Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол Өглөгч, Хамгаалагч

Ехова бол Өглөгч, Хамгаалагч

«Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө [«хамгаална», ШЕ]» (ДУУ. 91:14).

1, 2. Бидний төрж өссөн орчин, үнэнийг олсон түүх ямар ялгаатай вэ?

 ЕХОВА гэр бүлийг бий болгосон (Еф. 3:14, 15). Ер нь, нэг гэр бүлийн хүмүүс хүртэл янз янзын зан араншинтай, төрж өссөн орчноороо ч ялгаатай байдаг. Зарим нь төрсөн цагаасаа нас биед хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдарсан байхад, нөгөө зарим нь өвчин эмгэг, аваар осол гэх мэтээс болоод эцэг эхээ алдсан байж болох юм. Төрсөн эцэг эхээ мэдэхгүй хүн ч бий.

2 Еховагийн үйлчлэгчдийг бас нэг гэр бүлийн гишүүд гэж хэлж болно. Гэхдээ үнэний замыг олсон түүх нь харилцан адилгүй байдаг. Библийн зарчмыг эцэг эхээрээ заалгаж өссөн нэг нь байхад, Еховагийн Гэрчүүдийн хийдэг дэлгэрүүлэх ажлын үрээр үнэнийг мэдсэн хүмүүс ч бидний дунд олон (Д.хууль 6:6, 7; Ром 10:13–15; 1 Тим. 2:3, 4).

3. Бид юугаараа адилхан бэ?

3 Дээр дурдсанаар, ялгаатай зүйл олон ч нийтлэг юм бас бий. Адам дуулгаваргүй загнасны балгаар хүн төрөлхтөн төгс бус болж нүгэл, үхлийг өвлөсөн (Ром 5:12). Гэсэн хэдий ч бид Еховаг таалалд нь нийцүүлэн шүтдэг учир түүнийг «Эцэг минь» гэж хэлдэг. Бурхны сонгосон ард түмэн: «ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ» гэснийг Исаиа 64:8-д тэмдэглэжээ. Түүнээс гадна, Есүс жишээ залбирлынхаа эхэнд «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» хэмээсэн байдаг (Мат. 6:9).

4, 5. Тэнгэрийн Эцэг Еховагаа улам их хайрладаг болохын тулд энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Тэнгэрийн Эцэг маань үнэнч үйлчлэгч биднийгээ хэрэгтэй бүхнээр хангадгийн зэрэгцээ авран хамгаалдаг. Ехова үнэнч үйлчлэгчийнхээ тухай «Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө [«хамгаална», ШЕ]» гэснийг дуулалч иш татжээ (Дуу. 91:14). Ехова Бурхан дайснуудаас нь хамгаалдгийн ачаар ард түмэн нь хэзээ ч устаж үгүй болохгүй.

5 Тэнгэрийн Эцэг Еховагаа улам их хайрлахын тулд 1) Өглөгч, 2) Хамгаалагч, 3) хамгийн сайн Найз болдгийг нь авч үзье. Энэ гурван зүйлийг ярилцахдаа Бурхантай тогтоосон харьцааныхаа талаар нухацтай бодоцгооё. Бидэнд эцгийн ёсоор ханддаг Бурхнаа хэрхэн дээдлэн хүндлэхийг бодоорой. Түүнчлэн, Еховатай ойр дотно байдаг хүмүүс ямар ивээл хүртэхийг эргэцүүлэн бодох нь тустай (Иак. 4:8).

ЕХОВА БОЛ АГУУ ӨГЛӨГЧ

6. Ехова сайн сайхан бүхнийг өгдгийн нэг баталгаа юу вэ?

6 Шавь Иаков: «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг» хэмээжээ (Иак. 1:17). Амь гэдэг бол Еховагийн өгдөг гайхамшигтай бэлэг юм (Дуу. 36:9). Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд амь амьдралаа зориулбал одоо их ивээл хүртэж, шинэ ертөнцөд үүрд мөнх амьдарна (Сур. 10:22; 2 Петр 3:13). Гэхдээ Адамаас төгс бус байдал, нүгэл, үхлийг өвлөсөн бид энэ бүх ивээлийг хэрхэн хүртэх вэ?

7. Ехова өөртэй нь дотносох боломжийг бидэнд хэрхэн олгосон бэ?

7 Еховаг Агуу Өглөгч гэж үзэх тоо томшгүй олон шалтгаан бий. Еховагийн хайр ивээлийн ачаар хүн төрөлхтөн аврагдах боломжтой болсон. Бид бүгдээрээ Адамаас төгс бус байдлыг өвлөж авсан нүгэлтэй хүмүүс (Ром 3:23). Гэлээ ч Ехова бидэнд өөртэй нь дотносох боломжийг хайрандаа хөтлөгдөн олгосон. Элч Иохан: «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм» хэмээжээ (1 Иох. 4:9, 10).

8, 9. Абрахам Исаак нарын үед Ехова Агуу Өглөгч гэдгээ хэрхэн баталсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

8 Хайр халамжтай Ехова Бурхан дуулгавартай хүмүүст мөнхийн амь өгөхийг МЭӨ 1893 оны үед Абрахамд тохиолдсон явдал харуулдаг. Еврей 11:17–19-д үүнийг тайлбарлан «Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр ганц хүүгээ өргөсөн. Энэ нь түүнд „Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ“ гэж айлдсан хүү нь байлаа. Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм» гэсэн байдаг. Абрахам хүү Исаакаа тахил болгон өргөхөд бэлэн байсан шиг Ехова хүн төрөлхтнийг аврахаар өөрийн Хүү Есүс Христийг дуртайяа өгчээ (Иохан 3:16, 36-г уншина уу).

9 Исаак үхэх шаардлагагүй болсноо мэдээд хэчнээн их тайвширсан бол оо! Бутанд эврээрээ тээглэсэн эр хонийг өөрийнх нь оронд тахил болгуулахаар өгсөн Еховад талархсан нь дамжиггүй (Эх. 22:10–13). Тэр газрыг «ЭЗЭН хангана» гэж нэрлэсэн нь ийм учиртай (Эх. 22:14).

БУРХАНТАЙ ЭВЛЭРЭХ НЬ

10, 11. «Эвлэрлийн үйлчлэлд» хэн, яаж манлайлан оролцдог вэ?

10 Ехова Агуу Өглөгч гэдгийг батлах олон нотолгоог эргэцүүлж бодохлоор Есүс Христ ямар чухал үүрэг гүйцэтгэснийг ойлгож, өөрийн эрхгүй талархдаг. Паул: «Нэг нь бүх хүний төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой» гэж бичжээ (2 Кор. 5:14, 15).

11 Нэгдүгээр зууны христианууд Бурхныг хайрладаг, түүнд үйлчлэх хосгүй завшаан эдэлдэгтээ баярладаг байсан учраас «эвлэрлийн үйлчлэлийг» дуртайяа хүлээн авчээ. Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлынх нь үрээр Бурхантай эвлэрэх, нөхөрлөх, цаашлаад сүнслэг хүүхдүүд нь болох үүд хаалга чин сэтгэлтэй хүмүүсийн өмнө нээгджээ. Өнөөгийн тослогдсон христианууд ч адилхан ажил хийдэг. Бурхан болон Христийн элчин сайдын үүрэг гүйцэтгэдэг тэдний ажлын ачаар шударга, даруу хүмүүс Еховатай дотносон нөхөрлөж, үйлчлэгч нь болдог (2 Коринт 5:18–20-ийг уншина уу; Иох. 6:44; Үйлс 13:48).

12, 13. Өгдөг бүхнийх нь төлөө Еховад талархдагаа хэрхэн харуулах вэ?

12 Дэлхий дээр амьдрах найдвартай христианууд Агуу Өглөгч Еховадаа талархдаг учраас тослогдогсодтой хамт Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажилд оролцдог. Энэ ажлаа хийхэд тус болдог нэг гайхамшигтай бэлэг бол Библи юм (2 Тим. 3:16, 17). Библийг чадамгай ашиглавал мөнх амьтай болоход нь бусдад тусална. Еховагийн өгдөг бас нэг бэлэг нь ариун сүнс юм. Ариун сүнсний тусламжгүйгээр сайн мэдээг үр өгөөжтэй тунхаглаж чадахгүй (Зех. 4:6; Лук 11:13). Дэлгэрүүлэх ажил ямар гайхалтай үр дүнд хүрч байгааг «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-оос харж болно. Өглөгч Эцэгт маань алдрыг авчирдаг энэ ажилд оролцох нь үнэхээр их нэр төрийн хэрэг мөн!

13 Бурхан ийм олон зүйл өгдөг учир «Би Еховад талархаж дэлгэрүүлэх ажлаа хамаг чадлаараа хийдэг үү? Яавал илүү чадварлаг дэлгэрүүлэгч болох вэ?» гэж дор бүрнээ бодох нь зүйтэй. Бурханд талархлаа илэрхийлэх нэг сайн арга нь Хаанчлалыг эн тэргүүнд тавих юм. Ингэдэг бол Ехова хэрэгтэй бүхнийг маань өгнө (Мат. 6:25–33). Бид Еховагийн хайр халамжийг мэдэрдэг учраас тааллыг нь олж, зүрхийг нь баярлуулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг (Сур. 27:11).

14. Ехова ард түмнээ хэрхэн авардаг вэ?

14 Дуулалч Давид: «Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай. Та бол миний тусламж хийгээд миний аврагч» хэмээн дуулжээ (Дуу. 40:17). Тийм ээ, Ехова ард түмнээ авран хамгаалсаар ирсэн билээ. Ялангуяа дайснууд нь тэднийг хайр найргүй хавчин хяхаж, мөрдөн мөшгөх үед авардаг. Өөрт нь үнэнч байхад хэрэгтэй бүхнээр хангаж, хүнд хэцүү үеийг давахад тусалдаг Еховадаа талархаад баршгүй!

ЕХОВА БИДНИЙГ ХАМГААЛДАГ

15. Эцэг нь хүүхдээ хамгаалдгийг жишээгээр хэлнэ үү.

15 Халамжтай эцэг үр хүүхдэдээ хэрэгтэй бүхнийг нь өгөөд зогсохгүй хамгаалдаг. Аюул тулгарлаа гэхэд аврах гэж чадах бүхнээ хийдэг. Нэг Гэрч эрэгтэй багадаа тохиолдсон явдлыг одоо ч санадаг аж. Аавтайгаа хамт дэлгэрүүлчихээд харих замдаа гол гатлах гэтэл өглөө нь аадар бороо орсноос болж үерлэсэн байжээ. Том чулуу дамжин гарахаас өөр арга байсангүй. Аавынхаа урд явж байсан хүү чулуун дээр халти гишгээд үерлэж буй гол руу уначихав. Амь тэмцэх хүүгээ аав нь тэр даруй уснаас татаж гаргажээ. Хүү аавдаа ямар их баярласан бол оо! Энэ аавын адилаар тэнгэрийн Эцэг маань биднийг ёс бус ертөнцийн зүгээс учирдаг аюулаас хамгаалж, Сатаны савраас авардаг. Ехова бол хамгийн найдвартай Хамгаалагч мөн (Мат. 6:13; 1 Иох. 5:19).

16, 17. Амалекчуудтай тулалдахад нь Ехова израильчуудыг хэрхэн аварсан бэ?

16 Ехова МЭӨ 1513 онд ард түмнээ Египетийн боолчлолоос чөлөөлж, Улаан тэнгисийг гатлахад нь ер бусын аргаар хамгаалсан. Үр хүүхдээ хамгаалдаг эцгийн адилаар ард түмнээ хамгаалдгийг нь бас нэг явдал харуулдаг. Израильчууд Синаи уулыг зорин цөлөөр аялан явсаар Рефидимд буудаллаад байлаа.

17 Эхлэл 3:15-д байдаг зөгнөл биелэхээс урьтаж, арчаагүй дорой мэт израильчууд руу янз бүрийн аргаар дайрахыг Сатан оролдож байв. Энэ удаад Бурхны ард түмэнд дайсагнадаг амалекчуудыг гар хөлөө болгожээ (Тоол. 24:20). Ехова ард түмнээ дайснуудаас нь аврахдаа үнэнч Иошуа Мосе Аарон Хур нараар юу хийлгэсэн бэ? Иошуаг амалекчуудтай тулалдах үед Мосе Аарон Хур нар ойролцоох толгодын орой дээр байв. Мосег гараа өргөхөд израильчууд ялж байлаа. Цуцсан гараа буулгахад нь Аарон Хур хоёр түшиж өгчээ. Ехова тусалж дэмжин аварч хамгаалсан учир «Амалек болон түүний ард түмнийг Иошуа илдний ирээр ялсан» (Ег. 17:8–13). Мосе тэнд тахилын ширээ босгож «ЭЗЭН бол миний туг» гэж нэрлэжээ. Үүнийг бас «Ехова бол миний Хоргодох газар» гэж орчуулсан байдаг (Египетээс гарсан нь 17:14, 15-ыг уншина уу).

САТАНЫ ДОВТОЛГООНООС ХАМГААЛДАГ

18, 19. Бурхан үйлчлэгчдээ хамгаалахын тулд ямар сануулга өгч байгаа вэ?

18 Өөрийг нь хайрлаж, дуулгавартай захирагддаг хүмүүсийг Ехова хамгаалдаг. Бид довтолгоонд өртөхдөө, Рефидимд байсан израильчуудын адилаар Бурхан биднийг хамгаална гэдэгт итгэдэг. Ехова ард түмнээ авардаг бөгөөд Сатаны довтолгооноос хамгаалдаг. Төвийг сахих байр сууриасаа болж хавчлагад өртсөн итгэл нэгт ахан дүүсийг маань олон удаа хамгаалж байсныг бодож үзээрэй. Ийм явдал 1930–1940-өөд оны эхээр нацист дэглэмийн үед Герман гэх зэрэг улсад болсон юм. Хавчлагын үед Ехова хамгаалж байсныг «Жил тутмын ном» болон бусад ном хэвлэлд гардаг түүх намтраас уншиж эргэцүүлэн бодвол итгэл бэхэжнэ (Дуу. 91:2).

Ехова итгэл нэгтнүүдээр маань дамжуулан сорилт бэрхшээлийг давахад тусалдаг(18–20-р догол мөрийг үзнэ үү)

19 Ехова байгууллагаараа болон ном хэвлэлээр дамжуулан сануулга өгч биднийг хамгаалдаг. Сүүлийн үед өгч буй сануулга ямар ач тустайг бодож үзье. Өнөөгийн нийгэм садар самуун, архидан согтуурах явдал болон порно материалын далайд живж байна. Тиймээс Ехова өөртэй нь тогтоосон харьцаагаа сэвтүүлэхгүй байхад тустай зүйлийг сануулж, бодит тусламж үзүүлдэг. Тухайлбал, олон нийтийн сүлжээг буруу ашиглан муу нөхөдтэй нийлэхээс сэрэмжлүүлсэн сануулгыг бид тэнгэрийн Эцгээсээ авсан * (1 Кор. 15:33).

20. Ехова хурлаар дамжуулан биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

20 Хууль тушаалыг нь чанд сахидаг бол «ЭЗЭНээр сургагдаж» байна гэсэн үг (Ис. 54:13). Христиан хурал найдвартай хоргодох газар болдог. Яагаад гэвэл хурлын ахлагчид шаардлагатай заавар зөвлөгөөг Библиэс өгч биднийг хамгаалдаг (Гал. 6:1). Эдгээр «хүн бэлгүүдээс» бид Еховагийн хайр халамжийг мэдэрдэг (Еф. 4:7, 8, ШЕ). Ахлагч зөвлөгөө өгвөл хэрхэн хүлээж авах вэ? Дуулгавартай дагах хэрэгтэй. Ингэвэл Ехова ивээнэ (Евр. 13:17).

21. а) Та яахаар шийдсэн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Ариун сүнсээр удирдуулж тэнгэрийн Эцгийнхээ удирдамж зааврыг дагацгаая. Хүү Есүс Христ нь хэрхэн амьдарч байсныг эргэцүүлэн бодож, үлгэр дууриал авцгаая. Есүс «үхэлд ч хүртэл дуулгавартай байсан» учраас асар их ивээл хүртсэн (Флп. 2:5–11). Бид бас Есүсийг дууриан Еховад бүх зүрхээрээ итгэж найддаг бол арвин их ивээл хүртэнэ (Сур. 3:5, 6). Хэрэгтэй бүхнийг маань өгч, ямар ч аюулаас хамгаалдаг Ехова Бурхандаа үргэлж найдацгаая. Түүнд үйлчлэх нь үнэхээрийн аз завшаантай, баяр хөөртэй хэрэг мөн! Еховаг хамгийн сайн Найз гэхийн учир юу вэ? Дараагийн өгүүллээр энэ асуултын хариуг мэдэж авцгаая. Ехова яаж хамгийн сайн Найз болдгийг эргэцүүлэн бодвол түүнийг улам их хайрладаг болно.

^ Ийм сануулгыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 8-р сарын 15-ны дугаарын 20–29-р хуудсанд нийтлэгдсэн «Диаволын урхи занганаас болгоомжил!», «Бат зогсож, Сатаны урхинаас хол явагтун!» зэрэг өгүүллээс үзнэ үү.