагын голлон анхаардаг зүйлийн нэг болсон. Тэнгэр элчүүд биднийг дэмжиж, «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийг» олоход тусалдгийг харуулах олон жишээ байдаг (Үйлс 13:48, ШЕ; Илч. 14:6, 7). Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийн гол зорилго нь дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах, урагшлуулах юм. Та бас дэлгэрүүлэх ажлыг «илүү чухал юм» гэж үздэг үү?

10. а) Үнэний төлөө гэсэн халуун сэтгэлээ гээхгүйн тулд яах хэрэгтэйг жишээгээр хэлнэ үү. б) Шантрахгүй байхад тань дэлгэрүүлэх ажил тустай юу? Яагаад?

10 Дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцдог бол үнэний төлөө гэсэн халуун сэтгэлээ гээхгүй. Ахлагч, байнгын эхлэгчээр олон жил үйлчилж буй Мичел: «Би хүмүүст үнэний тухай ярих дуртай. „Харуулын цамхаг“, „Сэрцгээ!“ сэтгүүлийн шинэ дугаарыг авч унших бүрдээ гайхаж биширдэг. Ухаарал хайрласан, юмны цаад учрыг ойлгуулсан, янз бүрийн асуудлыг дүн нуруутай тайлбарласан олон сайхан өгүүлэл нийтлэгддэг. Тэгээд сэтгүүлээ аваад дэлгэрүүлэхээр гардаг. Хүмүүст ямар санагдах бол, сонирхлыг нь яаж татах вэ гэж боддог. Дэлгэрүүлэх ажлын ачаар би тууштай байдаг. Ямар ч ажил гарсан дэлгэрүүлэх хуваариа өөрчилдөггүй» хэмээн ярьсан юм. Бид ч бас Бурхны үйл хэрэгт биеэ бүрэн дайчилдаг бол эцсийн өдрүүдэд тууштай байж чадна (1 Коринт 15:58-ыг уншина уу).

СҮНСЛЭГ ХООЛ ХҮРТЭХ НЬ

11. Еховагийн өгдөг сүнслэг хоолыг бүрэн дүүрэн хүртэх хэрэгтэйн учир юу вэ?

11 Ехова биднийг эрч хүчтэй, урам зоригтой болгохын тулд сүнслэг хоол ундыг арвин ихээр өгдөг. Та байгууллагын ямар нэг ном хэвлэл уншаад «Яг надад хэрэгтэй зүйл байна. Ехова надад л зориулаад биччихсэн юм уу даа!» гэж бодож байсан байх. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. Ехова ном хэвлэлээр дамжуулан биднийг сургаж, удирддаг. Тэрбээр: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө» гэдэг (Дуу. 32:8). Та шинээр гарсан бүх ном хэвлэлийг уншиж, эргэцүүлэн боддог уу? Ингэвэл өнөөгийн хэцүү цагт тууштай байж, Бурхандаа идэвх зүтгэлтэй үйлчилсээр байх болно (Дуулал 1:1–3; 35:28; 119:97-г уншина уу).

12. Яавал ном хэвлэлээ улам илүү үнэлж эрхэмлэдэг болох вэ?

12 Бидний гар дээр тогтмол ирдэг ном хэвлэл хэчнээн их хүч хөдөлмөрөөр бий болдгийг бодож үзвэл улам их үнэлж эрхэмлэнэ. Судалгаа хийх, бичих, хянах, зурж дүрслэх, орчуулах гэх зэргийн олон шат дамжлага дамжиж байж манай ном сэтгүүл хэвлэмэл болон цахим хэлбэрээр гардаг. Энэ ажлыг Удирдах Зөвлөлийн Зохиогчийн хороо хариуцдаг. Бэлэн болсон материалыг зарим салбарт хэвлэж бэлтгээд, хариуцсан улс орныхоо хурлуудад илгээдэг. Энэ бүх ажлыг яагаад хийдэг вэ? Еховагийн ард түмнийг сүнслэг хоолоор элбэг дэлбэг хангахын тулд юм (Ис. 65:13). Тиймээс Еховагийн байгууллагаас гаргадаг бүх ном хэвлэлийг нямбай судалж байцгаая (Дуу. 119:27).

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

13, 14. Еховагийн байгууллагыг дэмжигчид тэнгэрт байдаг уу? Бид тэднийг хэрхэн дууриаж болох вэ?

13 Еховаг эсэргүүцэн боссон хүмүүстэй дайтаж ялалт байгуулахаар яваа, цагаан морь унасан Есүс элч Иоханы үзсэн үзэгдэлд гардаг (Илч. 19:11–15). Үнэнч тэнгэр элчүүд болон тэнгэрийн шагналаа авсан тослогдогсод ард нь явж байжээ. Тэд Есүсийг Удирдагчаа хэмээн дэмждэг нь тодорхой! (Илч. 2:26, 27). Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг дэмжих ёстой нь эндээс харагдаж байна.

14 Хариуцлагатай үүрэг хүлээдэг, одоо дэлхий дээр байгаа тослогдогсдыг үй олон хүн бүх талаар дэмждэг (Зехариа 8:23-ыг уншина уу). Харин дор бүрнээ хэрхэн дэмжиж болох вэ? Нэг арга нь удирдах үүрэг хүлээсэн хүмүүст захирагдах явдал юм (Евр. 13:7, 17). Та хурлынхаа ахлагчдын тухай, хийдэг ажлынх нь тухай хүмүүст сайнаар ярьж, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг үү? Тэднийг хэрхэн хүндлэхийг, өгсөн зөвлөгөөг нь дагахыг үр хүүхдэдээ заадаг уу? Дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөх талаар гэр бүлээрээ ярилцдаг уу? (Сур. 3:9; 1 Кор. 16:2; 2 Кор. 8:12). Хаанчлалын танхимыг цэвэр цэмцгэр байлгах, засаж тордох ажилд тусалдаг уу? Байгууллагыг нь ийнхүү дэмждэг бол Ехова ариун сүнсээ өгнө. Энэ сүнсний хүчээр эцсийн өдрүүдэд шантралгүй, тууштай байж чадна (Ис. 40:29–31).

ЗААДАГ ЗҮЙЛЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ НЬ

15. Еховагийн хүсэл таалалд нийцүүлж амьдрахын тулд үргэлж тэмцэх хэрэгтэйн учир юу вэ?

15 Тууштай байж, Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхъя гэвэл Еховагийн хүсэл таалалд нийцүүлж амьдрах хэрэгтэй (Еф. 5:10, 11). Зөв юмыг үргэлж хийх нь тэр бүр амаргүй. Яагаад гэвэл бид өөрсдөө төгс бус. Түүнчлэн Сатан болон ёс бус ертөнцийн зүгээс учруулах дарамт шахалт их байдаг. Хайртай ах дүүсийн маань зарим нь Еховатай тогтоосон харьцаагаа бат байлгахын төлөө өдөр бүр тууштай тэмцэх хэрэгтэй болдог. Ехова тийм хүмүүсийг хайрлан хүндэтгэдэг. Тиймээс бүү шантраарай! Еховагийн хүсэл таалалд нийцүүлж амьдарвал сэтгэл хангалуун байж, шүтлэг маань дэмий хоосон биш гэдгийг ойлгоно (1 Кор. 9:24–27).

16, 17. а) Ноцтой нүгэл үйлдсэн бол яах хэрэгтэй вэ? б) Эннээс ямар сургамж авч болох вэ?

16 Харин ноцтой нүгэл үйлдсэн хүн яах хэрэгтэй вэ? Нэн даруй тусламж аваарай. Нүглээ нуух нь асуудлыг хүндрүүлэхээс цаашгүй. Давид нүглээ нуугаад «дуугүй байхад өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан» гэсэн байдаг шүү дээ (Дуу. 32:3). Тэгэхлээр нүглээ нуувал сэтгэл санаа ч тайван биш байна, сүнслэгээр ч сульдан доройтно (Сур. 28:13).

17 Энн * гэдэг эмэгтэйн тухай ярилцъя. Тэрбээр хорь хүрээгүй байхаасаа байнгын эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Гэвч яваандаа хоёр нүүр гаргадаг болов. Тэр үед ямар санагддаг байсан тухайгаа Энн: «Сэтгэл минь үргэлж өвддөг байсан. Ямар ч баяр баясгалангүй, байнга шаналж явдаг байв» гэж ярьсан юм. Нэг удаа цуглаан дээр Иаков 5:14, 15-ыг дэлгэрэнгүй авч үзжээ. Энн тусламж авах хэрэгтэйгээ ойлгоод ахлагчдад хандсан байна. «Энэ зүйл сүнслэгээр эдгэрэхэд минь туслах Еховагийн бичиж өгсөн жор байсан. Эм гашуун ч өвчинд тустай. [Иаков 5:14, 15]-д бичсэн зөвлөгөө надад үнэхээр хэрэг болсон» гэж дурссан юм. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Одоо Энн сэтгэл зовох юмгүй Еховадаа идэвх зүтгэлтэй үйлчилж байна.

18. Бид юунд шийдвэр төгс байх ёстой вэ?

18 Эцсийн өдрүүдэд амьдарч буй бид Еховагийн хосгүй байгууллагын гишүүн байх завшаанаа ямагт эрхэмлэж явах учиртай! Гэр бүлээрээ цуглаандаа тогтмол явж, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, ном хэвлэлээ байнга уншицгаая. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг дэмжиж, заадаг зүйлээ ажил хэрэг болгож амьдарцгаая. Ингэвэл Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхаад зогсохгүй, сайныг үйлдэхдээ хэзээ ч шантрахгүй!

^ Нэрийг өөрчлөв.