Skip to content

Гарчиг руу орох

«Та нар одоо Бурханы ард түмэн»

«Та нар одоо Бурханы ард түмэн»

«Та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ» (1 ПЕТР 2:10).

1, 2. МЭ 33 оны Пентекостын өдөр Ехова ямар өөрчлөлт хийсэн бэ? Хэн Еховагийн шинэ ард түмний тоонд багтах болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 МЭ 33 оны Пентекостын өдөр Ехова маш том өөрчлөлт хийжээ. Тэрбээр үйлдэх хүчээрээ хүмүүсийг цуглуулж шинэ үндэстнийг зохион байгуулаад, «Бурханы Израиль» гэж нэрлэсэн (Гал. 6:16). Бурхны ард түмний дундах эрчүүд Абрахамын үеэс хойш анх удаа хөвч хөндүүлэх шаардлагагүй болсон. Харин шинэ үндэстний гишүүн бүр Бурхны агуу хүчээр зүрх сэтгэлдээ хөвч хөндүүлэх учиртайг Паул бичжээ (Ром 2:29).

2 Бурхны шинэ үндэстнийг бүрдүүлсэн анхны гишүүд нь Христийн элч нар болон зуу гаруй шавь нь байлаа. Тэд Иерусалим дахь нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд цуглаан хийж байжээ (Үйлс 1:12–15). Бурхан тэдэнд үйлдэх хүчээ өгснөөр тэд Бурхны хүүхдүүд болцгоосон (Ром 8:15, 16; 2 Кор. 1:21). Христийн зуучилсан, цусаараа баталсан шинэ гэрээ хүчин төгөлдөр болсныг энэ явдал харуулсан (Лук 22:20; Еврей 9:15-ыг уншина уу). Есүсийн шавь нар ийнхүү Еховагийн шинэ үндэстэн, шинэ ард түмэнд тооцогдох болжээ. Тэд Бурхны агуу хүчийг аваад янз бүрийн хэлээр ярих чадвартай болсон. Долоо хоногуудын баяр буюу Пентекостын өдрийг тэмдэглэхээр Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн иудейчүүд болон гадаадынхан тэдний ачаар «Бурханы агуу үйлсийн тухай» эх хэлээрээ сонсжээ (Үйлс 2:1–11).

БУРХНЫ ШИНЭ АРД ТҮМЭН

3-5. а) Пентекостын өдөр Петр иудейчүүдэд юу гэж ярьсан бэ? б) Шинэ үндэстэн бий болсон цагаасаа хүрээгээ хэрхэн тэлсэн бэ?

3 Ехова элч Петрт иудейчүүд болон иудейн шашин шүтдэг гадаадынханд шинэ үндэстэн буюу христиан хурлын гишүүн болох үүдийг нээх даалгавар өгчээ. Пентекостын өдөр Петр иудейчүүдэд зоригтой дэлгэрүүлж, «Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосон» гээд Есүсийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхийг уриалсан. Цугласан олон үүнийг сонсоод юу хийх ёстойгоо асуухад тэрбээр: «Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлэг авах болно» хэмээн хариулсан (Үйлс 2:22, 23, 36–38). Тэр өдөр «Бурханы Израиль» 3 000 орчим хүнээр хүрээгээ тэлжээ (Үйлс 2:41). Элч нар ч идэвхтэй дэлгэрүүлж, үнэнийг хүлээж авах хүний тоо ч нэмэгдэж байлаа (Үйлс 6:7). Ийнхүү шинэ үндэстэн эгнээгээ бэхжүүлсээр байв.

4 Дараа нь Есүсийн шавь нар самаричуудад дэлгэрүүлж эхэлжээ. Сайн мэдээ тунхаглагч Филип олон самари хүнд баптисм хүртээв. Гэвч тэд Бурхны үйлдэх хүчийг тэр даруйдаа аваагүй. Элч Петр Иохан нар Иерусалим дахь удирдах зөвлөлөөс томилогдож ирээд «тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа» (Үйлс 8:5, 6, 14–17). Ингээд самаричууд бас Бурхны Израилийн тослогдсон гишүүд болцгоожээ.

Петр Корнелын гэр бүлийнхэнд дэлгэрүүлсэн нь (5-р догол мөрийг үзнэ үү)

5 МЭ 36 онд Ехова Петрээр бас нэг даалгавар гүйцэтгүүлжээ. Петр шинэ үндэстний эгнээнд элсэх урилгыг өөр хүмүүст өгсөн. Энэ явдал Петрийг Ромын цэргийн дарга Корнел болон түүний төрөл садан, найз нөхдөд дэлгэрүүлэхэд болсон юм (Үйлс 10:22, 24, 34, 35). Элчийг ярьж «байх зуур үүнийг нь сонсож байсан бүх [иудей биш] хүн дээр Ариун Сүнс буув. Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүн Харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ» гэж Библид бичсэн байдаг (Үйлс 10:44, 45). Тэр цагаас хойш хөвч хөндүүлээгүй харь үндэстэн итгэгчид Бурхны Израильд багтах болжээ.

БУРХНЫ «НЭРИЙН ТӨЛӨӨХ ХҮМҮҮС»

6, 7. Шинэ үндэстний гишүүд Еховагийн «нэрийн төлөөх хүмүүс» гэдгээ хэрхэн баталсан бэ?

6 МЭ 49 онд болсон удирдах зөвлөлийн хурал дээр Есүсийн шавь Иаков: «Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон [Петр] хэллээ» гэжээ (Үйлс 15:14). Еховагийн нэрээр овоглосон энэ шинэ үндэстэнд иудей, иудей биш хүмүүсийн аль аль нь орж байлаа (Ром 11:25, 26а). Хожим нь Петр: «Та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ» гэсэн. Тэгээд энэ үндэстний зорилгыг тайлбарлан «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм» гэж ярьсан (1 Петр 2:9, 10). Тэд Еховаг магтан алдаршуулж, Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдгийг нь олон нийтэд тунхаглан, зоригтой гэрчлэх учиртай байв.

7 Нэгэн цагт Ехова эртний Израилийн тухай «Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана» гэж хэлж байсан билээ. Тэгвэл одоо бэлгэдлийн Израилийн тухай тэгж хэлдэг (Ис. 43:21). Нэгдүгээр зууны христианууд тухайн үеийнхээ хүмүүсийн шүтдэг байсан бурхдыг хуурамч болохыг илчилж, Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан хэмээн зоригтой тунхаглаж байлаа (1 Тес. 1:9). Тэд «Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл» Ехова Есүс хоёрын тухай гэрчилжээ (Үйлс 1:8; Кол. 1:23).

8. Элч Паул I зууны үеийн Бурхны ард түмэнд юу гэж анхааруулсан бэ?

8 Элч Паул Еховаг зоригтой гэрчилдэг хүмүүсийн нэг байв. Тэрбээр Грекийн гүн ухаантнуудын өмнө зогсоод Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эрэлхгээр хамгаалж, «Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн» хэмээн тунхагласан (Үйлс 17:18, 23–25). Миссионерийн гурав дахь аяллаа дуусгах гэж байхдаа «Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» гэж Еховагийн «нэрийн төлөөх хүмүүст» анхааруулжээ (Үйлс 20:29, 30). Паулын зөгнөсөн тэрслэгчид нэгдүгээр зууны сүүлчээр гарч ирсэн (1 Иох. 2:18, 19).

9. Элч нарыг нас барсны дараа юу болсон бэ?

9 Элч нарыг нас барсны дараа тэрс явдал гаарч, улмаар христ шашны ертөнцийн сүмүүд бий болжээ. Тэрслүү христианууд Еховагийн «нэрийн төлөөх хүмүүс» гэдгээ батлах нь битгий хэл, Бурхны нэрийг Библийн олон орчуулгаас хассан. Тэд хуурамч шашны зан үйлийг нэвтрүүлэх, Библид харш сургаал заах, «ариун дайн» өдүүлэх, бузар булай юм хийх зэргээр Бурхны нэрийг гутааж байлаа. Ийнхүү Еховагийн «нэрийн төлөөх хүмүүсээс» бүрдсэн зохион байгуулалттай ард түмэн гэж байхаа болиод олон зуун жил өнгөрчээ. Энэ хугацаанд Еховад үнэнч хүмүүс өдрийн од шиг ховор байв.

БУРХНЫ АРД ТҮМЭН ДАХИН БИЙ БОЛСОН НЬ

10, 11. а) Есүс юуг зөгнөж буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэр ярьсан бэ? б) 1914 оноос хойш ёгт үлгэр хэрхэн биелсэн бэ?

10 Энэхүү тэрс явдлаас болж жинхэнэ шашныг ялгаж танихад тун бэрх болно гэдгийг Есүс зөгнөж буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэр ярьсан. Уг үлгэрт хүний Хүү талбайдаа буудайн үр суулгасан боловч «хүмүүсийг унтаж байхад» Диавол хүрч ирээд зэрлэг өвс тарьдаг тухай гардаг. Буудай, зэрлэг өвс «үеийн төгсгөл» хүртэл хамт ургах ажээ. «Сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд» гэж Есүс тайлбарласан. Төгсгөлийн үед хүний Хүү «тариа хадагсад» буюу тэнгэр элчүүдийг илгээж, «буудайг» «зэрлэг өвснөөс» ялгуулна. Тэд Хаанчлалын хөвгүүдийг цуглуулах ажээ (Мат. 13:24–30, 36–43). Энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ? Ехова зохион байгуулалттай ард түмэнтэй байх санаа зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

11 «Үеийн төгсгөл» 1914 онд эхэлжээ. Тэр үед «хаанчлалын хөвгүүд» хэдхэн мянгаар тоологдож байв. 1914 онд дэгдсэн дайны үеэр эдгээр тослогдогсод Агуу их Вавилоноос чөлөөлөгдөөгүй л байлаа. Харин 1919 онд Ехова тэднийг чөлөөлжээ. Жинхэнэ болон хуурамч христиануудын хоорондох ялгаа энэ үеэс тодорч эхэлсэн. Ехова «хаанчлалын хөвгүүдийг» зохион байгуулалттай ард түмэн болгохоор цуглуулснаар Исаиагийн зөгнөл биеллээ олсон юм. Исаиа: «Ганц өдөрт газар бий болж чадах уу? Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв» хэмээн зөгнөсөн байдаг (Ис. 66:8). Сион гэдэг нь Бурхны байгууллагын тэнгэр дэх хэсэг юм. Сион «хөвгүүдээ төрүүлэв» гэдэг нь тослогдогсод ард түмэн болж зохион байгуулагдсаныг хэлжээ.

12. Тослогдогсод Еховагийн «нэрийн төлөөх хүмүүс» гэдгээ өнөө үед хэрхэн баталдаг вэ?

12 «Хаанчлалын хөвгүүд» эртний христиануудын адилаар Еховаг гэрчлэх ёстой (Исаиа 43:1, 10, 11-ийг уншина уу). Тослогдогсод Христийг дууриан биеэ зөв авч явахын зэрэгцээ Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстэнд дэлгэрүүлдгээрээ бусдаас ялгардаг (Мат. 24:14; Флп. 2:15). Тэд олон сая хүнд Еховатай анд нөхрийн харьцаатай болоход нь тусалж байна (Даниел 12:3-ыг уншина уу).

«БИДНИЙГ ӨӨРСӨДТЭЙГӨӨ ХАМТ ЯВУУЛААЧ»

13, 14. Бурхны Израильд багтдаггүй хүмүүс Еховад үйлчилж, тааллынх нь дагуу шүтье гэвэл яах ёстой вэ? Энэ талаар Библид юу гэж зөгнөсөн байдаг вэ?

13 Эрт үед израиль биш хүмүүс Еховаг шүтье гэвэл ард түмэнтэй нь нэгдэх ёстой байсныг өмнөх өгүүллээр үзсэн билээ (Х.дээд 8:41–43). Өнөө үед ч бас адилхан. Тослогдоогүй хүмүүс Еховаг шүтье гэвэл «хаанчлалын хөвгүүд» болох тослогдсон Гэрчүүдтэй нэгдэх ёстой.

14 Төгсгөлийн цаг үед олон хүн Еховаг ард түмэнтэй нь хамт шүтдэг болохыг эртний хоёр зөнч зөгнөжээ. Зөнч Исаиа: «Олон ард түмнүүд ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна» хэмээн зөгнөсөн (Ис. 2:2, 3). Зөнч Зехариа: «Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ» гэжээ. Тэд шинэ Израиль үндэстэнтэй хамт Бурхныг шүтэхээр «өөр хэлтэн үндэстнүүдээс» ирж, «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх ажээ (Зех. 8:20–23).

15. «Өөр хонинууд» Бурхны Израильтай хамт явдаг гэдэг нь ямар утгатай вэ?

15 «Өөр хонинууд» Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг нь Бурхны Израилийн гишүүдтэй хамт явж байгаа хэрэг юм (Марк 13:10). Тэд тослогдсон христиануудтай нийлэн Есүс гэдэг «сайн хоньчинтой» «нэг хонин сүрэг» болж Бурхны ард түмнийг бүрдүүлдэг (Иохан 10:14–16-г уншина уу).

ЕХОВАГИЙН АРД ТҮМНИЙ ДУНД ХОРГОДОГТУН

16. Ехова «агуу их гай гамшгийн» эцсийн мөчид юу хийх вэ?

16 Агуу их Вавилон устгагдсаны дараа Еховагийн ард түмэн хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарна. Тэр үед эсэн мэнд үлдье гэвэл Бурхнаар хамгаалуулах хэрэгтэй болно. Энэ довтолгоо «агуу их гай гамшгийн» эцсийн шат эхэлсний тэмдэг байх юм. Хэзээ болохыг Ехова шийднэ (Мат. 24:21; Езе. 38:2–4). Тэгэхэд Гог «үндэстнүүдээс цуглуулагдсан» Еховагийн ард түмэн рүү дайрна (Езе. 38:10–12). Энэ дайралт Гогийн талынхныг устгахын дохио юм. Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, нэрээ ариусгана. Тэрбээр: «Би ... олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ (Езе. 38:18–23).

«Агуу их гай гамшгийн» үеэр бид хуралтайгаа нягт холбоотой байх ёстой (16–18-р догол мөрийг үзнэ үү)

17, 18. а) Гогийн довтолгооны үед Еховагийн ард түмэн ямар заавар авах вэ? б) Еховагаар хамгаалуулъя гэвэл яах ёстой вэ?

17 Гогийг дайралтаа эхлүүлэхэд Ехова үйлчлэгчдэдээ «Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» гэж хэлнэ (Ис. 26:20). Тэгээд аврагдахад хэрэг болох удирдамж заавар өгнө. «Өрөө» гэдэг нь орон нутгийн хурлууд байж болох юм.

18 Агуу их гай гамшгийг эсэн мэнд давъя гэвэл Бурхан дэлхий дээр өөрийн гэсэн ард түмэнтэй бөгөөд тэднийг хурлууд болгон зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд орон нутгийнхаа хуралтай нягт холбоотой байх шаардлагатай. Тэгсэн цагт дуулалчийн адилаар «Аврал бол ЭЗЭНийх. Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!» хэмээн бүх зүрх сэтгэлээсээ хэлнэ (Дуу. 3:8).