Skip to content

Гарчиг руу орох

Бид бүх талаар ариун байх ёстой

Бид бүх талаар ариун байх ёстой

«Бүх л зан байдалдаа ... ариун байгтун» (1 ПЕТР 1:15).

1, 2. а) Ехова ард түмнээсээ юу хүсдэг вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

 ЭЛЧ Петр Еховагийн удирдлагаар христиануудад бичсэн захидалдаа «Левит» номоос иш татаж, эртний израильчуудын адилаар ариун байх ёстойг онцолжээ (1 Петр 1:14–16-г уншина уу). «Ариун Нэгэн» болох Ехова тослогдогсод болон «өөр хонинуудыг» зарим нэг талаар биш, бүх талаар ариун байхын тулд чадах бүхнээ хийгээсэй гэж хүсдэг (Иох. 10:16, ШГ).

2 Энэ өгүүллээр, «Левит» номд агуулагддаг үнэт эрдэнэсийг үргэлжлүүлэн олборлоё. Сурч мэдсэнээ ажил хэрэг болгох нь бүх талаар ариун байхад тустай. Түүнчлэн дараах асуултын хариуг авъя. Бурхны тушаалыг зөрчих аюулаас хэрхэн сэрэмжлэх вэ? Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих талаар «Левит» номоос юу мэдэж болох вэ? Израильчуудын өргөдөг байсан тахил бидэнд ямар ач холбогдолтой вэ?

БУРХНЫ ТУШААЛЫГ ЗӨРЧИХ АЮУЛААС СЭРЭМЖЛЭХ

3, 4. а) Христианууд Библийн хууль, зарчмыг зөрчих аюулаас яагаад зайлсхийх ёстой вэ? б) Өс хонзон санахгүй, уур хорсол өвөрлөхгүй байх ёстойн учир юу вэ?

3 Еховаг баярлуулъя гэвэл хууль, зарчмыг нь чанд баримтлах ёстой. Тэдгээрийг зөрчихөд хүргэх хандлага, үзэл бодолтой болохоос сэрэмжлэх нь чухал. Бид Мосегийн хуулийг сахидаггүй ч Еховагийн санаанд юу таардаг, юу таардаггүйг ойлгоход энэ хууль тус дөхөм болдог. Жишээ нь, Ехова израильчуудад тушаахдаа «Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН» гэсэн байдаг (Лев. 19:18).

4 Ехова биднийг өс хонзон санахгүй, уур хорсол өвөрлөхгүй байгаасай гэж хүсдэг (Ром 12:19). Бурхны тогтоосон хууль, зарчмыг үл тоомсорловол Диаволыг баярлуулж, Еховагийн нэрийг гутаана. Хүн санаатайгаар биднийг гомдоосон байлаа ч уурлаж хорсон өөрийгөө хөнөөхгүй байя. Библид биднийг үйлчлэл хэмээх баялгийг тээж яваа «шавар савтай» зүйрлэсэн байдаг (2 Кор. 4:1, 7). Ийм саванд уур хорсол хадгалахыг бид яасан ч хүсэхгүй. Уур хорсол бол хадгалсан саваа гэмтээдэг хүчил юм.

5. Аароны гэр бүлд тохиолдсон явдлаас ямар сургамж авч болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Левит 10:1–11-д Аароны гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг. Ехова тэнгэрээс гал буулгаж Аароны хөвгүүд болох Надаб Абиху нарыг хөнөөжээ. Дараа нь Аарон болон түүний гэр бүлийнхэнд тэдний хойноос огтхон ч гашуудаж болохгүй хэмээн тушаасан. Итгэл сорьсон ямар бэрх тушаал бэ! Гэрийнхэн юм уу итгэл нэгтний тань хэн нэг нь хурлаас хасагдсан бол та ариун байхын тулд тэднээс зай барьдаг уу? (1 Коринт 5:11-ийг уншина уу).

6, 7. а) Хуримын арга хэмжээнд оролцох эсэхээ шийдэхдээ юун тухай бодох нь зүйтэй вэ? (Зүүлтийг үзнэ үү). б) Гэрч биш хамаатнуудынхаа хуримд оролцож чадахгүйгээ хэрхэн тайлбарлах вэ?

6 Аарон болон түүний гэр бүлийнхэнд тулгарсан шиг тийм хүнд сорилт бидэнд тулгарахгүй байж магадгүй. Гэхдээ Гэрч биш хамаатан маань хуримдаа уривал яах вэ? Очиж болохгүй гэсэн тодорхой хууль тушаал Библид байдаггүй ч яах ёстойгоо шийдэхэд тус болох зарчмуудыг бодох хэрэгтэй. *

7 Еховаг баярлуулж ариун байх гэсэн биднийг Гэрч биш хамаатнууд маань ойлгож чадахгүй, гайхширч болох юм (1 Петр 4:3, 4). Тэднийгээ гомдоохгүйн тулд эвтэйхэн бөгөөд шулуухан ярилцах нь сайн. Болж өгвөл, тухайн арга хэмжээ болохоос бүр өмнө ярилцах хэрэгтэй. Эхлээд, хуримдаа урьсанд нь баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Дараа нь, Библийн зарчимд харшлах шашны зан үйлд оролцох боломжгүйгээ тайлбарлаад, амьдралд ганц тохиох жаргалтай өдрөөр нь тэднийг болон зочдыг нь эвгүй байдалд оруулмааргүй байгаагаа хэлэх хэрэгтэй. Энэ бол итгэл үнэмшил, баримталдаг зарчмаа зөрчихөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм.

ЕХОВАГИЙН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ МЭДЛИЙГ ДЭМЖИХ

8. «Левит» номд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хэрхэн онцолдог вэ?

8 «Левит» номд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг онцолсон, хуулийн 30 гаруй заалт бий. Эдгээр заалтыг Бурхан өгснийг Мосе ухамсарладаг байсан бөгөөд тушаасан бүхнийг нь ёсоор гүйцэтгэдэг байв (Лев. 8:4, 5). Бид бас орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн тушаалыг ямагт биелүүлэх учиртай. Энэ үүргээ биелүүлэхэд Бурхны байгууллага ихээхэн тус болдог. Хэр зэрэг итгэлтэй маань дэргэд хүн байхгүй үед шалгагдаж болох юм. Есүс цөлд ганцаараа байхдаа соригдсон шүү дээ (Лук 4:1–13). Бурханд найдаж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмждэг бол хэний ч ятгалгад автаж Библийн зарчимд харш юм хийхгүй. Бас хэнээс ч, юунаас ч айхгүй (Сур. 29:25).

9. Бурхны ард түмнийг бүх үндэстэн үзэн яддагийн учир юу вэ?

9 Христийн дагалдагч, Еховагийн Гэрч биднийг дэлхийн өнцөг булан бүрд хавчиж хяхдаг. Ингэх ч болно гэдгийг Есүс шавь нартаа сануулж байсан билээ. Тэрбээр: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэжээ (Мат. 24:9). Бид хүмүүст үзэн ядагддаг ч Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхээ больдоггүй. Бас бүх талаар цэвэр ариун байхыг цаг үргэлж хичээдэг. Хуулиа сахиж, үнэнч шударга байдаг атал биднийг яагаад үзэн яддаг юм бол оо? (Ром 13:1–7). Хэмжээгүй эрхт Эзэн Еховад дуулгавартай байдаг учраас тэр юм! Бид «зөвхөн Түүнд үйлчилдэг» бөгөөд хууль, зарчмыг нь яасан ч зөрчихгүй байхаар хатуу шийдсэн (Мат. 4:10).

10. Төвийг сахих байр сууриасаа няцсан Гэрч эрэгтэйд юу тохиолдсон бэ?

10 Түүнээс гадна, бид «ертөнцийнх биш» учраас төвийг сахиж цэрэг дайн, улс төрд оролцдоггүй (Иохан 15:18–21; Исаиа 2:4-ийг уншина уу). Бурханд өөрийгөө зориулсан хүмүүсийн дунд төвийг сахих байр сууриасаа няцсан ч гэмшээд, өршөөнгүй сэтгэлтэй тэнгэрийн Эцэгтэйгээ дахин эвлэрсэн хүмүүс байдаг (Дуу. 51:17). Гэмшээгүй хүмүүс ч мэр сэр бий. Жишээ авъя. Дэлхийн ІІ дайны үед Унгарын шоронгуудад хилсээр хоригдсон Гэрч эрчүүд олон байсан. Албаны хүмүүс 45-аас доош насны 160 хүнийг тэднээс сонгон авч нэг жижиг хотод цуглуулаад цэрэгт явахыг тушаажээ. Ихэнх нь татгалзсан ч 9 хүн байр сууриасаа няцаж, цэргийн тангараг өргөн, дүрэмт хувцас авч өмссөн байна. Хоёр жилийн дараа тэдний нэг нь Гэрчүүдийг буудан хороох тушаал авчээ. Гэтэл үнэнч тэр Гэрчүүдийн дунд төрсөн ах нь байсан гэнэ! Аз болоход, аймшигт явдал бололгүй өнгөрчээ.

ЕХОВАД ХАМГИЙН САЙНЫГАА ӨГӨХ

11, 12. Эртний израильчуудын өргөдөг байсан тахил өнөөгийн христиануудад ямар ач холбогдолтой вэ?

11 Мосегийн хуульд зааснаар израильчууд янз бүрийн тахил өргөх ёстой байв (Лев. 9:1–4, 15–21). Есүсийн төгс тахилыг бэлгэддэг тэдгээр тахил нь өө сэвгүй байх учиртай ажээ. Бас ямар ч тахилыг өргөхдөө нарийн дэг жаяг сахина. Жишээ нь, эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа яах ёстой байсныг авч үзье. Левит 12:6-д «Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм» гэжээ. Юу хийхийг нарийн заасан ч Ехова хайрын сэтгэлтэй, юманд наанатай цаанатай ханддагийг уг хуулиас мэдэж болно. Хэрэв хүүхэд төрүүлсэн эмэгтэй хонь өргөж чадахааргүй ядуу бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа авчирж болдог байв (Лев. 12:8). Ехова тэр эмэгтэйг илүү үнэтэй амьтнаар тахил өргөсөнтэй адилд тооцож, үнэлж хүндэтгэдэг байсан. Эндээс юу ойлгож болох вэ?

12 Бурханд «магтаалын тахил» өргөхийг элч Паул христиануудад уриалжээ (Евр. 13:15). Бид Еховагийн ариун нэрийг хүмүүст тунхаглан магтаалын тахил өргөдөг. Сонсголгүй итгэл нэгтнүүд маань дохионы хэлээр Бурхнаа магтан алдаршуулдаг. Гэрээс гарч чаддаггүй Гэрчүүд захиагаар, утсаар дэлгэрүүлэх юм уу өөрийг нь эргэж тойрохоор ирсэн хүмүүст Бурхныхаа тухай ярьдаг. Еховад хэр их магтаалын тахил өргөх нь эрүүл мэнд, авьяас чадвараас шалтгаалах боловч бид чадах бүхнээ хийх ёстой (Ром 12:1; 2 Тим. 2:15).

13. Бид яагаад дэлгэрүүлэх ажлын тайлан өгөх ёстой вэ?

13 Бид Еховаг хайрладаг учраас магтаалын тахил сайн дураараа өргөдөг (Мат. 22:37, 38). Гэхдээ дэлгэрүүлэх ажилд хэрхэн оролцсоноо тайлагнах учиртай. Үүнд яаж хандах ёстой вэ? Сар бүр тайлан өгдөг нь хэр сүсэгтэй буюу Бурханд үнэнчийг маань илтгэдэг (2 Петр 1:7). Гэхдээ тайландаа их тоо бичихийн тулд олон цагаар дэлгэрүүлдэг юм биш ээ. Өндөр нас, эрүүл мэндийн улмаас удаан дэлгэрүүлж чаддаггүй бол 15 минутыг ч тайландаа бичиж болно. Чадах бүхнээ хийсэн болохоор үүнийг Ехова өндөр үнэлнэ. Бас тэр хүний хайрыг мэдэрч, Гэрч нь байхыг үнэхээр хүсдэгийг ойлгодог. Эрт үед ядуу израильчууд үнэтэй тахил өргөж чадахгүй ч жижиг амьтнаар тахил өргөдөг байсны адил зарим христиан чадал бололцоо муутай хэдий ч дэлгэрүүлэх ажлынхаа тайланг өгдөг. Манай байгууллага дэлхийн өнцөг булан бүрд буй дэлгэрүүлэгчдийн өгсөн тайланг нэгтгээд нийт дүнг гаргадаг. Үүнд үндэслэн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын цаашдын төлөвлөгөөг боловсруулдаг. Дэлгэрүүлэх ажлаа тайлагнадаг маань ийм учиртай.

БИБЛИ СУДЛАХ ХЭВШИЛТЭЙ БАЙЖ, МАГТААЛЫН ТАХИЛ ӨРГӨХ

14. Библи судлах хэвшилтэй эсэхээ яагаад шалгах хэрэгтэй вэ?

14 «Левит» номд үнэ цэнэтэй эрдэнэс агуулагддагийг мэдэж авлаа. Энэ номыг ямар учраас Бурхны Үгэнд оруулсныг одоо та илүү сайн ойлгосон биз ээ (2 Тим. 3:16). Зөвхөн Ехова шаарддаг учраас бус, түүнийг баярлуулах гэсэндээ ариун байхаар хатуу шийдсэн нь лавтай. Энэ хоёр өгүүллээр «Левит» номын тухай үзээд, Библийн бусад номыг ч нямбай судлах хүсэл тань оргилсон байх (Сургаалт үгс 2:1–5-ыг уншина уу). Библи судлах хэвшилтэй эсэхээ залбирч байгаад шалгаж үзээрэй. Магтаалын тахилыг маань Ехова хүлээж аваасай гэж та хүсдэг нь мэдээж. Еховатай дотносоход тань телевизийн хөтөлбөр, видео тоглоом, спорт, хобби гэх зэргийн зүйл саад болдог юм биш биз? Тийм бол «Еврей» номд элч Паул юу бичсэнийг эргэцүүлэн бодох нь тустай.

Та Гэр бүлийн хичээл хийх, Библи судлахыг хэр чухалд үздэг вэ? (14-р догол мөрийг үзнэ үү)

15, 16. Паул еврей христиануудад яагаад шулуухан хэлсэн бэ?

15 Паул еврей христиануудад бичсэн захидалдаа тэднийг аашилж загнаагүй ч «хатуу чихтэй болсныг» нь шулуухан хэлсэн байдаг (Еврей 5:7, 11–14-ийг уншина уу). Яагаад илэн далангүй хэлсэн юм бол? Еховагийн адилаар тэднийг хайрласандаа зөвхөн сүүгээр буюу Библийн үндсэн мэдлэгээр амиа зогоож байгаад нь санаа зовжээ. Үндсэн сургаалыг ойлгох нь чухал хэдий ч төлөвшсөн христиан болохын тулд «бор хоол» идэх буюу гүн утгатай сургаалыг судалж мэдэх хэрэгтэй.

16 Еврей христианууд бусдад заах ёстой боловч өөрсдөө заалгах шаардлагатай болжээ. Яагаад гэвэл тэд «бор хоол» идэхээс хойш сууж байлаа. Дараах асуултыг өөртөө тавиарай. «Би гүн утгатай сургаалыг үнэлж эрхэмлэдэг үү? Судлах дуртай юу? Эсвэл залбирч, Библиэ нямбай судлахаас хойш суудаг уу? Тэгдэг бол судлах хэвшилтэй болох талаар анхаарах хэрэгтэй юм биш биз?». Бид хүмүүст дэлгэрүүлээд зогсохгүй тэдэнд зааж сурган, шавь болгох ёстой (Мат. 28:19, 20).

17, 18. а) Бор хоол байнга идэх ёстойн учир юу вэ? б) Цуглаанд очихоосоо өмнө согтууруулах ундаа хэрэглэх талаар ямар үзэл бодолтой байх ёстой вэ?

17 Библийг нямбай судлах нь олон хүнд амаргүй байдаг. Мэдээж, Ехова үйлчлэгчдээ албаддаггүй. Гэхдээ Бурханд хэр удаан үйлчилж байгаагаас үл хамааран, бид бүгдээрээ «бор хоолыг» тогтмол идэх учиртай. Үргэлж ариун байя гэвэл энэ нь туйлын чухал.

18 Ариун байхын тулд Судрыг нямбай судалж, Бурхан биднээс юу хүсэж байгааг мэдэх ёстой. Согтуу байхдаа «ёс бус гал» өргөөд цаазлуулсан Аароны хөвгүүд болох Надаб Абиху нарын тухай бодоод үзье (Лев. 10:1, 2). Тэрхүү явдлын дараа Бурхан Ааронд юу гэж хэлснийг анхаараарай (Левит 10:8–11-ийг уншина уу). Эндээс харвал, цуглаанд очихоосоо өмнө согтууруулах ундаа ууж огт болохгүй гэсэн үг үү? Дараах зүйлийг бодоорой. Христианууд Мосегийн хуулийг сахидаггүй (Ром 10:4). Зарим орны итгэл нэгтнүүд маань цуглаанд явахаасаа өмнө хоол идэхдээ бага зэргийн согтууруулах ундаа уудаг. Эртний израильчууд Дээгүүр өнгөрөх баяраар дөрвөн аяга дарс уудаг байсан. Есүс Оройн зоог хэмээх баярыг санаачлан тэмдэглэхдээ цусыг нь төлөөлдөг дарсыг элч нартаа өгч уулгасан (Мат. 26:27). Хэтэрхий их ууж согтуурахыг Библид буруушаадаг (1 Кор. 6:10; 1 Тим. 3:8). Еховагийн нэртэй холбоотой үйл хэрэгт оролцохоосоо өмнө архи дарс уухыг дотор хүн нь зөвшөөрдөггүй христиан олон байдаг. Гэхдээ улс орон болгонд нөхцөл байдал харилцан адилгүйг бодох нь зүйтэй. Хамгийн гол нь христианууд «ариун» «бузар» хоёрыг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тэгсэн цагт ариун байж, Еховаг баярлуулах шийдвэр гаргана.

19. а) Гэр бүлийн хичээл хийх, бие даан судлахдаа яах хэрэгтэй вэ? б) Үргэлж ариун байхын тулд та яахаар шийдсэн бэ?

19 Бурхны Үгийг нямбай судалдаг бол олон сайхан зарчмыг мэдэж авна. Гэр бүлийн хичээл болон бие даасан судлалынхаа чанарыг сайжруулахын тулд судлахад зориулсан гарын авлага, хэрэгслийг сайн ашиглаарай. Еховагийн тухай, санаа зорилгынх нь тухай илүү ихийг мэдэж аваарай. Еховатай улам дотно болоорой (Иак. 4:8). Дуулалчийн адилаар «Таны хуулийн гайхамшигт зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нээгээч» гэж залбирч байгаарай (Дуу. 119:18). Библийн тушаал, зарчмуудыг яасан ч бүү зөрчөөрэй. «Ариун Нэгэн» болох Еховагийн хуулийг дуртайяа дагаж, «Бурханы сайн мэдээг тунхаглах» ажилд идэвхтэй оролцож байгаарай (1 Петр 1:15; Ром 15:16). Эцсийн өдрүүдийн энэ хэцүү цагт үргэлж ариун байгаарай. Бүх талаар ариун байж, ариун Бурхан Еховагийнхаа хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж явцгаая.

^ «Бурхны хайр» номын 158, 159-р хуудсан дахь «Ухаалаг шийдвэр гаргах нь» гэсэн хавсралт үзнэ үү.