Skip to content

Гарчиг руу орох

Ехова «Өөрийн хүмүүсийг таньдаг»

Ехова «Өөрийн хүмүүсийг таньдаг»

«Хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна» (1 КОР. 8:3).

1. Бурхны зарим үйлчлэгч өөрсдийгөө хэрхэн хуурсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 НЭГЭН өглөө тэргүүн тахилч Аарон анхилуун утлагатай бойпор барин мөргөлийн асрын үүдэнд зогсож байлаа. Хажууханд нь Кора болон түүний талын 250 хүн нэг нэг бойпор бариад Еховад зориулан утлага уугиулж зогсоно (Тоол. 16:16–18). Зэрвэсхэн харвал бүгд л Еховагийн үнэнч үйлчлэгч гэлтэй. Гэвч үнэн хэрэгтээ Корагийн талынхан бардам ихэмсэг, тэрслүү, аминч үзэлтэй хүмүүс байсан бөгөөд Аароноос тахилчийн албыг нь булаан авахыг санаархах ажээ (Тоол. 16:1–11). Тэд өөрсдийгөө хуурч, Бурхан утлагыг нь хүлээж авна гэж боджээ. Зүрхийг нь харж, хоёр нүүр гаргаж байгааг нь мэдэж байсан Еховагийн хувьд энэ нь доромжлол байв (Иер. 17:10).

2. Мосе юу гэж хэлсэн бэ? Хэлсэн үг нь хэрхэн биелсэн бэ?

2 «Маргааш өглөө хэн нь Түүнийх ... болохыг ЭЗЭН үзүүлнэ» гэж Мосе хэлжээ (Тоол. 16:5). Хэн нь жинхэнэ үйлчлэгч, хэн нь хуурамч үйлчлэгч гэдгийг Ехова хэрхэн мэдүүлсэн бэ? «ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан [Кора болон] хоёр зуун тавин хүнийг шатаав» (Тоол. 16:35; 26:10). Ганцхан Аароныг амьд үлдээжээ. Ийнхүү Аароныг өөрийнхөө жинхэнэ тахилч, жинхэнэ үйлчлэгч гэдгийг тодорхой харуулсан (1 Коринт 8:3-ыг уншина уу).

3. а) Элч Паулын үед юу болсон бэ? б) Хэдэн зууны өмнө Бурхан урван тэрслэгчдийг шийтгэсэн нь бидэнд юу сануулдаг вэ?

3 Үүнтэй төстэй явдал 1 500 жилийн дараа элч Паулын үед болжээ. Өөрсдийгөө христиан гэдэг хэсэг хүн хуурамч сургаалыг дагадаг болсон хэр нь хурлын гишүүн хэвээрээ байсан. Хөндлөнгийн хүн харахад тэд хурлын бусад гишүүнээс ялгарах юмгүй байв. Гэвч үнэндээ хонины арьс нөмөрсөн чононууд байсан бөгөөд «зарим хүний итгэлийг бусниулж» эхэлжээ (2 Тим. 2:16–18). Ехова үүнийг харж байсан болов уу? Тийм ээ, харж байсан. Хэдэн зууны өмнө Кора болон түүний талынхныг урван тэрслэхэд Бурхан тэдний хэргийг хэрхэн шийдсэнийг Паул мэдэж байв. Тиймээс энэ асуудлыг ч зүгээр орхихгүй гэдэгт итгэж байлаа. Бид бас Еховад итгэх хэрэгтэй. Тимотод бичсэн Паулын үг ямар сургамжтайг авч үзье.

ЕХОВА «БИ ӨӨРЧЛӨГДӨШГҮЙ»

4. Паул юунд итгэж байсан бэ? Тимотод бичсэн захидалдаа үүнийгээ хэрхэн илэрхийлсэн бэ?

4 Хэн нь чин сэтгэлээсээ шүтдэг, хэн нь дүр эсгэдгийг Ехова мэддэг гэдэгт Паул итгэж байсан. Ариун сүнсээр хөтлүүлэн Тимотод захидал бичихдээ ямар үг сонгож хэрэглэснээс нь үүнийг мэдэж болно. Тэрслэгчид зарим христианы итгэлийг бусниулж байсныг Паул дурдаад, «Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай» хэмээжээ (2 Тим. 2:18, 19).

5, 6. «Бурханы бат суурь» гэдэг үг юугаараа онцгой вэ? Энэ үгийг уншаад Тимот яасан бэ?

5 Паулын бичсэн «Бурханы бат суурь» гэдэг үг Библид ганцхан удаа гардаг. Ер нь «суурь» гэдэг үгээр янз бүрийн зүйлийг хэлсэн байдаг. Жишээлбэл, эртний Израилийн нийслэл Иерусалим хотыг суурь гэжээ (Дуу. 87:1, 2). Еховагийн санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэг гүйцэтгэдгийг хэлэхдээ бас суурь гэдэг үг хэрэглэсэн (1 Кор. 3:11; 1 Петр 2:6). Тэгвэл Паул юуг «Бурханы бат суурь» гэсэн бэ?

6 Паул энэ үгийг хэлснийхээ дараа Тооллого 16:5-аас иш татжээ. Тэнд Кора ба түүний нөхдийн тухай Мосегийн хэлсэн үг байдаг. Паул эрт үед болсон үйл явдлыг дурдсаны учир юу вэ? Ехова тэрслэгчдийг илчилж үйл хэргийг нь бүтэмжгүй болгож чадна гэдгийг сануулж Тимотод урам зориг өгөх гэснийх юм. Тэрс үзэлтэй Корагийн талынхан Еховагийн санаа зорилгод саад болж чадаагүйн адил христиан хуралд гарч ирсэн тэрслэгчид ч амжилт олохгүй байх байлаа. «Бурханы бат суурь» гэдгээр чухам юуг хэлснээ Паул дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Гэлээ ч энэ үгийг уншаад Тимот Еховад улам их итгэж найддаг болсон нь лавтай.

7. Ехова юу ч хийсэн зөв шударга, итгэмжтэй байна гэдэгт яагаад эргэлзэх хэрэггүй вэ?

7 Еховагийн зарчим өөрчлөгддөггүй. «ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг» гэж Дуулал 33:11-д бий. Ехова зөв шударга, итгэмжтэй Хаан бөгөөд албатуудаа хайрлан энэрдгийг Библийн бусад зүйлд бичжээ (Ег. 15:18; Дуу. 106:1; 111:3; 117:2). Малахи 3:6-д «ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй» гэж байдаг. Үүнтэй төстэй зүйл Иаков 1:17-д бий. Еховад «өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй» хэмээжээ.

ИТГЭЛ БЭХЖҮҮЛДЭГ «ТАМГА»

8, 9. «Бурханы бат суурин» дээрх «тамганаас» бид юу мэдэж авах вэ?

8 Эрт үед байшин барихдаа суурин дээр нь үг бичиж сийлэн хэн барьсныг юм уу хэний өмч болохыг харуулдаг байжээ. Энэ заншлыг жишээ болгон Библид бичсэн анхны хүн нь Паул юм. * 2 Тимот 2:19-д Паулын дүрслэн бичсэн «Бурханы бат суурин» дээр хоёр зүйлийг сийлсэн байдаг. Нэг нь «Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг», нөгөө нь «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» гэжээ. Энэ нь Тооллого 16:5-д юу гэж байдгийг сануулдаг (Уншина уу).

9 «Бурханы бат суурин» дээрх «тамганаас» бид юу мэдэж авах вэ? Ехова юуг үнэлж эрхэмлэдэг, ямар зарчим баримталдаг нь хоёр чухал хүчин зүйлд тулгуурладаг. 1) Өөрт нь үнэнч хүмүүсийг хайрладаг, 2) ёс бус явдлыг үзэн яддаг. Энэ бүхэн хуралд гардаг тэрс явдалтай ямар холбоотой вэ?

10. Тэрс үзэлтнүүдээс болж үнэнч христианууд яасан бэ?

10 Тэрс үзэлтнүүд хурлын гишүүдийг үймүүлж байгааг хараад Тимот нарын үнэнч христианууд түгшиж байсан нь эргэлзээгүй. Яагаад тийм хүмүүсийг хуралд байлгаад байгаа юм бол гэж зарим христиан гайхаж байсан биз ээ. Бидний дунд байгаа хоёр нүүртэй тэрслэгчдийг Ехова олж хармаар л юм даа гэж бодсон үнэнч хүмүүс ч байсан байх (Үйлс 20:29, 30).

Тэрслэгчдийн нөлөөнд автахгүй байхыг Паул Тимотод сануулсан (10–12-р догол мөрийг үзнэ үү)

11, 12. Паулын захидал Тимотын итгэлийг бэхжүүлсэн гэхийн учир юу вэ?

11 Паулын захидал Тимотын итгэлийг бэхжүүлсэн нь лавтай. Ехова үнэнч Аароныг өөрийнхөө үйлчлэгч мөн хэмээн баталж, Кора болон түүний талынхны булхайг илчлэн, үйлчлэгчээ хэмээн үзэхээ больж, хөнөөн устгасан тухай уг захидалд бичжээ. Тэр үйл явдлыг дурдсаны учир юу вэ? Хэдийгээр хуралд хуурамч христианууд байсан ч Ехова өөрийнхөө үйлчлэгчдийг ялгаж танина гэж хэлэх гэсэн ажээ.

12 Ехова хэзээ ч өөрчлөгдөхгүй тул бид түүнд бүрэн дүүрэн найдах учиртай. Тэрбээр ёс бус явдлыг үзэн яддаг бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшдэггүй хүмүүсийг цаг нь болохоор шийтгэнэ. «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байх» ёстой. Тийм ч учраас хуурамч христиануудын муу нөлөөнд автах учиргүйг Паул Тимотод сануулжээ. *

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ШҮТВЭЛ ЗААВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

13. Бид юунд итгэх ёстой вэ?

13 Тимотод бичсэн Паулын үг бидэнд ч урам зориг өгдөг. Юуны түрүүнд, өөрт нь чин үнэнчээр үйлчилдэг хүмүүсийг Ехова мэддэг. Гэхдээ зүгээр нэг мэддэг юм биш ээ. Өөрийнхөө хүмүүст санаа тавьдаг. «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» гэж Библид байдаг (Ш.дэд 16:9). Тиймээс «цэвэр зүрхээр» үйлчилдэг хүмүүсийн хийсэн бүхнийг Ехова хэзээ ч мартахгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно (1 Тим. 1:5; 1 Кор. 15:58).

14. Ехова ямар хүнийг ивээж сайшаадаггүй вэ?

14 Түүнээс гадна, Ехова дүр эсгэдэг хүнийг ивээж сайшаадаггүйг анхаарууштай. Еховагийн «мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг». Тийм учраас Ехова өөрт нь бүрэн зориулаагүй зүрх сэтгэлтэй хүмүүсийг мэддэг. Сургаалт үгс 3:32-т «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй» гэж байдаг. Дуулгавартай хүний дүр эсгэдэг хэрнээ нууцаар нүгэл үйлддэг хүнийг ийн хэлжээ. Тийм хүн бусдыг нэг хэсэгтээ хуурч чадах ч төгс хүчит, зөв шударга Ехова Бурхныг хуурч чадахгүй. «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй» (Сур. 28:13; 1 Тимот 5:24; Еврей 4:13-ыг уншина уу).

15. Бид яах ёсгүй вэ? Яагаад?

15 Еховагийн үйлчлэгчид бараг бүгдээрээ үнэнч шударга, чин сэтгэлтэй хүмүүс. Хоёр нүүр гаргаж Еховаг хуурахыг оролддог хүн тун ховор. Гэхдээ ийм явдал Мосегийн үед ч, нэгдүгээр зууны үед ч гарч байсан учир өнөөдөр гарахгүй гэх баталгаа байхгүй (2 Тим. 3:1, 5). Тэгвэл итгэл нэгтнүүдээ хардаж сэрдэн Еховад үнэнч эсэхэд нь эргэлзэх ёстой гэсэн үг үү? Яалаа гэж дээ! Ямар ч баримт нотолгоогүй байж тэднийгээ сэжиглэх нь зүйд нийцэхгүй (Ром 14:10–12; 1 Коринт 13:7-г уншина уу). Хэрэв бид христиан ах дүүсийнхээ үнэнч эсэхэд эргэлзээд байвал өөрсдийн маань сүнслэг байдалд аюул учирна.

16. а) Хоёр нүүр гаргахгүйн тулд хүн бүр яах ёстой вэ? б)  «Цаг үргэлж “шалга, ... батал”» гэсэн гарчигтай хавсралтаас та юу мэдэж авсан бэ?

16 Христиан бүр «өөрийн үйл хэргийг шалгах» учиртай (Гал. 6:4). Бид төгс бус учир Еховаг өөрийн мэдэлгүй буруу хандлагаар шүтдэг болж мэднэ (Евр. 3:12, 13). Тиймээс Еховад ямар сэтгэлээр үйлчилж байгаагаа үе үе шалгах хэрэгтэй. «Би Еховаг яагаад шүтдэг вэ? Чин сэтгэлээсээ хайрладаг, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмждэг учраас уу? Эсвэл Диваажинд сайхан амьдрах тухайгаа л боддог уу?» гэж өөрөөсөө асуугаарай (Илч. 4:11). Ийнхүү шалгаж үзээд хоёр нүүр гаргах хандлага жаахан ч атугай байгааг мэдвэл зүрх сэтгэлээ цэвэрлээрэй.

ҮНЭНЧ ХҮН ЖАРГАЛТАЙ АМЬДАРНА

17, 18. Еховаг чин сэтгэлээсээ шүтэх ёстойн учир юу вэ?

17 Еховаг чин сэтгэлээсээ шүтэх гэж хамаг чадлаараа хичээдэг бол их ивээл хүртэнэ. «ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээсэн дуулалчийн үг бий (Дуу. 32:2). Еховаг хоёргүй сэтгэлээр шүтдэг хүн одоо баяр баясгалан эдлээд зогсохгүй ирээдүйд жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна.

18 Муу юм хийдэг, хоёр нүүр гаргаж амьдардаг хүмүүсийг Ехова тун удахгүй илчилнэ. Тэр үед «зөв шударга ба хорон муугийн хоорондох», «Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондох» ялгаа ил тод болно (Мал. 3:18). Еховаг чин сэтгэлээсээ шүтдэг хүмүүсийг дараах зүйл тайвшруулдаг. «Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» (1 Петр 3:12).

^ Паулыг Тимотод захидал бичсэнээс хойш олон жилийн дараа Илчлэлт 21:14-т арван хоёр элчийн нэр сийлээстэй арван хоёр «суурийн» талаар дурдсан байдаг.

^ Еховаг дууриан бузар муу явдлаас хол байх тухай дараагийн өгүүллээр ярилцана.