Skip to content

Гарчиг руу орох

Хүнд өдрүүд ирэхээс өмнө Еховад үйлчлэгтүн

Хүнд өдрүүд ирэхээс өмнө Еховад үйлчлэгтүн

«Бүтээгчээ санагтун» (НОМ. 12:1).

1, 2. а) Соломон ариун сүнсээр хөтлүүлэн залуу хүмүүст зориулж ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Соломоны зөвлөгөөг 50-аас дээш насныхан ч анхаарах хэрэгтэй гэхийн учир юу вэ?

 «ХҮНД өдрүүд ... ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун». Энэ үгийг Соломон хаан ариун сүнсээр хөтлүүлэн залуу хүмүүст зориулан бичжээ. Юуг «хүнд өдрүүд» гэсэн бэ? Хүн өтлөхлөөрөө гар нь салгалж, хөл нь чичрэн, шүдгүй болж, хараа сонсгол нь муудан, үс нь бууралтаж, нуруу нь бөгтийдөг. Энэ хэцүү үеийг Соломон дүрслэн бичсэн ажээ. Тиймээс залуу байгаа дээрээ Агуу Бүтээгчдээ үйлчлэхийг уриалсан нь гайхах хэрэг биш юм (Номлогчийн үгс 12:1–5-ыг уншина уу).

2 Тавь гарсан эсвэл түүнээс ч өндөр настай хэр нь эрч хүчээр дүүрэн яваа христиан олон бий. Үс нь бууралтсан хэдий ч бие тэнхээ нь, Соломоны бичсэн шиг, тэгтлээ доройтоогүй байдаг. Тиймээс ариун сүнсний удирдлагаар залуучуудад зориулж бичсэн энэ зөвлөгөөг ахмад христианууд ч анхаарах хэрэгтэй. «Бүтээгчээ санагтун» гэсэн нь ямар утгатайг одоо ярилцъя.

3. Бүтээгчээ санах гэдэг нь ямар утгатай вэ?

3 Еховад олон жил үйлчилж байгаа хүн ч үе үе цаг зав гаргаад агуу Бүтээгчийнхээ тухай эргэцүүлэн бодох нь сайн. Амьдрал гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Бурхны бүтээл хэчнээн нарийн бүтэцтэйг бид бүрэн ухаарч чадахгүй. Хүмүүсийг жаргалтай амьдруулахын тулд олон янзын гайхалтай зүйлсийг Ехова бүтээсэн. Бүтээлийнх нь талаар эргэцүүлж бодохлоор Бурхны хайр, мэргэн ухаан, хүчийг өөрийн эрхгүй биширч, талархах сэтгэл улам лавширдаг (Дуу. 143:5). Түүнээс гадна, Бүтээгчээ санах гэдэг нь биднээс юу хүсэж шаарддагийг нь санана гэсэн үг. Энэ бүхнийг эргэцүүлэн бодохлоор амьд байхдаа Бүтээгчийнхээ төлөө чадах бүхнээ хийж талархлаа илэрхийлэх хүсэл төрдөг (Ном. 12:13).

ХОСГҮЙ БОЛОМЖ

4. Еховад олон жил үйлчилсэн христианууд өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

4 Та олон жилийн туршлага хуримтлуулсан христиан бол «Одоо эрч хүчтэй байгаа дээрээ өөр юу хийх вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Бусдад туслах янз бүрийн боломж танд бий. Еховагаас юу сурснаа хүүхэд залууст дамжуулж болно. Дэлгэрүүлж байхад тохиолдсон сонин сайхан явдлаа ярьж бусдынхаа урам зоригийг нэмж болно. Давид хаан: «Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. ... Хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч» хэмээн залбирчээ (Дуу. 71:17, 18).

5. Настай христианууд сурч мэдсэнээ хойч үедээ хэрхэн өвлүүлж болох вэ?

5 Олон жил хуримтлуулсан мэдлэг туршлагаа хойч үедээ хэрхэн өвлүүлэх вэ? Та хүүхэд залуусыг гэртээ урьж урам зоригийг нь сэргээдэг үү? Тэдэнтэй хамт дэлгэрүүлэхээр тохирдог уу? Еховад үйлчлэхийн баяр хөөрийг амсдагаа тэдэнд мэдүүлдэг үү? Эрт цагт амьдарч байсан Елиху: «Ахмадууд ярьж, олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой» гэж хэлсэн байдаг (Иов 32:7). Элч Паул туршлагатай христиан эмэгтэйчүүдийг үг ба үйл хэргээрээ бусдад үлгэр дууриал болохыг уриалж «Настай эмэгтэйчүүд ... юу сайн болохыг заах ёстой» хэмээн бичжээ (Тит 2:3).

НӨӨЦ БОЛОЛЦООГОО АШИГЛАХ

6. Олон жилийн туршлагатай христиануудыг үнэлж эрхэмлэх ёстойн учир юу вэ?

6 Хэрэв та Еховад олон жил үйлчилж байгаа бол бусдад туслах асар их нөөц бололцоотой гэсэн үг. Гуч, дөчин жилийн өмнө мэддэггүй байсан, харин одоо ойлгодог болсон зүйлээ бодоод үз дээ. Та Библийн зарчмыг ямар ч үед ажил хэрэг болгох чадвар эзэмшсэн байх. Библийн үнэнийг хүний зүрх сэтгэлд хүртэл заадаг болсон нь лавтай. Хэрэв та ахлагч бол буруу юм хийж байгаа итгэл нэгтнүүддээ хэрхэн туслахаа мэддэг нь эргэлзээгүй (Гал. 6:1). Хурлын үйл ажиллагаа, Хаанчлалын танхим барих юм уу чуулгантай холбоотой ажлыг удирдан зохицуулж сурсан биз ээ. Цусгүй эмчилгээ хийх арга хэрэглэхийг эмч нарт ятган ойлгуулж чадна. Та үнэний замаар яваад удаагүй байлаа ч амьдралын асар үнэтэй туршлага хуримтлуулсан байгаа. Жишээ нь, хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн бол энэ талаар их мэдлэг, чадвар эзэмшсэн гэсэн үг. Настай христианууд итгэл нэгтнүүддээ зааж сурган, удирдан чиглүүлж, урамшуулан зоригжуулдаг. Тийм учраас, Еховагийн ард түмний хувьд тэд их үнэ цэнэтэй (Иов 12:12-ыг уншина уу).

7. Настай христианууд залуучуудыг хэрхэн сургаж болох вэ?

7 Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглая гэвэл яах хэрэгтэй вэ? Библийн хичээл хэрхэн эхэлж, яаж удирдахыг залуу дэлгэрүүлэгчдэд үзүүлж болох юм. Сүнслэг үйл хэрэгт оролцохын хажуугаар хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг настай эмэгтэйчүүд залуу ээжүүдэд зөвлөж чадах биз ээ. Илтгэлээ урам зоригтой тавих, сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлэх аргыг туршлагатай эрчүүд залууст зааж өгөх байх. Өндөр настай итгэл нэгтнүүдийнхээ гэрт очиж хэрхэн сэтгэлийг нь сэргээж болохыг залуучуудад үзүүлж болно. Та өмнөх шигээ чадал тэнхээтэй биш ч, залуу хүмүүсийг сургах ийм сайхан боломжтой шүү дээ. Бурхны Үгэнд «Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ. Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс» гэж байдаг (Сур. 20:29).

ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ХЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗАР ҮЙЛЧЛЭХ

8. Элч Паул насныхаа эцэст юу хийсэн бэ?

8 Элч Паул насныхаа эцэст Бурханд үйлчлэхийн төлөө нөөц бололцоогоо бүрэн ашигласан. Ромд хоригдож байсан тэрбээр МЭ 61 оны орчим суллагджээ. Тэр хүртэл нөр их хөдөлмөрлөж, миссионерээр үйлчлэх амаргүй ажлыг хийхдээ янз бүрийн зовлон туулсан билээ. Тийм болохоор Ромд суурьшаад, тэндээ дэлгэрүүлье гэж бодож болох л байсан (2 Кор. 11:23–27). Ромын ах дүүс ч үүнд нь баярлах байв. Гэвч Паул хилийн чанадад дэлгэрүүлэгч илүү их хэрэгцээтэй байгааг ойлгожээ. Тийм учраас, Тимот Тит хоёрыг дагуулан Ефес, Кретээр аялж, цаашаа Македони руу явсан бололтой (1 Тим. 1:3; Тит 1:5). Испанид очсон эсэх нь тодорхойгүй ч тийшээ явах санаатай байсныг Библид бичжээ (Ром 15:24, 28).

9. Петр дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газарт хэдэн настайдаа нүүж очсон байж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

9 Элч Петр дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очихдоо 50 гаруй настай байсан бололтой. Ийн хэлэхийн учир юу вэ? Хэрэв Петрийг Есүстэй чацуу юм уу арай ах байсан гэж тооцвол МЭ 49 онд Иерусалимд ахлагч нарын уулзалтад оролцохдоо 50 орчим настай байсан байх (Үйлс 15:7). Тэр уулзалтаас хойш хэсэг хугацааны дараа Вавилон руу нүүжээ. Тэндхийн иудейчүүдэд дэлгэрүүлэх гэсэн нь эргэлзээгүй (Гал. 2:9). Петр Вавилонд байхдаа буюу МЭ 62 оны орчим Бурхны сүнсээр удирдуулан хоёр дахь захидлаа бичжээ (1 Петр 5:13). Хүний нутагт амьдрах тийм ч амархан биш ээ. Гэхдээ Петр хөгширсөн гээд хойш суулгүй Еховад чадлаараа үйлчлэхийн баяр жаргалыг эдэлсэн.

10, 11. Тавь гаруй насандаа дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газарт нүүж очсон хүний жишээг ярина уу.

10 Нас ахихлаар амьдрал ахуй өөрчлөгдөж Еховад үйлчлэх шинэ боломж нээгддэг. Зарим нь дэлгэрүүлэгч хэрэгтэй газар луу нүүж очдог. Жишээ нь, Роберт: «Еховад үйлчлэх шинэ боломж нээгдсэнийг эхнэр бид хоёр 50 гаруй настайдаа ойлгосон юм. Ганц хүү маань тусдаа гарч, бид ч настай эцэг эхээ асрах шаардлагагүй болсон. Бас жаахан өв хөрөнгө өвлөж авсан байв. Тэгээд байшингаа зарчихвал тэр мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж барагдуулаад, тэтгэвэртээ гартал амьдраад байж чадахаар байлаа. Боливид Библийн хичээл заалгах хүсэлтэй хүн олон, амьдралын өртөг нь ч бага байдгийг дуулаад тийшээ нүүхээр шийдэв. Шинэ байрандаа дасах амархан байгаагүй. Хойд Америкт дассан сурсан бүхнээс маань шал өөр байлаа. Гэлээ ч бидний хичээл зүтгэл талаар болоогүй» гэж бичжээ.

11 Роберт цааш нь «Бид христиан үйл хэрэгт бүрэн дүүрэн оролцдог болсон. Библийн хичээл хийдэг байсан зарим хүн маань баптисм хүртсэн. Биднээр хичээл заалгадаг байсан нэг айл нэлээд хэдэн километрийн зайтай тосгонд их энгийн амьдардаг юм. Тэгсэн хэр нь 7 хоног бүр хэцүү зам туулаад цуглаандаа очдог. Тэднийхэн сүнслэгээр өсөж, том хүү нь эхлэгч болоход бид хоёр ямар их баярласан гээч!» хэмээн бичсэн байна.

ГАДААД ХҮМҮҮСТ ДЭЛГЭРҮҮЛЭХ

12, 13. Тэтгэвэрт гарсныхаа дараа Еховад урьдынхаасаа өөр аргаар үйлчилдэг болсон христианы жишээг хэлнэ үү.

12 Ахмад христиануудын үлгэр дууриал гадаад хэлний хурал юм уу бүлэгт үйлчилдэг хүмүүст ихээхэн тус болдог. Түүнээс гадна, гадаад хүмүүст дэлгэрүүлэх нь сонирхолтой. Тухайлбал, Британид амьдардаг Брайн 65 хүрч тэтгэвэрт гарсныхаа дараа эхнэртэйгээ хоёул амар жимэр амьдарч байсан тухайгаа бичжээ. «Хүүхдүүд маань ч тусдаа гарч, Библийн хичээл хийх хүн ч олдохоо болив. Нэг удаа их сургуульд сурдаг хятад залуутай уулзаж цуглаанд урилаа. Тэр залуу цуглаанд ирж, бид хоёр Библийн хичээл эхлэв. Хэдэн долоо хоногийн дараа нөгөөх маань өөр нэг хятад найзыгаа дагуулаад ирдэг юм байна. Хоёр долоо хоногийн дараа гурав дахь нь, тэгээд дөрөв дэх нь ирлээ».

13 «Их сургуульд сурдаг тав дахь хятад залуу ирж Библийн хичээл хийе гэхэд нь би дотроо „65 хүрсэн намайг улс тэтгэвэрт гаргасан болохоос Ехова тэтгэвэрт гаргаагүй юм байна“ гэж бодлоо. Тэгээд эхнэрээсээ хятад хэл сурмаар байна уу гэж асуулаа. Эхнэр минь надаас хоёр дүү л дээ. Ингээд бид хоёр хятад хэлний хичээлтэй хуурцаг авч сонсдог болов. Түүнээс хойш арван жил өнгөрчээ. Гадаад хүмүүст дэлгэрүүлэхлээр эргээд залуу болчихсон юм шиг санагддаг. Бид хоёр нийтдээ 112 хятад хүнтэй Библийн хичээл хийжээ! Ихэнх нь цуглаанд явдаг. Нэг нь одоо бидэнтэй хамт эхлэгчээр үйлчилж байна» хэмээн бичжээ.

Үйлчлэлээ өргөжүүлэхэд оройтохгүй (12, 13-р догол мөрийг үзнэ үү)

ЧАДАХЫГАА ХИЙГЭЭРЭЙ

14. 50-аад насны христианууд юуг мартах ёсгүй вэ? Паулын жишээнээс юу ойлгох хэрэгтэй вэ?

14 Амьдрал ахуй өөрчлөгдөхөд Еховад үйлчлэх шинэ боломжтой болдог христианууд 50-аад насныхны дунд олон. Харин зарим нь бие муутай, нэг хэсэг нь үр хүүхэд юм уу өндөр настай эцэг эхээ асрах шаардлагатай байдаг. Гэхдээ өөрийнх нь төлөө юу ч хийсэн Ехова үнэлдгийг бүү мартаарай. Тиймээс чадахгүй юмаа бодож бухимдахын оронд чадах юмаа хийгээд жаргалтай байгаарай. Элч Паулыг бодоод үзье. Миссионерийн аяллаа үргэлжлүүлэх аргагүй болсон тэрбээр гэрийн хорионд байх хугацаандаа өөр дээр нь ирсэн болгонд Судраас ярьж, Бурханд үнэнчээр үйлчлэх урам зориг хайрлаж байсан билээ (Үйлс 28:16, 30, 31).

15. Өндөр настай христианууд яагаад үнэ хүндтэй вэ?

15 Ехова өтөл буурал үйлчлэгчдээ ч өндөр үнэлдэг. Нас хөгширч бие тэнхээ муудахад хүний амьдралын нэг амаргүй үе эхэлдгийг Соломон онцолсон. Гэсэн ч Еховаг магтан алдаршуулахын төлөө чадах бүхнээ хийдэг настан буурлууд үнэ хүндтэй гэдгийг Библид бичжээ (Лук 21:2–4). Өтөл буурал болтлоо үнэнч, тэвчээртэй үйлчилж ирсэн ах эгч нараараа хурлынхан нь бахархдаг.

16. Аннад ямар боломж байгаагүй вэ? Гэхдээ Бурхандаа хэрхэн үйлчилсэн бэ?

16 Еховад насаараа үнэнч үйлчилсэн Анна гэдэг бэлэвсэн эмэгтэйн тухай Библид гардаг. Тэрбээр Есүсийг төрөх үед 84 настай байжээ. Тийм болохоор Есүсийн дагалдагч болох, ариун сүнсээр тослогдох, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох аргагүй байсан биз ээ. Гэсэн ч Еховагийн төлөө чадах бүхнээ хийгээд жаргалтай амьдарсан. «Тэр эмэгтэй ... өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй» гэж Библид байдаг (Лук 2:36, 37). Тахилчийг өглөө, орой бүр сүмд утлага уугиулах үед Анна хашаан дотор цугласан олонтой хамт дотроо залбирдаг байсан. Заримдаа 30-аад минут залбирдаг байсан бололтой. Тийнхүү сүмд үйлчилж байхдаа нялх Есүсийг харсан ажээ. Тэгээд «Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай» ярьсан (Лук 2:38).

17. Өндөр настай, бие муутай христиануудад жинхэнэ шүтлэгийг дэмжихэд нь хэрхэн тусалж болох вэ?

17 Бид өндөр настай, өвчин хуучтай христиануудад туслах боломж бүрийг эрж хайх учиртай. Цуглаан, чуулганд очиж итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхыг хүсдэг ч чаддаггүй хүмүүст туслахын тулд цуглааны хөтөлбөрийг утсаар сонсгодог хурлууд байдаг. Харин зарим хуралд тийм боломж байдаггүй. Гэсэн хэдий ч цуглаанд очих аргагүй христианууд жинхэнэ шүтлэгийн төлөө хувь нэмэр оруулж чадна. Жишээлбэл, хурлынхаа төлөө залбирч болно (Дуулал 92:13, 14-ийг уншина уу).

18, 19. а) Ахмад христианууд бусдыг урамшуулдгаа тэр бүр анзаардаггүйг харуулах жишээ хэлнэ үү. б) «Бүтээгчээ санагтун» гэсэн зөвлөгөөг ямар хүн хэрэгжүүлэх вэ?

18 Ахмад христианууд бусдыг хэр их урамшуулан зоригжуулдгаа тэр бүр анзаардаггүй байж мэднэ. Жишээ нь, насаараа үнэнч байж сүмд үйлчилсэн Аннаг бодоод үзье. Ямар үлгэр дууриал үзүүлснийг нь, Еховад ямар их хайртай байсныг нь Библид бичнэ гэж Анна санаа ч үгүй биз ээ. Өөрийнх нь түүх хэдэн зууны дараа ч хүмүүст урам зориг хайрлана гэж төсөөлөөгүй нь лав. Үүнтэй адилаар, Бурхныг гэсэн таны хайрыг итгэл нэгтнүүд тань хэзээ ч мартахгүй. Бурхны Үгэнд «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» хэмээн бичжээ (Сур. 16:31).

19 Еховагийн төлөө бидний хийж чадах юм хязгаартай. Гэхдээ та чадал тэнхээтэй байгаа дээрээ дараах үгийг сэтгэлдээ тээж яваарай. «Хүнд өдрүүд ... ирэхээс өмнө ... өөрийн Бүтээгчээ санагтун» (Ном. 12:1).