Skip to content

Гарчиг руу орох

Сүнслэг диваажингаа улам тэлцгээе

Сүнслэг диваажингаа улам тэлцгээе

«Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно» (ИС. 60:13).

ДУУ: 28136

1, 2. Еврей Судрыг үзвэл «хөлийн гишгүүр» гэдгээр юуг хэлсэн бэ?

«ТЭНГЭР бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр» хэмээн Ехова Бурхан тунхагласан байдаг (Ис. 66:1). Бас «Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно» гэжээ (Ис. 60:13). Яаж сүр жавхлантай болгох вэ? Бурхны «хөлийн гишгүүр» дээр амьдардаг бидний хувьд энэ нь юу гэсэн үг вэ?

2 «Хөлийн гишгүүр» гэдэг нь дэлхий юм. Бас Еврей Судрыг үзвэл эртний израильчуудын очдог байсан сүмийг хэлдэг (Ш.дээд 28:2; Дуу. 132:7). Энэ нь цэвэр шүтлэгийн төв байсан учраас Еховагийн нүдэнд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байжээ. Ехова хөлийн гишгүүрээ сүр жавхлантай болгоно гэсэн нь ийм учиртай.

3. Бурхны сүнслэг сүм гэж юу вэ? Хэзээ бий болсон бэ?

3 Орчин цагт цэвэр шүтлэгийн төв болсон бодит сүм байхгүй боловч сүнслэг сүм гэж бий. Еховаг эртний Израилийн сүмээс илүүгээр алдаршуулдаг энэхүү сүнслэг сүм нь юу вэ? Хүн төрөлхтнийг Бурхантай эвлэрүүлэх арга хэмжээ юм. Есүс амиа золиосолсны үрээр ийм боломж нээгдсэн. Тэрбээр МЭ 29 онд баптисм хүртэж Еховагийн сүнслэг сүмийн Тэргүүн тахилчаар томилогдсоноор энэхүү арга хэмжээний үндэс тавигджээ (Евр. 9:11, 12).

4, 5. а) 99-р дууллыг үзвэл Еховагийн үйлчлэгчдийн чин хүсэл юу вэ? б) Бид ямар асуултыг бодож үзэх ёстой вэ?

4 Сүнслэг сүмийг бий болгосон Еховадаа бид хэрхэн талархдаг вэ? Нэрийг нь хүмүүст мэдүүлж, золиос гэдэг үнэтэй бэлэг өгснийг нь магтаж ярьдаг. Өнөөдөр 8 сая гаруй жинхэнэ христиан Ехова Бурхнаа алдаршуулдаг гэж бодохлоор хэчнээн сэтгэл хөдлөм бэ! Нас барсныхаа дараа тэнгэрт очоод Бурхныг алдаршуулна гэж зарим шашныхан андуу ташаа боддог. Харин Еховагийн Гэрчүүд бид яг одоо, дэлхий дээрээ Бурхнаа алдаршуулахын чухлыг ойлгодог.

5 Бид Еховаг алдаршуулахдаа эртний үнэнч үйлчлэгчдийнх нь жишээг дагадаг. Тэдний тухай Дуулал 99:1–3, 5бичсэн байдаг (Уншина уу). Цэвэр шүтлэгийн төлөө Бурхны авч явуулдаг арга хэмжээг Мосе Аарон Самуел нар чин сэтгэлээсээ дэмждэг байсныг дуулалч тэмдэглэжээ (Дуу. 99:6, 7). Есүстэй хамт хаад, тахилчаар үйлчлэх тослогдсон христианууд дэлхий дээр байх хугацаандаа сүнслэг сүмийн хашаанд үнэнчээр үйлчилдэг. Олон сая «өөр хонинууд» тэднийг хамаг чадлаараа дэмждэг (Иох. 10:16, ШГ). Энэ хоёр бүлэг эв нэгдэлтэйгээр Еховаг шүтдэг. Харин хувь хүн бүр: «Цэвэр шүтлэгийн төлөө Еховагийн авч явуулдаг арга хэмжээг би чадлаараа дэмждэг үү?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

СҮНСЛЭГ СҮМД ҮЙЛЧИЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ЯЛГАЖ ТАНИХ НЬ

6, 7. Эртний христиан хуралд ямар асуудал гарсан бэ? 1919 он гэхэд юу болсон бэ?

6 Христиан хурал байгуулагдаад 100 жил ч болоогүй байхад зөгнөл ёсоор тэрс явдал гарч эхэлжээ (Үйлс 20:28–30; 2 Тес. 2:3, 4). Яваандаа хэн Бурхны сүнслэг сүмд үйлчилдгийг ялгаж таних амаргүй болсон байна. Тэр цагаас хойш олон зуун жил өнгөрсний дараа Еховагийн жинхэнэ үйлчлэгч хэн гэдгийг хаан ширээнд заларсан Есүс илчилсэн.

7 Еховагийн сайшаалыг хүлээж, сүнслэг сүмд үйлчилж байсан хүмүүс 1919 он гэхэд онцгой ялгарч эхлэв. Еховад улам сайшаагдахын тулд тэд зарим юмаа өөрчлөх шаардлагатай байлаа (Ис. 4:2, 3; Мал. 3:1–4). Хэдэн зууны өмнө элч Паулын үзсэн үзэгдэл ийнхүү биеллээ олж эхэлсэн юм.

8, 9. Паул ер бусын аргаар ямар диваажинг үзсэн бэ?

8 2 Коринт 12:1–4Паулын үзсэн үзэгдлийг тэмдэглэсэн байдаг (Уншина уу). Ехова ирээдүйд болох үйл явдлыг Паулд ер бусаар үзүүлжээ. Паул «гурав дахь тэнгэрт аваачигдаад» «диваажин» үзсэн тухайгаа бичсэн байдаг. Диваажин гэдгээр юуг хэлсэн юм бол? Бодит диваажин, сүнслэг диваажин, «Бурханы диваажин» гурав ирээдүйд хамт зэрэгцэн оршихыг хэлжээ. Дэлхий удахгүй бодитоор диваажин болно (Лук 23:43). Сүнслэг диваажин шинэ ертөнцөд бүрэн төгс утгаар бий болно. «Бурханы диваажин» гэдэг нь Бурхны оршин байдаг тэнгэрийн сайхан орчин юм (Илч. 2:7).

9 Паул яагаад «Үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссон» гэсэн бэ? Гайхалтай олон зүйлийг ер бусын аргаар үзсэн ч түүнийгээ нарийн тайлбарлах цаг нь болоогүй байсан учраас тийн хэлжээ. Харин одоо бол Бурхны ард түмний хүртдэг ивээлийг бусдад ярих цаг мөн.

10. «Сүнслэг диваажин» «сүнслэг сүм» хоёр ямар ялгаатай вэ?

10 Еховагийн Гэрчүүд «сүнслэг диваажин» гэж их ярьдаг. Энэ нь юу вэ? Гэрчүүдийн дунд ноёлдог эв нэгдэлтэй, амар тайван орчин юм. Сүнслэг диваажинг сүнслэг сүмтэй андуурч болохгүй. Сүнслэг сүм нь цэвэр шүтлэгийн төлөө Бурхны авч явуулдаг арга хэмжээ юм. Еховагийн сайшаалыг хүртсэн, сүнслэг сүмд үйлчилдэг хүмүүсийн дунд л сүнслэг диваажин буюу эв нэгдэл, амар тайван ноёлдог (Мал. 3:18).

11. Бид ямар завшаан эдэлдэг вэ?

11 Ехова сүнслэг диваажинг өргөжүүлэн тэлэх ажилдаа төгс бус хүмүүсийг 1919 оноос оролцуулдаг болсон гэж бодохлоор хэчнээн урамтай вэ! Энэ чухал ажилд та хувь нэмэр оруулж байна уу? Еховаг дэлхий даяар алдаршуулахын тулд цаашдаа ч хамтран ажиллая гэж бодож байна уу?

ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГА ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙНА

12. Исаиа 60:17-д бичсэн зөгнөл биелж байгааг хаанаас мэдэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

12 Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэгт олон өөрчлөлт гарахыг Исаиа 60:17зөгнөсөн байдаг (Уншина уу). Энэ зөгнөл биелж ирснийг хүүхэд залуус болон баптисм хүртээд удаагүй хүмүүс ном хэвлэлээс унших юм уу итгэл нэгтнүүдээсээ сонсдог. Харин үнэний замаар олон жил явсан хүмүүс энэ бүхнийг нүдээрээ үзсэн болохоор Ехова байгууллагаа Хаан Есүсээр удирдуулан, заавар өгүүлдэгт огтхон ч эргэлздэггүй. Итгэл үнэмшил нь баримт нотолгоонд үндэслэдгийг ч тэд батлан хэлнэ. Хэрэв та тийм хүмүүстэй хуучилбал итгэл тань бэхжиж Еховад улам бүр найддаг болох нь дамжиггүй.

13. Дуулал 48:12–14-ийг үзвэл бид ямар үүрэгтэй вэ?

13 Бид үнэний замаар яваад удсан ч бай, үгүй ч бай Еховагийн байгууллагын талаар хүмүүст мэдүүлэх ёстой. Бузар муу, завхран гажуудсан, хүйтэн хөндий энэ ертөнцөд сүнслэг диваажин байгаа нь орчин үеийн гайхамшиг биш гэж үү? Тиймээс тэнгэрт байдаг Бурхны Хаанчлалын тухай, дэлхий дээр байдаг сүнслэг диваажингийн тухай «хойч үедээ» баяр хөөртэйгөөр ярьцгаая (Дуулал 48:12–14-ийг уншина уу).

14, 15. 1970-аад оны дунд үеэс зохион байгуулалтын ямар өөрчлөлт гарсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

14 Зохион байгуулалтын янз бүрийн өөрчлөлт гарснаар Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг цэцэглэн хөгжиж байна. Үүний гэрч болсон настан буурлууд бидний дунд олон. Тэдний үед хурлыг ахлагчдын зөвлөл бус, хурлын үйлчлэгч удирддаг байсан. Мөн тухайн улс дахь салбарыг салбарын хороо бус, салбарын үйлчлэгч хариуцдаг байлаа. Дэлхий дахинд буй хурлуудад Удирдах Зөвлөл бус, Харуулын Цамхаг Нийгэмлэгийн ерөнхийлөгч удирдлага заавар өгдөг байв. Хариуцлагатай үүрэг хүлээдэг тэдгээр эрчүүдэд тусалж зөвлөдөг хүмүүс байсан. Гэсэн хэдий ч тэд хурал, салбар, байгууллагын өмнөөс дагнаж шийдвэр гаргадаг байсан. 1970-аад оны дунд үеэс зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар хувь хүн бус, харин томилогдсон ахлагчид нийлж шийдвэр гаргадаг болсон.

15 Он жилийн уртад Библийн сургаалын талаарх ойлголт цэгцэрч, мэдлэг нэмэгдсэн. Энэ хэрээр зохион байгуулалтын өөрчлөлтүүд үр дүнгээ өгсөн. Дангаар шийдвэр гаргаж буй хүн урьд нь голлох нөлөөтэй байсан бол Еховагийн өгсөн «хүн бэлгүүд» буюу ахлагчид хамтрах болсноор тэдний сайхан зан чанар шийдвэрт нь нөлөөлөх болсон. Энэ нь байгууллагад ач тусаа өгсөн (Еф. 4:8, ШЕ; Сур. 24:6).

Ехова газар газрын хүмүүст хамгийн хэрэгтэй удирдамж заавар өгдөг (16, 17-р догол мөрийг үзнэ үү)

16, 17. Сүүлийн үед гарсан ямар өөрчлөлт таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Яагаад?

16 Сүүлийн үед гарч буй өөрчлөлтүүдийг, тухайлбал, манай ном хэвлэлийн өнгө үзэмж, агуулга, тараах арга хэрхэн өөрчлөгдсөнийг бодоод үз дээ. Амьдралд хэрэгтэй, хүмүүсийн сонирхлыг татсан, гоё зурагтай хэвлэл өгөхдөө та баяртай байдаг биз дээ? Түүнчлэн дэвшилтэт технологи ашиглан сайн мэдээ дэлгэрүүлдэг болсноо бодоорой. Жишээлбэл газар газрын хүмүүс jw.org Вэб сайтаас хамгийн их хэрэгтэй байсан мэдээллээ авч, ач тусыг нь хүртдэг. Ехова хүмүүсийг хайрлаж, чин сэтгэлээсээ санаа тавьдгийн илрэл биш гэж үү?

17 Цуглаантай холбоотой өөрчлөлт гарснаар бие даасан судлал юм уу Гэр бүлийн Библийн хичээлээ түлхүү анхаарах боломжтой болсон. Бас чуулгантай холбоотой өөрчлөлт гарсан нь талархууштай явдал юм. Жил ирэх тусам байгууллагын үйл ажиллагаа улам боловсронгуй болж байна! Библийн боловсрол олгох янз бүрийн сургуульд сурч, мэдлэгээ зузаатгаж байгаадаа бид баяртай байдаг. Ехова байгууллагаа удирдан чиглүүлж, сүнслэг диваажинг өргөжүүлэн тэлж байгаа нь энэ бүх өөрчлөлтөөс тодорхой харагддаг.

СҮНСЛЭГ ДИВААЖИН ӨРГӨЖИН ТЭЛЭХЭД ТАНЫ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР

18, 19. Сүнслэг диваажингаа чимэхэд хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

18 Ехова бидэнд сүнслэг диваажингаа чимэх хүндтэй үүрэг оноосон. Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж, улам олон хүнийг Есүсийн шавь болгодог бол үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Нэг хүнийг Бурхны үйлчлэгч болголоо гэхэд сүнслэг диваажингийн хил тэр хэрээр тэлдэг (Ис. 26:15; 54:2).

19 Бас христиан хүнд байх ёстой зан чанарыг өөртөө бий болгох гэж байнга хичээдэг бол сүнслэг диваажин маань улам гоё болж, хүмүүс татагдах нь дамжиггүй. Ер нь хүмүүс Библийн мэдлэгийг маань бишрэхээсээ илүү цэвэр ариун, эв нэгдэлтэй байдгийг маань хараад Бурхны байгууллагыг сонирхож эхэлдэг. Дараа нь Ехова Есүс хоёрт татагддаг.

Сүнслэг диваажинг тэлэхэд таны оруулах хувь нэмэр их (18, 19-р догол мөрийг үзнэ үү)

20. Сургаалт үгс 14:35-д бичсэнээр бид яах ёстой вэ?

20 Ехова Есүс хоёр үзэсгэлэнт сүнслэг диваажинг маань хараад ямар их баярладаг бол оо! Бид ч сүнслэг диваажингаа улам гоё болгохын төлөө хувь нэмэр оруулдагтаа баяртай явдаг. Гэхдээ ирээдүйд дэлхийг диваажин болгоход гар бие оролцоод бүр ч их баярлана. Сургаалт үгс 14:35-д «Хааны таалал мэргэн зарцад хүртээгддэг» гэж байдаг. Аливаа зүйлийг хийхдээ цаад шалтгааныг нь боддог «мэргэн зарцын» адилаар ирээдүйгээ харж, сүнслэг диваажингаа улам үзэсгэлэнтэй болгохын төлөө хамаг бүхнээ хийцгээе!