Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эх, хүүхдүүд ээ! Бодол санаагаа хуваалцаж бие биеэ хайрла

Эцэг эх, хүүхдүүд ээ! Бодол санаагаа хуваалцаж бие биеэ хайрла

«Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг» (ИАК. 1:19).

1, 2. Эцэг эх, үр хүүхдийн хооронд ямар нандин холбоо байдаг вэ? Тэдэнд заримдаа ямар бэрхшээл тулгардаг вэ?

 «ЭЦЭГ ЭХИЙГЭЭ маргааш үхнэ гэдгийг чи өнөөдөр мэдвэл хамгийн түрүүнд юу хэлэх байсан бэ?» гэж АНУ-д амьдардаг хэдэн зуун хүүхдээс асуусан байна. Хүүхдүүд эцэг эхтэйгээ хэл амаа ололцохгүй гэх мэтийн сэтгэл зовоосон асуудалтай байсан хэдий ч 95 хувь нь тэдэндээ энэ тухайгаа ярихгүй, харин «Намайг уучлаарай», «Би танд үнэхээр хайртай» гэж хэлнэ гэжээ (Шонти Фелдхан Лиса Райс нарын бичсэн «Зөвхөн эцэг эхчүүдэд» номоос).

2 Ер нь хүүхдүүд эцэг эхдээ, эцэг эх нь үр хүүхдэдээ хайртай. Ялангуяа христиан айлыг хайргүйгээр төсөөлөх аргагүй. Эцэг эх, хүүхдүүд дотно байхыг хүсдэг ч зарим үед бодол санаагаа хуваалцах амаргүй байдаг. Хоорондоо илэн далангүй, чөлөөтэй ярилцдаг эцэг эх, хүүхдүүд ч зарим сэдвээр ярилцаж огт чаддаггүйн учир юу вэ? Бодол санаагаа хуваалцахад юу саад болдог вэ? Тэр саадыг хэрхэн давах вэ?

Халуун ам бүлээрээ хамт байх цаг гаргаж чадах уу?

БОДОЛ САНААГАА ХУВААЛЦАХ ЦАГИЙГ «ЗОЛЬЖ АВ»

3. а) Бодол санаагаа хуваалцах нь эцэг эх, хүүхдэд амаргүй байдгийн учир юу вэ? б) Эртний израиль эцэг эх, хүүхдүүд бодол санаагаа хуваалцаж чаддаг байсны учир юу вэ?

3 Олон гэр бүл бодол санаагаа хуваалцах цаг зав гаргаж чаддаггүй. Харин эрт үед өөр байв. Мосе: «[Бурхны үгийг] хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» хэмээн израиль эцгүүдэд захижээ (Д.хууль 6:6, 7). Хүүхдүүд гэртээ ээжтэйгээ, эсвэл тариа ногооны талбай юм уу ажил дээр нь аавтайгаа өдөржин хамт байдаг тул хоорондоо ярилцах боломж ихтэй байжээ. Тиймээс эцэг эх нь үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг мэддэг байсан. Хүүхдүүд ч эцэг эхээ сайн мэддэг байв.

4. Орчин үеийн олон гэр бүл юунаас болоод бодол санаагаа хуваалцаж чаддаггүй вэ?

4 Өнөөдөр амьдрал хэчнээн их өөрчлөгдөө вэ! Зарим оронд хүүхдийг бүр багаас нь ясли, цэцэрлэгт өгдөг. Ажил төрлөө хийгээд гэрийн бараа хардаггүй аав ээжүүд олон. Эцэг эх, хүүхдүүд хамт байх хэсэгхэн хугацаандаа компьютер дээр ажиллах, зурагт үзэх, утсаар ярихад хамаг цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй. Тэд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж чаддаггүй.

5, 6. Зарим эцэг эх хүүхэдтэйгээ хамт байх цагийг хэрхэн «зольж авдаг» вэ?

5 Танайхан илүү олон цагаар хамт байхын тулд өөр юманд зарцуулдаг цагаасаа «зольж авч» (ШЕ) чадах уу? (Ефес 5:15, 16-г уншина уу). Зарим айл зурагт үзэх, компьютер хэрэглэх цагаа багасгадаг. Зарим нь өдөрт ядаж ганц удаа халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад хооллохыг хичээдэг. Гэр бүлийн хичээлийн ачаар эцэг эх, хүүхдүүд дотно болж, сүнслэг асуудлыг тайван ярилцах боломж бүрддэг. Гэхдээ хамт байх цаг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Сэтгэл зүрхээ уудлан ярилцах цаг зав өдөр бүр гаргах нь туйлын чухал. Сургуульдаа явахаас нь өмнө хүүхдэдээ урмын үг хэлж, өдөр тутмын зүйлийг ярилцах юм уу эсвэл хамт залбираарай. Ингэвэл хүүхэд тань тэр өдөржин урам зоригтой, баяр баясгалантай байна.

6 Зарим эцэг эх үр хүүхдэдээ илүү олон цагийг зориулах гэж амьдралаа өөрчилдөг. Жишээ нь, хоёр хүүхдийн эх Лора * ийм шалтгаанаар ажлаа өөрчилж, цагийн ажил хийдэг болжээ. Тэрбээр: «Өглөө нь бид бүгдээрээ ажил, сургууль руугаа яардаг байлаа. Орой ирэхэд гэрийн үйлчлэгч хүүхдүүдийг маань унтуулчихсан байдаг байв. Харин одоо ажлаа өөрчилсөн болохоор авдаг хэддээ тааруулж амьдардаг болсон. Тэглээ ч гэсэн хүүхдүүдийнхээ юу бодож, юунд зовж явдгийг мэднэ. Тэднийхээ залбирахыг сонсоод хааш нь залж чиглүүлэх, яаж сэтгэлийг нь сэргээх, юу зааж сургахаа мэддэг болсон» гэж ярьсан юм.

«СОНСОХДОО ТҮРГЭН»

7. Хүүхдүүд болон эцэг эхчүүд юу гэж гомдоллодог вэ?

7 «Зөвхөн эцэг эхчүүдэд» гэдэг номын зохиогчид олон хүүхэдтэй ярилцсаны эцэст бодол санаагаа хуваалцахад тулгардаг бас нэг саадыг олж мэджээ. «Хүүхдүүд эцэг эхийнхээ талаар „Тэд сонсдоггүй“ гэж гомдоллож байлаа» хэмээн уг номд бичсэн байна. Эцэг эхчүүд ч бас хүүхдийнхээ талаар ингэж гомдоллодог. Бодол санаагаа илэн далангүй хуваалцдаг байя гэвэл бие биеэ анхааралтай сонсох ёстой (Иаков 1:19-ийг уншина уу).

8. Эцэг эхчүүд хүүхдээ яаж сонсох нь зүйтэй вэ?

8 Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсдог уу? Ядарсан үед эсвэл хүүхэд тань онцын ач холбогдолгүй юм яриад байх шиг санагдахад анхаарч сонсох амаргүй байж магадгүй. Гэхдээ танд ач холбогдолгүй мэт санагдсан зүйл хүүхдэд тань маш чухал байж болох шүү дээ. «Сонсохдоо түргэн» байх гэдэг нь хүүхдийнхээ юу хэлж байгааг сонсохоос гадна яаж ярьж байгааг нь анхааралтай ажиглана гэсэн үг. Дууны өнгө, гар хурууны хөдөлгөөн, нүүрний хувирлаас хүүхдийнхээ бодол санааг мэдэж болно. Асуулт асуух нь их чухал. «Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөд ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана» гэж Библид байдаг (Сур. 20:5). Ялангуяа эмзэг сэдвээр ярьж байгаа үед хүүхдийнхээ бодлыг «гадагш гаргахын» тулд ухаан зарах хэрэгтэй.

9. Хүүхдүүд яагаад эцэг эхдээ дуулгавартай байх хэрэгтэй вэ?

9 Хүүхдүүд ээ, та нар эцэг эхийнхээ үгэнд ордог уу? Бурхны Үгэнд «Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор» гэж бичсэн байдаг (Сур. 1:8). Аав ээж чинь чамд хайртай гэдгийг, чиний л төлөө хамаг бүхнээ зориулдгийг санаарай. Юу ярьж байгааг нь анхааралтай сонсож, дуулгавартай байх нь чухал шүү (Еф. 6:1). Эцэг эхтэйгээ бодол санаагаа илэн далангүй хуваалцдаг, тэднийхээ хайрыг мэдэрдэг бол дуулгавартай байхад илүү амархан. Тиймээс юу бодож санаж байгаагаа тэдэнд хэлж байгаарай. Ингэвэл тэд чамайг ойлгоно. Чи ч бас аав ээжийгээ ойлгохыг хичээгээрэй.

10. Рехобоамаас ямар сургамж авах хэрэгтэй вэ?

10 Үе тэнгийнхэн чинь зөвлөгөө өгөх гэвэл болгоомжтой байгаарай. Тэдний зөвлөгөө чамд сайхан санагдаж магадгүй. Гэхдээ огт тус болохгүй, харин ч бүр хор болж мэднэ шүү. Ахмад хүмүүсийг бодвол залуучууд амьдралын туршлага, мэргэн ухаанаар дутмаг байдаг. Өнөөдөр гаргасан шийдвэр ирээдүйд яаж нөлөөлөхийг ихэнх нь боддоггүй. Соломон хааны хүү Рехобоамд юу тохиолдсоныг санаарай. Уг нь тэрбээр Израилийн хаан болмогцоо ахмадуудын зөвлөснийг дагасан бол зөв байх байлаа. Гэвч өөртэй нь хамт өссөн залуусын мунхаг зөвлөгөөг дагасны гайгаар харьяат албатынхаа ихэнхийг алдсан (Х.дээд 12:1–17). Хүүхэд залуус аа, буруу шийдвэр гаргасан Рехобоамыг бүү дууриагаарай. Аав ээжтэйгээ бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж байгаарай. Зөвлөгөөг нь дагаж, мэргэн ухаанаас нь суралцаарай (Сур. 13:20).

11. Эцэг эхчүүд өөрсдөө ярилцахад амар биш байдаг бол ямар үр дагавартай вэ?

11 Үр хүүхэд тань үе тэнгийнхнээсээ бус, өөрөөс тань зөвлөгөө авдаг байгаасай гэж та хүсдэг биз дээ? Тэгвэл халгаж дөлөхөөргүй, харьцахад амар хүн болоорой. Өсвөр насны Гэрч охин: «Хэн нэг хөвгүүний нэрийг хэлэх болгонд аав ээж хоёр цухалддаг юм. Тэгэхлээр надад эвгүй санагдаад, цааш ярих хүсэлгүй болчихдог» гэж бичжээ. Өөр нэг Гэрч охин: «Өсвөр насны олон хүүхэд эцэг эхээсээ зөвлөгөө авахыг хүсдэг. Гэхдээ эцэг эх нь тоохгүй бол туршлагагүй ч гэсэн өөрийг нь сонсож зөвлөгөө өгөх хүнд ханддаг» гэж бичсэн байна. Хүүхэд тань юу ч ярьсан анхааралтай сонсож, ойлгохыг хичээгээрэй. Ингэвэл нууж хаалгүй чөлөөтэй ярьж, өгсөн зөвлөгөөг тань дуртайяа дагах нь гарцаагүй.

«ЯРИХДАА УДААН»

12. Бодол санаагаа хуваалцахад өөр юу саад болдог вэ?

12 Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг сонсож байхдаа яаран буруу дүгнэлт хийж уурлаж бухимддаг. Энэ нь бодол санаагаа хуваалцахад саад болдог. «Эцсийн өдрүүдэд» аюул осолтой зүйл их байгаа учир христиан эцэг эх үр хүүхдээ хамгаалахыг хүсдэг (2 Тим. 3:1–5). Гэхдээ хүүхдүүд, аав ээж минь намайг хамгаалж байна гэхээсээ илүү, эрх чөлөөг минь хааж боож байна гэж боддог байж болох юм.

13. Эцэг эхчүүд юу бодож байгаагаа шууд хэлэх ёсгүйн учир юу вэ?

13 Эцэг эхчүүд юу бодож байгаагаа шууд хэлэх нь ухаалаг биш. Хүүхэд нь уур хүрмээр юм уу сэтгэл зовоосон юм ярихад чимээгүй сонсоно гэдэг дандаа амархан байдаггүй. Гэхдээ хариу хэлэхээсээ өмнө анхааралтай сонсох нь чухал. Мэргэн ухаант Соломон хаан: «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» хэмээн бичжээ (Сур. 18:13). Тайван байж анхааралтай сонсвол хүүхэд тань бүх юмаа ярина. Та ч дуустал нь сонссон болохоор «яаруу» үг хэлснийх нь учрыг ойлгоно. Тиймд яаж туслахаа мэднэ (Иов 6:1–3). Хайр халамжтай эцэг эхчүүд ээ, хүүхдийнхээ яриаг сонсож, ойлгохыг хичээгээрэй. Тэгвэл тустай үг хэлж чадна.

14. Хүүхдүүд «ярихдаа удаан» байх ёстойн учир вэ?

14 Хүүхдүүд ээ, та нар бас эцэг эхээ ярихад дургүйцэлгүй сонсож «ярихдаа удаан» байгаарай. Учир нь та нарыг сургаж хүмүүжүүлэх үүргийг аав ээжид чинь Бурхан өгсөн шүү дээ (Сур. 22:6). Чамд тулгараад байгаа бэрхшээлийг тэд хүүхэд байхдаа амссан байж болох юм. Түүнээс гадна, бага залуу байхдаа алдаж эндсэндээ харамсаж явдаг болохоор адилхан алдаа гаргачих вий гэсэндээ чамайг хамгаалдаг. Тиймээс эцэг эхийгээ дайсан биш, найз гэж үзээрэй. Тэд зөвлөгч болохоос сөргөлдөгч биш шүү дээ (Сургаалт үгс 1:5-ыг уншина уу). «Эцэг эхээ хүндэлж» яваарай. Тэд чамайг хайрладаг шиг, чи ч бас тэднийгээ хайрлаж байгаарай. Ингэвэл Еховагийн «дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэхэд» аав ээжид чинь илүү амар болно (Еф. 6:2, 4).

«УУР ХИЛЭНДЭЭ ХОЙРГО»

15. Тайван байж, хайртай хүмүүстээ уурлахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

15 Бид хайртай хүмүүстээ дандаа тэвчээртэй хандаад байж чаддаггүй. Паул «Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэл нэгт ах дүү нартаа» бичихдээ «Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул» гэжээ (Кол. 1:1, 2; 3:19, 21). Бас Ефесийн христиануудад «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» хэмээн уриалжээ (Еф. 4:31). Бурхны ариун сүнсний үр жимс болох тэвчээр, дөлгөөн зан, өөрийгөө захирах гэх зэргийн зан чанарыг илэрхийлэх гэж хичээдэг бол уурлаж бухимдах үе гарсан ч тайван байж чадна (Гал. 5:22, 23).

16. Есүс шавь нарынхаа алдаа дутагдлыг яаж зассан бэ? Энэ нь яагаад гайхалтай байсан бэ?

16 Есүсийн жишээг аваад үзье. Элч нартайгаа сүүлчийн удаа хоол идэж байхдаа ямар их шаналж байсныг төсөөлөөрэй. Хэдхэн цагийн дараа тарчилж үхэхээ мэдэж байлаа. Эцгийнх нь нэр ариусаж, хүн төрөлхтөн аврагдах эсэх нь үнэнч байх уу үгүй юү гэдгээс шалтгаалах байв. Гэтэл зоог барих үеэр «[элч нарын] дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ... маргаан дэгджээ». Тэгэхэд нь Есүс уурлаж хашгичин харааж загнахын оронд тайван байж, учрыг нь эвтэйхэн хэлж өгсөн. Хүнд хэцүү үед түшиг тулгуур болж ирснийг нь элч нартаа сануулжээ. Түүнээс гадна, Сатан тэднийг улаан буудай адил шигших гэж байлаа. Гэсэн хэдий ч үнэнч байж чадна гэдэгт нь итгэдгээ хэлсэн. Тэр байтугай, тэдэнтэй гэрээ байгуулсан (Лук 22:24–32).

Та хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсдог уу?

17. Хүүхдүүд тайван байхын тулд юу ойлгох хэрэгтэй вэ?

17 Хүүхдүүд бас тайван байж сурах хэрэгтэй. Хэрэв чи шилжилтийн насных бол эцэг эхийнхээ үгэнд орох заримдаа амаргүй байдаг уу? Аав ээж чинь чамд итгэдэггүй юм шиг санагддаг болохоор тэр үү? Гэхдээ чамд хайртай учраас л санаа тавьдгийг ойлгох хэрэгтэй. Яриаг нь тайван сонсож, зөвлөгөөг нь дагадаг бол тэд чамайг хүндэтгэж, итгэл хүлээлгэнэ. Улмаар илүү их эрх эдлүүлнэ. Өөрийгөө захирах нь ухаалгийн шинж юм. «Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг» гэсэн цэцэн үг байдаг (Сур. 29:11).

18. Бодол санаагаа хуваалцахад хайр хэр чухал бэ?

18 Эцэг эх, хүүхдүүд ээ! Та бүхэн бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж тэр бүр чаддаггүй бол сэтгэлээр бүү унаарай. Чаддаг болохын төлөө мэрийгээрэй. Бурхны Үгийн зөвлөгөөг байнга хэрэгжүүлээрэй (3 Иох. 4). Шинэ ертөнцөд хүмүүс төгс болохлоороо үл ойлголцох, санал зөрөлдөх гэх мэтийн бэрхшээлээс бүрмөсөн ангижирна. Харин одоо алдаж энддэггүй хүн гэж байхгүй. Тиймээс уучлалт гуйхаас ичих хэрэггүй. Бие биеэ чин сэтгэлээсээ уучилж байгаарай. «Хайрын дотор холбогдоорой» (Кол. 2:2). Хайрын хүч их ээ. «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр ... уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, ... бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг» (1 Кор. 13:4–7). Хайраа үргэлж илэрхийлдэг бол гэр бүлийнхэнтэйгээ бодол санаагаа чөлөөтэй хуваалцдаг болно. Ингэвэл жаргалтай амьдарч Еховаг алдаршуулна.

^ Нэрийг өөрчлөв.