Skip to content

Гарчиг руу орох

Христ бол Бурхны хүч мөн

Христ бол Бурхны хүч мөн

«Христ бол Бурханы хүч» (1 КОР. 1:24).

1. Элч Паул яагаад «Христ бол Бурханы хүч» гэсэн бэ?

ЕХОВА Есүст янз бүрийн гайхамшиг үйлдэх хүч өгсөн. Есүсийн үйлдэж байсан зарим гайхамшгийг Евангелийн дөрвөн номд бичсэн байдаг. Үүнийг уншихлаар итгэл бэхэждэг. Библид бичигдээгүй гайхамшгууд ч олон байсан биз ээ (Мат. 9:35; Лук 9:11). Есүс Еховагийн өгсөн хүчээр гайхамшиг үйлддэг байсан учраас элч Паул: «Христ бол Бурханы хүч» хэмээн бичжээ (1 Кор. 1:24). Есүсийн үйлдсэн гайхамшиг бидэнд ямар ач холбогдолтой вэ?

2. Есүсийн үйлдсэн гайхамшгуудаас юу мэдэж болох вэ?

2 Элч Петр бас Есүсийг гайхамшиг үйлдсэн гэж бичжээ (Үйлс 2:22). Есүсийн үйлдсэн гайхамшгуудаас юу мэдэж болох вэ? Нэгд, тэрбээр Мянган жилийн засаглалынхаа үед агуу үйлс бүтээхээ харуулсан. Тэр үед дэлхийн бүх хүний төлөө гайхамшиг үйлдэнэ. Хоёрт, Ехова Есүс хоёрын олон сайхан зан чанарыг мэдэж болно. Энэ өгүүллээр, Есүсийн үйлдсэн зарим гайхамшгийн тухай үзэж одоо төдийгүй ирээдүйд ямар ач холбогдолтойг ярилцъя.

ӨГӨӨМӨР БАЙХЫГ ЗААДАГ ГАЙХАМШИГ

3. а) Есүс яагаад анхны гайхамшгаа үйлдсэн бэ? б) Есүс өгөөмөр сэтгэлтэй нь тэр явдлаас хэрхэн харагддаг вэ?

3 Есүс анхны гайхамшгаа Галилын Кана хотод болсон нэгэн хуриман дээр үйлджээ. Зочид тооцоолсноос олон байсан болоод ч тэр үү, дарс дуусчихжээ. Ирсэн зочдоо элбэг дэлбэг дайлж цайлах нь шинэхэн хосын үүрэг тул энэ нь их ичгүүртэй хэрэг байв. Зочдын дунд Есүсийн эх Мариа байлаа. Есүсийг «Хамгийн Дээдийн Хүү» гэж дуудуулахыг мэддэг байсан тэрбээр Есүстэй холбоотой бүх зөгнөлийг олон жил эргэцүүлэн бодсон нь лавтай. Тиймээс хүүгээ гайхамшиг үйлдэн тэр хосод тусална гэж бодсон юм болов уу? (Лук 1:30–32; 2:52). Энэ тухай Библид бичээгүй ч Мариа Есүс хоёр шинэ хосыг өрөвдөн туслахыг хүссэн нь тодорхой. Есүс гайхамшиг үйлдэн 380 литр усыг «сайн дарс» болгон хувиргажээ (Иохан 2:3, 6–11-ийг уншина уу). Заавал ийм гайхамшиг үйлдэх ёстой байсан уу? Үгүй. Тэрбээр хүмүүсийг боддог байсан учраас тэнгэрийн Эцгээ дууриан өгөөмөр сэтгэл гаргажээ.

4, 5. а) Есүсийн үйлдсэн анхны гайхамшгаас юу мэдэж болох вэ? б) Энэ явдал ирээдүйн талаар юу хэлж өгдөг вэ?

4 Есүс олон хүнд хангалттай хүрэх сайн дарс гайхамшгаар бий болгосон. Эндээс юу мэдэж болох вэ? Ехова Есүс хоёр хахир харамч биш, харин ч өгөөмөр сэтгэлтэй ажээ. Тэд хүмүүсийн сэтгэлийг боддогийг энэ явдал харуулдаг. Ехова шинэ ертөнцөд агуу хүчээ ашиглаж бүх хүний хэрэгцээг элбэг дэлбэг хангана (Исаиа 25:6-г уншина уу).

5 Хүн бүрийн хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл биелэх цаг ирж байна. Шим тэжээлтэй хоол идэж, тав тухтай гэр оронд амьдарна гээд бодоод үз дээ. Диваажинд Ехова сайн сайхан бүхнийг арвин ихээр өгнө гэж бодохлоор бид баяр баяслаар бялхдаг.

Цаг заваа харамладаггүй бол Есүс шиг өгөөмөр гэсэн үг (6-р догол мөрийг үзнэ үү)

6. Есүс гайхамшиг үйлдэх хүчээ хэний төлөө ашигладаг байсан бэ? Есүсийг хэрхэн дууриах вэ?

6 Есүс гайхамшиг үйлдэх хүчээ хувьдаа ашиглаж байсан удаагүй. Диавол түүнийг сорьж чулууг талх болгуулах гэхэд шууд татгалзсан (Мат. 4:2–4). Харин бусдын төлөө дуртайяа гайхамшиг үйлддэг байсан. Бусдыг гэсэн сэтгэлтэй Есүсийг хэрхэн дууриах вэ? Үргэлж өгөөмөр байхыг Есүс дагалдагчдадаа уриалжээ (Лук 6:38). Яаж өгөөмөр байх вэ? Итгэл нэгтнүүдээ гэр орондоо уриад дайлж цайлан сүнслэг яриа өрнүүлж болохгүй нь юу билээ? Бас тусламж хэрэгтэй нэгэндээ цуглааны дараа цаг зав гаргаж болно биз дээ? Тухайлбал даалгавраа бэлдэхэд нь хажууд нь байгаад сонсож болох юм. Дэлгэрүүлэх ажлаа сайн хийхэд нь тусалж дэмжвэл ямар вэ? Хэрэв бид чадах ядахаараа бусдадаа тусалдаг бол Есүс шиг өгөөмөр сэтгэлтэй байна гэсэн үг.

«БҮГД ИДЭЖ, ЦАДЖЭЭ»

7. Сатаны ертөнц оршин тогтнож байгаа цагт юу байсаар байх вэ?

7 Ядуурал бол хүн төрөлхтөнд тулгараад байгаа шинэ асуудал биш ээ. «Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй» гэж Ехова эртний израильчуудад хэлсэн байдаг (Д.хууль 15:11). Түүнээс хойш хэдэн зууны дараа Есүс: «Та нар үргэлж ядуустай цуг байна» гэжээ (Мат. 26:11). Ядуу хүмүүс хэзээд байна гэсэн үг үү? Үгүй. Сатаны ертөнц оршин тогтнож байгаа цагт ядуурал үгүй болохгүй. Харин шинэ ертөнцөд амьдрал тэс өөр болно! Тэр үед ядуу хүнийг хайгаад ч олохгүй. Идэж уух юмаар гачигдах дутагдахын зовлонг хэн ч үзэхгүй.

8, 9. а) Есүс олон мянган хүнийг хооллосны учир юу вэ? б) Энэ гайхамшгийн тухай уншихлаар танд сайхан санагддаг вэ?

8 Нэгэн дуулалч: «Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг» хэмээн Еховагийн тухай хэлсэн байдаг (Дуу. 145:16). Бурхны хүч болох Христ бас мутраа дэлгэн дагалдагчдынхаа хүслийг хангадаг байсан. Есүс зүгээр нэг гайхамшиг үйлдэх хүчтэйдээ бус, харин бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг учраас ингэдэг байжээ. Матай 14:14–21-д гардаг үйл явдлыг ярилцъя (Уншина уу). Үй олон хүн тус тусын хотоос гарч Есүсийг дагажээ (Мат. 14:13). Орой болоход тэд өлсөж ядарсан байлаа. Шавь нарынх нь санаа зовж хурсан олныг тараан явуулахыг Есүсээс гуйжээ. Тэгвэл хүмүүс хоол олж идэх байлаа. Есүс яасан бол?

9 Тэрбээр таван талх, хоёр загасаар эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 5 000 орчим эрэгтэйг хоолложээ. Хүүхэд томчууд гэж ялгалгүй өрөвдөн хайрласандаа гайхамшиг үйлдсэнийг нь бодохлоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ идэж, цадсан нь хоол унд элбэг дэлбэг байсныг илтгэнэ. Өгөөмөр сэтгэлтэй Есүсийн өгсөн талх, загасыг идээд хүмүүс гэртээ харих хүч тэнхээтэй болжээ (Лук 9:10–17). Хоолны үлдэгдлийг цуглуулахад 12 сагс дүүрчээ.

10. Ирээдүйд ядуурал яах вэ?

10 Өнөөдөр авилгач удирдагчдаас болоод хэдэн зуун сая хүн өлөн зэлмүүн амьдарч байна. Голоо зогоох төдий амь зуудаг хүмүүс ч итгэл нэгтнүүдийн маань дунд бий. Харин тун удахгүй манай нийгэм авилгал, ядуурлаас бүрмөсөн чөлөөлөгдөнө. Та хүмүүсийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хүч чадал, эрх мэдэлтэй байсан бол түүнийгээ ашиглах байсан биз дээ? Төгс хүчит Бурханд ийм хүч ч байгаа, хүсэл ч байгаа. Тиймээс удахгүй гай зовлонг ул мөргүй арилгана (Дуулал 72:16-г уншина уу).

11. Христ удахгүй дэлхий даяар гайхамшиг үйлдэнэ гэдэгт та яагаад итгэдэг вэ? Үүнээс үүдээд юу хийе гэж бодож байна вэ?

11 Есүс дэлхий дээр байх гурван жил хагасын хугацаандаа Израилийн нутагт л гайхамшиг үйлдсэн (Мат. 15:24). Харин ирээдүйд дэлхийн өнцөг булан бүрд гайхамшиг үйлдэнэ (Дуу. 72:8). Үйлдэж байсан гайхамшгуудыг нь бодож үзвэл Есүс хүч чадлаа бидний төлөө ашиглах хүсэлтэй, чадвартай нь тодорхой харагддаг. Бид гайхамшиг үйлдэх чадваргүй ч гэлээ, Бурхны ариун сүнсээр бичигдсэн Үгийг хүмүүст мэдүүлэх учиртай. Ирээдүй ямар сайхан болохыг Библид зөгнөсөн байдаг. Еховад өөрийгөө зориулсан бид ирээдүйн талаарх энэ сайхан мэдлэгээ бусадтай хуваалцах үүрэгтэй билээ (Ром 1:14, 15). Христ удахгүй юу хийхийг эргэцүүлэн боддог бол Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй тунхаглана (Дуу. 45:1; 49:3).

БАЙГАЛИЙН ХҮЧИЙГ ЗАХИРДАГ

12. Есүс дэлхийг сайн мэддэг гэхийн учир юу вэ?

12 Еховаг дэлхий ба түүн дээрх бүхнийг бүтээх үед цорын ганц Хүү нь «уран дархан мэт» хамтран ажиллажээ (Сур. 8:22, 30, МБОХ 2000, 31; Кол. 1:15–17). Есүс дэлхийг сайн мэднэ. Тиймээс дэлхийн нөөц баялгийг зөв ашиглаж, эвтэйхэн зохицуулж, шударга хуваарилж чадна.

Есүс гайхамшиг үйлддэг байсан нь таны сэтгэлийг яагаад хөдөлгөдөг вэ? (13, 14-р догол мөрийг үзнэ үү)

13, 14. Есүс байгалийн хүчийг захирч чаддагийг жишээгээр хэлнэ үү.

13 Есүс дэлхий дээр байхдаа «Бурханы хүч» мөн гэдгээ баталж байгалийн хүчийг захирдаг байсан. Жишээлбэл, шавь нарынх нь амь насанд аюул занал учруулсан догшин салхи дэгдэхэд яасныг үзье (Марк 4:37–39-ийг уншина уу). Нэг Библи судлаач: «[Марк 4:37-д гардаг «хүчит салхи» гэдэг] грек үг нь зүгээр нэг хүчтэй салхийг бус, догшин шуурга, хар салхийг хэлдэг байна. Энэ нь бөөн хар үүл хуралдуулж, аянга цахилгаан буулгаж, аадар бороо дагуулж, бүх юмыг ийш тийш нь шидэлсэн догшин шуурга юм» гэжээ. Матай энэ салхийг «хүчтэй шуурга» гэсэн байдаг (Мат. 8:24).

14 Дараах дүр зургийг төсөөлөөрэй. Хөөсрөн шуугих давлагаа завийг нөмрөн авч, завь усанд автлаа. Шуурганы чимээ шуугиан, завины энд тэнд шидэгдэхийг ч Есүс мэдэх сөхөөгүй бөх гэгч нь унтаж байлаа. Олон цагаар дэлгэрүүлээд аяншиж ядарчээ. Айж тэвдсэн шавь нар нь Есүсийг сэрээж «Бид сүйрлээ» гэлээ (Мат. 8:25). Есүс босоод салхи болон нуурт «Чимээгүй. Намд» хэмээн тушаав (Марк 4:39). «Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов». Есүс байгалийн хүчийг захирах хүчтэйгээ ийнхүү харуулсан!

15. Ехова байгалийн хүчийг захирч чаддаг нь юунаас харагддаг вэ?

15 Есүсийн хүчний Эх булаг нь Ехова билээ. Тиймээс Төгс хүчит Бурхан байгалийн хүчийг захирч чадна гэдэгт бүрэн итгэж болно. Хэдэн жишээ авъя. Усан галав болохын өмнө Ехова: «Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулна» гэжээ (Эх. 7:4). Бас Египетээс гарсан нь 14:21-д «ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасан» гэж байдаг. «ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв» гэж Иона 1:4-т бий. Ехова шинэ ертөнцөд байгалийн хүчийг үргэлж захирна гэхлээр хэчнээн сайхан бэ!

16. Ехова Есүс хоёр байгалийн хүчийг захирч чадна гэж бодохлоор яагаад урамтай байдаг вэ?

16 Ехова Есүс хоёр байгалийн хүчийг захирч чаддагийг эргэцүүлэн бодохлоор юутай урамтай вэ! Христийн Мянган жилийн засаглалын үед бүх хүн айх аюулгүй, амар жимэр амьдарна. Аймшигт байгалийн гамшгийн ул мөр ч үлдэхгүй. Хар салхи, цунами, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт гэх мэтийн байгалийн гамшигт нэрвэгдэж амиа алдах хүн нэг ч байхгүй. «Бурханы асар хүмүүсийн дунд байх» учраас ямар ч гамшиг болохгүй (Илч. 21:3, 4). Мянган жилийн засаглалын үед байгалийн хүчийг захирах эрхийг Ехова Есүст өгнө гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно.

ЕХОВА ЕСҮС ХОЁРЫГ ОДОО Ч ДУУРИАХ БОЛОМЖТОЙ

17. Ехова Есүс хоёрыг дууриах нэг арга нь юу вэ?

17 Бид байгалийн гамшгийг Ехова Есүс хоёр шиг зогсоож чадахгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд чадах зүйл бий. Нэг арга нь Сургаалт үгс 3:27-д бичсэнийг хэрэгжүүлэх юм (Уншина уу). Бид зовлон амссан нэгэндээ санаа тавьж, тусалж дэмжин, тайвшруулж тайтгаруулж чадна (Сур. 17:17). Хар салхинд гэр нь сүйдсэн нэг бэлэвсэн эмэгтэйн чин сэтгэлийн талархлын үгийг сонсъё. Тэрбээр: «Би Еховагийн байгууллагын гишүүн болсондоо маш их баярлаж байна. Надад эд материалаар туслаад зогсохгүй сүнслэг тусламж үзүүлсэн» гэжээ. Шуурганд гэр орноо сүйтгүүлээд яах ч учраа олохгүй, санаа сэтгэлээр унасан ганц бие Гэрч эмэгтэйд итгэл нэгтнүүд нь тусалжээ. Тэрбээр: «Ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. ... Баярлалаа, Ехова!» гэсэн юм. Бусдын төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг итгэл нэгт ах дүүстэйдээ бид баярладаг. Бас Ехова Есүс хоёр бидэнд санаа тавьдагт талархаад ч баршгүй.

18. Есүс «Бурханы хүч» гэдгээ батлан харуулсан нь таны сэтгэлийг яагаад хөдөлгөдөг вэ?

18 Есүс дэлхий дээр байхдаа «Бурханы хүч» гэдгээ батлан харуулсан билээ. Гэхдээ тэрбээр гайхуулах гэсэндээ юм уу амин хувийнхаа зорилгоор хүчээ ашиглаж байгаагүй. Харин хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг учраас гайхамшиг үйлддэг байжээ. Энэ тухай дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй үзье.