Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Хурлуудад ахлагч, туслах үйлчлэгчдийг яаж томилдог вэ?

МЭ I зуунд элч Паул: «Бурхан ... Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» гэж Ефес дэх хурлын ахлагчдад захижээ (Үйлс 20:28). Орчин үед ахлагч, туслах үйлчлэгчдийг томилоход «Ариун Сүнс» буюу Бурхны үйлдэх хүч ямар үүрэгтэй вэ?

Нэгдүгээрт, Ехова Библийг бичигчдэд үйлдэх хүчээ өгч ахлагч, туслах үйлчлэгчдэд тавигдах шаардлагыг бичүүлсэн. 1 Тимот 3:1–7-д ахлагч хүний хангавал зохих 16 шаардлагыг дурджээ. Бас Тит 1:5–9; Иаков 3:17, 18-д бусад шаардлагыг бичсэн байдаг. Туслах үйлчлэгч хүн ямар байх ёстойг 1 Тимот 3:8–10, 12, 13-т тэмдэглэжээ. Хоёрдугаарт, ахлагч нар нэр дэвшүүлсэн хүнээ Библийн шаардлагыг зохих хэмжээгээр хангаж байгаа эсэхийг нягтлахдаа Еховагаас агуу хүчийг нь гуйж тодорхой залбирдаг. Гуравдугаарт, нэр дэвшиж буй хүн Галат 5:22, 23-т дурдсан «Сүнсний үр жимс» буюу Еховагийн тусламжтайгаар бий болгох ёстой зан чанаруудыг илэрхийлдэг байх шаардлагатай. Тэгэхлээр Бурхны үйлдэх хүч их үүрэгтэй байх нь ээ.

Тэгвэл ахлагч, туслах үйлчлэгчийг хэн томилдог вэ? Өмнө нь, дараах зарчмаар томилдог байв. Ахлагчдын зөвлөл нэр дэвшүүлсэн хүнийхээ талаар захидал бичиж салбар луу илгээнэ. Удирдах Зөвлөлөөс томилогдсон салбарын хүмүүс уг захидлыг уншаад нэр дэвшигчдийн тухай авч хэлэлцэнэ. Тэгээд томилсныхоо дараа ахлагчдын зөвлөлд мэдэгдэнэ. Ахлагч нар тухайн хүнд томилолтын тухай мэдэгдээд, ахлагч эсвэл туслах үйлчлэгч болохдоо дуртай байгаа эсэхийг, мөн шаардлага үнэхээр хангаж байгаа эсэхийг асууна. Эцэст нь хуралд зарлана.

Нэгдүгээр зуунд хэрхэн томилдог байсан бол? Элч нар онцгой үед зарим нэг хүнийг томилдог байсан. Тухайлбал, бэлэвсэн эмэгтэйчүүдэд өдөр бүр хоол хүнс хуваарилах ажлыг долоон эрэгтэйд хариуцуулжээ (Үйлс 6:1–6). Гэхдээ тэр хүмүүс уг томилолтыг авахаасаа өмнө ч ахлагчаар үйлчилдэг байсан бололтой.

Тэр үед хүмүүсийг хэрхэн томилдог байсныг Библид нэгбүрчлэн бичээгүй ч ерөнхий ойлголт авч болно. Жишээ нь, Паул Барнаб хоёр миссионерийн анхны аяллаа дуусгаад буцах замдаа «чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэдэг» Еховад даатгажээ (Үйлс 14:23). Олон жилийн дараа Паул өөрийн хамтран зүтгэгч Титэд «Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм» гэж бичсэн байдаг (Тит 1:5). Элч Паултай хамт миссионерийн аяллаар олон удаа явж байсан Тимот бас ийм эрх эдэлж байсан бололтой (1 Тим. 5:22). Тэгэхлээр, элч нар болон Иерусалим дахь ахлагчид бус, харин явуулын харгалзагчид ахлагч, туслах үйлчлэгчийг томилох эрхтэй байсан нь тодорхой байна.

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл Библийн эдгээр жишээг харгалзан үзээд ахлагч, туслах үйлчлэгчээр томилох аргыг өөрчилж байна. 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн томилолт олгох журамд дараах өөрчлөлт орно. Дүүргийн харгалзагч хариуцаж буй дүүргийнхээ нэр дэвшигчдийн тухай сайтар нягталж үзнэ. Хурлуудад эргэлт хийж байхдаа, болж өгвөл, нэр дэвшигчтэй хамт дэлгэрүүлнэ. Ахлагчдын зөвлөлтэй ярилцсаны дараа дүүргийнхээ хурлуудад ахлагч, туслах үйлчлэгчдийг томилно. Энэ нь нэгдүгээр зуунд хариуцлагатай үүрэг хүлээх хүмүүсийг томилдог байсантай тохирч байгаа юм.

Нэр дэвшигч Библийн шаардлага хангаж байгаа эсэх талаар ахлагч нар дүүргийн харгалзагчтай ярилцаж байна (Малави)

Одоо дүгнэе. Эзний зарц нарт хоол унд өгөх гол үүргийг «итгэмжит, ухаалаг боол» урьдын адил хүлээнэ (Мат. 24:45–47). Энэ үүргээ биелүүлэхийн тулд Бурхны тусламжтайгаар Библийг нямбай судалж, дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийг зохион байгуулалттай, эмх журамтай байлгахад тус болох зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой удирдамж заавар гаргана. Бас дүүргийн харгалзагчид болон салбарын хорооны гишүүдийг томилно. Харин салбар Удирдах Зөвлөлөөс ирсэн зааврыг яаж хэрэгжүүлэхийг хурлуудад зааж өгнө. Ахлагчдын зөвлөл нэр дэвшүүлсэн хүмүүсээ Библийн шаардлага хангаж буй эсэхийг нягтлан шалгах чухал үүрэгтэй. Дүүргийн харгалзагч ахлагчдын саналыг залбирч байгаад нухацтай авч үзэн, шаардлага хангасан эрчүүдийг томилох хариуцлагатай үүрэг хүлээдэг болж байна.

Эрчүүдийг хэрхэн томилдгийг ойлговол энэ асуудалд Бурхны үйлдэх хүч ямар үүрэгтэйг илүү сайн ойлгоно. Тэгвэл итгэл маань улам батжиж ахлагч, туслах үйлчлэгчээр томилогдсон хүмүүсийг бүр ч их хүндэлдэг болно (Евр. 13:7, 17).

«Илчлэлт» номын 11-р бүлэгт гардаг хоёр гэрч хэн бэ?

Илчлэлт 11:3-т 1 260 хоногийн турш зөгнөх хоёр гэрчийн тухай гардаг. Дараа нь нэг араатан «тэднийг дийлж алах» ажээ. Харин «гурван хоног хагасын дараа» энэ хоёр гэрч амилж олныг гайхашруулна (Илч. 11:7, 11).

Хоёр гэрч нь хэн бэ? Хам сэдвийг үзвэл хэн гэдэг нь тодорхой болно. Нэгдүгээрт, тэднийг «хоёр чидун мод, хоёр дэнлүүний суурь» гэжээ (Илч. 11:4). Зехариагийн зөгнөлд бас дэнлүүний суурь болон хоёр чидун мод гардаг. Чидун модод нь «тослогдсон хоёр хөвгүүн» буюу «бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг» амбан захирагч Зеруббабел, тэргүүн тахилч Иошуа юм (Зех. 4:1–3, 14). Хоёрдугаарт, энэ хоёр гэрчийг Мосе Елиа нарын хийсэнтэй төстэй гайхамшиг үйлдэж байгаагаар дүрсэлдэг (Илчлэлт 11:5, 6Тооллого 16:1–7, 28–35 болон Хаадын дээд 17:1; 18:41–45-тай харьцуулна уу).

Дээрх хоёр номд бичсэн зүйл юугаараа адилхан бэ? Хэцүү бэрх үед удирдах үүрэг хүлээж байсан Бурхны томилогдсон хүмүүсийн тухай гардаг. Тэгэхлээр, «Илчлэлт» номын 11-р бүлэгт дүрсэлсэн хоёр гэрч бол 1914 онд Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдахад удирдах үүрэг хүлээж байсан тослогдогсод юм. Тэд гурван жил хагасын хугацаанд «таар өмсөөд» дэлгэрүүлсэн. *

«Таар өмсөөд» дэлгэрүүлэх хугацаа нь дуусахад эдгээр эрчүүд харьцангуй богино буюу бэлгэдлийн гурван хоног хагасын турш шоронд хоригдсон. Энэ нь бэлгэдлийн утгаар алагдсан хэрэг байлаа. Бурхны ард түмний дайснуудад тэдний ажил зогссон мэт санагджээ. Тийм учраас дайснууд баярлан хөөрсөн (Илч. 11:8–10).

Гэхдээ зөгнөсөн ёсоор, Бурхан гурван хоног хагасын дараа хоёр гэрчийг амилуулжээ. Тослогдогсон христианууд шоронгоос суллагдаад зогсохгүй Бурхнаас тусгай даалгавар авсан. 1919 онд Ехова тэднийг Эзэн Есүс Христээр дамжуулан «итгэмжит, ухаалаг боолын» бүрэлдэхүүнд оруулж, эцсийн өдрүүдэд амьдарч буй ард түмнийхээ сүнслэг хэрэгцээг хангах ажлыг хариуцуулжээ (Мат. 24:45–47; Илч. 11:11, 12).

Сонирхолтой нь, дээрх үйл явдал Илчлэлт 11:1, 2-т гардаг сүнслэг сүмийг хэмжих буюу шалгах үетэй тохирдог. «Малахи» номын 3-р бүлэгт сүнслэг сүмийг шалгаж цэвэрлэсэн тухай гардаг (Мал. 3:1–4). Шалгалт, цэвэрлэгээ хэр удаан үргэлжилсэн бэ? 1914 оноос 1919 оны эхэн хүртэл үргэлжилжээ. Энэ нь «Илчлэлт» номын 11-р бүлэгт гардаг 1 260 хоног (42 сар) болон бэлгэдлийн гурван хоног хагасын хугацаа юм.

«Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэх» ажлыг зохион байгуулсан Еховадаа талархаад баршгүй! (Тит 2:14). Хүнд хэцүү тэдгээр он жилүүдэд удирдах үүрэг хүлээж бэлгэдлийн хоёр гэрч болж байсан тослогдсон үнэнч ах нарын үлдээсэн сайхан жишээг бид хэзээ ч мартахгүй. *

^ Хоёр гэрч таар өмссөн гэдэг нь даруу байж, Еховагийн шүүлтийг тэвчээртэй тунхагласан гэсэн үг. Бас үндэстнүүдийг гашуудуулах Бурхны уур хилэнгийн өдрийг тунхагласан.