Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өгөөмөр сэтгэл, ухаалаг байдлыг эрхэмлэх нь

Еховагийн өгөөмөр сэтгэл, ухаалаг байдлыг эрхэмлэх нь

«ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» (ДУУ. 145:9).

1, 2. Мөнх амьдрах хугацаандаа бид яах вэ?

 «НӨХӨР бид хоёр ханилж суугаад 35 жил болж байна. Энэ бүх хугацаанд бие биеэ сайн мэддэг болсон ч мэдээгүй юм бас байдаг л юм!» гэж христиан эмэгтэй Моника ярьсан юм. Хань ижил, найз нөхдийнхөө тухай ингэж өгүүлэх хүн бидний дунд олон байгаа байх.

2 Хайртай дотны хүмүүсээ сайн таньж мэдэх нь таатай байдаг. Тэр тусмаа хамгийн сайн Анд нөхөр Еховагийнхаа тухай илүү ихийг мэдэхлээр бүр ч их баяр баясгалантай болдог. Гэхдээ Еховаг бүрэн таньж мэдэх аргагүй (Ром 11:33). Бид мөнх амьдрах хугацаандаа Еховагийн зан чанарыг тасралтгүй судалж мэдэх бөгөөд тэдгээрийг улам их үнэлж эрхэмлэнэ (Ном. 3:11).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Еховагийн олон сайхан зан чанарын хоёрыг буюу элгэмсүү, нүүр тал хардаггүй занг илүү их үнэлж эрхэмлэдэг болоход өмнөх өгүүлэл бидэнд тустай байсан. Энэ өгүүллээр Еховагийн өгөөмөр сэтгэл, ухаалаг байдлыг авч үзье. Тэгвэл «ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг» гэдгийг илүү сайн ойлгоно (Дуу. 145:9).

ЕХОВА ӨГӨӨМӨР

4. Ямар хүнийг өгөөмөр гэх вэ?

4 Ямар хүнийг өгөөмөр гэх вэ? Энэ асуултын хариу Үйлс 20:35-д байдаг. Есүс: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» хэмээжээ. Эндээс харвал өгөөмөр хүн цаг зав, хүч хөдөлмөр, эд хөрөнгөө бусдын төлөө харамгүй зориулахлаараа баяртай байдаг ажээ. Зөвхөн үнэтэй том бэлэг өгөхийг бус, харин чин сэтгэлээсээ өгөхийг өгөөмөр гэнэ (2 Коринт 9:7-г уншина уу). Ехова Бурхнаас өөр өгөөмөр нэгэн хаана ч байхгүй.

5. Еховаг өгөөмөр Бурхан гэхийн учир юу вэ?

5 Еховаг өгөөмөр Бурхан гэхийн учир юу вэ? Тэрбээр бүх хүний, тэр байтугай өөрийг нь шүтдэггүй хүний хэрэгцээг хангадаг. «ЭЗЭН бол бүгдэд сайн» гэж Библид байдаг шүү дээ. Ехова «Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг» (Мат. 5:45). Тийм учраас элч Паул итгэгч биш хүмүүстэй ярьж байхдаа «Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» гэжээ (Үйлс 14:17). Ехова хүн болгонд өгөөмөр ханддаг нь тодорхой байна (Лук 6:35).

6, 7. а) Ехова хэнд туслахдаа бүр их баярладаг вэ? б) Бурхан үнэнч үйлчлэгчдэдээ санаа тавьдгийг харуулах жишээ хэлнэ үү.

6 Ялангуяа өөрийнхөө үйлчлэгчдийн хэрэгцээг хангадагтаа Ехова бүр ч их баярладаг. Давид хаан: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» хэмээн бичжээ (Дуу. 37:25). Ехова үнэхээр санаа тавьдгийг өөрийн биеэр үзсэн үнэнч христиан олон бий. Нэг жишээ авъя.

7 Бүрэн цагаар үйлчилдэг Нэнси гэдэг эмэгтэй хэдэн жилийн өмнө хүнд байдалд орсон тухайгаа ийн ярьсан юм. «Түрээсийн мөнгөө төлөхөд ганцхан хоног үлдээд байв. Яаж 66 доллартай болохоо мэдэхгүй байлаа. Энэ тухайгаа хэлж залбирчихаад ажилдаа явлаа. Зөөгчөөр ажилладаг байв. Тэр орой үйлчлүүлэгч цөөтэй, жирийн л нэг өдөр байсан болохоор цайны мөнгө ахиухан авна ч гэж санасангүй. Тэгтэл манай ресторанд хэдэн үйлчлүүлэгч орж ирлээ. Би ээлжээ дуусгаад, цайны мөнгөө тоолоод үзтэл нийтдээ 66 доллар болсон байсан» гэж ярьсан. Ехова хэрэгтэй юмыг нь өгсөн гэдэгт Нэнси итгэлтэй байдаг аж (Мат. 6:33).

8. Еховагийн өгөөмөр сэтгэлийн илрэл болсон хамгийн том бэлэг юу вэ?

8 Еховагийн өгөөмөр сэтгэлийн илрэл болсон хамгийн том бэлэг хүн бүхэнд хүртээмжтэй. Энэ нь юу вэ? Хүүгийнх нь золих тахил юм. Есүс: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэжээ (Иох. 3:16). «Ертөнц» гэдгээр хүн төрөлхтнийг хэлсэн аж. Тэгэхлээр авах хүсэлтэй бүх хүнд Ехова энэ бэлгээ зориулсан байх нь. Есүст итгэдэг хэн боловч мөнх амьдарна! (Иох. 10:10). Еховагийн өгөөмрийг үүнээс өөр юугаар батлах билээ?

ЕХОВАГ ДУУРИАЖ ӨГӨӨМӨР БАЙХ НЬ

Өөр шиг нь өгөөмөр байхыг Ехова израильчуудаас хүсдэг байсан ( 9-р догол мөрийг үзнэ үү)

9. Яавал Ехова шиг өгөөмөр болох вэ?

 9 Яавал Ехова Бурхан шигээ өгөөмөр болох вэ? Ехова «биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг». Тэгвэл бид ч бас ямар нэг юмаа бусадтай «хуваалцахад бэлэн байж», тэднийгээ баярлуулах хэрэгтэй (1 Тим. 6:17–19). Найз нөхөд, гэр бүлийнхэндээ, мөн гачигдаж дутагдсан нэгэндээ бэлэг өгөхдөө баярлахгүй хэн байх билээ? (Дэд хууль 15:7-г уншина уу). Гэхдээ өгөөмөр байх хэрэгтэйгээ мартах аюул бий. Яавал мартахгүй вэ? Жишээ нь, хүн танд бэлэг өгвөл санаа аваад, өөр хүнд бэлэг өгч баярлуулъя гэж бодож болно шүү дээ. Еховагийн үйлчлэгчдийн дунд өгөөмөр байхын сайхан жишээ үзүүлдэг хүн олон бий.

10. Өгөөмөр байгаагийн нэг илрэл юу вэ?

10 Түүнчлэн өгөөмөр хүн бусдад дэм болж, урмыг нь сэргээхийн тулд цаг зав, хүч чадлаа зориулдаг (Гал. 6:10). Та яадаг вэ? Дараах асуултаар өөрийгөө шалгаарай. «Хүмүүс надад сэтгэл зовоосон асуудлаа ярихад би анхаарч сонсдог уу? Тэд намайг юу гэж дүгнэдэг бол? Надаас тусламж хүсвэл би туслахад бэлэн үү? Гэрийнхнээ, итгэл нэгтнүүдээ хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ магтсан билээ?». Үргэлж «өгдөг» бол Еховатай ч, анд нөхөдтэйгөө ч улам дотносох нь дамжиггүй (Лук 6:38; Сур. 19:17).

11. Еховагийн төлөө өгөөмөр сэтгэл гаргах ямар арга байдаг вэ?

 11 Бас Еховагийн төлөө өгөөмөр сэтгэл гаргах учиртай. «Эд хөрөнгөөрөө [«үнэтэй юмаараа», ШЕ] ЭЗЭНийг дээдэл» гэсэн зөвлөгөө Библид байдаг (Сур. 3:9). «Үнэтэй юм» гэдэг нь Еховад үйлчлэхэд зориулдаг цаг зав, хүч чадал, мөнгө төгрөг юм. Жаахан хүүхэд ч Еховад өгөөмөр сэтгэл гаргаж чадна. Жейсон гэдэг эцэг: «Эхнэр бид хоёр Хаанчлалын танхимд байдаг хандивын хайрцагт мөнгө хийхдээ хүүхдүүдээрээ хийлгэдэг юм. Тэд ч дуртай байдаг. Еховад өгч байгаа учраас л тэр дээ» гэж ярьсан. Хүүхдүүд Еховад өгөхийн жаргалыг багаасаа эдэлж сурвал том болоод ч өгөөмөр зангаа орхихгүй (Сур. 22:6).

ЕХОВА УХААЛАГ

12. Ямар хүнийг ухаалаг гэх вэ?

12 Ехова аливаа юманд ухаалаг ханддаг. Энэ нь түүний олон сайхан зан чанарын нэг юм. Ямар хүнийг ухаалаг гэх вэ? Хуулийг үг үсэгчлэн сахих гэж байнга муйхарлан зүтгэдэггүй, хэтэрхий хатуу биш, юманд наанатай цаанатай ханддаг хүнийг ухаалаг гэнэ. Ийм хүн бусдад хатуурхаад байдаггүй, харин ойлгохыг хичээдэг. Хэлэх үгийг нь анхааралтай сонсдог бөгөөд боломжтой бол хүсэлтийг нь харгалзан үзээд, тавьсан шаардлагаа өөрчилдөг.

13, 14. а) Еховаг ухаалаг гэхийн учир юу вэ? б) Бурхан Лотод хэрхэн хандсан бэ? Эндээс бид юу сурч болох вэ?

13 Еховаг ухаалаг гэхийн учир юу вэ? Тэрбээр үйлчлэгчдийнхээ сэтгэл санааг харгалзан үзээд хүсэлтийг нь хүлээж авдаг. Жишээ нь, зөв шударга Лотод хэрхэн хандсаныг бодоод үзье. Ехова Содом, Гоморра гэдэг хоёр хотыг устгахаар шийдээд Лотод уул руу зугт гэсэн тодорхой заавар өгсөн. Гэтэл Лот яагаад ч юм, өөр тийшээ зугтахыг зөвшөөрөөч хэмээн Еховагаас гуйдаг. Үнэндээ бол заавраа өөрчлөөч гэж гуйсан хэрэг шүү дээ! (Эхлэл 19:17–20-ийг уншина уу).

14 Та энэ түүхийг уншаад Лотыг итгэл султай, дуулгаваргүй хүн гэж дүгнэсэн байх. Ехова түүнийг эсэн мэнд үлдээж чадах нь мэдээжийн хэрэг. Тийм болохоор Лотод айх хэрэг огт байхгүй байлаа. Гэлээ ч айжээ. Бурхан үүнийг нь ойлгоод, заавраа өөрчилж өөр хот руу зугтахыг зөвшөөрсөн. Уг нь тэр хотыг ч бас устгах гэж байжээ (Эхлэл 19:21, 22-ыг уншина уу). Ехова дөргүй бух шиг зүтгэдэггүйг энэ явдал тодорхой харуулдаг. Тэрбээр ухаалаг байж, аливаад уян хатан ханддаг.

15, 16. Еховагийн ухаалаг нь Мосегийн хуулиас хэрхэн харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

15 Еховагийн ухаалаг нь израильчуудад өгсөн хуулиас харагддаг. Хэрэв израиль хүн тахил болгож хонь юм уу ямаа өргөж чадахааргүй ядуу бол хоёр хүүрзгэнэ юм уу хоёр тагтаа өргөж болох байв. Гэтэл хоёр тагтаа ч авч дийлэхгүй бол яах вэ? Ийм тохиолдолд жаахан гурил өргөж болдог байжээ. Гэхдээ анхаарч үзүүштэй нэг чухал зүйл бол ямар ч хамаагүй гурил биш, харин хүндтэй зочноо дайлдаг «дээд зэргийн гурил» өргөх учиртай байлаа (Эх. 18:6). Эндээс юу ойлгож болох вэ? (Левит 5:7, 11-ийг уншина уу).

16 Та өөрийгөө туйлын ядуу израиль хүн гээд төсөөл дөө. Тахил өргөх гээд жаахан гурил барьсаар сүмд ирээд хартал баян израильчууд хонь мал авчирсан байна гэнэ. Атга гурил авчирсандаа сэтгэл тань зовох байх. Гэхдээ таны өргөл Еховад үнэ цэнэтэй гэдгийг санана. Яагаад үнэ цэнэтэй гэж? Нэг шалтгаан нь, Ехова дээд зэргийн гурил өргөхийг тушаасан. Энэ нь ядуу израильчуудад «Бусад хүнтэй адил их юм өгч чадахгүйг чинь ойлгож байна. Хамгийн сайн гэснээ өгч байгааг чинь ч мэдэж байна» гэж хэлсэнтэй адил юм. Ехова үйлчлэгчдийнхээ чадал боломж, амьдрал ахуйг харгалзан үздэг. Ухаалаг байдгийнх нь нэг жишээ энэ буюу (Дуу. 103:14).

17. Яаж үйлчилдэг бол Ехова таашаах вэ?

 17 Чин сэтгэлээсээ үйлчилж байгааг маань Ехова ойлгодог гэж бодохлоор өөрийн эрхгүй тайвширдаг (Кол. 3:23). Италид амьдардаг Констанс гэдэг настай христиан эмэгтэй: «Бүтээгчийнхээ талаар хүмүүст ярих нь миний хамгийн дуртай ажил. Тийм учраас, би байнга дэлгэрүүлж, Библийн хичээл заадаг. Эрүүл мэндийн улмаас илүү ихийг хийж чадахгүй байгаадаа харамсах үе байдаг л юм. Гэхдээ Ехова хэр чадлыг минь мэддэг, намайг хайрладаг, хийсэн юмыг минь үнэлдэг гэдэгт би итгэдэг» гэж хэлжээ.

ЕХОВАГ ДУУРИАЖ УХААЛАГ БАЙХ НЬ

18. Эцэг эхчүүд Еховаг хэрхэн дууриах вэ?

18 Яавал Ехова шиг ухаалаг байх вэ? Лотод яаж хандсаныг бодоорой. Ехова хаашаа явахыг нь тушаах эрх мэдэлтэй байсан ч сайхан сэтгэлтэй учир хэлэх үгийг нь сонсож, хүсэлтийг нь хүлээж авсан шүү дээ. Хэрэв та хүүхэдтэй бол Еховаг яаж дууриах вэ? Хүүхдийнхээ юу хүсэж байгааг сонсоод, боломжтой бол тавьсан шаардлагаа өөрчилж чадах уу? «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 9 дүгээр сарын 1-ний дугаарт бичсэнээр, зарим эцэг эх гэрийн дүрэм зохиохдоо хүүхдийнхээ саналыг сонсдог аж. Жишээ нь, хүүхэд оройн хэдэн цагт гэртээ ирсэн байх ёстойг шийдэх боллоо гэхэд эцэг эх өөрсдөө цаг товлох эрхтэй нь мэдээж. Гэсэн хэдий ч хүүхдээсээ асууж саналыг нь сонсож болохгүй нь юу билээ? Библийн зарчимд харшлаагүй бол хүүхдийнхээ ирэх цагийг заримдаа өөрчлөх нь буруу биш ээ. Эцэг эхчүүд гэрийн дүрэмдээ хүүхдийнхээ саналыг оруулбал хүүхэд уг дүрмийг ойлгоод, илүү дуртай баримтална.

19. Еховаг дууриаж ухаалаг байя гэвэл ахлагчид яах нь зүйтэй вэ?

19 Ахлагчид Еховаг дууриаж ухаалаг байхыг хичээдэг учир итгэл нэгтнүүдийнхээ амьдрал ахуй, хэр чадлыг харгалзан үздэг. Ехова ядуу израильчуудын өргөсөн тахилыг ч үнэ цэнэтэй гэж үздэг байсныг санаарай. Эрүүл мэнд, өтөл насны улмаас дэлгэрүүлэх ажилд их оролцож чаддаггүй ах дүүс байдаг. Тэд үүндээ сэтгэл гундуу явдаг бол яах нь зүйтэй вэ? Чадлынхаа хэрээр үйлчилдгийг нь Ехова үнэлж, тэднийг хайрладгийг ахлагчид хэлж ойлгуулах хэрэгтэй (Марк 12:41–44).

20. Ухаалаг байх гэдэг нь Бурханд үйлчлэхээс хойш сууна гэсэн үг үү? Тайлбарлана уу.

20 Ухаалаг байх гэдэг нь өөрийгөө хайрлаад Бурханд үйлчлэхээс хойш сууна гэсэн үг биш ээ (Мат. 16:22). Бид чадал боломжтой хэр нь биеэ оторлож суухыг хүсдэггүй. Харин ч Хаанчлалын төлөө хичээл зүтгэл гаргадаг (Лук 13:24). Өөрөөр хэлбэл аль нэг тал руу туйлшрахгүй байхыг хичээдэг. Еховад үйлчлэхийн тулд биеэ бүрэн дайчлахын зэрэгцээ Ехова хэрээс хэтэрсэн юм шаарддаггүйг санадаг. Хамгийн сайныгаа өгвөл Еховагийн таалалд нийцнэ гэдэгт бид итгэл төгс байдаг. Талархах сэтгэлтэй, ухаалаг Бурханд үйлчилдэг маань ямар их завшаан бэ! Дараагийн өгүүллээр Еховагийн өөр хоёр зан чанарын тухай ярилцъя (Дуу. 73:28).

«Эд хөрөнгөөрөө [«үнэтэй юмаараа», ШЕ] ЭЗЭНийг дээдэл» (Сур. 3:9)( 11-р догол мөрийг үзнэ үү)

«Юу ч хийсэн, ... чин сэтгэлээсээ хийгтүн» (Кол. 3:23)( 17-р догол мөрийг үзнэ үү)