Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Итгэл төрүүлэм бүтээл 100 нас хүрлээ

Итгэл төрүүлэм бүтээл 100 нас хүрлээ

«Расселл ах дэлгэцэн дээр „амьдаараа“ гарчихсан юм уу даа» — «Фото драм»-ын үзэгч, 1914 он

«БҮТЭЭЛИЙН тухай фото драм» нээлтээ хийсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү гайхалтай уран бүтээл нь Библийг Бурхны үг гэдэгт итгүүлэх зорилготой байв. Библийг эрс шүүмжлэх хандлага, үл итгэх үзэл дэлгэрч, эволюцийн онол хүчээ авах болсны улмаас хүмүүс Бурханд итгэхээ больж эхэлжээ. Яг тэр үед «Фото драм» Еховаг Бүтээгч хэмээн зарлан тунхагласан юм.

Библи Судлаачдыг тэргүүлж байсан Чарлз Тейз Расселл Библийн үнэнийг хамгийн үр нөлөөтэй, хурдан шуурхай түгээн дэлгэрүүлэх аргыг шаргуу хайж байлаа. Библи Судлаачид ном хэвлэлийг үр дүнтэй ашиглаад 30 гаруй жил болжээ. Харин одоо өөр нэг арга анхаарал татав. Тэр нь кино байлаа.

САЙН МЭДЭЭГ КИНО ХАЛЬСААР ТҮГЭЭСЭН НЬ

1890-ээд онд хүмүүс дуугүй кинотой танилцжээ. 1903 онд Нью-Йорк хотын нэгэн сүмд шашны сэдэвтэй кино үзүүлсэн гэдэг. Кино урлаг үүсээд удаагүй байсан 1912 онд Расселл «Фото драм» бүтээх бэлтгэл ажлыг зоригтойгоор эхлүүлжээ. Библийн үнэнийг олон нийтэд хүргэхэд ном хэвлэл чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гэвч ном хэвлэлийн дангаараа хийж чадахгүй ажлыг «Фото драм» хийж чадна гэдгийг тэрбээр ойлгосон аж.

Нийтдээ найман цаг үргэлжилдэг «Фото драм»-ыг голдуу дөрвөн хэсэгт хуваан үзүүлдэг байв. Библид үндэслэсэн 96 богино хэмжээний илтгэлийг тухайн үед дуу хоолойгоороо олны танил болсон нэвтрүүлэгчээр уншуулжээ. Киноны олон үзэгдэлд сонгодог хөгжим эгшиглэнэ. Чадварлаг кино механикчид Библид гардаг алдартай үйл явдлуудыг дүрсэлсэн өнгөт зураг, дүрс бичлэгийг пянз тоглуулагчтай хослуулан үзүүлдэг байжээ.

«Оддыг бүтээхээс авахуулаад Христийн мянган жилийн засаглалын оргил үе хүртэлх бүх юмыг үзлээ» —Фрэнсис Стюарт Барнз, 1914 он, 14 настай

Дүрс бичлэг, өнгөт зурагнуудын ихэнхийг мэргэжлийн студид хийсэн. Филаделфи, Нью-Йорк, Парис, Лондонгийн зураачид кино хальсыг кадр кадраар нь, слайд зургийг нэгбүрчлэн буджээ. Бетелийн зураг чимэглэлийн тасагт ажилладаг хүмүүс ч мөн адил слайд зургийг будахаас гадна гэмтсэнийг нь сольж байлаа. Түүнчлэн киноны хэсэгт бетелчид тогложээ. Абрахамыг хүү Исаакаа тахил болгон өргөх гэхэд нь тэнгэр элч болиулдаг үзэгдэлд тоглосон аж (Эх. 22:9–12). Кино зургийг Нью-Йорк мужийн Ёонкэрс хотын ойролцоо авсан юм.

Сайтар бэлтгэгдсэн кино механикчид 3,2 км урттай хальс, 26 пянз, 500 орчим слайд зураг бүхий иж бүрдэл хэрэгслийг секундын зөрүүгүй ажиллуулдаг байжээ

Расселлын нэг хамтран зүтгэгч: «Шашныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийж байсан юунаас ч илүүтэйгээр, [энэхүү уран бүтээл] олон мянган хүнийг Библид итгүүлнэ» гэж сэтгүүлчдэд ярьжээ. Сүнслэгээр өлсөж буй олон хүнд хүрэх гэсэн энэ шинэлэг аргыг христ шашны ертөнцийн удирдагчид сайшаасан болов уу? Үгүй ээ, харин ч нийтээрээ «Фото драм»-ыг шүүмжилсэн. Тэр байтугай, зарим нь зальжин аргаар, зарим нь бүр улайм цайм саад болохыг оролджээ. Сүмийн удирдагчид «Фото драм» үзүүлж байсан нэг газрын цахилгааныг тасалсан байна.

Орон нутгийн хурлуудаас томилогдсон эмэгтэйчүүд үзэгчдэд суудлыг нь зааж өгөхөөс гадна «Фото драм»-ын тухай сая сая танилцуулга тараажээ

Бас Есүсийн зурагтай «Пакс» («Энх тайван») гэдэг тэмдэг өгч байлаа. Энэ нь «энх тайвны хүү» байгаарай гэсэн утгатай ажээ

Гэсэн хэдий ч АНУ-ын 80 хотод «Фото драм»-ыг өдөр бүр үнэгүй үзүүлж байсан бөгөөд театрууд үзэгчдээр пиг дүүрч байлаа. Хүмүүс амьдралдаа анх удаа «ярьдаг кино» үзээд алмайрчээ. Ангаахай өндөгнөөсөө гарч, цэцэг дэлбээлж байгаа бүх үйл явцыг хүртэл харуулсан аж. Ехова хэчнээн агуу мэргэн ухаантай болохыг тэр үеийн шинжлэх ухааны мэдээллийг ашиглан тайлбарлажээ. Нэг үзэгч «Фото драм»-ын эхэнд гарч буй Расселл ахыг «дэлгэцэн дээр „амьдаараа“ гарчихсан юм уу даа» гэснийг өгүүллийн оршил хэсэгт дурдсан билээ.

БИБЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АЖИЛД ГАРГАСАН АМЖИЛТ

Нью-Йорк хот дахь энэ театрт 1914 оны 1-р сарын 11-нд «Фото драм»-ын нээлт болсон. Тухайн үед уг театр Библи Судлаачдын Олон Улсын Нийгэмлэгийнх (БСОУН) байв

Кино судлаач, түүхч Тим Дөркс: «Дуу бичлэгийг кино хальс, өнгөт слайд зурагтай хослуулан нийтэд хүргэсэн анхны том бүтээл» хэмээн «Фото драм»-ыг тодорхойлжээ. Энэ аргыг өмнө нь «Фото драм»-аас өөр ямар ч кинонд, ялангуяа Библийн сэдэвтэй кинонд хэрэглэсэн удаагүй. Бас эхний нэг жилийн дотор Хойд Америк, Европ, Австрали, Шинэ Зеландад есөн сая орчим хүн үзсэн нь тухайн үедээ дээд амжилт байлаа!

«Фото драм»-ын нээлт 1914 оны 1 дүгээр сарын 11-нд Нью-Йорк хотноо болсон юм. Түүнээс хойш долоон сарын дараа дэлхийн І дайн дэгджээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар олон хүн «Фото драм»-ыг үзсээр байлаа. Хаанчлал ямар ивээл хүртээхийг тод томруун дүрсэлсэн энэ бүтээл олон хүний сэтгэлийг тайвшруулсан юм. Тухайн үедээ «Фото драм» үнэхээр гайхалтай уран бүтээл байсныг хэн ч үгүйсгэхгүй.

Бэлтгэгдсэн багууд 20 иж бүрдэл хэрэгслээр «Фото драм»-ыг Хойд Америк даяар үзүүлдэг байв