Skip to content

Гарчиг руу орох

Настан буурлуудаа асран халамжлах нь

Настан буурлуудаа асран халамжлах нь

«Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая» (1 ИОХ. 3:18).

1, 2. а) Настан буурлууд болон тэдний үр хүүхдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? Ямар асуулт гардаг вэ? б) Тулгарах бэрхшээлд бэлэн байхын тулд эцэг эх, хүүхдүүд яах хэрэгтэй вэ?

 ЦАГТАА эрч хүч, чадал тэнхээтэй явсан эцэг эхээ бусдын тусламжгүйгээр амьдрах аргагүй болсныг харахлаар өр зүрх өвддөг. Жишээлбэл, аав нь юм уу ээж нь унаад сүүжээ хугалсан, зүг чигээ алдаад төөрсөн эсвэл хүнд өвчин туссан гэж сонсвол үр хүүхэд нь их цочирддог. Нөгөө талаас, бие нь муудах юм уу урьд нь хийдэг байсан зүйлээ хийж чадахаа болихлоор настай хүмүүст хэцүү байдаг (Иов 14:1). Ийм үед яах хэрэгтэй вэ? Настан буурлуудаа хэрхэн асран халамжлах вэ?

2 Ахмад настныг асран халамжлах арга ухааныг бичсэн нэгэн өгүүлэлд «Өтөлж яваа эцэг эх нь хэзээ нэгэн цагт муудлаа гэхэд хэрхэн асрах талаар ярилцах эвгүй санагддаг. Гэхдээ гэр бүлээрээ урьдчилан ярьж тохирвол хожим хойно юу ч тохиолдсон бэлэн байдаг сайн талтай» гэжээ. Өтөл насны зовлонг хэн ч тойрч гардаггүй. Тиймд гэр бүлээрээ эртнээс ярилцаж, бэлтгэлээ базаах шаардлагатай. Бэрхшээлийг гэр бүлээрээ хэрхэн шийдэж болохыг энэ өгүүллээр авч үзье.

«ХҮНД ӨДРҮҮДЭД» БЭЛДЭХ НЬ

3. Эцэг эхэд нь тусламж илүү их хэрэгтэй болоход үр хүүхэд нь юу хийж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

3 Ихэнх хүн нас дээр гарахлаараа урьд нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа больж, бусдаас тусламж дэмжлэг авах хэрэгтэй болдог (Номлогчийн үгс 12:1–7-г уншина уу). Өндөр настай эцэг эх нь ийм байдалд хүрсэн бол хэрхэн асарч халамжлах, ямар бололцоо байгааг үр хүүхэд нь эцэг эхтэйгээ ярилцаж шийднэ. Хэн юу хийх, ямар тусламж үзүүлэхээ ярилцах нь ухаалаг хэрэг юм. Хүн бүр, ялангуяа эцэг эх юу хүсэж, бодож байгаагаа илэн далангүй хэлж, асуудалд бодитой хандах учиртай. Хэн нэгний дэмжлэгтэйгээр тусдаа амьдраад байж чадах эсэхийг ярилцаж болно. * Хэрэгцээтэй бүхнээр хангахад хүүхдүүд нь дор бүрнээ ямар хувь нэмэр оруулж болохыг ярилцах хэрэгтэй (Сур. 24:6). Жишээлбэл, зарим хүүхэд нь өдөр бүр асраад байх боломжтой байхад, нөгөө зарим нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Эцэг эхээ асрахад хүн бүр тус тусын үүрэгтэйгээ ухамсарлах ёстой. Гэхдээ цагийн аясаар үүрэг даалгавар нь өөрчлөгдөх юм уу ээлжээр асрах шаардлага гарч болохыг тооцох нь зүйтэй.

4. Эцэг эх нь асруулах шаардлага гарвал хаанаас тусламж авах вэ?

4 Эцэг эхээ асран халамжлахаар болбол өвчнийх нь талаар аль болох ихийг мэдэж аваарай. Өвчин нь даамжрах шинжтэй бол цаашид ямар сөрөг үр дагавар гарч болзошгүйг судлаарай (Сур. 1:5). Бас таны ачааг хөнгөлөх, асаргаа сувилгааг сайжруулахад тус болох юу байгааг ахмад настнуудад тусламж үзүүлдэг төрийн байгууллагаас асууж лавлаарай. Настай эцэг эх нь хүндээр өвдөж, асруулах шаардлага гарахад харамсах сэтгэл төрж, санаагаар унаж, яахаа мэдэхээ больж болох юм. Тийм үед дотны найзтайгаа ярилцаарай. Хамгийн гол нь Еховад зүрх сэтгэлээ уудлан залбираарай. Ингэвэл тайвширч, ямар ч бэрхшээлийг давах тэнхээтэй болно (Дуу. 55:22; Сур. 24:10; Флп. 4:6, 7).

5. Ахмад настныг асрах ямар арга байдгийг эртнээс судлах нь яагаад ухаалаг вэ?

5 Нас өндөр болсон эцэг эхээ хэн, хэрхэн асрах талаар гэр бүлээрээ урьдчилан ярьж тохирох нь ухаалаг хэрэг юм. Жишээлбэл, хүүхдүүд нь эцэг эхтэйгээ хамт амьдрах эсэхээ ярилцах юм уу ахмад настныг халамжлах өөр ямар арга байдгийг судалж болно. Ингэвэл ирээдүйд тулгарах «зүдүүр, уй гашууд» бэлэн байна (Дуу. 90:10). Ихэнх айл урьдчилан төлөвлөөгүй байдаг учир яаран шийдвэр гаргахад хүрдэг. Нэг мэргэжилтний хэлснээр энэ бол «шийдвэр гаргахад хамгийн тохиромжгүй үе» юм. Яарч сандарсан ийм үед гэр бүлийн гишүүд бухимдаж, санал зөрөлдөж мэднэ. Харин алсын хараатай байж, урьдаас шийдвэр гаргавал шинэ нөхцөлд амархан дасна (Сур. 20:18).

Настай эцэг эхдээ хэн, яаж туслахыг гэр бүлээрээ ярилцах нь зүйтэй(6–8-р догол мөрийг үзнэ үү)

6. Эцэг эхээ хэнийд амьдруулж, хэрхэн асрах тухай урьдаас ярилцах нь яагаад тустай вэ?

6 Эцэг эхээ хэнийд амьдруулж, хэрхэн асрах тухай тэдэнтэйгээ урьдаас ярилцана гэхлээр эвгүй санагдаж болох юм. Гэхдээ ингэж ярилцах нь хожим хойно үнэхээр тустай байсан гэж олон хүн хэлдэг. Яагаад тустай вэ? Ярвигтай асуудал үүсээгүй байхад гэр бүлээрээ тайван сууж аядуу зөөлөн ярилцвал хэн, юу бодож байгаагаа илэн далангүй хэлэх бөгөөд бие биеэ сайн ойлгож, сайтар төлөвлөнө. Тэгээд цаг нь болоход асуудлыг хялбархан шийддэг байна. Ер нь ахмад настнууд бусдын гар харалгүй, бие дааж амьдраад байхыг хүсдэг. Гэхдээ асруулах шаардлага гарлаа гэхэд хэрхэн асруулмаар байгаагаа хүүхдүүдтэйгээ хэлэлцвэл хэн хэнд нь ашигтай.

7, 8. Гэр бүлээрээ юуны тухай ярилцах хэрэгтэй вэ? Яагаад?

7 Та хүүхдүүдтэйгээ ярилцахдаа юу хүсэж байгаагаа, хэдий хэрийн мөнгө зарцуулж чадахаа, тэдний саналаас алийг нь дэмжиж байгаагаа хэлээрэй. Ингэвэл хэзээ нэг өдөр та өөрөө шийдвэр гаргах чадваргүй боллоо гэхэд тэд таны хүссэнээр шийднэ. Үзэл бодлыг тань хүндэтгэж, бусдын гар харалгүй амьдрах гэсэн хүслийг тань биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх биз ээ (Еф. 6:2–4). Та аль нэг хүүхдийндээ амьдарна гэж боддог уу? Эсвэл танд өөр санаа бий юү? Хүүхдүүд тань өөр бодолтой байж магадгүй гэдгийг санаарай. Бүгдээрээ санал нэгдэхэд цаг хугацаа хэрэгтэй.

8 Урьдчилан төлөвлөж, сайтар ярилцвал янз бүрийн төвөгтэй асуудал үүсэхгүй (Сур. 15:22). Тухайлбал, эмчилгээний талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, алийг нь дээр гэж үзэж байгаагаа хэлээрэй. Ингэхдээ Еховагийн Гэрчүүдийн хэрэглэдэг эмнэлгийн тусламжтай холбоотой хүсэл зоригийн илэрхийлэл (ХЗИ) хуудсыг гэр бүлээрээ авч хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Эмчилгээний талаар мэдээлэл авч, эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөх юм уу түүнээс татгалзах эрх танд бий. Ямар хүсэлтэй байгааг тань ХЗИ хуудас баталж өгнө. Шаардлагатай үед өмнөөс тань шийдвэр гаргах найдвартай хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө болгож сонгоорой. Асарч байгаа хүн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө ХЗИ хуудасныхаа хуулбараас нэг нэг хувийг өгөөрэй. Зарим хүн ХЗИ хуудсаа гэрээслэл, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн болон хадгаламжийн дэвтэр гэх зэргийн чухал бичиг баримттайгаа цуг хадгалдаг.

НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХӨД

9, 10. Настай хүмүүст хүүхдүүдийнх нь тус дэм хэдийд хамгийн их хэрэг болдог вэ?

9 Настай хүмүүс аль болохоор бусдаас хамааралгүй амьдрахыг хүсдэг. Үр хүүхэд нь ч эцэг эхээ хүний гарт орохгүй байгаасай гэж боддог. Хоол хийж, гэрээ цэвэрлэж, эмээ ууж, хүмүүстэй харьцаа холбоотой байж чадаад байгаа эцэг эхийнхээ хувийн амьдралд хүүхдүүд нь хэтэрхий их оролцох хэрэггүй байдаг. Харин цагийн аясаар хөл гар нь муудаж, дэлгүүр хоршоо орж чадахаа больж, өмнөхөөсөө илүү мартамхай болоод ирэхлээр анхаарч халамжлах шаардлага гардаг.

10 Хүн өтлөхлөөрөө будлиу болж, сэтгэл санаагаар унах нь бий. Бас хараа сонсгол муудаж, ой санамжаа алдах юм уу өтгөн шингэнээ барьж чадахаа больдог. Ийм үед эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй байж магадгүй. Тиймээс цаг алдалгүй эмчид үзүүлээрэй. Хүүхдүүд нь идэвх санаачилгатай байх нь зүйтэй. Эцэг эхийнхээ хувийн амьдралд оролцох шаардлага ч гарч мэднэ. Хамгийн сайн, боломжтой гэсэн бүх эмчилгээ, үйлчилгээнд хамруулахын тулд ажил хэргийг нь хөөцөлдөж, унаа машинаар үйлчлэх хэрэгтэй болдог (Сур. 3:27).

11. Шинэ нөхцөлд дасахад нь эцэг эхдээ хэрхэн туслах вэ?

11 Эцэг эх тань эдгэршгүй өвчин туссан бол асарч сувилах аргаа өөрчилж, нөхцөл байдалд нь тохируулан орон байрыг нь тохижуулах хэрэг гарч болох юм. Гэхдээ ахуй амьдралыг нь эрс өөрчилбөл дасахад хэцүү учир бага багаар өөрчилсөн нь дээр. Эцэг эх тань танайхаас хол амьдардаг бол хурлынхан юм уу хөршүүд нь тэдний гэрээр байнга орж гарч, ямархуу байгааг нь танд хэлж өгч болохгүй нь юу билээ? Хоол цай хийх, угааж цэвэрлэх ажилд нь тусалбал бусдыг нь өөрөө хийгээд байж чадах болов уу? Орон байранд нь бага зэргийн засвар хийж өгөхөд л тэдний аюулгүй байдлыг хангаж, алхаж гишгэх юм уу усанд ороход нь илүү хялбар болох юм биш биз? Хүүхдүүд нь эргэж тойрдог, эсвэл гэрийн асрагч тусалдаг байхад л бие дааж амьдрах боломжтой байж болох шүү дээ. Харин бие дааж амьдрах нь тэдний хувьд аюултай гэж үзвэл байнга хамт байж туслах хүн хэрэгтэй. Аль нь ч байлаа гэсэн, гэр бүлээрээ ярилцаж байгаад, яахаа шийдэх нь зүйтэй * (Сургаалт үгс 21:5-ыг уншина уу).

БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДЭХ НЬ

12, 13. Эцэг эхээсээ хол амьдардаг хүмүүс тэднийгээ хүндэлдгээ хэрхэн харуулж болох вэ?

12 Хүүхдүүд нь эцэг эхдээ хайртай учраас тэднийгээ тав тухтай байлгахыг хичээдэг. Тэгээд юугаар ч дутаагүйг нь хараад сэтгэл амар явдаг. Гэхдээ эцэг эхээсээ хол амьдардаг хүн олон бий. Та тэдний нэг бол амралтаараа эцэг эх дээрээ очиж асарч тойлон, хүч хүрдэггүй ажлыг нь хийж өгч туслаарай. Утсаар тогтмол ярьж байгаарай. Болж өгвөл өдөр бүр ярихыг хичээгээрэй. Захидал юм уу мейл бичиж байгаарай. Ингэвэл хайртайгаа мэдүүлж буй хэрэг юм (Сур. 23:24, 25).

13 Аав ээжээсээ хол амьдардаг ч тэднийгээ өдөр бүр юугаар ч дутаахгүй байх талаар анхаараарай. Эцэг эх тань Гэрч бол үйлчилдэг хурлынх нь ахлагчидтай ярилцаж, зөвлөгөө аваарай. Хамгийн гол нь, эцэг эхийнхээ төлөө Еховад байнга залбираарай (Сургаалт үгс 11:14-ийг уншина уу). Эцэг эх нь Гэрч биш байлаа ч тэднийгээ «хүндлэх» нь христиан хүн бүрийн үүрэг (Ег. 20:12; Сур. 23:22). Айл болгон адилхан шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой. Эцэг эхээ дэргэдээ авах юм уу хөрш зэргэлдээ амьдруулахаар шийддэг хүмүүс байдаг. Гэхдээ хүн бүр ингэх боломжгүй. Зарим эцэг эх хүүхдийндээ байх бодолгүй байдаг. Тэд үр хүүхдэдээ дараа болохыг хүсдэггүй бөгөөд тааваараа амьдрахыг илүүд үздэг. Боломж бололцоотой нэг нь гэртээ асрагч хөлсөлдөг (Ном. 7:12).

14. Эцэг эхээ асрахад гол үүрэг хүлээж байгаа хүнд юу тохиолдож болох вэ?

14 Аль ойрхон амьдардаг хүү юм уу охин нь эцэг эхээ асран халамжлахад гол үүрэг хүлээх нь олонтаа. Гэхдээ эцэг эхдээ санаа тавихын зэрэгцээ гэр бүлийнхнийхээ хэрэгцээ шаардлагыг хангах үүргээ умартаж болохгүй. Хүн бүрийн цаг зав, хүч чадал хязгаартай. Асран халамжлахад гол үүрэг хүлээж байгаа хүний амьдрал ахуй өөрчлөгдвөл энэ асуудлыг ах дүүсээрээ ярилцах шаардлагатай. Нэг нь хэтэрхий их ачаа үүрээд байгаа юм биш биз? Бусад нь эцэг эхээ ээлжээр асрах зэргээр одоогийнхоосоо илүүг хийх боломжтой юу?

15. Эцэг эхээ асрахад гол үүрэг хүлээсэн хүн яавал ядарч туйлдахгүй вэ?

15 Өндөр настай эцэг эхэд нь байнгын асаргаа шаардагддаг бол асран халамжлагч нь ядарч сульдан, эцэстээ тамир тэнхээ нь барагдаж болзошгүй (Ном. 4:6). Хүмүүс эцэг эхийнхээ төлөө чадах бүхнээ хийхийг хүсдэг. Гэхдээ асаргаа их шаардагдах тусам хүч хүрэхээ больдог. Тийм үед асуудалд ул суурьтай хандаж, нэрэлхэж зоволгүй бусдаас тусламж гуйгаарай. Эцэг эхээ байнга асардаг хүмүүст бусад нь үе үе туслаад байхад л тэд туйлдталаа ядрахгүй.

16, 17. Настай эцэг эхээ асарч байхад ямар асуудал тулгарч болзошгүй вэ? Хэрхэн шийдэх вэ? (Түүнчлэн «Ачийг ачаар» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү).

16 Хөгшрөхийн зовлон үзэж буй хайртай аав ээжийгээ харахлаар зүрх шимширдэг. Эцэг эхээ асардаг олон хүн гутрах, түгших, цөхрөх, бухимдах, өөрийгөө буруутгах юм уу бүр гомдох нь бий. Эцэг эх тань заримдаа хатуу ширүүн үг хэлж, огт талархахгүй байж болох юм. Тийм үед гомдохгүй байхыг хичээгээрэй. Нэгэн мэргэжилтэн: «Сэтгэл санааны байдлаа хянах, ялангуяа шаналсан сэтгэлээ тайвшруулах хамгийн сайн арга бол үүнийгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Сэтгэл тавгүйтсэнээ үл тоомсорлох юм уу ийм байгаадаа өөрийгөө буруутгах хэрэггүй» гэжээ. Ханьдаа, гэрийнхэндээ эсвэл итгэл хүлээсэн найздаа ямар байгаагаа хэлээрэй. Ингэвэл тайвширна.

17 Хайртай дотны хүнээ гэртээ асраад байх боломжгүй болж, мэдлэг туршлага дутсаны улмаас асаргаа үйлчилгээ үзүүлдэг газар аваачих цаг ирж мэднэ. Нэг христиан эмэгтэй асрамжийн газар байдаг ээж дээрээ бараг өдөр бүр очдог байжээ. Тэрбээр: «Бид ээжийгээ 24 цагаар асрах аргагүй болсон. Асрамжийн газар өгөх шийдвэр гаргах амархан байгаагүй. Сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байлаа. Гэхдээ хэдхэн сарын настай ээжийг минь тэнд л хамгийн сайн асрах байсан болохоор ээж зөвшөөрсөн юм» гэж ярьжээ.

18. Эцэг эхээ асран халамжилдаг хүн ямар ивээл хүртэх вэ?

18 Өндөр настай эцэг эхээ асарч халамжилна гэдэг амаргүй үүрэг бөгөөд сэтгэлийн тэнхээ шаардсан ажил юм. Настай хүнийг асрахад тулгардаг асуудал болгонд тохирсон төгс шийдэл гэж байхгүй. Гэхдээ сайтар төлөвлөж, санаа нэгтэй байж, илэн далангүй ярилцаж, хамгийн гол нь Еховад залбирдаг бол эцэг эхээ асран халамжлах үүргээ биелүүлж чадна. Улмаар сайн асарч сувилж байгаадаа сэтгэл өег явна (1 Коринт 13:4–8-ыг уншина уу). Хамгийн чухал нь, та жинхэнэ ёсоор амар тайван байна. Учир нь эцэг эхээ хүндэлдэг хүнийг Ехова ийнхүү ивээдэг (Флп. 4:7).

^ Нутаг нутгийн заншил өөр. Зарим нутагт настангууд үр хүүхэд, ач зээтэйгээ хамт амьдрах нь хэвийн үзэгдэл байдаг.

^ Эцэг эх тань бие дааж амьдардаг бол яаралтай үед гэрт нь орж тусламж үзүүлэх, найдвартай хүнд байрных нь түлхүүрийг өгөөрэй.