Skip to content

Гарчиг руу орох

Ехова эмх журмын Бурхан

Ехова эмх журмын Бурхан

«Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн» (1 КОР. 14:33).

1, 2. а) Бурхан хамгийн анх хэнийг бүтээсэн бэ? Түүний оролцоотойгоор юу хийсэн бэ? б) Тэнгэр элчүүд зохион байгуулалт сайтайг юу баталдаг вэ?

 ОРЧЛОНТ ертөнцийг бүтээсэн Ехова Бурхан бүхнийг эмх журамтай хийдэг. Хамгийн анх Хүүгээ буюу Есүсийг бүтээсэн. Бурхны гол төлөөлөгч учраас Библид түүнийг «Үг» гэдэг бөгөөд «Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан» хэмээгээд «Бүх юм Түүгээр [буюу Үгээр дамжуулан] бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй» гэжээ. Бурхан 2 000 гаруй жилийн өмнө Үгийг дэлхий рүү илгээж, Есүс гэдэг нэртэй төгс хүн болгон төрүүлсэн. Есүс Еховад үнэнч байж, хүсэл тааллыг нь биелүүлсэн (Иох. 1:1–3, 14).

2 Тэрбээр дэлхийд ирэхээсээ өмнө Бурхны «хажууд уран дархан мэт» байв (Сур. 8:30, МБОХ, 2000). Ехова түүний оролцоотойгоор олон сая тэнгэр элчийг бүтээжээ (Кол. 1:16). Тэнгэр элчүүдийн талаар Библид «Үй түмээрээ [Еховад] үйлчилж, үй түмээрээ түүний өмнө зогсоцгоож байлаа» гэж бичжээ (Дан. 7:10). Тоо томшгүй олон эдгээр сүнсэн бүтээлийг зохион байгуулалт сайтай «түмэн цэрэг» гэсэн байдаг (Дуу. 103:21).

3. Орчлонт ертөнцөд хэдэн од байдаг вэ? Ямар зохион байгуулалттай вэ?

3 Ехова орчлонт ертөнцийг бүтээхдээ тоолж баршгүй олон од гаригийг бүтээсэн. «Хьюстон Кроникл» сонинд бичсэнээр өмнө нь тооцоолж байснаас гурав дахин олон буюу 300 секстиллион од байдгийг саяхны судалгаа харуулж байгаа аж. Энэ нь 3-ын ард 23 тэг буюу 3 триллионыг 100 тэрбумаар үржүүлсэнтэй тэнцэнэ. Өдий төдий гаригаас гадна олон тэрбум, бүр олон триллион од нийлж оддын бөөгнөрөл буюу галактикийг бүрдүүлдэг. Галактикууд нэгдэж галактикийн бөөгнөрөл буюу кластер болдог. Кластерууд нийлж суперкластер үүсгэдэг байна.

4. Бурхан дэлхий дэх үйлчлэгчдээ эмх журамтай байлгадаг гэж дүгнэх нь яагаад зүйд нийцэх вэ?

4 Тэнгэр элчүүдийн адилаар гариг эрхэс гайхалтай зохион байгуулалттай (Ис. 40:26). Тиймээс, Ехова дэлхий дэх үйлчлэгчдээ ч сайн зохион байгуулдаг гэж дүгнэх нь зүйд нийцнэ. Тэд маш хариуцлагатай ажил хийх ёстой учир эмх журамтай байх нь туйлын чухал. Ехова ч үүнийг хүсдэг. Эрт, эдүгээгийн үнэнч үйлчлэгчдийн түүх хоёр зүйлийг хөдөлгөөнгүй баталдаг. Нэгд, Ехова тэдэнтэй цаг ямагт хамт байдаг. Хоёрт, Ехова бол «самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн» (1 Коринт 14:33, 40-ийг уншина уу).

БУРХНЫ ЭРТНИЙ ҮЙЛЧЛЭГЧИД ЭМХ ЖУРАМТАЙ БАЙСАН

5. Юунаас болоод Бурхны санаа зорилгод нэг хэсэгтээ саад учирсан бэ?

5 Ехова анхны хүмүүсийг бүтээгээд «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир» хэмээн айлджээ (Эх. 1:28). Ехова олон сая хүнийг бүгдийг нь нэг дор бүтээгээгүй. Адам Ева хоёр үр хүүхэдтэй болж, хүүхдүүд нь бас үр хүүхэд төрүүлсээр дэлхийг дүүргэх учиртай байв. Гэвч Адам Ева хоёр дуулгаваргүй загнаснаас болоод Бурхны энэ санаа зорилгод нэг хэсэгтээ саад учирчээ (Эх. 3:1–6). «Дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг» Ехова харсан. «Газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрсэн» байлаа. Тиймд Бурхан дэлхийг хамарсан усан галав юүлүүлж ёс бус бүхнийг устгахаар шийдсэн (Эх. 6:5, 11–13, 17).

6, 7. а) Ноа яагаад Еховагийн тааллыг олсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Ноагийн үеийн үнэнч бус хүмүүс яасан бэ?

6 «Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ». Учир нь тэрбээр «зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв». Мөн «Бурхантай хамт явж» байсан. Иймээс Бурхан түүнд асар том авдар хийх даалгавар өгчээ (Эх. 6:8–10, 14–16). Энэ авдар усан дээр хөвөх зориулалттай учир дотор нь байсан хүн, амьтан усан галаваар эсэн мэнд үлджээ. Ноа болон түүний гэрийнхэн «ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийж», барилгын ажлыг эмх журамтай гүйцэтгэсэн. Амьтдыг авдар луу оруулсны дараа Ехова хаалгыг нь «хаажээ» (Эх. 7:5, 16).

7 Ехова МЭӨ 2370 онд усан галав юүлүүлж «хүн төрөлхтнөөс авахуулаад ... газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан» боловч хөвөгч авдарт байсан үнэнч Ноаг гэр бүлийнхэнтэй нь аварсан (Эх. 7:23). Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа бүх хүн Ноагийн үр удам юм. Авдрын гадна үлдсэн хүмүүс «зөвт байдлыг тунхаглагч» Ноагийн үгийг сонсоогүй учраас бүгдээрээ амиа алдсан (2 Петр 2:5).

Эмх журамтай байсны ачаар найман хүн усан галавыг эсэн мэнд давсан (6, 7-р догол мөрийг үзнэ үү)

8. Израильчууд Амласан газар луу орохоосоо өмнө зохион байгуулалт сайтай байсныг юу баталдаг вэ?

8 Усан галав юүлснээс хойш 800 гаруй жилийн дараа Бурхан израильчуудыг биеэ даасан үндэстэн болгон зохион байгуулжээ. Ажил амьдрал, шүтлэг мөргөлийг нь ч цэгцэлсэн. Жишээ нь тахилчид болон левичүүдээс гадна эмэгтэйчүүдийг «хурлын майхны үүдэнд» үйлчлүүлэхээр томилжээ (Ег. 38:8). Гэвч хожим нь израильчууд Канаанд очиж амьдар гэсэн Еховагийн тушаалыг зөрчин дуулгаваргүй загнасан. Тиймээс Ехова: «Миний та нарыг суурьшуулахаар тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй» гэсэн. Учир нь Амласан газрыг тагнаад буцаж ирэхдээ зөвхөн тэр хоёр сайн мэдээ авчиржээ (Тоол. 14:30, 37, 38). Хожим нь Мосе Еховагийн тушаалаар Иошуаг залгамжлагчаа болгон томилсон (Тоол. 27:18–23). Израильчуудыг Канаан нутагт орохын өмнөхөн Ехова Иошуад «Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» гэжээ (Иош. 1:9).

9. Рахаб Еховад болон ард түмэнд нь хэрхэн хандсан бэ?

9 Ехова Бурхан амласандаа хүрч Иошуаг хаана ч явсан хамт байсан. Жишээ болгон МЭӨ 1473 онд болсон нэг явдлыг авч үзье. Израильчууд канаанчуудын амьдардаг Иерихо хотын ойролцоо хуарагнан буудаллаад байлаа. Иошуа Иерихог тагнуулахаар хоёр туршуул явуулсанд тэд Рахаб гэгч янхан эмэгтэйтэй уулзжээ. Рахаб тэднийг Иерихогийн хааны илгээсэн хүмүүсээс нууж, байшингийнхаа дээвэр дээр орогнуулсан. Дараа нь хоёр туршуулд «ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг ... би мэдэж байна. Учир нь ... ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, ... аморичуудын хоёр хаан болох Сихон Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. ... Та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн» гэжээ (Иош. 2:9–11). Рахаб Еховагийн сонгосон ард түмнийг ийнхүү дэмжсэн юм. Тиймд израильчууд Иерихог эзлэх үед Ехова энэ эмэгтэйг гэр бүлийнхэнтэй нь хамт аварчээ (Иош. 6:25). Рахаб итгэлээ үйлсээрээ харуулж, Еховаг болон ард түмнийг нь гүнээ хүндэтгэсэн.

І ЗУУНЫ ҮЕИЙН ХРИСТИАНУУД ЭМХ ЖУРАМТАЙ БАЙСАН

10. Есүс иудейн шашны удирдагчдад юу гэж хэлсэн бэ? Яагаад ингэж хэлэх болсон бэ?

10 Израильчууд Иошуагийн удирдлагаар хотуудыг нэг нэгээр нь эзэлсээр Канаан нутгийг бүхэлд нь эзлэн авчээ. Гэвч түүнээс хойших 1 500 орчим жилийн хугацаанд Бурханд дахин дахин тэрсэлж байлаа. Есүсийг дэлхийд ирэх үед израильчууд Еховад дуулгаваргүй болсон байв. Мөн Бурхны илгээсэн хүмүүсийг үл тоомсорлодог байсан учраас Есүс: «Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алсан» гэжээ (Матай 23:37, 38-ыг уншина уу). Иудейн шашны удирдагчид дуулгаваргүйн гайгаар Бурхны сайшаалыг алдсан байна. Есүс тэдэнд «Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» хэмээн хэлжээ (Мат. 21:43).

11, 12. а) Ехова израиль үндэстний оронд шинэ үндэстнийг ивээдэг болсон нь юунаас харагддаг вэ? б) Еховагийн тааллыг олсон шинэ үндэстэн ямар хүмүүсээс бүрддэг вэ?

11 МЭ I зуунд үнэнч бус израиль үндэстнийг Ехова ард түмнээ гэж үзэхээ больсон. Гэхдээ Бурхны ард түмэн дэлхий дээр байхаа больсон гэсэн үг биш байв. Христэд захирагдаж, сургаалыг нь дагадаг хүмүүсээс бүрдсэн шинэ үндэстнийг МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн Ехова ивээх болсон. Тэр өдөр Есүсийн 120 шавийг Иерусалимын нэгэн байшинд цугларахад «гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автжээ. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв» (Үйлс 2:1–4). Энэ гайхалтай явдал Есүсийн шавь нараас бүрдсэн шинэ үндэстнийг Ехова дэмждэгийн хөдөлшгүй баталгаа болсон юм.

12 Сэтгэл хөдөлгөм энэ өдөр Есүсийн дагалдагчид дээр «гурван мянга орчим хүн нэмэгджээ». Ехова «тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа» (Үйлс 2:41, 47). Нэгдүгээр зууны үеийн дагалдагчид дэлгэрүүлэх ажилдаа амжилт олж байсан талаар Библид «Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан» гэжээ. Тэр байтугай «тахилчдаас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа» (Үйлс 6:7). Чин сэтгэлтэй олон хүн үнэнийг хүлээж аван Бурхны шинэ ард түмэнтэй нэгджээ. Хожим нь Ехова христиан хуралд «харь үндэстнүүдийг» нэгтгэсэн аж. Ийнхүү тусалж дэмжин хамт байгаагаа баталсан (Үйлс 10:44, 45-ыг уншина уу).

13. Бурхны шинээр сонгосон ард түмэн ямар ажил хийсэн бэ?

13 Бурхан ямар ажил өгснийг Христийн дагалдагчид сайн ойлгодог байв. Есүс баптисм хүртсэнийхээ дараа «Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» хэмээн дэлгэрүүлж шавь нартаа үлгэр дууриал үзүүлсэн (Мат. 4:17). Шавь нар нь бас ийм ажил хийх учиртай байлаа. Есүс тэдэнд «Та нар ... Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн хэлжээ (Үйлс 1:8). Дагалдагчид нь юу хийх ёстойгоо сайн ойлгож байсныг Паул Барнаб хоёрын хэлсэн үгнээс мэдэж болно. Тэд Писидийн Антиохт байхдаа иудейчүүдэд «Бурхны үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна. Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан. „Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан. Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна“» гэжээ (Үйлс 13:14, 45–47). Ехова хүн төрөлхтнийг аврахын тулд юу хийснийг байгууллагынх нь дэлхий дэх хэсэг нэгдүгээр зуунаас хойш өнөөдрийг хүртэл мэдүүлсээр ирсэн.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИД ЭСЭН МЭНД ҮЛДСЭН

14. I зуунд Иерусалимд юу болсон бэ? Тэр үед хэн эсэн мэнд үлдсэн бэ?

14 Иудейчүүдийн ихэнх нь сайн мэдээг хүлээж аваагүй. Иерусалимд учрах гамшгийн талаар Есүсийг зөгнөхөд ч сонсоогүй. Есүс дагалдагчдадаа «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог» гэж сэрэмжлүүлсэн (Лук 21:20, 21). Бүх үйл явдал Есүсийн хэлснээр өрнөж, эцэст нь Иерусалим сүйрсэн. Цести Галлаар удирдуулсан Ромын арми МЭ 66 онд болсон иудейчүүдийн бослогыг дарахаар Иерусалимд ирж хотыг бүсэлсэн боловч бүслэлтээ гэнэт зогсоожээ. Есүсийн дагалдагчдад Иерусалим болон Иудейгээс зугтах боломж ийнхүү олдсон юм. Олон хүн Иордан голыг гаталж Пер мужийн Пелла хот руу дүрвэснийг түүхч Евсев бичжээ. Тит тэргүүтэй Ромын арми МЭ 70 онд Иерусалимд эргэж ирээд хотыг устгасан байна. Харин үнэнч христианууд Есүсийн анхааруулгыг дагаад эсэн мэнд үлдсэн.

15. I зууны үеийн христиануудын тоо өсөн нэмэгдэхэд юу саад болоогүй вэ?

15 Бэрхшээл зовлон, эсэргүүцэл хавчлага гээд итгэл сорьсон ямар ч юм тохиолдсон нэгдүгээр зууны үеийн христианууд өсөн нэмэгдсээр байсан (Үйлс 11:19–21; 19:1, 19, 20). Яагаад тэр вэ? Бурхан тэднийг ивээж байлаа (Сур. 10:22).

16. Үргэлж бат итгэлтэй байхын тулд христиан бүр яах ёстой байсан бэ?

16 Үргэлж бат итгэлтэй, эв нэгдэлтэй байхын тулд христиан бүр хичээж мэрийх учиртай байв. Библийг нямбай судалж, цуглаанд тогтмол очиж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох нь амин чухал байлаа. Энэ бүхний ачаар Еховагийн ард түмэн эв нэгдэлтэй, сүнслэгээр эрүүл байсан. Хурлууд зохион байгуулалт сайтай, ахлагч, туслах үйлчлэгчид нь итгэл нэгтнүүддээ дуртайяа тусалж, нөр их хөдөлмөрлөдөг байв. Тэдний тус дэм их байсан нь лавтай (Флп. 1:1; 1 Петр 5:1–4). Бас Паул гэх зэргийн явуулын харгалзагчид хурлуудыг эргэхээр очиход итгэл нэгтнүүд нь хэчнээн их баярладаг байсан бол оо! (Үйлс 15:36, 40, 41). Нэгдүгээр зууны болон орчин үеийн христиануудын хооронд төстэй зүйл олон байдаг нь үнэхээр гайхалтай. Ехова үйлчлэгчдээ одоо ч сайтар зохион байгуулдагт нь талархаад баршгүй! *

17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Сатаны ертөнцийн төгсгөл ойртож буй эцсийн энэ өдрүүдэд Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг улам хурдтай урагшилж байна. Та адилхан хурдтай явж байна уу? Сүнслэгээр ахиж дэвшиж байна уу? Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхахын тулд яах хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзнэ.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 7-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Христианууд „сүнс ба үнэнээр“ шүтдэг», «Жинхэнэ христианууд үргэлж „үнэн дотор явдаг“» гэсэн өгүүллийг тус тус үзээрэй. «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» («Jehovah’s Witnesses—Proclaimers of God’s Kingdom») номд Бурхны байгууллагын дэлхий дэх хэсгийн талаар дэлгэрэнгүй бичсэн.