Skip to content

Гарчиг руу орох

Өөрийн Бурхан Еховаг хайрла

Өөрийн Бурхан Еховаг хайрла

«Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан [Еховаг] хайрла» (МАТ. 22:37)

1. Ехова Есүс хоёр бие биеэ улам хайрладаг болсны учир юу вэ?

 ЕСҮС ХРИСТ тэнгэрийн Эцэг Еховатайгаа хэр дотно байдгаа тайлбарлан «Би Эцэгээ хайрладаг», «Эцэг Хүүгээ хайрладаг» гэжээ (Иох. 5:20; 14:31). Тэрбээр хүн болж төрөхөөсөө өмнө олон сая жилийн турш Эцэгтэйгээ гар нийлж хамтран ажилласан (Сур. 8:30). Энэ хугацаанд Эцгийнхээ зан чанарын талаар ихийг сурч мэджээ. Еховаг хайрлах тоо томшгүй олон шалтгаан түүнд бий. Ехова Есүс хоёр ийм дотно байсан учир бие биедээ улам хайртай болжээ.

2. а) Хайрлана гэж яахыг хэлдэг вэ? б) Ямар асуултыг авч үзэх вэ?

2 Хайрлана гэж яахыг хэлдэг вэ? Хэн нэгнийг гэсэн халуун сэтгэлтэй байхыг хэлнэ. Давид: «Миний хүч болох [Ехова], Би танд хайртай» хэмээн дуулсан байдаг (Дуу. 18:1). Бид бас Давидынхтай адилхан сэтгэлтэй байх ёстой. Дуулгавартай байвал Ехова биднийг хайрлана (Дэд хууль 7:12, 13-ыг уншина уу). Хүн Бурхныг харж чадахгүй атлаа чин сэтгэлээсээ хайрлаж чадна гэж үү? Еховаг хайрлана гэж яахыг хэлдэг вэ? Хайрлах ёстойн учир юу вэ? Бурханд хайртайгаа хэрхэн батлах вэ?

ХҮН БУРХНЫГ ХАЙРЛАЖ ЧАДНА

3, 4. Хүн Еховаг хайрлаж чадна гэхийн учир юу вэ?

3 «Бурхан бол сүнс». Тийм учраас хүн Бурхныг харж чадахгүй (Иох. 4:24). Гэхдээ хайрлаж чадна. Тэгээд ч Бурхныг хайрла гэсэн тушаал Библид байдаг. Жишээлбэл, Мосе израильчуудад «Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» хэмээн тушаажээ (Д.хууль 6:5).

4 Хүн Бурхныг хайрлаж чадна гэхийн учир юу вэ? Бурхан хүнийг сүнслэг хэрэгцээтэй, хайраа илэрхийлэх чадвартайгаар бүтээсэн. Сүнслэг хэрэгцээгээ зөв зохистой хангавал Еховаг улам хайрладаг болно. Энэ бол жинхэнэ ёсоор жаргалтай амьдрахын нууц юм. Есүс: «Сүнсэн дотроо ядуу [«сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг», ШЕ] хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм» гэжээ (Мат. 5:3). Ямар нэгэн зүйлийг шүтэх төрөлхийн хүсэл хүнд байдгийг А. К. Моррисон номдоо бичжээ. Түүний бичсэнээр, хүмүүс хэзээнээс нааш өөрөөсөө илүү хүчтэй, агуу нэгнийг эрж хайдаг, итгэж найдахыг хүсдэг аж («Man Does Not Stand Alone»).

5. Бурхныг эрж хайвал олдог гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

5 Хүн Бурхныг хайвал олох уу? Олно. Учир нь Бурхан хүмүүсийг өөрийг нь эрж олоосой гэж хүсдэг. Элч Паул Афин хотынхонтой ярихдаа үүнийг тодорхой хэлсэн. Охин тэнгэр Афинаг шүтэхийн тулд сүм рүү явах ёстой гэж үздэг хүн тэдний дунд олон байв. Харин Паул тэдэнд «ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн» Бурхны тухай ярьсан. Энэ Бурхан «гараар боссон сүмд оршдоггүй» гэдгийг тайлбарлажээ. Тэрбээр цааш нь «Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой» гэжээ (Үйлс 17:24–27). Хүн Бурхныг олж болдгийг 7 сая 500 мянга гаруй Гэрч биеэрээ үзэж байна. Тэд Ехова Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг.

БУРХНЫГ ХАЙРЛАНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

6. Хамгийн агуу тушаал юу вэ?

6 Еховаг хайрлах хайр зүрхнээс ундран гарах ёстой. Нэгэн фарисай Есүсээс «Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ?» гэж асуужээ. Хариуд нь Есүс: «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан [Еховаг] хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн» хэмээн тодорхой хэлсэн (Мат. 22:34–38).

7. Бурхнаа а) «бүх зүрхээрээ», б) «бүх сэтгэлээрээ», в) «бүх оюун ухаанаараа» хайрлана гэж яахыг хэлдэг вэ?

7 Еховаг «бүх зүрхээрээ» хайрлах ёстой гэсэн Есүсийн үгийг юу гэж ойлгох вэ? Хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, сэдэл хандлагын эх уурхай болсон бэлгэдлийн зүрхээрээ хайрлана гэсэн үг. Бас хийж байгаа бүхнээрээ Еховад хайртайгаа баталдаг бол «бүх сэтгэлээрээ» хайрлаж байгаа хэрэг. Харин «бүх оюун ухаанаараа» хайрлана гэдэг нь Еховаг хайрлахын тулд оюун ухаанаа бүрэн дайчилна гэсэн үг. Тэгэхлээр Еховаг хайрлахын тулд өөрийгөө тэр чигээр нь зориулах ёстой байх нь ээ.

8. Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн яадаг вэ?

8 Бурхнаа «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа» хайрладаг хүн Үгийг нь нямбай судалж, хүсэл тааллыг нь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, Хаанчлалын тухай сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг (Мат. 24:14; Ром 12:1, 2). Ингэхийн хэрээр Еховатай улам дотносдог (Иак. 4:8). Бурхныг хайрлах ёстойн учрыг тоочоод барахгүй. Гэхдээ цөөн хэдэн шалтгааныг ярилцъя.

ЕХОВАГ ХАЙРЛАХ ЁСТОЙН УЧИР

9. Та яагаад Еховаг хайрладаг вэ?

9 Ехова бол бидний Бүтээгч, Тэжээгч. Элч Паул: «Бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог» гэжээ (Үйлс 17:28). Ехова бидэнд үзэсгэлэнт дэлхийг гэр болгон өгсөн (Дуу. 115:16). Бас хоол хүнс гээд амьдрахад шаардлагатай бүхнийг хангаж өгдөг. Паул Лустр хотын хүмүүст «Амьд Бурхан ... Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» хэмээн хэлсэн (Үйлс 14:15–17). Тиймээс Агуу Бүтээгч, халамжит Тэжээгч Еховагаа хайрлахгүй байхын аргагүй (Ном. 12:1).

10. Нүгэл, үхлээс чөлөөлөхөөр Бурхны авсан арга хэмжээний тухай бодохлоор танд ямар сэтгэл төрдөг вэ?

10 Адамаас өвлөж авсан нүгэл, үхлээс Бурхан биднийг чөлөөлнө (Ром 5:12). «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» гэж Библид байдаг (Ром 5:8). Нүглээ гэмшиж, Есүсийн золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулбал Бурхан биднийг уучилна. Бидний төлөө Хүүгээ илгээж агуу хайраа илэрхийлсэн Ехова Бурхандаа талархаад баршгүй (Иох. 3:16).

11, 12. Ехова бидэнд ямар найдвар өгсөн бэ?

11 Ехова бидэнд мөнх амьдрах найдвар өгдөг (Ром 15:13). Бид энэ найдварынхаа ачаар итгэл сорьсон хүнд хэцүү үеийг давж чаддаг. Тослогдсон христианууд «үхэл хүртэл итгэмжтэй байвал» тэнгэрт мөнх амьдарна (Илч. 2:10). Бусад үнэнч хүмүүс диваажин дэлхийд үүрдийн ивээл хүртэнэ (Лук 23:43). Бид ийм сайхан найдвартай учраас «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» өгдөг Бурхнаа өөрийн эрхгүй хайрлан, баяр баяслаар цалгиж, тайван амгалан явдаг (Иак. 1:17).

12 Нас барсан хүмүүсийг амилуулахаа Ехова амласан (Үйлс 24:15). Дотны хүнээ нас барахад бид шаналж гашууддаг. Гэхдээ тэднийгээ амилна гэдэгт итгэдэг учраас «ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адилаар» тэгтлээ их уй гашууд автдаггүй (1 Тес. 4:13). Хайрын сэтгэлтэй Ехова Бурхан нас барсан олон сая хүнийг, ялангуяа үнэнч үйлчлэгчдээ амилуулах цагаа тэсэн ядан хүлээдэг (Иов 14:15). Эцэг эх, үр хүүхэд, дотны найзууд дахин уулзах баярт мөчийг төсөөл дөө. Ийм сайхан найдвар өгсөн тэнгэрийн Эцэгтээ бид маш их хайртай!

13. Бурхан бидэнд санаа тавьдгийн баталгаа юу вэ?

13 Ехова бидэнд санаа тавьдаг (Дуулал 34:6, 18, 19; 1 Петр 5:6, 7-г уншина уу). Ехова үнэнч хүмүүст туслахад хэзээд бэлэн байдгийг бид мэддэг учраас эдүгээ айж түгших юмгүй, амар тайван амьдардаг (Дуу. 79:13). Тэгвэл Мессиагийн Хаанчлалын үед Бурхан бидний төлөө юу хийхийг төсөөл дөө. Бурхны сонгосон Хаан Есүс Христ хавчлага дарамт, хүчирхийлэл, ёс бус бүхнийг ул мөргүй арилгана. Тэгээд дуулгавартай хүмүүс үүрд мөнх амар тайван, аз жаргалтай амьдарна (Дуу. 72:7, 12–14, 16). Энэ бүхнийг эргэцүүлэн бодохлоор халамжит Бурхнаа «бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа» хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг (Лук 10:27).

14. Бурхан бидэнд ямар хосгүй завшаан олгосон бэ?

14 Ехова бидэнд Гэрч нь байх хосгүй завшаан олгосон (Ис. 43:10–12). Хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжиж, зовлонд нухчуулсан хүн төрөлхтөнд жинхэнэ найдвар өгөх боломж олгодог Бурхандаа бид хайртай. Тунхагладаг мэдээ маань жинхэнэ Бурхны Үгэнд үндэслэсэн учраас бид итгэл төгс ярьдаг. Бурхан амласан бүхнээ хэзээ ямагт биелүүлдэг (Иошуа 21:45; 23:14-ийг уншина уу). Еховаг яагаад хайрладгаа, ямар их ивээл хүртдэгээ жагсааж бичье гэвэл дуусахгүй биз ээ. Тэгвэл Бурханд хайртайгаа хэрхэн батлах вэ?

БУРХАНД ХАЙРТАЙГАА ХЭРХЭН БАТЛАХ ВЭ?

15. Бурхны Үгийг судалж, сурснаа хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

15 Бурхны Үгийг нямбай судалж, сурч мэдсэнээ хэрэгжүүлээрэй. Ингэх нь Еховаг хайрлаж, Үгээр нь удирдуулахыг үнэхээр хүсдэгийн илрэл болно (Дуу. 119:105). Зовж шаналсан үедээ дараах үгийг уншвал тайвширна. «Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй», «Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан. Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (Дуу. 51:17; 94:18, 19). Зовлон амсаж буй бүх хүнд Ехова Есүс хоёр өршөөл энэрлээ үзүүлдэг (Ис. 49:13; Мат. 15:32). Бид Библи судлахын хэрээр Еховагийн хайрыг мэдэрдэг. Үүний ачаар Бурхнаа улам их хайрладаг.

16. Тогтмол залбирдаг хүн Бурхандаа улам хайртай болдгийн учир юу вэ?

16 Бурханд тогтмол залбираарай. Энэ хэрээр «залбирлыг сонсдог Нэгэнтэй» дотносно (Дуу. 65:2). Залбиралд маань хариулж байгааг ойлгох тусам Бурхандаа улам хайртай болно. «Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй» гэж Библид байдаг. Та үүнийг биеэрээ амссан байж болох юм (1 Кор. 10:13). Санаа зовсон үедээ шаргуу залбирвал «Бурханы амар тайвныг» мэдэрнэ (Флп. 4:6, 7). Заримдаа Нехемиа шиг дотроо залбирах үе байдаг. Тэгээд залбирлынхаа хариуг авснаа дараа нь ойлгодог (Нех. 2:1–6). «Залбиралд өөрсдийгөө зориулж», хүсэлтийг маань хэрхэн биелүүлж байгааг харахлаар Еховаг улам их хайрладаг болно. Бас итгэл сорьсон хэцүү үеийг тэвчихэд тусална гэдэгт бүр ч их итгэдэг болно (Ром 12:12).

17. Бурхнаа хайрладаг хүн цуглаанд хэрхэн ханддаг вэ?

17 Цуглаан, чуулганд очиж хэвшээрэй (Евр. 10:24, 25). Израильчууд Еховагийн талаар сурч мэдэн, бишрэн шүтэж, хууль тушаалыг нь биелүүлэхээр хамтдаа цугладаг байсан (Д.хууль 31:12). Еховаг чин зүрхнээсээ хайрладаг хүн хүсэл тааллыг нь биелүүлэхийг дарамт гэж үздэггүй (1 Иохан 5:3-ыг уншина уу). Тийм болохоор аар саар зүйлээс болж цуглаанаа тасалдаггүй. Та Еховагийн тухай анх мэдээд ямар их баярлаж байснаа санаж байна уу? Тэгвэл анхны хайраа хөргөхгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй (Илч. 2:4).

18. Бурхныг хайрладаг хүн ямар ажилд оролцдог вэ?

18 «Сайн мэдээний үнэнийг» идэвх зүтгэлтэй тунхаглаарай (Гал. 2:5). Бид Бурхнаа хайрладаг учир хайртай Хүүгийнх нь Хаанчлалын талаар бусдад ярьдаг. Хармагедоны үед Есүс Еховагийн захирах эрх мэдлийг хамгаалахаар «мордоно» (Дуу. 45:4; Илч. 16:14, 16). Шавь бэлдэх ажилд оролцож Бурхны хайрын тухай, шинэ ертөнцийн тухай хүмүүст мэдүүлэх шиг сайхан юм хаа байх вэ! (Мат. 28:19, 20).

19. Ахлагчдыг өгсөн Бурхандаа яагаад талархах хэрэгтэй вэ?

19 Ахлагчдыг өгсөн Бурхандаа талархаарай (Үйлс 20:28). Ехова биднийг үргэлж сайн сайхан явуулахыг хүсдэг учраас ахлагчдыг өгсөн. Тэднийг «салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт» гэж Библид бичсэн байдаг (Ис. 32:1, 2). Хүчтэй салхи шуурга, ширүүн бороотой үед хоргодох газар олдоход хэн ч гэсэн баярладаг шүү дээ. Халуун нар төөнөсөн өдөр хадны сүүдэрт зогсох сайхан. Хэрэгтэй үед ахлагчид сүнслэг тусламж үзүүлж, урам зориг хайрладгийг энэ зүйрлэл тодорхой хэлж өгдөг. Эдгээр «хүн бэлгүүдэд» (ШЕ) дуулгавартай байдаг бол талархаж байна гэсэн үг. Бас Еховад болон хурлын Тэргүүн Христэд хайртайгаа баталж байгаа хэрэг юм (Еф. 4:8; 5:23; Евр. 13:17).

Чин сэтгэлээсээ санаа тавьдаг ахлагчдыг Ехова бидэнд өгсөн (19-р догол мөрийг үзнэ үү)

БУРХНЫГ УЛАМ ИХ ХАЙРЛАДАГ БОЛООРОЙ

20. Бурхныг хайрладаг хүн яадаг вэ?

20 Ехова бидэнд «төгс хууль» өгсөн. Тэр хуульд Бурхны бүх шаардлага байдаг (Иаков 1:22–25-ыг уншина уу). Еховатай тасаршгүй нандин холбоотой байя гэвэл хууль тушаалыг нь зүгээр нэг сонсоод өнгөрч болохгүй (Дуу. 19:7–11). Сурсан зүйлээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, хайртай Бурхныхаа тухай бусдад ярих, цуглаан дээр хариулахын тулд хичээл зүтгэл гаргах шаардлагатай.

21. Чин сэтгэлийн залбирлыг юутай адилтгах вэ?

21 Ехова Бурханд хайртай хүн тасралтгүй залбирдаг. Эртний Израилийн тахилчид Еховад зориулж өдөр бүр утлага уугиулдаг байсан. Давид хаан залбирлаа утлагатай зүйрлэн «Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог» хэмээн Еховад дуулжээ (Дуу. 141:2; Ег. 30:7, 8). Ехова Давидын залбирлыг сонссон. Хэрэв бид даруухнаар, чин сэтгэлээсээ, талархаж залбирдаг бол Бурхан залбирлыг маань таалан соёрхож, анхилуун үнэртэй утлага адил үзнэ (Илч. 5:8).

22. Дараагийн өгүүллээр юу судлах вэ?

22 Есүсийн хэлснээр, бид Бурхнаа төдийгүй хөршөө хайрлах ёстой (Мат. 22:37–39). Еховаг хайрлаж, хууль зарчмыг нь эрхэмлэдэг бол хөршөө хайрлахад дөхөм болно. Энэ тухай дараагийн өгүүллээр судална.