Skip to content

Гарчиг руу орох

Японд зориулсан гэнэтийн бэлэг

Японд зориулсан гэнэтийн бэлэг

ЯПОНЫ Нагояа хотноо 2013 оны 4 дүгээр сарын 28-нд болсон тусгай цуглаан дээр Удирдах Зөвлөлийн гишүүн Энтони Моррис сэтгэл хөдөлгөм зарлал хэлсэн билээ. «Библи—Матайн бичсэн сайн мэдээ» гэдэг ном япон хэлээр гарсныг зарлахад хүрэлцэн ирсэн болон интернетээр сонссон 210 000 гаруй хүн удтал алга ташсан.

Япон хэлээрх «Шинэ ертөнцийн орчуулга»-аас авсан 128 хуудас бүхий энэ ном өвөрмөц онцлогтой. «Япончуудад зориулан гаргасан» хэмээн Моррисын хэлсэн Библийн энэ ном ямар онцлогтой вэ? Яагаад гаргах болсон бэ? Хүмүүс хэрхэн хүлээн авч байгаа вэ?

ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?

Ер нь япон хэл босоогоор, хэвтээгээр аль алинаар нь бичиж болдог хэл юм. Олон ном сэтгүүл, түүний дотор манай хэвлэлийг хэвтээгээр бичдэг. Харин энэхүү шинэ номыг японы сонинууд болон уран зохиолын номын адилаар дээрээс нь доош нь бичсэн. Ийм хэв загвараар бичсэн номыг уншихад хялбар гэж япончууд үздэг. Түүнээс гадна, хуудасны дээрх тайлбарыг текстэн дунд жижиг гарчиг болгож оруулсан. Ингэснээр гол санааг ойлгоход дөхөм болсон.

Япон дахь итгэл нэгтнүүд маань «Матай» номыг уншаад ач тусыг нь шууд хүртжээ. Наян настай Гэрч эмэгтэй: «Би “Матай” номыг олон удаа уншиж байсан. Гэхдээ босоогоор бичсэнийг, бас жижиг гарчгийг уншаад “Ууланд айлдсан номлол”-ыг бүр сайн ойлгосон» хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна. «Би нэг суухдаа л бүгдийг нь уншчихсан. Ер нь би зүүнээс баруун тийш нь уншиж бичдэг. Харин босоо бичгийг эрхэмлэдэг хүн япончуудын дунд олон бий» гэж залуу Гэрч эмэгтэй ярьсан юм.

ЯПОНЧУУДАД ЗОРИУЛАВ

«Матай» номыг яагаад япончуудад зориулан гаргах болов оо? Библийг уншиж үзээгүй ч дуртайяа унших хүн япончуудын дунд олон байдаг. Библийг огт харж байгаагүй хүмүүст Бурхны Үгийг гартаа барьж унших боломжийг «Матайн бичсэн сайн мэдээ» ном олгож байгаа юм.

Яагаад «Матай» номыг сонгосон бэ? Библи гэхлээр япончуудын ихэнх нь Есүс Христийг боддог. Есүсийн угийн бичиг, мэндэлсэн түүх, түүний айлдсан алдарт номлол, эцсийн өдрүүдийн тухай сэтгэл хөдөлгөм зөгнөл гэх зэрэг япон уншигчдын сонирхлыг татах олон сэдэв багтдаг учраас уг номыг сонгосон.

Японы дэлгэрүүлэгчид айлаар явахдаа, сонирхсон хүмүүстэй дахин уулзахдаа шинэ хэвлэлээ эрчимтэй тарааж эхэлжээ. Нэг Гэрч эмэгтэй: «Бурхны Үгийг илүү олон хүнд хүргэх боломж нээгдсэн. Би тусгай цуглаан тараад “Матай” номоо нэг хүнд өгсөн» гэж бичжээ.

ХҮМҮҮС ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ВЭ?

Дэлгэрүүлэгчид «Матай» номыг хэрхэн тараадаг вэ? «Нарийн хаалга», «гахайны өмнө хаясан сувд», «маргаашийн төлөө бүү санаа зов» гэх зэргийн хэлц үгийг олон япон хүн мэддэг (Мат. 6:34; 7:6, 13). Есүс Христ хэлсэн гэхлээр тэд их гайхдаг. Эдгээр үгийг «Матай» номоос уншуулахлаар «Библийг ядаж ганц удаа унших юмсан гэж дандаа боддог байсан» хэмээн хариулдаг хүн их тааралддаг ажээ.

«Матай» номыг авсан хүмүүстэй дахин уулзахлаар зарим нь авсан даруйдаа бүгдийг нь уншсан, зарим нь хэсгийг нь уншсан гэж хэлдэг. 60-аад настай нэг эрэгтэй: «Би энэ номыг дахин дахин уншсан. Сэтгэл уужраад их сайхан болсон. Надад Библийн тухай илүү ихийг мэдүүлж өгөөч» гэжээ.

Нийтэд дэлгэрүүлэх үеэр уг номыг бас тарааж байгаа ажээ. Энэ арга хэмжээнд оролцсон нэг Гэрч «Матай» номыг авсан эмэгтэйд мэйл хаягаа өгчээ. Цагийн дараа өнөөх эмэгтэйгээс мэйл ирсэн байна. Номоо уншаад илүү ихийг мэдмээр байгаагаа бичжээ. Долоо хоногийн дараа Библийн хичээл эхэлж, удалгүй тэр эмэгтэй цуглаанд явдаг болсон гэнэ.

«Библи—Матайн бичсэн сайн мэдээ»-г Японы өнцөг булан бүрд байдаг хурлуудад 1 сая 600 мянга гаруй хувийг илгээжээ. Гэрчүүд сар бүр хэдэн арван мянгаар нь тарааж байна. Энэ номын өмнөх үгэнд «Уншигч та энэхүү номыг уншаад Библийг илүү их сонирхдог болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна» хэмээн бичжээ.