Skip to content

Гарчиг руу орох

Ехова өдөр бүр миний ачааг үүрдэг

Ехова өдөр бүр миний ачааг үүрдэг

Би бие муутай хүн. Хэзээ ч, юу ч өвдөж магадгүй. Заримдаа бүр тэсэхийн аргагүй өвддөг. Гэхдээ хайртай тэнгэрийн Эцгийнхээ халамж анхаарлыг үргэлж мэдэрдэг. Сүүлийн 20 гаруй жил эхлэгчээр үйлчлэхийн жаргал эдэлж явна.

Би 1956 онд нугасны ивэрхийтэй төрсөн. Мэдрэлийн гуурс үүсэж бүрэлдэх процесс гажсаны улмаас нугасны төрөлхийн ивэрхийтэй болдог юм билээ. Үүнээс болоод сайн алхаж гишгэж чадахгүй, өөр янз бүрийн хүнд өвчтэй болсон.

Намайг төрөхөөс өмнө аав ээж хоёр маань Еховагийн Гэрч миссионерүүдтэй Библийн хичээл хийж эхэлсэн. Намиби улсын Усакос хот миний төрсөн газар. Намайг бага байхад цөөхөн хэдэн дэлгэрүүлэгч л байдаг байлаа. Тиймээс бид цуглааны материалыг нэгнийхээ гэрт хамт судалдаг байв. Би 7 настайдаа хиймэл сүв гаргах мэс засал хийлгэж, чөлөөтэй шээдэг болсон. Гэтэл 14 хүрээд татаж унадаг болов. Хамгийн ойрхон ахлах сургууль л гэхэд манай гэрээс их хол. Сургуульдаа явахад эцэг эхийн тусламж бүр ч их хэрэгтэй байсан болохоор би сургуулиа төгсөж чадаагүй юм.

Гэсэн хэдий ч Еховатай улам дотно болохоор шийдэв. Манай байгууллагын олон ном хэвлэл миний эх хэл африкансаар гардаггүй байсан болохоор англи хэл сурлаа. 19 настайдаа дэлгэрүүлэгч болж, баптисм хүртсэн. Түүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд өвчин хүндэрч, сэтгэл санаа ч хямрав. Ядахад, манай нутгийнхан цөөхүүлээ, бие биеэ мэдэх учир би хүнээс айгаад идэвхтэй дэлгэрүүлж чаддаггүй байсан.

Намайг 20 гарч байхад манайх Намибигаас Өмнөд Африк руу нүүсэн. Анх удаа хуралтай газар очиж байгаа нь энэ. Үнэхээр сайхан байсан даа! Даанч хагалгаанд орох шаардлагатай болов. Энэ удаа колостоми (хиймэл хошного) хийлгэсэн.

Эхлэгчээр үйлчлэхийг уриалсан дүүргийн харгалзагчийн илтгэл сонсоод сэтгэл их хөдөлж билээ. Угийн бие муутай намайг хүнд хэцүү үед минь Ехова хэрхэн анхаарч халамжилж ирснийг биеэрээ үзсэн учир байнгын эхлэгч болохоор шийдэж анкет бөглөлөө. Харин ахлагчид биеийн байдлыг минь мэддэг учраас эхлэгчээр үйлчлэхийг зөвшөөрсөнгүй.

Тэгсэн ч гэсэн би Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдэв. Ээж болон бусдынхаа дэмээр зургаан сарын турш эхлэгчийн цагийн нормыг биелүүлж чадлаа. Тийм болохоор ая эвийг нь олоод байнгын эхлэгчээр үйлчилж чадахаа ойлгон дахин анкет бөглөж өгөв. Энэ удаа ахлагчид зөвшөөрсөн. Ингээд 1988 оны 9 дүгээр сарын 1-нд байнгын эхлэгч болсон юм.

Намайг эхлэгчээр үйлчилснээс хойш Ехова бүр ч их тусалж дэмждэг болсон. Хүмүүст үнэнийг заахлаар өөрийгөө хэтэрхий их анхаарахаа больдог. Үүний ачаар сэтгэл санаагаар унах гэх зэргийн аюулаас хамгаалагддаг юм. Бас Еховатай улам дотно болдог. Чамгүй олон хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалсандаа маш их баяртай байдаг.

Бие маань одоо ч базаахгүй хэвээрээ. Гэхдээ Ехова өдөр бүр миний ачааг үүрдэг (Дуу. 68:19). Ехова намайг амьд байлгаад зогсоогүй, бүр амьдралын баяр баясгаланг мэдрүүлж байна!