Skip to content

Гарчиг руу орох

Та «үзэгдэхгүй Түүнийг» хардаг уу?

Та «үзэгдэхгүй Түүнийг» хардаг уу?

«Тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн» (ЕВР. 11:27).

1, 2. а) Мосегийн амь насанд аюул заналхийлж байсан гэхийн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Мосе фараоноос яагаад айгаагүй вэ?

 ФАРАОН хүчирхэг удирдагч байсан төдийгүй ард түмнийхээ бурхан нь байв. Тэдний хувьд «хүч, ухаанаараа» фараоныг гүйцэх хэн ч байгаагүй гэж эртний Египетийн тухай нэгэн номд бичжээ («When Egypt Ruled the East»). Фараон ард түмэндээ айдас төрүүлэхийн тулд дайрахад бэлэн наж могойн дүрстэй титэм өмсдөг байсан гэнэ. Хаанд дайсагнасан хэнийг ч болов дор нь устгахыг энэ дүрс бэлгэддэг аж. «Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя» хэмээн Еховаг айлдах үед Мосед ямар санагдсаныг төсөөлөхөд түвэггүй (Ег. 3:10).

2 Мосег Египетэд ирээд Бурхны үгийг уламжлахад фараон ихэд уурлажээ. Есөн гамшиг үзсэнийхээ дараа фараон: «Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно» гэж Мосед анхааруулсан (Ег. 10:28). Мосе ордноос гарахынхаа өмнө хааны ууган хүү үхэхийг зөгнөжээ (Ег. 11:4–8). Дараа нь израиль айл бүрд заавар өгсөн. Хонь юм уу ямаа нядлаад цусыг нь хаалганыхаа хатавч, тотгонд нялах ёстой аж. Эр хонь нь Египетийн Ра бурханд ариун гэгддэг байжээ (Ег. 12:5–7). Фараон яах бол? Мосе түүнээс айсан уу? Үгүй. Еховад бат итгэж, дуулгавартай байсан болохоор «хааны уур хилэнгээс айгаагүй». «Тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ» (Еврей 11:27, 28-ыг уншина уу).

3. «Үзэгдэхгүй Түүнийг хардаг» байсан Мосегийн талаар ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Та «Бурханыг харж» байгаа мэт бат итгэдэг үү? (Мат. 5:8). Сүнслэг хараагаа хурцалж, «үзэгдэхгүй Түүнийг хардаг» болохын тулд Мосегийн тухай авч үзье. Мосе Еховад итгэдгийнхээ ачаар хүнээс айх айдсаа хэрхэн ялсан бэ? Бурхны амлалтад итгэдгээ үйлсээрээ хэрхэн харуулсан бэ? «Үзэгдэхгүй Түүнийг хардаг» байсныхаа ачаар ард түмэнд нь аюул нүүрлээд байхад хэрхэн зоригжсон бэ?

«ХААНЫ УУР ХИЛЭНГЭЭС» АЙГААГҮЙ

4. Хүний нүдээр харахад, Мосе фараоны дэргэд ямар байсан бэ?

4 Хүний нүдээр харахад, Мосе фараоны хаана нь ч хүрэхээргүй байлаа. Мосегийн амь амьдрал, ирээдүй фараоны гарт байгаа мэт харагдаж байв. Мосе өөрөө ч Еховагаас «Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?» хэмээн асуужээ (Ег. 3:11). Дөчин жилийн өмнө оргон зугтсан тэрбээр: «Египет рүү буцаж очих хэрэг байна уу? Хааныг хилэгнүүлнэ шүү дээ!» гэж бодсон байх.

5, 6. Мосе ямар учраас фараоноос биш, Еховагаас эмээсэн бэ?

5 Мосег Египет рүү буцаж очихоос өмнө Бурхан түүнд нэг чухал зарчим хэлж өгсөн. Хожим нь Мосе үүнийг «Иов» номд бичихдээ «ЭЗЭНээс эмээх нь мэргэн ухаан юм» гэжээ (Иов 28:28). Өөрөөс нь эмээж, мэргэн байхад нь туслах зорилгоор Ехова түүнд хүн ба Төгс хүчит Бурхны хоорондох ялгааг мэдүүлсэн. «Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?» хэмээн асуужээ (Ег. 4:11).

6 Мосе эндээс юу ойлгох ёстой байсан бэ? Түүнийг Ехова илгээх учир айх хэрэггүй байлаа. Фараонд үг айлтгах эр зориг, мэргэн ухааныг Бурхан түүнд өгөх нь тодорхой байсан. Тэгээд ч Бурхны үйлчлэгчид Египетэд байхдаа аюултай байдалд орсон анхны тохиолдол энэ биш юм. Ехова Абрахамыг, Иосефыг, тэр байтугай өөрийг нь фараонуудаас хэрхэн хамгаалсныг эргэцүүлэн бодсон биз ээ. Фараон Еховагийн өмнө хүчин мөхөс байв (Эх. 12:17–19; 41:14, 39–41; Ег. 1:22—2:10). Мосе «үл үзэгдэх Түүнд» итгэж, фараонд зоригтойгоор бараалхан, Еховагийн юу хэл гэснийг нэгд нэгэнгүй мэдүүлсэн.

7. Еховад бат итгэдэг байсан нь Гэрч эмэгтэйд ямар ач тустай байсан бэ?

7 Элла гэдэг эстон эмэгтэй Еховад итгэдэг байсныхаа ачаар хүнээс айх айдаст автаагүй юм. ЗХУ-ын Аюулаас Хамгаалах Хорооныхон (КГБ) түүнийг 1949 онд баривчилж, нүцгэлээд залуу цагдаа нарын өмнө зогсоожээ. Элла: «Үнэхээр аймшигтай байсан. Гэхдээ Еховад залбирсны дараа гайхалтай тайван болж билээ» гэж дурссан юм. Дараа нь харанхуй, умгар өрөөнд 3 хоног ганцаарчлан хорьжээ. Тэрбээр: «Аюулаас хамгаалахынхан: „Ехова гэдэг нэр Эстонд дахин хэзээ ч дуулдахгүй болно! Чамайг хорих лагерь луу явуулна, бусдыг чинь Сибирьт цөлнө!“ гэж хашгичсанаа „Хаана байгаа юм, тэр Ехова чинь?“ гэж байсан» хэмээн ярьжээ. Элла хүмүүсээс айсан уу эсвэл Еховад найдсан уу? Байцаагдаж байхдаа тэрбээр: «Бурхны сайшаалыг алдан байж эрх чөлөөтэй болсноос Бурхантайгаа дотно хэвээрээ шоронд байсан нь дээр» хэмээн эрс шийдэмгий хэлжээ. Эллагийн хувьд Ехова, өмнө нь зогсож байгаа хүмүүс шиг л бодитой байлаа. Тэрбээр итгэлийнхээ ачаар үнэнч байсан юм.

8, 9. а) Хүнээс айх айдсаа ялахын тулд яах хэрэгтэй вэ? б) Хүнээс айх айдаст автах гээд байвал хэнийг санах хэрэгтэй вэ?

8 Хэрэв та Еховад бат итгэдэг бол айдсаа ялан дийлнэ. Өндөр албан тушаалтнууд шашин шүтэх эрх чөлөөг тань хааж боохыг оролдвол таны амь амьдрал, ирээдүй тэдний гарт байгаа мэт санагдаж болох юм. Эрх мэдэлтнүүдийн уурыг хүргэн байж Еховад үйлчлэх хэрэг байна уу гэж бодож ч мэднэ. Харин Бурханд итгэдэг бол хүнээс айхаа болино гэдгийг бүү мартаарай (Сургаалт үгс 29:25-ыг уншина уу). «Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ?» гэж Ехова асуудаг (Ис. 51:12, 13).

9 Төгс хүчит Эцэгтэйгээ санаарай. Тэрбээр шударга бус захирагчдын гарт зовж буй хүмүүсийг хардаг, өрөвддөг, тусалдаг Нэгэн билээ (Ег. 3:7–10). Өндөр албан тушаалтнуудын өмнө итгэл үнэмшлээ хамгаалах боллоо гэхэд «яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө» (Мат. 10:18–20). Төр засгийн эрх мэдэлтнүүд Еховагийн өмнө хүчин мөхөс гэдгийг бүү мартаарай. Итгэлээ одооноос бэхжүүлбэл Ехова танд туслах гэж хүсэн тэмүүлж байдгийг ойлгоно.

БУРХНЫ АМЛАЛТАД ИТГЭДГЭЭ ҮЙЛСЭЭРЭЭ ХАРУУЛСАН НЬ

10. а) Ехова МЭӨ 1513 оны нисан сард израильчуудад ямар заавар өгсөн бэ? б) Мосе Еховагийн зааврыг дуулгавартай дагасны учир юу вэ?

10 МЭӨ 1513 оны нисан сард Ехова израильчуудад Мосе Аарон нараар ер бусын заавар өгүүлжээ. Эрүүл эр хонь юм уу ямаа төхөөрөөд цусыг нь хаалганыхаа хатавч, тотгонд нялах ёстой байлаа (Ег. 12:3–7). Мосе энэ зааврыг дагасан уу? Элч Паул хожим нь түүний тухай «Итгэлээр, тэр Дээгүүр өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм» хэмээн бичжээ (Евр. 11:28). Ехова египетчүүдийн ууган хөвгүүдийг устгана хэмээн амласнаа заавал биелүүлнэ гэдэгт Мосе итгэж байсан.

11. Мосе израильчуудад яагаад сэрэмжлүүлэг өгсөн бэ?

11 Мосегийн хөвгүүд тэр үед Мидианд байсан учир устгагдах аюулаас хол байв * (Ег. 18:1–6). Гэсэн хэдий ч бусад израиль айлын ууган хөвгүүдийн амь насанд аюул заналхийлж байсан учир Бурхны зааврыг дуулгавартай дагаж, тэдэнд анхааруулсан. Мосе элэг нэгтнүүддээ хайртай байсан болохоор Израилийн бүх ахмадыг яаралтай цуглуулан «Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал» гэж хэлснийг Библид тэмдэглэсэн байдаг (Ег. 12:21).

12. Ехова ямар чухал мэдээ хүргэхийг бидэнд даалгасан бэ?

12 «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө» гэсэн чухал мэдээг Еховагийн үйлчлэгчид тэнгэр элчүүдийн тусламжтайгаар тунхаглаж байна (Илч. 14:7). Одоо бол энэ мэдээг тунхаглах цаг мөн. Агуу их Вавилонтой хамт устгагдахгүйн тулд тэндээс гарахыг хүмүүст уриалах нь бидний үүрэг юм (Илч. 18:4). Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» «Бурхантай эвлэрэхийг» хүмүүсээс гуйдаг (Иох. 10:16, ШГ; 2 Кор. 5:20).

Еховагийн амлалтад итгэдэг бол сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэл оргилно (13-р догол мөрийг үзнэ үү)

13. Яавал сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэл оргилох вэ?

13 «Шүүх цаг ирчихээд байна» гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй. Түүнчлэн дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд Ехова биднийг хэтэрхий их шавдуулаад байна гэж боддоггүй. «Дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, ... салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг» Иохан ер бусын аргаар үзжээ (Илч. 7:1). Агуу их гай гамшгийн хөнөөлт салхийг тавих гэж байгаа тэдгээр тэнгэр элчийг та итгэлийн нүдээр хардаг уу? Хардаг бол сайн мэдээг итгэлтэйгээр дэлгэрүүлнэ.

14. Бид ямар учраас «хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд» сануулахыг хүсдэг вэ?

14 Бид Еховатай дотно харьцаатай бөгөөд мөнх амьдрах найдвартай билээ. Гэсэн ч «амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан» хэлэх үүрэгтэйгээ ойлгодог (Езекиел 3:17–19-ийг уншина уу). Бид цусны буруутан болохгүйн тулд л дэлгэрүүлдэг юм биш ээ. Хамгийн гол нь Еховаг болон бусдыг хайрладаг. Бусдыг хайрлаж энэрнэ гэж яахыг хэлдгийг Есүс сайхан сэтгэлт самари хүний тухай ёгт үлгэрээрээ тайлбарлажээ. Та өөрөөсөө «Би тэр самари хүн шиг үү эсвэл тахилч, леви хоёр шиг үү? Дэлгэрүүлэхэд бэлэн байдаг уу эсвэл дэлгэрүүлэхгүй байх шалтаг тоочдог уу?» гэж асуугаарай (Лук 10:25–37). Бурхны амлалтад итгэдэг, бусдыг хайрладаг бол цаг байгаа дээр дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоно.

«УЛААН ТЭНГИСИЙН ДУНДУУР ГАРСАН» НЬ

15. Израильчууд өөрсдийгөө яагаад урхинд орсон гэж бодсон бэ?

15 Египетээс гарсны дараа израильчуудад аюул нүүрлэжээ. Харин Мосе «үзэгдэхгүй Түүнд» итгэдэг байсан учраас айгаагүй. «Египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав» гэж Библид бичжээ (Ег. 14:10–12). Ийм аюул тулгарахыг израильчууд мэдээгүй байсан хэрэг үү? Үгүй. Урьд нь Ехова: «Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» хэмээн айлджээ (Ег. 14:4). Аварна гэж Еховаг амласаар байтал тэд итгэхгүй байлаа. Урдуур нь Улаан тэнгис хөндөлсөж, араас нь дайны тэрэгтэй фараоны цэргүүд довтолгохыг, өөрсдийг нь 80 настай хоньчин өвгөн удирдан явааг л тэд харж байлаа. Урхинд орчихсон юм шиг санагджээ!

16. Мосе Улаан тэнгисийн дэргэд байхдаа итгэлийнхээ ачаар хэрхэн зоригжсон бэ?

16 Харин Мосе огтхон ч айгаагүй. Учир нь тэрбээр зөвхөн давалгаалж буй тэнгис, давшиж буй цэргүүдийг харсан юм биш ээ. Ехова ард түмнээ аварч, тэдний төлөө тулалдахыг итгэлийн нүдээр харж байлаа (Египетээс гарсан нь 14:13, 14-ийг уншина уу). Мосег итгэлтэй байгааг израильчууд хараад урамшин зоригжсон. «Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан юм. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив» гэж Библид тэмдэглэжээ (Евр. 11:29). Дараа нь «ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв» (Ег. 14:31).

17. Итгэлийг маань шалгасан ямар үйл явдал ирээдүйд болох вэ?

17 Амь насанд маань аюул заналхийлж байгаа мэт санагдах цаг тун удахгүй ирнэ. Агуу их гай гамшгийн оргил үе болохын өмнөхөн засгийн газрууд манай байгууллагаас хавьгүй олон гишүүнтэй, нөлөө бүхий шашны байгууллагуудыг үндсээр нь устгана (Илч. 17:16). Тэр үед бид хэчнээн сул дорой харагдахыг Ехова зөгнөхдөө «хана хэрэмгүй ..., хаалтгүй эсвэл дааман хаалгагүй» тосгодтой зүйрлэжээ (Езе. 38:10–12, 14–16). Хүний нүдээр харвал амьд үлдэх ямар ч боломжгүй мэт санагдана. Тэр үед та яах вэ?

18. Агуу их гай гамшгийн үед бид ямар учраас үнэнч байх вэ?

18 Айх хэрэггүй. Яагаад? Ард түмэн нь довтолгоонд өртөхийг Ехова урьдчилан сануулаад зогсохгүй аврахаа ч зөгнөсөн. «Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно. ... Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхагла[на]» гэж айлджээ (Езе. 38:18–23). Ард түмэнд нь хор хүргэх гэсэн бүхнийг Бурхан устгана. Ехова «агуу, аймшигт өдрөөрөө» биднийг хамгаална гэдэгт бат итгэдэг бол хэрхэн аврахыг нь итгэлийн нүдээр хараад үнэнч байж чадна (Иоел 2:31, 32).

19. а) Ехова Мосе хоёр хэр дотно байсан бэ? б) Еховаг «бүх замаараа» таньж мэддэг бол ямар ивээл хүртэх вэ?

19 Сэтгэл хөдөлгөм тэрхүү үйл явдалд одооноос бэлдэн, «үзэгдэхгүй Түүнийг харж» үргэлж тууштай байгаарай. Ехова Бурхантай тогтоосон андын харьцаагаа зузаатгахын тулд Библийг тогтмол судалж, байнга залбираарай. Еховаг Мосетой «нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн» гэж Библид бичсэн байдаг. Учир нь Мосе Еховатай онцгой дотно байсан бөгөөд Ехова түүгээр агуу үйлс бүтээлгэсэн юм (Д.хууль 34:10). Мосе хосгүй зөнч байсан. Гэхдээ та ч бас итгэлтэй байвал Еховаг харж байгаа мэт тийм дотно болно. «Бүх замаараа Түүнийг таньж мэд» гэсэн зөвлөгөө Бурхны Үгэнд бий. Энэ зөвлөгөөг дагавал Ехова таны «замыг шулуун болгоно» (Сур. 3:6).

^ Ехова египетчүүдийг шийтгэхдээ тэнгэр элчүүдээ илгээжээ (Дуу. 78:49–51).