Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна хэмээн Иеремиагийн бичсэнийг юу гэж ойлгох вэ?

Иеремиа 31:15-д «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”» гэж байдаг.

Рахел хоёр хүүгээсээ бүр өмнө нас барсан. Түүнээс хойш 1 000 жилийн дараа Иеремиа дээрх үгийг бичжээ. Тийм болохоор Иеремиагийн бичсэн үг алдаатай гэмээр.

Рахелын том хүү нь Иосеф байв (Эх. 30:22–24). Хожим нь Рахел Бениамин гэдэг хоёр дахь хүүгээ төрүүлээд нас баржээ. Тэгвэл Иеремиа 31:15-д «Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй» гэж бичсэн нь ямар учиртай вэ?

Рахелын том хүү Иосеф яваандаа Манассе Ефраим гэдэг хоёр хүүтэй болсон (Эх. 41:50–52; 48:13–20). Хожим нь Израилийн хойд хаант улсын хамгийн хүчирхэг, нөлөө бүхий овог нь Ефраим болж арван овгоо төлөөлж байжээ. Рахелын хоёр дахь хүү Бениаминаас гарсан овог Иуда овогтой хамт өмнөд хаант улсыг бүрдүүлдэг байсан. Тэгэхлээр Рахел өмнөд, хойд хаант улс болж хуваагдсан Израилийн бүх ээжийг төлөөлдөг.

Иеремиаг номоо бичих үед арван овогт хойд хаант улс Ассирид хэдийнээ эзлэгдэн, оршин суугчид нь ассиричуудын олз болсон байлаа. Гэхдээ ефраимчуудын зарим нь Иудагийн нутаг руу зугтсан бололтой. Иудагийн хоёр овогт өмнөд хаант улсыг вавилончууд МЭӨ 607 онд эзлэн, олзны хүмүүсээ Иерусалимаас хойш 8 километрийн зайтай оршдог Рамад авчиржээ (Иер. 40:1). Рахелыг оршуулсан Бениамины нутагт байдаг энэ хотод вавилончууд олзны хүмүүсийн заримыг хөнөөсөн байж болох юм (1 Сам. 10:2). Тиймээс Рахел хүүхдүүдийнхээ хойноос уйлна гэдгээр бениаминчууд, ялангуяа Рамад алагдсан хүмүүст тохиолдсон эмгэнэлт явдлыг хэлсэн байх. Эсвэл Бурхны ард түмэн үхэх нь үхэж, олзлогдох нь олзлогдоход Израилийн бүх ээж уйлан гашуудсаныг хэлсэн байж болох талтай.

Ямар ч байсан, Иеремиагийн хэлсэн үг зөгнөлийн утгатай байлаа. Энэ зөгнөл олон зууны дараа, Есүсийг хүүхэд байхад биелжээ. Иерусалим хотоос өмнө зүгт орших Бетлехемд амьдардаг хоёр хүртэлх насны бүх эрэгтэй хүүхдийг алах тушаалыг Херод хаан буулгажээ. Ийнхүү хааны зарлиг хэрэгжсэн. Тэр үед ээжүүдийн гашуудан уйлах дуу хэчнээн зүрх зүсэм байсныг төсөөлөхөд төвөггүй. Учир нь хүүхдүүд нь «байсангүй». Уйлаан майлаан Рамад хүртэл сонсогдсон гэлтэй (Мат. 2:16–18).

Тэгэхлээр Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна гэдгээр Иеремиагийн үед болон Есүсийн үед иудей ээжүүд, алагдсан хүүхдүүдийнхээ хойноос гашуудан уйлсныг хэлжээ. Үхэл хэмээх «дайсны нутаг» руу явсан, амиа алдсан хүмүүс цаг нь болохоор амилах нь дамжиггүй (Иер. 31:16; 1 Кор. 15:26).