Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫГ ТАНИН МЭДЬЕ

«Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна»

«Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна»

Та гэр бүлийнхэнтэйгээ эрүүл энх, урт удаан амьдрахыг хүсдэг үү? Өвчин шаналал, үхэл хагацал, зовлон зүдүүргүй нийгэмд өнө удаан амьдрахыг хүсдэг үү? Энэ бол хоосон мөрөөдөл биш ээ. Ехова Бурхны санаж зорьсны дагуу шинэ ертөнц удахгүй бий болно. Бурхны санаа зорилго биелэх талаар Илчлэлт 21:3–5-д юу гэж байдгийг анхааръя (Уншина уу).

«[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина» (Илчлэлт 21:4). Бурхан ямар нулимсыг арчих вэ? Нүдийг хамгаалдаг нулимс юм уу баярын нулимсыг биш, харин зовлон зүдүүр, уйтгар гунигаас үүдэлтэй нулимсыг арчих аж. Бурхан гуниг зовлонгийн нулимсыг арчаад зогсохгүй, тэр нулимсны шалтгаан болдог зовлон шаналал, уйтгар гунигийг бүрмөсөн арилгана.

«Тэнд цаашид үхэл байхгүй болно» (Илчлэлт 21:4). Үхэл хэмээх дайснаас болж хэчнээн олон хүн уй гашуугийн нулимс унагадаг билээ дээ? Ехова дуулгавартай хүн төрөлхтнийг үхлийн эрхшээлээс чөлөөлнө. Яаж? Үхлийн уг шалтгаан болох Адамаас өвлөн авсан нүглийг арилгах юм (Ром 5:12). Ехова Есүсийн золиосны үндсэн дээр дуулгавартай хүмүүсийг төгс болгоно. * Тэгээд эцсийн дайсан болох үхэл «устгагдана» (1 Коринт 15:26). Үнэнч хүмүүст Бурхны санаа зорилгын дагуу мөнхөд эрүүл саруул амьдрах боломж бүрдэнэ.

«Тэнд цаашид ... өвдөх гэж үгүй болно» (Илчлэлт 21:4). Ямар өвчин үгүй болох вэ? Өнөө үед олон сая хүнийг зовоодог, нүгэл болон төгс бусаас үүдэлтэй бие, сэтгэлийн бүх өвчин үгүй болно.

Хүний амьдралд тохиолддог уй гашуу, үхэл хагацал, өвчин зовлон удахгүй арилна. «Гэхдээ хаана ийм юм болох вэ? Тэнгэр дэх амьдралын тухай Бурхан хэлсэн юм биш үү?» гэж та бодож болох юм. Гэвч тийм биш ээ. Үүний учрыг мэдэж авъя. Нэгдүгээрт, «Бурханы асар хүмүүсийн дунд байна» гэсэн үгээр Бурхны амлалт эхэлдэг бөгөөд хүн төрөлхтөн дэлхий дээр амьдардаг (Илчлэлт 21:3). Хоёрдугаарт, «цаашид үхэл байхгүй болох» ертөнцийн талаар бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уг ертөнцөд урьд нь үхэл хагацал байсан ч энэ нь үгүй болно гэсэн үг. Тэгэхлээр, сайн сайхан амьдруулна гэсэн Бурхны амлалт дэлхий дээр биелнэ.

Бурхан зовлон зүдүүр, уйтгар гунигаас болж унагадаг бүх нулимсыг арчина

Ехова биднийг шинэ ертөнцийн талаарх амлалтад нь итгээсэй гэж хүсдэг. Тэрбээр ирээдүйд ямар ивээл хүртээхийг дүрсэлснийхээ дараа «Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна» гээд «эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» хэмээн батлан хэлсэн (Илчлэлт 21:5). Бурхны жаргалтай үйлчлэгчид амлалтыг нь гайхамшигтайгаар биелэхийг үзнэ. Тэдний дунд та дотны хүмүүстэйгээ хамт байхын тулд яах хэрэгтэйг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Библиэсээ уншаарай.

1 Петр 1Илчлэлт 22

^ Христийн золиосны талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 5-р бүлгээс дэлгэрэнгүй үзнэ үү.