Skip to content

Гарчиг руу орох

Агуу Ваарчин Еховагийн сануулгыг хүлээж авцгаая

Агуу Ваарчин Еховагийн сануулгыг хүлээж авцгаая

«Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, хожим намайг сүр жавхланд угтан авна» (ДУУ. 73:24).

1, 2. а) Еховатай сайн харьцаатай байя гэвэл яах учиртай вэ? б) Бурхны сануулгыг хүмүүс хэрхэн хүлээн авч байсныг судлах нь ямар ач тустай вэ?

 «БУРХАНД ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон» (Дуу. 73:28). Бурханд итгэдгээ дуулалч ийн илэрхийлжээ. Юуны учир ингэж хэлсэн юм бол? Хорон муу хүмүүс амар тайван байгааг хараад эхэндээ атаархжээ. «Би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, гараа гэмгүй байдал дотор угаалаа» хэмээн гомдоллосон байна (Дуу. 73:2, 3, 13, 21). Тэрбээр «Бурханы ариун газарт» ороод бодлоо өөрчилж, Бурхантай өмнөх шигээ дотно байхаар шийдсэн (Дуу. 73:16–18). Дуулалч өөртөө тохиолдсон явдлаас нэг зүйлийг ойлгожээ. Еховатай дотно байя гэвэл зөвлөгөөг нь хүлээн авч, ажил хэрэг болгон, ард түмнээс нь холдож хөндийрөхгүй байх нь амин чухал (Дуу. 73:24).

2 Бид ч бас жинхэнэ, амьд Бурхантай дотно байхыг хүсдэг. Үүний тулд зөвлөгөө өгөхөд нь хүлээн авч, зэмлэл хүлээлгэхэд нь алдаагаа ухаарч засах хэрэгтэй. Ингэвэл таалалд нь нийцсэн хүн болно. Эрт үед Бурхан хувь хүн болон улс үндэстнүүдэд алдаагаа засахад нь туслах зорилгоор энэрэнгүй сэтгэлийн үүднээс сануулга өгдөг байжээ. Хэрхэн хүлээж авсныг нь Библид тэмдэглэн үлдээсэн нь «биднийг сургахын тулд» бөгөөд «энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга» болдог (Ром 15:4; 1 Кор. 10:11). Энэ бүхнийг нягтлан судалбал Еховагийн зан чанарыг улам сайн мэдэж авна. Бас зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлэхийн чухлыг ойлгоно.

ВААРЧИН ЕХОВА ЭРХ МЭДЛЭЭ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ?

3. Ехова хүмүүсийг захирах эрх мэдэлтэйг Исаиа 64:8, Иеремиа 18:1–6-д хэрхэн дүрсэлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү)

3 Ехова хувь хүн болоод улс үндэстнийг захирах эрх мэдэлтэйг Исаиа 64:8-д «ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл» хэмээн дүрсэлжээ. Ваарчин шавраар ямар хэлбэртэй сав суулга хийхээ мэддэг. Харин шавар ямар ч эрх мэдэлгүй билээ. Бурхан хүн хоёрын тухайд ч ингэж хэлж болно. Шавар нь ваарчиндаа намайг ийм хэлбэртэй болго гэж хэлэх эрхгүй байдаг шиг бид Бурханд заах эрхгүй (Иеремиа 18:1–6-г уншина уу).

4. Ваарчин шаврыг хүссэнээрээ өөрчилдөг шиг Ехова хувь хүмүүс болон улс үндэстнийг хүчээр өөрчилдөг үү? Тайлбарлана уу.

4 Ваарчин шавраа хүссэнээрээ өөрчилдөг. Үүн шиг Ехова израильчуудыг сахилгажуулдаг байсан. Гэхдээ Ехова ваарчинтай яг адилхан гэсэн үг биш ээ. Ваарчин шавраар хүссэн сав суулгаа хийдэг. Ехова хүмүүсийг заримыг нь сайн, заримыг нь муу болгож өөрчилдөг үү? Библид ийм санаа байдаггүй. Ехова хүн төрөлхтөнд сонгох эрх чөлөө гэдэг үнэт бэлэг өгсөн. Тэрбээр хэмжээгүй эрх мэдэлтэй ч хүн төрөлхтнийг хүчээр захирдаггүй. Хүн төрөлхтөн Бүтээгчдээ захирагдах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой (Иеремиа 18:7–10-ыг уншина уу).

5. Сануулгыг нь хүлээж авахгүй бол Ехова яадаг вэ?

5 Хэрэв хүн зөрүүд зан гаргаж, Агуу Ваарчныхаа сануулгыг хүлээж авахгүй бол яах вэ? Ехова түүнд хэрхэн хандах вэ? Шавар нь ямар нэг юм хийхэд тохиромжгүй болоход ваарчин өөр юм хийдэг эсвэл хаядаг! Ер нь ваарчны буруугаас ийм юм болдог. Харин Агуу Ваарчин маань тийм биш ээ (Д.хууль 32:4). Хэрэв хүн Еховагийн сануулгыг хүлээж авахгүй бол тэр хүний л буруу. Хэрхэн хүлээж авахаас нь шалтгаалж Ехова тухайн хүнд хандах аргаа өөрчилдөг. Дуулгавартай байвал таалалд нь нийцсэн хүн болно. Жишээ нь тослогдсон христианууд «хүндэтгэлийн сав» болсон «өршөөлийн савнууд» юм. Харин зөрүүдлэн Бурхныг эсэргүүцдэг хүн «сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнууд» болдог (Ром 9:19–23).

6, 7. Давид Саул хоёр Бурхны өгсөн зөвлөгөөг дор бүрнээ хэрхэн хүлээж авсан бэ?

 6 Ехова хүнийг сургахдаа зөвлөгөө өгөх юм уу сахилгажуулдаг. Одоо, Израилийн анхны хоёр хаан Саул Давид нарт сануулга өгөхдөө Ехова эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлснийг авч үзье. Давид Батшебатай завхайрч өөртөө болоод өрөөл бусдад гай тарьсан. Давид хэдийгээр хаан байсан ч Ехова түүнийг сахилгажуулсан. Зөнч Натаныг түүн рүү илгээж зэмлэдэг (2 Сам. 12:1–12). Давид яасан бэ? Үнэн голоосоо гэмшсэн. Тэрбээр Еховагийн өршөөлийг хүртдэг (2 Самуел 12:13-ыг уншина уу).

 7 Харин Давидын өмнөх хаан Саул зөвлөгөөг хүлээж аваагүй. Ехова зөнч Самуелаар дамжуулан Амалекчуудыг мал сүрэгтэй нь хүйс тэмтрэх тодорхой тушаал өгсөн. Саул үгэнд нь орсонгүй. Хаан Агагийг болон мал сүргээс аль сайныг нь амьд үлдээжээ. Яагаад тэр вэ? Өөрийгөө алдаршуулахыг хүссэн нь нэг шалтгаан юм (1 Самуел 15:1–3, 7–9, 12). Саул зөвлөгөөг сонсож, Агуу Ваарчныхаа гарын аясаар хэлбэржих ёстой байсан юм. Гэтэл дуулгаваргүй загнаж өөрийгөө өмөөрсөн. Мал сүргээр нь тахил өргөж болно гэж бодоод, хийсэн хэргээ зөвтгөж Самуелын зөвлөгөөг үл тоомсорложээ. Ехова Саулыг хаан гэж үзэхээ больсон. Саул ч Бурхантай тогтоосон сайн харьцаагаа сэргээгээгүй (1 Самуел 15:13–15, 20–23-ыг уншина уу).

Саул сануулгыг үл тоомсорлосон. Алдаагаа засахыг хүсээгүй! ( 7-р догол мөрийг үзнэ үү)

Давид үнэн голоосоо гэмшиж, зөвлөгөөг хүлээн авсан. Алдаагаа засаж, Бурхны таалалд нийцсэн. Та яах вэ? ( 6-р догол мөрийг үзнэ үү)

БУРХАН НҮҮР ТАЛ ХАРДАГГҮЙ

8. Еховагийн гарын аясаар хэлбэржихийг хүсээгүй израильчуудаас ямар сургамж авч болох вэ?

8 Ехова өөрт нь дуулгавартай байх уу үгүй юү гэдгээ шийдэх эрхийг хувь хүн төдийгүй бүхэл бүтэн үндэстэнд олгодог. МЭӨ 1513 онд израильчууд Египетийн боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхантай гэрээ байгуулсан. Тэд Агуу Ваарчны сонгосон үндэстэн байсан бөгөөд гарынх нь аясаар хэлбэржих завшаантай байжээ. Гэвч энэ ард түмэн Еховагийн мэлмийд үргэлж мууг үйлдэн, бүр хөрш зэргэлдээх үндэстнүүдийнхээ бурхдыг шүтдэг болсон байна. Ехова зөнчдөө дахин дахин илгээж сануулсаар байсан боловч израильчууд ерөөсөө сонсоогүй (Иер. 35:12–15). Зөрүүд израильчуудыг сахилгажуулах хэрэгтэй байв. Устгагдвал зохих сав лугаа адил арван овогт хойд хаант улсыг ассиричууд бут цохиж, хоёр овогт өмнөд хаант улсыг вавилончууд эзэлсэн. Эндээс чухал сургамж авч болно. Еховагийн гарын аясаар хэлбэржихийг хүсвэл дуулгавартай байх хэрэгтэй.

9, 10. Ниневечүүд Бурхны сануулгыг хэрхэн хүлээж авсан бэ?

9 Ехова Ассирийн нийслэл Ниневе хотын хүмүүст ч сануулга өгсөн. Тэрбээр Ионад «Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ» гэж хэлжээ. Үнэхээр ч Ниневе хотынхон устгагдвал зохих хүмүүс байв (Иона 1:1, 2; 3:1–4).

10 Гэвч Ионаг шүүх мэдээ тунхаглахад «Ниневегийн ард түмэн Бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж, хамгийн томоос бага хүртлээ таар өмсөв». Хаан нь хүртэл «сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр» суудаг. Ниневечүүд Еховагийн үгийг хүлээн авч гэмшсэн. Тиймээс Ехова энэ хотыг сүйрүүлнэ гэсэн бодлоо өөрчилжээ (Иона 3:5–10).

11. Ехова израильчууд болон ниневечүүдтэй харьцахдаа ямар зан чанар илэрхийлсэн бэ?

11 Сонгосон ард түмэн нь байсан хэдий ч Ехова израильчуудыг сахилгажуулсан. Харин ниневечүүд Бурхны онцгой ард түмэн байгаагүй. Гэлээ ч Ехова тэдэнд бузар булай явдлаа орхихыг сануулсан. Тэд зөөлөн шавар шиг байж сануулгыг хүлээн авсан учир Еховагийн өршөөлийг хүртжээ. Энэ хоёр жишээг үзвэл Ехова Бурхан «хүнийг алагчилдаг ч үгүй» нь тодорхой байна (Д.хууль 10:17).

ЕХОВА УХААЛАГ БӨГӨӨД УЯН ХАТАН ХАНДДАГ

12, 13. а) Бурхан шийдвэрээ өөрчилдгийн учир юу вэ? б) Ехова Саул болон ниневечүүдийн талаарх шийдвэрээ өөрчилсөн гэдгийг юу гэж ойлгох вэ?

12 Хүн аливаад хандах хандлага, үйл хэргээ өөрчилбөл Ехова шийдвэрээ өөрчилдөг. Жишээ нь «Саулыг хаан болгосондоо харамссан» тухай Библид бичжээ (1 Сам. 15:11). Харин ниневечүүдийг гэмшин бузар булай явдлаа орхисныг хараад «тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй» (Иона 3:10).

13 «Харамсах», «бодлоо зөөлрүүлэх» гэж орчуулсан еврей үг шийдвэрээ өөрчлөх гэсэн утгатай. Ехова Саулыг хаан болгосон боловч хожим нь шийдвэрээ өөрчилж хаан гэж үзэхээ больсон. Гэхдээ буруу хүнийг сонгосон гэсэн үг биш ээ. Саул итгэлгүй, дуулгаваргүй зан гаргасан учраас Еховад гологджээ. Нөгөөтэйгүүр, Бурхан ниневечүүдийг устгана гэсэн шийдвэрээ өөрчилсөн. Агуу Ваарчин Ехова алдаа гаргасан хүнийг гэмшин өөрчлөгдөхөд өршөөн уучилж, ухаалаг бөгөөд уян хатан ханддагийг бодохлоор сэтгэл уужирдаг!

ЕХОВАГИЙН САХИЛГА БАТЫН АРГА ХЭМЖЭЭГ БҮҮ ҮЛ ТООМСОРЛООРОЙ

14. а) Ехова өнөөдөр биднийг хэрхэн төлөвшүүлдэг вэ? б) Ехова зөвлөгөө өгч, сахилгажуулахад бид яах учиртай вэ?

14 Ехова Үг болон байгууллагаараа дамжуулан биднийг төлөвшүүлдэг (2 Тим. 3:16, 17). Тийм болохоор юу ч гэж зөвлөсөн яаж ч зэмлэсэн, бид хүлээж авах ёстой биз дээ? Баптисм хүртээд олон жил болсон юм уу, янз бүрийн хүндтэй үүрэг хүлээсээр ирсэн ч Еховагийн зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлбэл хүндэтгэлд зориулсан сав болохыг хүсэж байна гэсэн үг.

15, 16. а) Сахилга батын арга хэмжээ авахуулахад ямар таагүй бодол төрдөг вэ? Жишээ хэлнэ үү. б) Энэ хэцүү үеийг хэрхэн давах вэ?

15 Ехова хэрхэн сахилгажуулдаг вэ? Зааж сургах юм уу, засаж залруулж болох юм. Буруу юм хийснээс болоод сахилга батын арга хэмжээ авахуулж хүндтэй үүргээ алдах нь ч бий. Ахлагчаар үйлчилж байсан Деннисийн * тухай ярилцъя. Тэрбээр бизнесийн асуудлаар буруу шийдвэр гаргаснаас болж зэмлэл хүлээжээ. Ахлагч байхаа больсныг нь зарласан тэр орой Деннист юу бодогдсон бол? Тэрбээр: «Өөрийгөө их буруутгасан. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд байнгын эхлэгч, бетелчин, туслах үйлчлэгч, ахлагч гээд янз бүрийн хүндтэй үүрэг хүлээж явлаа. Мужийн чуулган дээр анх удаа илтгэл тавьчихаад байлаа. Гэтэл гэв гэнэт энэ бүхнээ алдчихдаг юм байна. Тэрнээсээ болоод ичиж, санаа зовж байсан. Би гэдэг хүн Бурхны байгууллагад хэрэг болохоосоо өнгөрлөө л гэж бодож байлаа» гэжээ.

16 Деннис өөрчлөгдөх шаардлагтай байсан. Сэтгэлээр хэт унахгүй байхад нь юу тус болсон бэ? Тэрбээр: «Би урьдынх шигээ Библиэ судалж, дэлгэрүүлж, бүх цуглаандаа явж байхаар шийдсэн юм. Итгэл нэгтнүүд маань урам зориг хайрласанд их баярласан. Бас ном хэвлэл уншин тайвширдаг байлаа. „Харуулын цамхаг“ сэтгүүлийн 2009 оны 8-р сарын 15-ны дугаарт гарсан „Та дахин хариуцлагатай үүрэг хүлээхэд бэлэн үү?“ гэсэн гарчигтай өгүүлэл яг надад бичсэн захидал шиг санагдсан. Залбирлын минь хариу байсан. „Хариуцлагатай үүрэг хүлээгээгүй байгаа дээрээ Еховатай улам дотно болоорой“ гэсэн зөвлөгөө хамгийн их таалагдсан» гэж ярьжээ. Сахилга батын арга хэмжээ авсан нь Деннист ач тустай байсан болов уу? Тэрбээр хэдэн жилийн дараа дахин туслах үйлчлэгч болжээ.

17. Хурлаас хасах арга хэмжээ авах нь нүгэл үйлдсэн хүнд ямар боломж олгодог вэ? Жишээ хэлнэ үү.

17 Еховагийн сахилга батын арга хэмжээний нэг нь хурлаас хасах явдал юм. Энэ нь хурлыг муу нөлөөнөөс хамгаалдаг төдийгүй нүгэл үлдсэн хүнд буцаж ирэх боломж олгодог (1 Кор. 5:6, 7, 11). Робертыг хурлаас хасагдаад 16 жил болоход эцэг эх, ах дүү нар нь түүнтэй холбогдсон ч үгүй, бүр мэндэлж ч байсангүй. Ингэж Библийн зарчмыг чанд сахиж Бурханд үнэнч байжээ. Роберт хэдэн жилийн өмнө эрхээ сэргээлгээд, одоо сүнслэгээр хурдан өсөж байгаа аж. Ийм олон жилийн дараа Ехова болон ард түмэн рүү нь эргэж ирэхэд юу түлхэц болсныг асуухад гэрийнхэн нь Еховад үнэнч байж, өөртэй нь огт харьцдаггүй байсныг хэлжээ. Тэрбээр: «Гэрийнхэн маань надтай жаахан ч атугай харьцаж, намайг ямаршуу байгааг асуусан бол сэтгэл минь ханаж, Ехова руу буцаж ирэх тухай бодохгүй байх байсан» гэжээ.

18. Бурхан биднийг сахилгажуулбал яах ёстой вэ?

18 Хүн болгон ийм арга хэмжээ авахуулдаг гэсэн үг биш ээ. Гэхдээ Бурхан хүн бүрийг төлөвшүүлж, алдаа дутагдлыг нь засахыг хүсдэг. Ийм үед яах нь зүйтэй вэ? Сануулгыг Давид шиг хүлээж авах уу? Эсвэл Саул шиг үл тоомсорлох уу? Агуу Ваарчин бол бидний Эцэг юм. «Хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН [Ехова] хайрладаг хүнээ зэмлэдэг». Тиймээс сахилгажуулахад нь дургүйцэхгүй, зэмлэхэд нь гомдож тунирхахгүй байцгаая (Сур. 3:11, 12).

^ Нэрсийг өөрчлөв.