Skip to content

Гарчиг руу орох

Үргэлж өөдрөг байя

Үргэлж өөдрөг байя

«Хэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг» (НОМ. 11:8).

1. Ехова биднийг жаргалтай байлгахын тулд хэрхэн ивээдэг вэ?

 ЕХОВА биднийг жаргалтай байгаасай гэж хүсдэг учраас арвин ихээр ивээдэг. Амьд яваа маань Бурхны ивээл юм. Тиймд үнэнийг мэдүүлсэн Ехова Бурхнаа бид амьддаа магтан алдаршуулах учиртай (Дуу. 144:15; Иох. 6:44). Ехова бидэнд хайртайгаа баталж, тууштай үйлчлэхэд тусалдаг (Иер. 31:3; 2 Кор. 4:16). Биднийг сүнслэг диваажинд хайрт ах дүүстэй маань эв нэгдэлтэй амьдруулж, сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангадаг. Түүнээс гадна ирээдүйд мөнх амьдруулна гэж амладаг.

2. Бурхны зарим үйлчлэгч ямар үзэлд автчих гээд байдаг вэ?

2 Жаргалтай байх ийм олон шалтгаан байсаар атал Бурхны зарим үйлчлэгч өөрийнхөө талаар гутранги үзэлд автчих гээд байдаг. Ехова өөрийг нь ч, үйлчлэлийг нь ч үнэлдэггүй гэж боддог. Гутранги үзлээсээ салж чаддаггүй хүний хувьд «олон жил» жаргалтай амьдрах гэдэг хоосон мөрөөдөл төдий ажээ. Тийм хүн амьдралаа ээлжлэн солигдох бараан өдрүүд гэж үздэг (Ном. 11:8).

3. Хүн юунаас болж гутранги үзэлд автдаг вэ?

3 Хүн юунаас болж гутранги үзэлд автдаг вэ? Хүсэн хүлээсэн зүйл нь биелэхгүй байгаагаас юм уу өвчин эмгэг, өндөр нас зэргээс болдог (Дуу. 71:9; Сур. 13:12; Ном. 7:7). Түүнээс гадна, хуурамч зүрхэндээ хууртах аюул байдаг. Бурхны таалалд багтдаг хэр нь зүрх нь тэр хүнийг буруутгадаг байж мэдэх юм (Иер. 17:9; 1 Иох. 3:20). Бас Диавол Бурхны үйлчлэгчдийг хилсээр буруутгадаг. Сатаных шиг үзэлтэй Елифаз мэтийн үнэнч бус хүмүүс биднийг мэхэлж Бурхны нүдэнд огт үнэ цэнэгүй гэж бодуулахыг оролдож болзошгүй. Энэ нь Иовын үед ор үндэсгүй худал зүйл байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй (Иов 4:18, 19).

4. Энэ өгүүллээр юун тухай авч үзэх вэ?

4 «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулдаг» хүмүүстэй хамт байна гэдгээ Ехова Үгээрээ баталдаг (Дуу. 23:4). Бурхан бидэнтэй хамт байгаагийн нэг баталгаа нь Библи юм. Библи бол гутранги үзэл, буруу ойлголт гэх мэтийн «цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит» зэвсэг билээ (2 Кор. 10:4, 5). Өөдрөг үзэлтэй болж, үргэлж баяр баясгалантай явахад Бурхны Үг хэрхэн тусалдгийг авч үзье. Энэ өгүүллээс та өөртөө тустай зүйлийг олж авахаас гадна өрөөл бусдыг хэрхэн урамшуулахыг ч мэдэж авна.

ӨӨДРӨГ БОЛОХОД БИБЛИ ТУСАЛНА

5. Юугаа шалгавал өөдрөг үзэлтэй байхад маань тус болох вэ?

5 Үргэлж өөдрөг байхад юу туслахыг элч Паул дурджээ. Тэрбээр: «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга» хэмээн Коринтын христиануудад уриалсан (2 Кор. 13:5) Энд «итгэл» гэдгээр христиан хүний итгэл үнэмшлийн үндэс болдог Библийн бүх сургаалыг хэлсэн байна. Хэрэв бид тэдгээр сургаалын дагуу хэлж ярьж, биеэ авч явдаг бол тэр шалгалтыг давсан гэсэн үг бөгөөд «итгэл дотор байгаа» хэрэг юм. Мэдээжээр, аль сургаалыг нь баримтлахаа дураараа шийдэх эрх бидэнд байхгүй. Библид байдаг сургаалыг бүгдийг нь ягштал баримтлах ёстой (Иак. 2:10, 11).

6. «Итгэл дотор байгаа эсэхээ» шалгах ёстойн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

6 Та шалгалтад унана гэж айгаад өөрийгөө шалгахаас зүрхшээж болох юм. Гэхдээ Ехова бидний талаар юу гэж бодох нь бид өөрсдийгөө юу гэж бодохоос илүү чухал. Учир нь Ехова биднийг хамгийн сайн мэддэг (Ис. 55:8, 9). Бурхан үйлчлэгчдээ зэмлэн буруушаах гэж шалгадаггүй. Харин сайхан зан чанарыг нь олж харан, тусалж дэмжихийг хүсдэг. «Итгэл дотор байгаа эсэхээ» Библиэр шалгадаг бол Ехова таныг юу гэж үздэгийг илүү сайн ойлгодог болно. Улмаар өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодохоо больж, Еховагийн нүдэнд асар их үнэтэй гэдгээ байнга санаж явна. Энэ нь хөшгөө нээж харанхуй өрөөнд нарны гэрэл оруулахтай адил юм.

7. Библид гардаг үнэнч хүмүүсийн түүхийг судлах нь ямар ач тустай вэ?

7 Библид гардаг үнэнч хүмүүсийн тухай эргэцүүлэн бодох нь өөрийгөө шалгах нэг сайн арга юм. Тэдний ямар байдалд байсныг, юу бодож явсныг өөрийнхтэйгөө харьцуулж, оронд нь байсан бол яах байснаа бодоорой. «Итгэл дотор байгаа эсэхээ» Библиэр шалгаж өөдрөг үзэлтэй болоход туслах гурван жишээг авч үзье.

ЯДУУ БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙ

8, 9. а) Ядуу бэлэвсэн эмэгтэй ямар байдалтай байсан бэ? б) Бэлэвсэн эмэгтэйд ямар таагүй бодол төрсөн бэ?

8 Есүс Иерусалимын сүмд байхдаа нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг ажиглажээ. Тэр эмэгтэйн жишээ их ач холбогдолтой. Чадал боломж маань хязгаартай байлаа ч үргэлж өөдрөг байхад тустай (Лук 21:1–4-ийг уншина уу). Бэлэвсэн эмэгтэй яажшуу аж төрж байсныг бодоод үзье. Эр нөхрөөсөө хагацахын гашуун зовлонг тэвчинэ гэдэг амархан байсангүй. Ядахад «бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөдөг» хатуу сэтгэлтэй шашны удирдагчид нэрмээс болно (Лук 20:47). Туйлын ядуу тул сүмд өргөж чадах мөнгө нь хамгийн ихдээ л ажилчин хүний хэдхэн минутад олдог хөлстэй тэнцэх ажээ.

9 Сүмийн хашаанд хоёр жижиг зоос барин орж ирэхдээ бэлэвсэн эмэгтэй юу эсийг бодсон бол оо! Нөхрөө амьд байсан бол үүнээс хавьгүй ихийг өргөх байсан даа гэж бодсон байх. Эсвэл бусдын өргөж байгаа их хэмжээний өргөлийг хараад санаа нь зовж, миний өргөлийг Ехова хүлээн авах болов уу гэж эргэлзсэн ч байж мэднэ. Гэлээ ч жинхэнэ шүтлэгийн төлөө чадахыгаа хийсэн.

10. Бэлэвсэн эмэгтэйг Бурхан үнэ цэнэтэй гэж үздэг байсныг Есүс хэрхэн онцолсон бэ?

10 Бэлэвсэн эмэгтэй ч, түүний өргөл ч Еховад үнэ цэнэтэйг Есүс онцолж, бүх баячуудаас илүүг өгсөн гэж хэлсэн. Өөр олон хүн өргөл өргөсөн ч Есүс тэр эмэгтэйг л магтжээ. Ехова бэлэвсэн эмэгтэйг үнэлж хүндэтгэдгийг, өргөсөн хоёр зоосыг нь үнэ цэнэтэй гэж үзэж байсныг сүмийн хандив хариуцдаг хүмүүс яахин мэдэх билээ. Гэхдээ бусад хүн юу гэж бодсон, тэр байтугай бэлэвсэн эмэгтэй өөрийгөө юу гэж үздэг байсан нь чухал биш, харин Бурхан юу гэж үзэх нь хамгийн чухал байлаа. Итгэл дотор байгаа эсэхээ шалгахад энэ явдал танд тус болох биз ээ.

Ядуу бэлэвсэн эмэгтэйгээс та юу сурах вэ? (8–10-р догол мөрийг үзнэ үү)

11. Бэлэвсэн эмэгтэйд тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

11 Еховагийн төлөө хэр ихийг хийх нь амьдрал ахуй, нөхцөл байдлаас шалтгаалж болох юм. Зарим маань нас өндөр, бие тааруугаасаа болоод хүссэнээрээ дэлгэрүүлж чаддаггүй. Гэлээ ч дэлгэрүүлсэн цагаа тайланд бичихээс зовох хэрэггүй. Харьцангуй залуу, бие сайтай зарим хүн хангалттай олон цаг дэлгэрүүлээгүйдээ сэтгэл дундуур явдаг байж болох юм. Тэд Бурхны ард түмний дэлгэрүүлсэн нийт цагтай өөрийнхийгөө харьцуулаад дуслын төдий л хувь нэмэр оруулсан гэж боддог. Гэхдээ өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг Ехова ажигладаг. Ялангуяа, хүнд хэцүү үед хийсэн шалихгүй зүйлийг ч үнэлж эрхэмлэдгийг ядуу бэлэвсэн эмэгтэйд тохиолдсон явдал харуулдаг. Та өнгөрсөн нэг жилийн дотор Еховагийн төлөө юу хийснээ бодоод үз дээ. Маш бага дэлгэрүүлсэн ч асар их хүчин чармайлт гаргасан үе байсан уу? Байсан бол тэр богинохон хугацаанд өөрийнх нь төлөө юу хийснийг тань Ехова үнэлж эрхэмлэдэгт итгээрэй. Ядуу бэлэвсэн эмэгтэйн адилаар чадах бүхнээ хийдэг бол «итгэл дотор байгаа» гэсэн үг.

«МИНИЙ АМИЙГ АВААЧ»

12-14. а) Елиад ямар таагүй бодол төрсөн бэ? б) Яагаад ингэж бодоход хүрсэн бэ?

12 Зөнч Елиа Ехова Бурханд үнэнч, бат итгэлтэй хүн байсан. Гэсэн хэдий ч нэг удаа ихэд гутран, «Одоо хангалттай. ЭЗЭН минь, ... одоо миний амийг аваач» хэмээн Еховагаас гуйжээ (Х.дээд 19:4). Ингэтлээ цөхөрч үзээгүй хүмүүс Елиаг бодлогогүй үг хэлж дээ гэж бодож болох юм (Иов 6:3). Гэхдээ Елиа үнэхээр үхэхийг хүсжээ. Ингэлээ гээд Ехова түүнийг зэмлээгүй, харин ч тусалсан.

13 Елиа яагаад тэгж хэлэхэд хүрэв? Энэ явдлаас өмнөхөн тэрбээр Еховаг жинхэнэ Бурхан гэдгийг баталж гайхамшиг үйлджээ. Бас Баал шүтэгч 450 хүнийг устгасан (Х.дээд 18:37–40). Үүний дүнд Бурхны ард түмнийг цэвэр шүтлэгээ сэргээнэ гэж найдаж байлаа. Гэвч энэ нь талаар болсон. Хорон санаат Иезебел хатан Елиа руу захидал илгээн, алах гэж байгаагаа мэдэгдэв. Амиа алдахаас айсан зөнч өмнө зүг рүү зугтан Иудагийн нутгаар дайрч цөлд очсон (Х.дээд 19:2–4).

14 Елиа цөлд ганцаархнаа байхдаа элдвийг боджээ. Зөнчөөр үйлчилж байсан нь ямар ч ашиг тусгүй байж гэж бодоод «Би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй» хэмээн Еховад хэлсэн. Талийж одсон эцэг өвгөдийнх нь яс ямар ч хэрэггүйн адил өөрийгөө тийм болсон юм шиг л санаж байлаа. Үнэндээ бол өөрийнхөө тогтоосон хэм хэмжээгээр өөрийгөө шалгаад тэнцээгүй. Еховад ч, өрөөл бусдад ч үнэ хүндгүй гэж бодсон.

15. Ехова Елиаг үнэлж эрхэмлэдгээ хэрхэн мэдүүлсэн бэ?

15 Харин Төгс хүчит Бурхан Ехова зөнчийнхөө талаар өөр бодолтой байв. Елиаг үнэлж эрхэмлэдэг хэвээрээ байсан бөгөөд үүнийгээ ч мэдүүлсэн. Яаж? Зөнчөө тэнхрүүлэхээр тэнгэр элчээ илгээдэг. Бас Хореб ууланд очих 40 хоногийн аялалд бэлдэж идэх хоол, уух ус өгдөг. Түүнээс гадна, Елиаг зэмлэн буруушаалгүйгээр буруу бодлыг нь засдаг. Еховад үнэнч израиль хүн ганц ч үлдээгүй гэж Елиа бодож байсан билээ. Дараа нь Бурхан түүнд шинэ даалгавар өгсөн. Елиа даалгаврыг хүлээн авч Еховагийн ачаар хүч тэнхээгээ сэлбээд зөнчийн ажилдаа эргэн оржээ (Х.дээд 19:5–8, 15–19).

16. Ехова танд хэрхэн тусалж байсан бэ?

16 Елиад тохиолдсон явдал «итгэл дотор байгаа эсэхээ» шалгахад тустай. Мөн таныг өөдрөг үзэлтэй болгоно. Юуны түрүүнд, Ехова танд хэрхэн тусалж ирснийг бодоорой. Ахлагч юм уу өөр төлөвшсөн христиан яг хэрэгтэй үед тань тусалж байсан уу? (Гал. 6:2). Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл уншаад эсвэл цуглаанд суугаад сүнслэгээр эрч хүчтэй болж байсан уу? Энэ бүхний цаана Ехова байдгийг бодоод талархан залбирч байгаарай (Дуу. 121:1, 2).

17. Ехова үйлчлэгчдийнхээ юуг нь үнэлж эрхэмлэдэг вэ?

17 Хоёрдугаарт, таагүй бодолд автахлаараа хүн буруу дүгнэчихдэг талтайг санаарай. Ехова биднийг юу гэж үздэг нь хамгийн чухал (Ром 14:4-ийг уншина уу). Ехова хийсэн ажлын маань үр дүнг бус, харин үнэнч, итгэмжтэй байгааг маань хараад үнэлж эрхэмлэдэг. Елиа Еховагийн төлөө тийм ч их юм хийгээгүй гэж бодож байсан ч үнэндээ их зүйлийг хийсэн. Та бас тийм байж болох шүү дээ. Өөрөө ч мэдэлгүй хурлынхандаа тусалсан байж магадгүй. Идэвхтэй дэлгэрүүлсний тань ачаар хүмүүс үнэнийг сонссон байж мэднэ.

18. Ехова танд даалгавар өгдөг нь юуны баталгаа вэ?

18 Гуравдугаарт, Ехова танд даалгавар өгдөг нь тантай хамт байгаагийн баталгаа билээ (Иер. 20:11). Үйлчлэл тань ямар ч үр дүнгүй юм уу зорилгодоо хүрэх аргагүй мэт санагдаад Елиа шиг сэтгэлээр унасан байж болох юм. Гэхдээ та сайн мэдээ дэлгэрүүлж, Еховагийн Гэрч гэж дуудуулах хосгүй завшаан эдэлдэг шүү дээ. Тиймээс үнэнч байгаарай. Тэгвэл Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлд гардгаар «Эзнийхээ баяр баясгаланд орно» (Мат. 25:23).

«ЗОВЛОНТ ХҮНИЙ ЗАЛБИРАЛ»

19. 102-р дууллыг бичсэн хүн ямар байдалд орсон байсан бэ?

19 102-р дууллыг бичсэн хүн цөхрөнгөө барсан байв. Хамаг бие нь шархирч, сэтгэл санаа нь хямарсан тэрбээр зовлон бэрхшээлээ давах тамир тэнхээгүй болсон аж (Дуу. 102, оршил). Өвдөж зовон, ганцаардан шаналж, хувийн үзлээсээ салж чадахгүй байсан нь түүний хэлсэн үгнээс харагддаг (Дуу. 102:3, 4, 6, 11). Ехова өөрийг нь орхих гэж байгаа юм шиг санагджээ (Дуу. 102:10).

20. Гутранги бодолтойгоо тэмцдэг хүнд залбирал хэрхэн тусалдаг вэ?

20 Тэглээ ч дуулалч Еховаг магтан алдаршуулахаа болиогүй (Дуулал 102:19–21-ийг уншина уу). «Дуулал» номын 102-р бүлгээс харахад итгэл дотор байгаа хүн ч зовж шаналан, зовлонгоосоо өөр юу ч бодохоо больдог ажээ. Зовлонгийн хүлээсэнд орсон дуулалч: «Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон» гэж дуулсан (Дуу. 102:7). Танд ингэж санагдвал дуулалчийн адилаар Еховад сэтгэл зүрхээ уудлан залбираарай. Гутранги бодолтойгоо тэмцэхэд залбирал тустай. Ехова «үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч, тэдний залбирлыг» жигшихгүй гэдгээ амласан (Дуу. 102:17). Энэ амлалтад нь итгээрэй.

21. Гутранги үзэлтэйгээ тэмцдэг хүн яавал өөдрөг болох вэ?

21 Өөдрөг болохын тулд өөр яах хэрэгтэйг 102-р дуулал хэлж өгдөг. Уг дууллыг бичсэн хүн Еховатай тогтоосон харьцаандаа анхаарлаа хандуулжээ (Дуу. 102:12, 27). Ехова ард түмнээ хэзээ ч орхихгүй бөгөөд бэрхшээлийг давахад нь үргэлж туслахыг ойлгоод тайвширсан. Хэрэв та зовлон шаналлаасаа болж Бурхандаа хүссэнээрээ үйлчилж чадахгүй байгаа бол энэ тухайгаа хэлж залбираарай. Бэрхшээлээ давахад туслахыг гуйгаад зогсохгүй «ЭЗЭНий нэр» тунхаглагдаасай гэж залбирч байгаарай (Дуу. 102:20, 21).

22. Яавал Еховагийн тааллыг олох вэ?

22 Итгэл дотор байгаагаа баталж, Еховагийн эрхэмлэдэг хүн гэдгээ ойлгоход Библи тусална. Бид Сатаны ертөнцөд амьдардаг болохоор таагүй бодлоосоо бүрэн ангижирч чадахгүй. Бас гуньж гутрах юм амьдралд тохиолдож магадгүй. Гэхдээ дор бүрнээ Еховад тууштай үйлчилбэл тааллыг нь олж, үүрд мөнх амьдарна (Мат. 24:13).