Skip to content

Гарчиг руу орох

Бид яагаад ариун байх ёстой вэ?

Бид яагаад ариун байх ёстой вэ?

«Та нар ариун байх ёстой» (ЛЕВ. 11:45).

1. «Левит» номыг сайн ойлгож, үнэлж эрхэмлэдэг болох нь ямар ач тустай вэ?

 БИБЛИЙН номуудаас «Левит» номд ариун байдлын тухай хамгийн олон удаа дурдсан байдаг. Еховаг чин сэтгэлээсээ шүтдэг бүх хүн ариун байх ёстой учраас энэ номыг сайн ойлгож, үнэлж эрхэмлэдэг болох нь чухал. Тэгвэл уг шаардлагыг хангаж чадна.

2. «Левит» ном ямар онцлогтой вэ?

2 Зөнч Мосегийн бичсэн «Левит» ном «Судрын» нэг хэсэг учир бидэнд маш чухал зүйлийг заадаг (2 Тим. 3:16). Энэхүү номын бүлэг бүрд Еховагийн нэр дунджаар арван удаа гардаг. «Левит» номын гол санааг ойлгочихвол Бурхныхаа нэрийг сэвтүүлэх юм хэзээ ч хийхгүй (Лев. 22:32). «Би бол Ехова» (ШЕ) гэж олон удаа бичсэн нь Бурхандаа дуулгавартай байх хэрэгтэйг сануулах гэснийх юм. Энэ болон дараагийн өгүүллээр, «Левит» номд агуулагдаж буй үнэт эрдэнэсийн тухай үзье. Энэ нь Еховаг тааллынх нь дагуу шүтэхэд тустай.

АРИУН БАЙХ ЁСТОЙ

3, 4. Аарон болон түүний хөвгүүдийг угаадаг байсан нь юуг төлөөлдөг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

3 Левит 8:5, 6-г уншина уу. Ехова Аароныг Израилийн тэргүүн тахилч, хөвгүүдийг нь тахилч болгохоор сонгожээ. Аарон Есүс Христийг, Аароны хөвгүүд Есүсийн тослогдсон дагалдагчдыг төлөөлдөг. Тэгвэл Аарон биеэ угаадаг байсан нь Есүсийн ариусахыг харуулсан хэрэг үү? Тийм биш ээ. Есүс гэм нүгэлгүй учир ариусах шаардлага байгаагүй (Евр. 7:26; 9:14). Гэхдээ Аарон биеэ угааж ариусгадаг байсан нь Есүсийн цэвэр ариун, зөв шударга байдлыг төлөөлдөг. Аароны хөвгүүдийг угаадаг байсан нь юуг бэлгэддэг вэ?

4 Энэ нь тэнгэрт тахилчаар үйлчлүүлэхээр сонгосон хүмүүс буюу тослогдсон христиануудыг цэвэрлэн ариусгахыг бэлгэддэг. Тэднийг ариусгах гэдэг нь баптисм хүртсэнийг нь хэлж байна уу? Үгүй. Баптисм нүглийг арилгадаггүй, харин Ехова Бурханд өөрийгөө бүрэн зориулсныг харуулдаг. Тэгвэл тослогдсон христианууд ариусгагдсан гэдгийг юу гэж ойлгох вэ? Тэд «үгээр дамжуулан» угаагдах буюу Христийн сургаалыг ямар ч үед чин сэтгэлээсээ дагах ёстой. Ингэдэг бол ариусгагдсан гэсэн үг (Еф. 5:25–27). «Өөр хонинуудын» тухайд юу хэлэх вэ? (Иох. 10:16, ШГ).

5. Өөр хонинуудыг яагаад Бурхны Үгээр угаагдаж ариусгагдсан гэж хэлж болох вэ?

5 Аароны хөвгүүд Есүсийн «өөр хонинуудын» нэг хэсэг болох «үй олон хүнийг» төлөөлдөггүй (Илч. 7:9). Гэхдээ өөр хонинууд ч Бурхны Үгээр угаагдаж ариусгагддаг. Дэлхийд амьдрах найдвартай тэд Есүсийн асгаруулсан цусны ач тус, үр нөлөөний тухай Библиэс уншаад итгэж, «өдөр шөнөгүй [Еховад] үйлчилдэг» болсон (Илч. 7:13–15). Тослогдогсод болон өөр хонинууд Бурхны Үгээр өөрсдийгөө байнга угааж ариусгадаг учраас «биеэ зөв авч явдаг» (1 Петр 2:12). Хоньчин Есүсээ дуулгавартай дагаж, үнэнч үйлчилдэг тэдний цэвэр ариун, эв нэгдэлтэй байгааг Ехова хараад хэчнээн их баярладаг бол оо!

6. Өөрийгөө шалгах нь ямар ашигтай вэ?

6 Израилийн тахилчид биеийн ариун цэвэр сахих хуультай байсан нь Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд онцгой ач холбогдолтой. Бид цуглаан болдог газраа цэвэр цэмцгэр байлгаж, өөрсдөө ч ариун цэвэр сахин, аятайхан хувцасладаг. Биднээр Библийн хичээл заалгадаг хүмүүс үүнийг байнга ажигладаг. Тахилчид биеэ угаадаг байсан нь бас нэг чухал зүйлийг ойлгуулдаг. Еховаг шүтэхийг хүсдэг хэн боловч «ариун зүрхтэй» байх ёстой (Дуулал 24:3, 4-ийг уншина уу; Ис. 2:2, 3). Өөрөөр хэлбэл, Бурханд үйлчлэхдээ биеэ цэвэр байлгадаг шигээ бодол санаа, зүрх сэтгэлээ бас цэвэр ариун байлгах ёстой. Үүний тулд өөрийгөө байнга шалган, шаардлагатай бол засарч өөрчлөгдөх нь зүйтэй. Ингэвэл ариун байна (2 Кор. 13:5). Жишээ нь, баптисм хүртсэн мөртлөө порно үздэг зуршилтай хүн: «Би ариун байж чадаж байна уу?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд бузар зуршлаа хаяхын тулд тусламж авах шаардлагатай (Иак. 5:14).

ДУУЛГАВАРТАЙ БАЙГТУН

7. Есүс ямар жишээ үлдээсэн бэ?

7 Израильд тахилчийн үйлчлэл бий болоход тэргүүн тахилч Аарон болон түүний хөвгүүдийн баруун чих, баруун хөл гарын эрхий хуруунд хуцын цус нялдаг байжээ (Левит 8:22–24-ийг уншина уу). Тахилчид дуулгавартай байж, үүрэг даалгавраа биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх ёстойг энэ зан үйл харуулдаг байв. Үүнтэй адилаар, Тэргүүн Тахилч Есүс тослогдогсод болон өөр хонинуудад төгс жишээ үлдээжээ. Тэрбээр Бурхны зааврыг дуулгавартай дагаж, хүсэл тааллыг нь дуртайяа биелүүлж, цэвэр ариун замаараа тууштай явсан (Иох. 4:31–34).

8. Еховагийн үйлчлэгчид яах ёстой вэ?

8 Тослогдсон христианууд болон өөр хонинууд Тэргүүн Тахилчийнхаа мөрөөр явж үнэнч байх ёстой. Еховад үйлчилдэг хэн боловч Библид байдаг удирдамж зааврыг дуулгавартай дагах учиртай. Ингэдэг бол Бурхнаар удирдуулж байна гэсэн үг (Еф. 4:30). Тэгээд «өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавих» буюу тууштай явах хэрэгтэй (Евр. 12:13).

9. Удирдах Зөвлөлийн гишүүдтэй хамт ажиллаж байсан гурван ах юу ярьсан бэ? Үргэлж ариун байхад тань тэдний хэлсэн үг ямар ач холбогдолтой вэ?

9 Удирдах Зөвлөлийн гишүүдтэй олон жил хамтран ажилласан, дэлхийд амьдрах найдвартай гурван ах сэтгэлийн үгээ ийн хэлсэн юм. Нэг нь: «Тослогдсон христиануудтай хамт үйлчлэх нь үнэхээрийн хосгүй завшаан ч гэлээ тэд төгс бус гэдэг нь үе үе харагддаг. Гэхдээ би удирдах үүрэгтэй тэр хүмүүст дуулгавартай байхыг зорилгоо болгож ирсэн» гэсэн юм. Хоёр дахь нь: «Удирдах үүрэг хүлээсэн хүмүүст дуулгавартай байж, хамтран ажиллахад Христэд дуулгавартай байх тухай бичсэн 2 Коринт 10:5 гэх зэргийн зүйлүүд надад тус болдог. Чин сэтгэлээсээ дуулгавартай байна гэсэн үг шүү дээ» хэмээн ярьж байна. Гурав дахь нь: «Бид Еховагийн хайрладаг бүхнийг хайрлаж, жигшдэг бүхнийг жигшдэг байх хэрэгтэй. Бас удирдамж зааврыг нь байнга эрж хайж, таалалд нь нийцэх зүйлийг хийх ёстой. Ингэхийн тулд Еховагийн байгууллага болон удирдах үүрэгтэй хүмүүст дуулгавартай байх учиртай» гэжээ. Энэ ах Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Нейтан Норроос их юм сурчээ. Жишээлбэл, 1925 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд «Үндэстэн бий болсон нь» гэдэг өгүүлэл гарчээ. Зарим хүн тэр өгүүллийг уншаад эргэлзэж байхад, Нейтан Норр шууд л хүлээж авсан гэдэг. Ийнхүү дуулгавартай байгааг нь дээрх ах хараад биширчээ. Энэ гурван Гэрчийн хэлсэн үгийг эргэцүүлэн бодох нь Еховад дуулгавартай байхад тустай. Ингэвэл ариун байна.

ЦУСНЫ ТАЛААРХ БУРХНЫ ХУУЛИЙГ САХИГТУН

10. Цусны талаарх Бурхны хуулийг сахих нь хэр чухал бэ?

10 Левит 17:10-ыг уншина уу. Ехова израильчуудад цус идэж болохгүй гэсэн тушаал өгсөн билээ. Христианууд бас цусыг цээрлэх ёстой (Үйлс 15:28, 29). Бид Бурхныхаа дургүйг хүргэх юм хийж, сайшаалыг нь алдах вий гэхээс айдаг. Еховаг хайрладаг учраас үргэлж дуулгавартай байхыг хичээдэг. Еховаг хайрладаггүй, хууль тушаалыг нь мэддэггүй хүмүүс хэчнээн ятгаж дарамталлаа ч, амь нас маань хутганы ирэн дээр байлаа ч бид бууж өгөхгүй. Цусыг цээрлэдгээсээ болоод бусдын элэг доог болохоо мэддэг ч Бурхандаа дуулгавартай байхаар эргэлт буцалтгүй шийдсэн (Иуда 17, 18). Цус идэхгүй, сэлбүүлэхгүй гэсэн шийдвэрээсээ яавал няцахгүй вэ? (Д.хууль 12:23).

11. Жил бүрийн Эвлэрүүллийн өдрөөр хийдэг зүйл зүгээр нэг зан үйл байсан уу? Тайлбарлана уу.

11 Эрт үед Израилийн тэргүүн тахилч жил бүрийн Эвлэрүүллийн өдрөөр амьтны цусыг хэрэглэдэг байжээ. Бурхан цусны талаар юу гэж үздэгийг энэ зан үйлээс ойлгож болно. Цусыг тусгай зорилгоор буюу Еховагаас өршөөл хүртэхийг хүсдэг хүмүүсийн нүглийг цайруулахын тулд хэрэглэдэг байсан. Яаж хэрэглэдэг байсан бэ? Бух, ямааны цусыг гэрээний авдар луу цацдаг байжээ (Лев. 16:14, 15, 19). Үүний дүнд израильчууд нүглээ уучлуулах боломжтой болдог байв. Түүнчлэн хүнсэнд хэрэглэх зорилгоор амьтан албал цусыг нь газар асгаж шороогоор булах ёстой гэжээ. «Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг» (Лев. 17:11–14). Энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй зан үйл байсан уу? Үгүй. Эвлэрүүллийн өдрөөр цус хэрэглэх, цусыг газар асгах тушаал Ноа ба түүний үр удамд өгсөн цусны тухай тушаалтай тохирдог (Эх. 9:3–6). Амьд явахын тулд цус хэрэглэхийг Ехова Бурхан хоригложээ. Тэгвэл христиануудын хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

12. Паул еврей христиануудад бичсэн захидалдаа цусны ач холбогдлын талаар юу гэж хэлсэн бэ?

12 Цус ямар ач холбогдолтойг элч Паул еврей христиануудад тайлбарлан «Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй» хэмээн бичжээ (Евр. 9:22). Бас амьтнаар өргөдөг тахил нь тодорхой хэмжээгээр үнэ цэнэтэй ч израильчуудад нүгэлтэйг нь сануулах зорилготойг онцолжээ. Нүглээсээ бүрмөсөн ангижрахад өөр зүйл хэрэгтэй ажээ. Тиймээс Мосегийн хууль бол «ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь» байсан (Евр. 10:1–4). Нүглийг бүрэн цайруулахад юу хэрэгтэй вэ?

13. Есүс цусаа асгаруулж бидний нүглийг цайруулсныг бодохлоор танд ямар санагддаг вэ?

13 Ефес 1:7-г уншина уу. Есүс Христ бидний төлөө «Өөрийгөө тушаасан» билээ. Энэ нь Ехова Есүс хоёрыг хайрладаг бүх хүнд ач холбогдолтой (Гал. 2:20). Гэхдээ амилсныхаа дараа хийсэн зүйл нь биднийг нүглээс жинхэнэ утгаар чөлөөлсөн. Мосегийн хуулийн дагуу, тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдрөөр тахилын амьтны цуснаас авч мөргөлийн асрын, хожим нь Соломоны сүмийн Ариунаас ариун газарт ороод өнөөх цусаа бэлгэдлийн утгаар Бурханд өргөдөг байсан (Лев. 16:11–15). Үүнтэй адилаар, Есүс тэнгэрт очиж, цусныхаа үнэ цэнийг Еховад өргөн барьсан (Евр. 9:6, 7, 11–14, 24–28). Есүсийн асгаруулсан цус нүглийг цайруулах хүчтэй гэдэгт итгэдгээ бид үйл хэргээрээ харуулдаг. Тийм учраас нүглээ уучлуулж, цэвэр мөс чанартай болсондоо баярладаг.

14, 15. Цусны талаарх Еховагийн хуулийг ойлгож, дуулгавартай дагах нь яагаад чухал бэ?

14 Ехова ямар учраас цус идэж болохгүй гэж тушаасныг та одоо илүү сайн ойлгодог болсон уу? (Лев. 17:10). Мөн цусыг ямар учраас ариун гэж үздэгийг ойлгосон уу? Ехова цусыг амьтай тэнцүү гэж үздэг (Эх. 9:4). Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, цусыг цээрлэх тушаалыг дагах нь амин чухал. Яагаад гэвэл Есүсийн золиосолсон амь нүглийг цайруулах хүчтэй гэдэгт итгэж, асгаруулсан цус нь Бүтээгчид онцгой хамаатайг ойлгох нь Еховатай эвлэрэх цорын ганц арга юм (Кол. 1:19, 20).

15 Бидний хэнд ч цустай холбоотой асуудал гэнэт гарч мэднэ. Эсвэл гэрийнхний маань хэн нэг нь юм уу дотны найз маань цус сэлбүүлэх үү, үгүй юү гэдэг асуудалтай тулгарч болох юм. Ийм эгзэгтэй үед цусны жижиг хэсгийг хэрэглэх эсэхээ, ямар эмчилгээ хийлгэхээ шийдэх шаардлагатай болдог. Тийм учраас, энэ талын мэдээлэл олж авч, гэнэтийн явдалд бэлдэх нь маш чухал. Ингэхдээ залбирвал зөв шийдвэр гаргаж, тууштай байж чадна. Библид буруушаадаг эмчилгээ хийлгэж Бурхнаа гомдоохыг хэн маань ч хүсэхгүй! Цус хүний амийг авардаг гэж үздэг эмч, мэргэжилтнүүд цусаа өгөхийг хүмүүст уриалдаг. Гэхдээ Бүтээгч л цусыг хэрхэн хэрэглэхийг зааж зааварлах эрхтэйг Еховагийн үйлчлэгчид хүлээн зөвшөөрдөг. Ехова ямар ч цусыг ариун гэж үздэг. Тиймээс цусны талаарх Бурхны хуулийг сахина гэж эргэлт буцалтгүй шийдэцгээе. Бас биеэ зөв авч яван бүх талаар цэвэр ариун байцгаая. Ингэдэг бол Есүсийн цус амь аврах хүчтэй гэж бат итгэдгээ Еховад батлан харуулна. Энэ л цус хүмүүсийн нүглийг уучлуулж, мөнх амьдрах боломж олгодог (Иох. 3:16).

Та цусны талаарх Еховагийн хуулийг дагахаар эргэлт буцалтгүй шийдсэн үү? (14, 15-р догол мөрийг үзнэ үү)

ЕХОВА БИДНЭЭС АРИУН БАЙХЫГ ШААРДДАГИЙН УЧИР

16. Еховагийн ард түмэн яагаад ариун байх ёстой вэ?

16 Бурхан израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөхдөө «Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой» гэжээ (Лев. 11:45). Ехова ариун учраас Израилийн ард түмэн ариун байх ёстой байв. Еховагийн Гэрчүүд бид бас ариун байх ёстой. Ариун байхын чухлыг «Левит» номд тодорхой бичсэн байдаг.

17. «Левит» номын зарим хэсгийг судлаад танд ямар санагдсан бэ?

17 Энэ өгүүллээр «Левит» номын зарим хэсгээс ярилцлаа. Бидэнд үнэхээр ач тустай байлаа. Та Бурхны бичүүлсэн Библийн энэ номыг бүр ч их үнэлж эрхэмлэдэг болсон биз ээ. Яагаад ариун байх ёстойг илүү сайн ойлгодог болсон нь эргэлзээгүй. Өөр ямар үнэт эрдэнэсийг энэ номоос олж болох вэ? Еховад үйлчлэхдээ цэвэр ариун байх талаар өөр юу мэдэж болох вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.