Skip to content

Гарчиг руу орох

«Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно»

«Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно»

«Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» (МАТ. 28:20).

1. а) Буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэрийг товч ярина уу. б) Есүс энэ үлгэрийнхээ утгыг хэрхэн тайлбарласан бэ?

 ЕСҮС Хаанчлалын тухай сургаалт зүйрлэл олныг ярьжээ. Тэдгээрийн нэгэнд газрын эзэн буудайн үр суулгасанд, дайсан ирээд зэрлэг өвсний үр тарьчихаад явсан тухай гардаг. Буудай цухуйж эхлэхэд зэрлэг өвс ч их ургав. Гэвч мөнөөх эзэн: «Ургац хураатал хамтдаа ургаг» хэмээн боолууддаа хэлжээ. Цаг нь болоход зэрлэг өвсийг зулгааж шатаагаад, буудайг хураадаг. Ёгт үлгэрийнхээ утгыг Есүс өөрөө тайлбарласан (Матай 13:24–30, 37–43-ыг уншина уу). Энэ үлгэр бидэнд юу хэлж өгдөг вэ? («Буудай ба зэрлэг өвс» гэсэн хавсралт үзнэ үү).

2. а) Буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэрээс юу мэдэж болох вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Ёгт үлгэрт буудайн анги буюу тослогдсон христиануудыг хэзээ, хэрхэн цуглуулах тухай гардаг. Есүс тэднийг хүмүүсийн дундаас сонгон авч, тэнгэрээс хамт захирах ажээ. Үр суулгах ажил МЭ 33 оны Пентекостын өдөр эхэлсэн. Өнөөгийн тогтолцооны төгсгөлийн үед амьд байх тослогдогсод эцсийн удаа тамгалуулаад тэнгэрт гарахад энэ ажил дуусна (Мат. 24:31; Илч. 7:1–4). Орчин тойрныхоо юмыг сайн харъя гэвэл уулан дээр гардаг шиг, 2 000-аад жилийн хугацаанд болсон үйл явдлыг тодорхой ойлгоё гэвэл энэ ёгт үлгэрийг судлах хэрэгтэй. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд үр тарих, боловсрох, хураах цагийн тухай гардаг. Энэ өгүүллээр гол нь ургац хураах цагийг онцлон авч үзнэ. *

ЕСҮСИЙН АНХААРАЛ ХАЛАМЖ

3. а) МЭ I зуунаас хойш юу болсон бэ? б) Матай 13:28-ыг үзвэл хэн, юу гэж асуусан бэ? (Тэмдэглэл үзнэ үү).

3 МЭ II зууны эхээр дэлхий хэмээх талбайд «зэрлэг өвс» ургаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хуурамч христианууд гарч иржээ (Мат. 13:26). Тэд дөрөвдүгээр зуун гэхэд жинхэнэ христиануудаас хавьгүй олон болсон байлаа. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг саная. Тэнд гардаг боолууд зэрлэг өвсийг зулгааж хаях уу хэмээн эзнээсээ асуудаг шүү дээ * (Мат. 13:28). Эзэн нь юу гэж хариулсан бэ?

4. а) Эзний хэлсэн үгнээс ямар дүгнэлт хийж болох вэ? б) Буудайгаар төлөөлүүлдэг христианууд хэзээнээс тодорсон бэ?

4 Буудай ба зэрлэг өвсний тухай үлгэрт гардаг эзэн боолууддаа «Ургац хураатал хамтдаа ургаг» хэмээн хариулдаг. Тэгэхлээр буудайгаар төлөөлүүлдэг тослогдсон христианууд нэгдүгээр зуунаас өнөөдрийг хүртэл дэлхий дээр байсаар ирсэн гэж дүгнэж болохоор байна. Хожим нь Есүс шавь нартаа «Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлсэн нь дээрх дүгнэлтийг баталдаг (Матай 28:20). Тэрбээр тослогдсон христиануудыг төгсгөл хүртэл үргэлж хамгаалах ажээ. Гэхдээ зэрлэг өвсөөр төлөөлүүлдэг христианууд олширсон болохоор Есүс чухам хэнийг буудайн ангийнх гэж үзэж ирснийг бид мэдэхгүй. Харин ургац хураах цаг болохоос хэдхэн арван жилийн өмнөөс буудайн анги тодорч эхэлсэн. Үүний учрыг ярилцъя.

ЗАМ ЦЭВЭРЛЭХ ЭЛЧ

5. Малахийн зөгнөл I зуунд хэрхэн биелсэн бэ?

5 Есүсийг буудай, зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэл хэлэхээс олон зууны өмнө Ехова зөнч Малахийг сүнсээрээ удирдан уг сургаалт зүйрлэлтэй төстэй зөгнөл бичүүлжээ (Малахи 3:1–4-ийг уншина уу). «Замыг цэвэрлэсэн» эхний элч нь баптисм хүртээгч Иохан байлаа (Мат. 11:10, 11). Түүнийг МЭ 29 онд зам цэвэрлэж эхлэхэд израиль үндэстнийг шүүх цаг дөхсөн байв. Есүс бол хоёр дахь элч юм. Тэрбээр үйлчлэлийнхээ эхэнд болон төгсгөлд Иерусалимын сүмийг цэвэрлэсэн (Мат. 21:12, 13; Иох. 2:14–17). Тэгэхлээр Есүс тодорхой хугацаанд цэвэрлэгээ хийжээ.

6. а) Малахийн зөгнөл хоёр дахь удаагаа хэрхэн биелсэн бэ? б) Есүс сүнслэг сүмийг ямар хугацаанд шалгасан бэ? (Тэмдэглэл үзнэ үү).

6 Малахийн зөгнөл хоёр дахь удаагаа хэрхэн биелсэн бэ? Ч. Расселл нөхдийнхөө хамт Баптисм хүртээгч Иоханы адилаар «зам цэвэрлэх» ажил хийсээр 1914 онтой золгожээ. Тэр чухал ажлын нэг нь Библийн сургаалыг үнэн зөвөөр ойлгуулах явдал байлаа. Библи Судлаачид Христийн золиосны жинхэнэ утга учрыг тайлбарлан, тамын тухай сургаал хуурамч болохыг илчилж, Харь үндэстний цаг дуусах дөхөж байгааг тунхагладаг байсан. Гэхдээ тэр үед Христийн дагалдагч гэгддэг шашны бүлгүүд өдий төдий байсан тул «Аль нь буудайн анги вэ?» гэсэн ярвигтай асуулт гарчээ. Энэ асуултад хариулахын тулд Есүс 1914 онд сүнслэг сүмийг шалгахаар ирсэн. Шалгалт, цэвэрлэгээ 1914 оноос эхэлж 1919 оны эхээр дуусжээ. *

ШАЛГАЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭ

7. Есүс 1914 онд сүнслэг сүмийг шалгаж үзээд юу олж мэдсэн бэ?

7 Есүс сүнслэг сүмийг шалгаж үзээд юу олж мэдсэн бэ? Цөөн хэдэн Библи Судлаач дэлгэрүүлэх ажлыг идэвх зүтгэлтэй хийж хүч чадал, хөрөнгө мөнгөө 30 гаруй жил харамгүй зориулсныг олж мэджээ. * Хэдийгээр буудайн ангийнхан цөөхүүлээ байсан ч Сатаны зэрлэг өвсөнд бариулалгүй үлдсэнийг Есүс болон тэнгэр элчүүд олж хараад ямар их баярласан бол оо! Гэхдээ л «Левийн хөвгүүд» болох тэднийг «цэвэршүүлэх» шаардлагатай байлаа (Мал. 3:2, 3; 1 Петр 4:17). Яагаад тэр вэ?

8. 1914 оноос хойш юу болсон бэ?

8 1914 оны сүүлээр зарим Библи Судлаач итгэл найдвараа алджээ. Учир нь тэд бодож байснаараа тэнгэрт гарсангүй. Түүнчлэн 1915, 1916 онд манай байгууллагын үйл ажиллагааг хориглосны улмаас дэлгэрүүлэх ажил удааширсан. 1916 оны 10 дугаар сард Расселлыг нас барсны дараа байгууллагын дотор хагарал гарсан нь бүр ч тоогүй. Библи ба Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн удаах ерөнхийлөгчөөр Рутерфордыг сонгосныг долоон захирлын дөрөв нь эсэргүүцэж, ах дүүсийн дунд хагарал гаргахыг оролдоод, эцэст нь өөрсдөө 1917 оны 8 дугаар сард Бетелээс гарчээ. Энэ нь үнэн хэрэгтээ цэвэрлэх ажлын үр дүн байлаа! Түүнчлэн зарим христиан хүнээс айх айдаст автсан юм. Гэхдээ Библи Судлаач олон хүн Есүсийн цэвэрлэх ажлыг дэмжиж, шаардлагатай өөрчлөлт хийсэн. Тийм учраас Есүс тэднийг жинхэнэ христиан гэж үзсэн. Харин христийн сүмд очдог, очдоггүй бүх хуурамч христианыг голсон (Мал. 3:5; 2 Тим. 2:19). Дараа нь юу болсныг мэдэхийн тулд буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэрээ дахин ярилцъя.

УРГАЦ ХУРААХ ЦАГ ЭХЭЛСНИЙ ДАРАА...

9, 10. а) Одоо бид юуны талаар авч үзэх вэ? б) Ургац хураах цаг болоход эхлээд яасан бэ?

9 Есүсийн хэлснээр, «ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл» аж (Мат. 13:39). Энэ нь 1914 онд эхэлсэн. Ургац хураах үед болох, Есүсийн зөгнөсөн таван үйл явдлыг авч үзье.

10 Нэгдүгээрт, зэрлэг өвсийг зулгаана. «Ургац хураах цагт би хадах хүмүүстээ „Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боо ...“ гэж хэлнэ» хэмээн Есүс ярьжээ. 1914 оноос хойш тэнгэр элчүүд «зэрлэг өвсийг зулгаах» буюу хуурамч христиануудыг тослогдогсдоос тусгаарлаж эхэлсэн (Мат. 13:30, 38, 41).

11. Жинхэнэ христиануудыг хуурамч христиануудаас ялгах онцлог шинж юу вэ?

11 Зэрлэг зулгаах ажил эрчимжихийн хэрээр буудай ба зэрлэг өвсний ялгаа улам тодорсон (Илч. 18:1, 4). 1919 он гэхэд Агуу Вавилон нурсан нь тодорхой болжээ. Жинхэнэ христианууд хуурамч христиануудаас юугаараа ялгарч байсан бэ? Дэлгэрүүлэх ажлаараа ялгарч байв. Хаанчлалын тухай мэдээ тунхаглах нь хүн бүрийн хийх ёстой ажил гэдгийг хариуцлагатай үүрэг хүлээдэг Библи Судлаачид онцлох болжээ. Жишээ нь, 1919 онд хэвлэгдсэн «Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?» хэмээх товхимолд айлаар дэлгэрүүлэхийг бүх христианд уриалсан байна. Тэнд бичихдээ: «Хийж барахааргүй энэ ажлыг бид Эзний өгөх хүчээр л хийж чадна. Учир нь энэ бол Эзний ажил юм. Ийм ажилд оролцох нь та бидний хувьд завшаантай хэрэг» гэжээ. Тослогдсон христианууд үүнд хэрхэн хандсан бэ? 1922 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд бичсэнээр, Библи Судлаачид тэр үеэс эхлэн дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн байна. Удалгүй айлаар дэлгэрүүлэх нь тэдгээр үнэнч христиануудын онцлог шинж болсон. Өнөөдөр ч мөн ялгаагүй.

12. Буудайн ангийг хэзээнээс цуглуулж эхэлсэн бэ?

12 Хоёрдугаарт, буудайг цуглуулна. Есүс тэнгэр элчүүддээ «Буудайг цуглуулж амбаарт хийцгээ» хэмээн тушаадаг (Мат. 13:30). Тослогдогсдыг 1919 оноос эхлэн цуглуулж, цэвэрлэж сэргээсэн христиан хуралд нэгтгэсэн. Буудайг хэзээ цуглуулж дуусах вэ? Энэ тогтолцооны төгсгөлийн үед амьд сэрүүн байх тослогдсон христиануудыг тэнгэрийн шагналаа авахлаар дуусна (Дан. 7:18, 22, 27).

13. Илчлэлт 18:7-д бичсэнээр янхан эм буюу Агуу Вавилон, ялангуяа христ шашны ертөнц өөрийнхөө талаар юу гэж ярьдаг вэ?

13 Гуравдугаарт, уйлж шүдээ хавирна. Тэнгэр элчүүд зэрлэг өвсийг боосны дараа юу болох вэ? Есүс зэрлэг өвсөөр төлөөлүүлдэг христиануудыг «Уйлна, шүдээ хавирна» гэсэн (Мат. 13:42). Тэд одоо уйлж, шүдээ хавирч байна уу? Үгүй. Янхан эм буюу Агуу Вавилоны нэг хэсэг болох христ шашны ертөнц өөрийнхөө талаар «Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй» гэж ярьж байгаа (Илч. 18:7). Христ шашны ертөнц өөрийгөө маш их эрх мэдэлтэй, тэр байтугай төр засгийн удирдагчдыг «хатан хаан мэт» захирах гэж оролддог. Тэгэхлээр одоохондоо уйлах биш, харин ч онгирон сагсуурч байгаа ажээ. Гэвч удахгүй энэ бүхэн өөрчлөгдөнө.

Христ шашны ертөнцийнхөн улс төрийн удирдагчидтай хамтран ажиллахаа мөдхөн болино (13-р догол мөрийг үзнэ үү)

14. а) Хуурамч христианууд хэзээ, ямар учраас «шүдээ хавирах» вэ? б) Матай 13:42-ын талаарх шинэ ойлголт Дуулал 112:10-тай хэрхэн тохирдог вэ? (Тэмдэглэл үзнэ үү).

14 Агуу их гай гамшгийн үеэр бүх хуурамч шашин устгагдахад тэдгээрийг дэмжиж байсан хүмүүс нуугдах гэж оролдовч хоргодох газар олж чадахгүй (Лук 23:30; Илч. 6:15–17). Тэгээд аргаа барахдаа уйлан, уурлаж хорссондоо «шүдээ хавирна». Агуу их гай гамшгийн тухай Есүсийн зөгнөлд тэднийг «гашуудан уйлна» гэсэн байдаг * (Мат. 24:30; Илч. 1:7).

15. Зэрлэг өвсийг яах вэ? Тэр нь хэзээ вэ?

15 Дөрөвдүгээрт, галтай зууханд хаяна. Тэнгэр элчүүд зэрлэг өвсийг боогоод, дараа нь яах вэ? «Галтай зууханд хаяна» (Мат. 13:42). Өөрөөр хэлбэл, бүрмөсөн устгана. Тиймээс хуурамч шашныг дэмжиж байсан тэр хүмүүсийг агуу их гай гамшгийн оргил болох Хармагедоны үед устгана (Мал. 4:1).

16, 17. а) Есүс ёгт үлгэрээ юу гэж төгсгөсөн бэ? б) Энэ зөгнөл ирээдүйд биелнэ гэхийн учир юу вэ?

16 Тавдугаарт, нар мэт гийнэ. Есүс: «Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно» хэмээн ёгт үлгэрээ жаргаажээ (Мат. 13:43). Энэ зөгнөл хэзээ, хаана биелэх вэ? Ирээдүйд биелнэ. Есүс дэлхий дээр болж байгаа үйл явдлыг бус, ирээдүйд тэнгэрт болох үйл явдлыг зөгнөсөн ажээ. * Ингэж дүгнэх болсон хоёр шалтгааныг ярилцъя.

17 Нэгд, «хэзээ» гэсэн асуултыг авч үзье. Есүс: «Тэгэхэд зөвт хүмүүс нь ... гийх болно» хэмээжээ. Тэрбээр зэрлэг өвсийг «галтай зууханд хаяна» гэснийхээ дараа «тэгэхэд» гэж хэлсэн нь агуу их гай гамшгийн оргил үед болох үйл явдлыг хэлсэн хэрэг юм. Тэгэхлээр тослогдогсод бас тэр цаг үед «гийх» ажээ. Хоёрт, «хаана» гэсэн асуултыг авч үзье. Есүс зөвт хүмүүсийг «хаанчлалд» гийнэ гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Агуу их гай гамшгийн эхний шинж тэмдэг илэрсний дараа дэлхий дээр байх үнэнч тослогдогсдыг бүгдийг нь эцсийн удаа тамгалсан байх болно. Дараа нь агуу их гай гамшгийн тухай Есүсийн зөгнөсөн ёсоор, тэднийг тэнгэрт цуглуулна (Мат. 24:31). Тэд тэнд «Эцэгийнхээ хаанчлалд» гийнэ. Хармагедон дуусмагц «Хурга» буюу Есүс сүйт бүсгүй болох тэдэнтэй «хуримаа» хийнэ (Илч. 19:6–9).

АЧ ТУС

18, 19. Буудай ба зэрлэг өвсний тухай Есүсийн ярьсан ёгт үлгэр хүн бүрд ямар ач тустай вэ?

18 Энэ ёгт үлгэрээс сурч мэдсэн зүйл бидэнд ямар ач тустай вэ? Нэгдүгээрт, Ехова ёс бус хүмүүсийг устгахгүй байгаагийн учрыг ойлгож авдаг. Тэрбээр «өршөөлийн савнууд» буюу буудайн ангийг бэлдэхийн тулд «уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн» (Ром 9:22–24). Хоёрдугаарт, итгэл бэхэждэг. Төгсгөл ойртох тусам дайсан бидэн рүү улангасан дайрах боловч «дийлэхгүй» (Иеремиа 1:19-ийг уншина уу). Тэнгэрийн Эцэг Ехова олон жилийн турш буудайн ангийг хамгаалж ирсэн. Биднийг бас Есүс болон тэнгэр элчүүдээр хамгаалуулж, бидэнтэй үргэлж хамт байна (Мат. 28:20).

19 Гуравдугаарт, буудайн ангийг ялгаж таних боломжтой болсон. Энэ нь яагаад чухал бэ? Буудайгаар төлөөлүүлдэг христиануудыг ялгаж таньснаар Есүсийн тавьсан дараах асуултын хариуг олно. Тэрбээр эцсийн өдрүүдийн тухай гүнзгий утгатай зөгнөл хэлэхдээ «Итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» хэмээн асуужээ (Мат. 24:45). Дараагийн хоёр өгүүллээр энэ асуултын хариуг мэдэж авна.

 

^ Догол мөр 2: Ёгт үлгэрийн бусад хэсэг ямар утгатайг санахын тулд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010 оны 3-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Зөвт хүмүүс нар мэт гийх болно» гэсэн сэдэвтэй өгүүллийг уншина уу.

^ Догол мөр 3: Есүсийн элч нар нас барсан учир боол биш нь тодорхой. Бас дэлхий дээр байгаа тослогдогсдыг боол биш, харин буудай гэдэг. Тиймээс боолууд нь тэнгэр элчүүд юм. Уг сургаалт зүйрлэлд тэнгэр элчүүд зэрлэг өвс зулгааж байгаагаар гардаг (Мат. 13:39).

^ Догол мөр 6: Энэ нь шинэчлэгдсэн ойлголт юм. Есүс 1918 онд шалгалт хийсэн гэж бид урьд нь ойлгодог байсан.

^ Догол мөр 7: Библи Судлаачид 1910–1914 онд 4 000 000 орчим ном, 200 000 000 гаруй танилцуулга, товхимол тараажээ.

^ Догол мөр 14: Энэ нь Матай 13:42-ын талаарх шинэчлэгдсэн ойлголт юм. Урьд нь бид юу гэж ойлгодог байсан бэ? Хуурамч христианууд уурлан хорссондоо хэдэн арван жил уйлж, шүдээ хавирч байна гэж манай ном хэвлэлд тайлбарладаг байв. Учир нь «хаанчлалын хөвгүүд» тэднийг «хорон нэгний хөвгүүд» болохыг илчилсэн ажээ (Мат. 13:38). Гэвч Библид шүдээ хавирах гэдгээр устгаж үгүй болох гэсэн санааг илэрхийлдгийг анхаарах хэрэгтэй (Дуу. 112:10).

^ Догол мөр 16: Даниел 12:3-т «Хэрсүү ухаантай нь [тослогдсон христианууд] тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарна» гэж байдаг. Тэд дэлхий дээр байхдаа дэлгэрүүлэх ажилд оролцон «туяардаг». Харин Матай 13:43-т тэднийг тэнгэрийн Хаанчлалд «нар мэт гийнэ» гэсэн. Өмнө нь бид энэ хоёр зүйл хоёулаа нэг л юмыг, өөрөөр хэлбэл, дэлгэрүүлэх ажлын тухай хэлж байна гэж ойлгодог байсан.