Skip to content

Гарчиг руу орох

Талантын тухай ёгт үлгэр сургамжтай

Талантын тухай ёгт үлгэр сургамжтай

«Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ» (МАТ. 25:15).

1, 2. Есүс яагаад талантын тухай ёгт үлгэр ярьсан бэ?

ЕСҮС тослогдсон дагалдагчдадаа ямар үүрэг оноож байгаагаа ойлгуулах гэж талантын тухай ёгт үлгэр ярьжээ. Гэхдээ энэ үлгэр бүх христианд хамаатай. Бид тэнгэрийн шагнал авах ч бай, дэлхий дээр амьдрах ч бай, энэ үлгэрийн утгыг ойлгох нь чухал.

2 «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?». Шавь нарынхаа энэ асуултад хариулж байхдаа Есүс уг үлгэрийг ярьж өгчээ (Мат. 24:3). Тиймээс энэ нь Есүсийг хаан ширээнд заларч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсний шинж тэмдгийн нэг хэсэг бөгөөд өнөө үед хамаатай.

3. «Матай» номын 24, 25-р бүлэгт гардаг сургаалт зүйрлэлүүд ямар сургамжтай вэ?

3 Талантын тухай ёгт үлгэр бол Матай 24:45-аас 25:46-д байдаг, хоорондоо холбоотой дөрвөн сургаалт зүйрлэлийн нэг нь юм. Есүс залран байх үеийнхээ шинж тэмдгийн тухай ярьж байхдаа итгэмжит ухаалаг боол, арван охин, хонь ямааны тухай гурван үлгэрийг бас ярьжээ. Эцсийн өдрүүдэд дагалдагчид нь ямар байх ёстойг энэ дөрвөн үлгэрээрээ онцолсон. Боол, арван охин, талантын тухай үлгэрийг тослогдсон дагалдагч нартаа зориулж ярьсан. Итгэмжит боолын тухай үлгэрээрээ юуг онцолсон бэ? Эцсийн өдрүүдэд зарц нарт нь хоол унд өгөх даалгавар авсан цөөн хэдэн тослогдсон шавь нь итгэмжтэй, ухаалаг байх хэрэгтэйг онцолжээ. Тослогдсон бүх дагалдагч нь бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх ёстойг арван охины тухай үлгэрээрээ сануулсан. Учир нь тэд Есүсийг хэдний өдөр, хэдэн цагт ирэхийг мэдэхгүй. Талантын тухай үлгэрээрээ тослогдсон христианууд даалгавраа хичээнгүй биелүүлэх ёстойг хэлж өгсөн. Хонь ямааны тухай дөрөв дэх үлгэрээ дэлхий дээр амьдрах хүмүүст зориулсан. Тэд дэлхий дээр амьдарч буй тослогдсон христиануудад үнэнч байж, бүх талаар дэмжих ёстой. * Энэ өгүүллээр талантын тухай үлгэрийг ярилцъя.

ЭЗЭН НЬ БООЛУУДДАА ИХ МӨНГӨ ХАРИУЦУУЛСАН НЬ

4, 5. Үлгэрт гардаг эзэн хэнийг төлөөлдөг вэ? Тэр үеийн талант хэр их үнэ цэнэтэй байсан бэ?

4 Матай 25:14–30-ийг уншина уу. Сургаалт зүйрлэлд гардаг тэр хүн буюу эзэн нь Есүс, холын аянд гардаг нь МЭ 33 онд тэнгэр өөд явсныг хэлж байна гэж манай ном хэвлэлд тайлбарлаж ирсэн. Үүнтэй төстэй бас нэг ёгт үлгэрээрээ Есүс холын аянд явсан зорилгоо «хаанчлалыг хүлээн авахын» тулд гэж хэлсэн (Лук 19:12). Гэхдээ Есүс тэнгэрт очингуутаа хаан болоогүй. * «Бурханы баруун гарт заларсан бөгөөд Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээсэн» (Евр. 10:12, 13).

5 Үлгэрт гардаг эзэн 8 таланттай байсан. Энэ нь тухайн үедээ маш их мөнгө юм. * Холын аянд гарахаасаа өмнө зарц нартаа талантаа хувааж өгөөд эзгүйд нь худалдаа хийж ашиг олохыг даалгадаг. Есүст бас асар үнэтэй зүйл байсан. Тэр нь юу вэ? Дэлхий дээр байхдаа хийж байсан ажил нь юм.

6, 7. Талантаар юуг төлөөлүүлдэг вэ?

6 Есүсийн хувьд дэлгэрүүлэх, заах ажил маш чухал байв (Лук 4:43-ыг уншина уу). Энэ ажлынх нь үрээр олон хүн шавь нь болсон. Өмнө нь шавь нартаа «Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ» гэж хэлж байжээ (Иох. 4:35–38). Сайн тариачин хураалтад бэлэн болсон талбайг хайхрахгүй орхидоггүй. Үүнтэй адилаар, хийх ажил их, сайн мэдээг хүлээж авах чин сэтгэлтэй хүн олон байгааг Есүс мэдэж байлаа. Тийм учраас амилаад удаагүй байхдаа, тэнгэрт гарахынхаа өмнөхөн шавь нартаа хариуцлагатай ажил даалгасан. «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн тушаасан (Мат. 28:18–20). Ийнхүү «баялаг» буюу дэлгэрүүлэх ажлыг дагалдагч нартаа өгчээ (2 Кор. 4:7).

7 Боолууддаа талант өгсөн хүний адилаар, Есүс тослогдсон дагалдагчдадаа шавь бэлдэх даалгавар өгсөн (Мат. 25:14). Тэгэхлээр талант гэдгээр дэлгэрүүлэх, шавь бэлдэх даалгаврыг хэлж байгаа юм.

8. Эзэн нь боолууддаа адилгүй хэмжээний мөнгө өгдөг ч тэднээс юу хүсэж байсан бэ?

8 Талантын тухай ёгт үлгэрийн эзэн эхний боолдоо 5 талант, хоёр дахь боолдоо 2 талант, гурав дахь боолдоо 1 талант өгдөг (Мат. 25:15). Боолууддаа өөр өөр хэмжээний талант өгсөн ч мөнгөө арвижуулахын тулд хамаг чадлаараа хичээгээсэй гэж хүссэн. Есүс бас тослогдсон дагалдагч нараа дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцоосой гэж хүссэн (Мат. 22:37; Кол. 3:23). Христийн дагалдагчид МЭ 33 оны Пентекостын өдрөөс бүх үндэстний хүмүүсийг шавь болгож эхэлжээ. Тэднийг ажлаа сайн хийсэн тухай Библийн «Үйлс» номд бичсэн байдаг * (Үйлс 6:7; 12:24; 19:20).

ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕД ТАЛАНТАА АРВИЖУУЛСАН НЬ

9. а) Үнэнч хоёр боол талантаа яасан бэ? Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ? б) Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс юу хийх ёстой вэ?

9 Христийн үнэнч боолууд Эзнийхээ талантыг арвижуулахаар төгсгөлийн энэ цаг үед нөр их хөдөлмөрлөж байна. Ялангуяа 1919 оноос эхлэн дэлгэрүүлэх ажилд бүхнээ зориулсаар ирсэн. Таван талант авсан боол хэнийг төлөөлдөг вэ, хоёр талант авсан нь хэнийг төлөөлдөг вэ гэж бодох хэрэггүй. Хоёр боол эзнийхээ өгсөн мөнгийг 2 дахин өсгөсөн учраас хоёулаа адилхан хүчин чармайлт гаргасан. Тэгвэл дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс хэр чухал үүрэг гүйцэтгэдэг вэ? Маш чухал үүрэг гүйцэтгэдэг нь хонь ямааны тухай ёгт үлгэрээс харагддаг. Тэд Есүсийн тослогдсон ах дүүст үнэнч байж дэлгэрүүлэх ажлаа хийхэд нь туслах ёстой. Тослогдсон христиануудыг дэмжих нь завшаантай хэрэг юм. Эцсийн өдрүүдэд энэ хоёр бүлэг хүн «нэг хонин сүрэг» болж хамтран ажилладаг бөгөөд шавь бэлдэх ажлыг хичээл зүтгэлтэй хийдэг (Иох. 10:16).

10. Есүсийн залран байгааг харуулах шинж тэмдгийн нэг чухал хэсэг нь юу вэ?

10 Эзэн нь боолдоо ажил даалгасан учраас үр бүтээлтэй ажиллаасай гэж хүсэх нь зүйн хэрэг. Нэгдүгээр зууны үнэнч шавь нар нь Есүсийн хөрөнгийг арвижуулсныг дээр дурдсан. Талантын тухай ёгт үлгэр бодитойгоор хэрэгжиж буй төгсгөлийн цаг үеийн тухайд юу хэлж болох вэ? Есүсийн үнэнч, хичээнгүй үйлчлэгчид дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг түүхэнд байгаагүй өргөн далайцтай хийж байна. Тэдний хамтын хичээл зүтгэлийн үрээр жил бүр хэдэн зуун мянган хүн Хаанчлалын мэдээ тунхаглагчдын эгнээнд нэгддэг. Энэ бол Есүс хаан ширээнд заларч, эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлснийг харуулах шинж тэмдгийн нэг чухал хэсэг юм. Есүс ажилчдаа сайшааж байгаа нь эргэлзээгүй!

Христ дагалдагчдадаа дэлгэрүүлэх ажил даалгасан (10-р догол мөрийг үзнэ үү)

ЭЗЭН ХЭЗЭЭ ИРЖ «ТООЦОО БОДОХ» ВЭ?

11. Есүс агуу их гай гамшгийн үеэр ирж «тооцоо бодно» гэж дүгнэж болохын учир юу вэ?

11 Есүс: «Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ» хэмээн ярьсан (Мат. 25:19). Эзэн буюу Есүс агуу их гай гамшиг дуусахын алдад ирж, «тооцоо бодно». Яагаад ингэж хэлж болох вэ? «Матай» номын 24, 25 дугаар бүлэгт байдаг зөгнөлийг Есүс хэлэхдээ өөрийнхөө ирэхийг олон удаа дурдсан. Жишээлбэл, хүмүүс «Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр ... ирэхийг харна» гэсэн. Есүс хүмүүсийг шүүхээр агуу их гай гамшгийн үед ирэхээ хэлжээ. Бас эцсийн өдрүүдэд амьдарч буй дагалдагч нартаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй», «Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» гэжээ (Мат. 24:30, 42, 44). Тэгэхлээр, талантын тухай үлгэр бас хүмүүсийг шүүж, Сатаны ертөнцийг устгахаар ирэх цагт хамаатай. *

12, 13. а) Эзэн нь хоёр боолдоо юу гэж хэлсэн бэ? Яагаад? б) Тослогдсон христианууд хэзээ эцсийн удаа тамгалуулах вэ? ( «Үхэхдээ эцсийн удаа тамгалуулсан» гэсэн хавсралтыг үзнэ үү). в) Хонинд тооцогдсон хүмүүс ямар шагнал хүртэх вэ?

12 Ёгт үлгэрт гардаг эзнийг холын аянаасаа буцаж ирэхэд 5 талант авсан боол нь 5 талант, 2 талант авсан боол нь 2 талант нэмж олсон байв. Эзэн нь тэр хоёр боолдоо «Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя» гэж хэлдэг (Мат. 25:21, 23). Тэгвэл Эзэн Есүс ирээдүйд ирэхлээрээ юу хийх бол?

13 Эхний хоёр боолоор төлөөлүүлдэг хүмүүс нь ажилч хичээнгүй тослогдсон христианууд юм. Бурхан тэднийг агуу их гай гамшиг эхлэхийн өмнөхөн эцсийн удаа тамгална (Илч. 7:1–3). Тэгээд Хармагедоны өмнө Есүс тэдэнд тэнгэрийн шагналыг нь гардуулна. Тэгвэл тослогдсон христиануудыг дэмжиж, дэлгэрүүлэх ажил хийж байсан, дэлхийд амьдрах найдвартай хүмүүс яах вэ? Тэднийг хонь гэж үзэх бөгөөд Бурхны Хаанчлалын иргэнийх нь хувьд дэлхий дээр амьдрах эрх олгоно (Мат. 25:34).

МУУ, ЗАЛХУУ БООЛ

14, 15. Тослогдсон ах дүүсээс нь маш олон хүн муу, залхуу боол шиг болно гэж Есүс хэлсэн үү? Тайлбарлана уу.

14 Ёгт үлгэрт гардаг гурав дахь боол худалдаа хийж талантаа арвижуулах юм уу мөнгө хүүлэгчид хадгалуулахын оронд газарт булчихдаг. Эзнийхээ хүслийг мэдэж байсан хэр нь санаатайгаар биелүүлэлгүй өөдгүй зан гаргасан. Эзэн нь тэр боолыг «муу залхуу боол» гээд талантыг нь авч, арван таланттай боолд өгдөг. Тэгээд өнөөх өөдгүй боолыг «харанхуйд хөөж гаргав». «Тэр тэнд уйлж, шүдээ хавирах» ажээ (Мат. 25:24–30; Лук 19:22, 23).

15 Гурван боолын нэг нь талантаа нуусан гэдэг нь тослогдсон христиануудын гуравны нэг нь муу, залхуу болно гэсэн үг үү? Үгүй. Өмнөх хоёр ёгт үлгэртэй харьцуулж бодъё. Итгэмжит, ухаалаг боолын тухай үлгэрт муу санаатай нэг боол бусад боолыг зоддог тухай гардаг. Есүс үүгээрээ хорон муу боолын анги бий болно гэж хэлэх гээгүй. Харин муу боол шиг авирлуузай хэмээн итгэмжит боолд анхааруулжээ. Үүнтэй адилаар, Есүс арван охины тухай үлгэр ярихдаа тослогдсон дагалдагчдынх нь тал нь мунхаг охид шиг болно гээгүй. Сонор сэрэмжээ алдаж, бэлтгэлгүй байвал юу болохыг сануулсан хэрэг юм. * Талантын тухай ёгт үлгэр бас адилхан. Тослогдсон ах дүүсээс нь маш олон хүн эцсийн өдрүүдэд муу, залхуу болно гэж Есүс хэлээгүй. Харин талантаараа «худалдаа хийх» буюу үргэлж хичээл зүтгэлтэй байгаарай, өөдгүй боол шиг бүү байгаарай гэж тослогдсон дагалдагч нартаа сайхан сэтгэлийн үүднээс анхааруулжээ (Мат. 25:16).

16. а) Талантын тухай ёгт үлгэрээс ямар хоёр зүйлийг мэдэж авсан бэ? б) Талантын тухай ёгт үлгэрийг энэ өгүүлэлд хэрхэн шинэчлэн тайлбарлаж байна вэ? ( «Талантын тухай үлгэрийг ойлгох нь» гэсэн хавсралтыг үзнэ үү).

16 Талантын тухай ёгт үлгэрээс хоёр зүйлийг мэдэж авлаа. Нэгдүгээрт, Эзэн Христ маш үнэтэй юмаа тослогдсон боолууддаа хариуцуулсан. Тэр нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил юм. Хоёрдугаарт, Есүс дэлгэрүүлэх ажлаа хичээнгүй хийгээсэй гэж бүх дагалдагчаасаа хүсдэг. Хэрэв бид даалгавраа үнэнчээр биелүүлж, дуулгавартай, сонор сэрэмжтэй байвал Эзнээсээ шагнал гардах нь дамжиггүй (Мат. 25:21, 23, 34).

^ д/м 3 Итгэмжит, ухаалаг боол гэж хэн болохыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7-р сарын 15-ны дугаарын 21, 22 хуудсан дахь 8–10-р догол мөрд бичсэн. Энэ дугаарын өмнөх өгүүлэлд арван охины тухай тайлбарласан. Хонь ямааны тухай сургаалт зүйрлэлийг 1995 оны 10-р сарын 15-ны дугаарын 23–28-р хуудас (англи), энэ дугаарын 25–29-р хуудсанд тайлбарласан.

^ д/м 5 Есүсийн үед 1 талант 6 000 орчим денартай тэнцдэг байжээ. Жирийн ажилчин хүн өдөрт 1 денар олдог байсан бөгөөд ганцхан таланттай болохын тулд 20 жил ажиллах шаардлагатай байв.

^ д/м 8 Элч нарыг нас барсны дараа Сатаны өдүүлсэн тэрс явдал олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Тэр хугацаанд Христийн жинхэнэ шавийг бэлдэх ажил ахиц муутай байлаа. Гэхдээ «ургац хураах цаг» буюу төгсгөлийн цаг үед бүх юм өөрчлөгдөх ажээ (Мат. 13:24–30, 36–43). «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7-р сарын 15-ны дугаарын 9–12-р хуудсыг үзнэ үү.

^ д/м 15 Энэ дугаарт гарсан «Та тэр өдөр сонор сэрэмжтэй байх уу?» гэсэн гарчигтай өгүүллийн 13-р догол мөрийг үзнэ үү.