Skip to content

Гарчиг руу орох

Хаанчлалын танхим бол шүтлэгийн газар

Хаанчлалын танхим бол шүтлэгийн газар

«Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно» (ИОХ. 2:17).

ДУУ: 13, 21

1, 2. а) Эртний үйлчлэгчид Еховаг хаана шүтдэг байсан бэ? б) Есүс Иерусалимын сүмд ямар сэтгэлээр ханддаг байсан бэ? в) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ЭРТ ЦАГТ Бурхны үйлчлэгчид цэвэр шүтлэгийн газартай байжээ. Абел Еховад тахил өргөхдөө тахилын ширээ босгосон бололтой (Эх. 4:3, 4). Ноа Абрахам Исаак Иаков Мосе нар бүгд л тахилын ширээн дээр тахил өргөдөг байсан (Эх. 8:20; 12:7; 26:25; 35:1; Ег. 17:15). Израильчууд Еховагийн заавраар мөргөлийн асар барьжээ (Ег. 25:8). Хожим нь Еховаг шүтэх зорилгоор сүм барьсан (Х.дээд 8:27, 29). Иудейчүүд Вавилоноос чөлөөлөгдсөнийхөө дараа синагогуудад тогтмол цугладаг болов (Марк 6:2; Иох. 18:20; Үйлс 15:21). Эртний христианууд нэгнийхээ гэрт цуглаан хийдэг байжээ (Үйлс 12:12; 1 Кор. 16:19). Еховагийн орчин үеийн ард түмэн Хаанчлалын танхимд цуглаж Бурхнаа шүтэн, Библийн боловсрол олж авдаг. Дэлхийн өнцөг булан бүрд ийм танхим хэдэн арван мянга бий.

2 Есүс Иерусалим дахь Еховагийн сүмийг ямар их хайрлаж, үнэлж эрхэмлэдэг байсныг шавь нар нь хараад «Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгисан» хэмээн дуулалчийн хэлснийг санажээ (Дуу. 69:9; Иох. 2:17). Тэр үеийн Иерусалимын сүмийг «Еховагийн өргөө» гэдэг байсан ч өнөөгийн Хаанчлалын танхимыг ингэж нэрлэдэггүй (Ш.дэд 5:13; 33:4). Гэхдээ бид шүтлэгийн газраа үнэлж эрхэмлэн, хайр гамтай ашиглах учиртай. Хаанчлалын танхимд биеэ хэрхэн авч явах, танхимаа яаж арчилж тордох, ямар хувь нэмэр оруулах талаар Библид байдаг зарчмуудыг энэ өгүүллээр ярилцъя. *

ЦЭВЭР ШҮТЛЭГТ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ НЬ

3-5. Хаанчлалын танхим гэж юу вэ? Бид цуглаандаа ямар сэтгэлээр хандах ёстой вэ?

3 Хаанчлалын танхим бол Еховаг шүтэх зорилгоор цугладаг гол газар юм. Ехова сүнслэг хэрэгцээг маань хангах гэж олон бэлэг өгдгийн нэг нь Хаанчлалын танхимд долоо хоног бүр болдог цуглаан билээ. Бид цуглаанд суун, байгууллагаас ирсэн заавар зөвлөгөөг хүлээж аваад итгэл зоригоо хурцалдаг. Цуглаанд ирсэн хүн болгон үнэн хэрэгтээ Ехова Есүс хоёрын урилгаар ирсэн гэсэн үг. Тиймд Еховагийн «ширээнээс» хооллох энэ хосгүй завшаанаа хэзээ ч дутуу үнэлэхгүй байцгаая (1 Кор. 10:21).

4 Еховаг шүтэхээр цуглаж, харилцан бие биеэ урамшуулан зоригжуулах нь туйлын чухал юм. Тийм ч учраас элч Паул хамтдаа цуглахаа болихгүй байхыг уриалсан (Еврей 10:24, 25-ыг уншина уу). Ялих шалихгүй юмнаас болоод цуглаанаа таслаад байвал Еховаг хүндэтгэдэг гэж хэлж болох уу? Цуглаандаа сайн бэлдэж, идэвхтэй оролцох нь Еховаг хайрлаж хүндэтгэн, өгдөг бүхнийг нь үнэлж эрхэмлэдгийн шинж юм (Дуу. 22:22).

5 Еховаг хэр зэрэг хүндэтгэдэг маань цуглаан дээр биеэ хэрхэн авч явж, Хаанчлалын танхимдаа яаж санаа тавьж байгаагаас харагдана. Бид биеэ зөв авч яван Бурхныхаа нэрийг алдаршуулахыг хүсдэг. Ехова гэдэг нэр Хаанчлалын танхимын хаяг дээр дурайж байдаг шүү дээ (Хаадын дээд 8:17-той харьцуулна уу).

6. Хаанчлалын танхимын талаар хүмүүс сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

6 Шүтлэгийн газартаа хүндэтгэлтэй ханддагийг маань Гэрч биш хүмүүс анзаардаг. Жишээ нь, Туркт амьдардаг нэг эрэгтэй: «Би Хаанчлалын танхимд ороод цэвэр цэмцгэр, эмх цэгцтэйг нь гайхсан. Аятайхан хувцасласан, нүүр дүүрэн инээмсэглэсэн хүмүүс надтай мэндэлж билээ. Сэтгэл их хөдөлсөн» хэмээн ярьсан юм. Тэр хүн цуглаанд тогтмол очдог болж, удалгүй баптисм хүртжээ. Индонезийн нэг хотод байдаг хурлынхан шинэ Хаанчлалын танхимынхаа зориулах ёслолын өмнө албаны хүмүүс, жирийн оршин суугчдыг нээлттэй өдөрлөгт урьжээ. Хотын дарга хүрэлцэн ирж барилгын чанар, загвар болон гоё цэцэрлэгийг ихэд биширчээ. «Ийм цэвэрхэн танхимыг хараад та нарыг жинхэнэ итгэл үнэмшилтэй хүмүүс байна гэж ойлголоо» хэмээн сэтгэгдлээ хэлсэн байна.

Биеэ зохисгүй авч явах нь Бурхнаа хүндэтгэдэггүйн шинж (7, 8-р догол мөрийг үзнэ үү)

7, 8. Хаанчлалын танхимд байхдаа Еховаг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

7 Ехова биднийг цуглаанд урихдаа гадаад төрх, биеэ авч явах байдлаа анхаараасай гэж хүсдэг. Гэхдээ бид туйлширч болохгүй. Зарим хүн биеэ авч явах талаар хэтэрхий хатуу үзэл бодолтой байхад, зарим нь гэртээ байгаа юм шиг хэтэрхий чөлөөтэй байдаг. Ехова үйлчлэгчдээ ч, шинээр ирж буй хүмүүсийг ч цуглаан дээр биеэ барихгүй чөлөөтэй байгаасай гэж хүсдэг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ хааш яаш хувцаслаж ирэх, цуглааны үеэр мессеж бичих, хоорондоо ярих, юм идэж уух зэрэг нь хүндэтгэлгүйн шинж юм. Хаанчлалын танхим бол гүйж харайн, тоглож нааддаг газар биш гэдгийг эцэг эх нь хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй (Ном. 3:1).

8 Есүс сүм дотор худалдаа хийж байсан хүмүүсийг хараад ихэд зэвүүцсэндээ тэднийг сүмээс хөөж гаргадаг (Иох. 2:13–17). Хаанчлалын танхим ч бас цэвэр шүтлэгийн газар. Тэнд бид Еховагийн тухай заалгадаг. Хаанчлалын танхимыг худалдаа бизнесийн талбар биш гэдгийг мартахгүй байцгаая (Нехемиа 13:7, 8-тай харьцуулна уу).

ХААНЧЛАЛЫН ТАНХИМД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ НЬ

9, 10. а) Хаанчлалын танхим барих, санхүүжүүлэх ажлыг хэрхэн хийдэг вэ? Үр дүн нь юу вэ? б) Хаанчлалын танхим барих хөрөнгө мөнгөгүй хурлуудад хэрхэн туслах вэ?

9 Еховагийн байгууллага дэлхийн өнцөг булан бүрд цэвэр шүтлэгийн төв болсон Хаанчлалын танхим барих, санхүүжүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Ах дүүс маань цалин хөлс авахгүйгээр танхимын зураг төсөл зохиох, барилга барих, өөрчлөн засварлах ажил хийдэг. Үүний үр дүн юу вэ? 1999 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 28 000 гаруй Хаанчлалын танхимыг дэлхийн дахинд буй хурлуудад барьж өгсөн. Энэ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд өдөрт дунджаар таван танхим ашиглалтад оруулсан гэсэн үг.

10 Хэрэгцээ шаардлага хаана байна, тэнд Хаанчлалын танхим барьдаг бөгөөд зарим хүн гар бие оролцдог байхад зарим нь хандив өргөж хувь нэмрээ оруулдаг. Ингэхдээ бид Библийн зарчмыг баримталдаг. Уг зарчмаар бол «тэгш байхын» тулд элбэг хангалуун нэг нь гачигдалтай нэгэндээ туслах учиртай (2 Коринт 8:13–15-ыг уншина уу). Үүний үрээр Хаанчлалын танхим барих хөрөнгө чадал багатай хурлууд өөрийн гэсэн сайхан танхимтай болдог.

11. Зарим Гэрч шинэхэн Хаанчлалын танхимынхаа талаар юу гэж хэлсэн бэ? Үүнийг уншаад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

11 «Хаанчлалын танхимынхаа өмнө зогсож байхдаа зүүдэлж байна гэж бодсон. Нүдэндээ ч итгэж чадахгүй байсан. Наймхан өдрийн дотор ийм гоё танхимтай боллоо! Еховагийн ивээл, байгууллагын зохион байгуулалт, хайрт ах дүүсийн маань дэмжлэгээр бослоо. Шүтлэг мөргөлийн маань энэ газар бол Еховагийн өгсөн бэлэг, үнэт эрдэнэс юм. Баярлаад баярлаад баршгүй!» гэж Коста Рика дахь нэг хурлаас ирсэн захидалд бичжээ. Еховад талархсан сэтгэлээ ийн илэрхийлж байгаа итгэл нэгтнүүдийнхээ үгийг сонсохлоор сэтгэл тань хөдөлдөг байх. Бас дэлхий дахинд буй ах дүүс маань өөрийн гэсэн Хаанчлалын танхимтай болж байгааг мэдээд та баярладаг биз дээ? Хаанчлалын танхим барих ажлыг Ехова ивээдэг нь тодорхой. Учир нь танхим ашиглалтад ормогцоо Бүтээгчийнхээ тухай илүү ихийг мэдэх гэсэн хүмүүсээр дүүрдэг (Дуу. 127:1).

12. Хаанчлалын танхимын барилгын ажилд та ямар хувь нэмэр оруулж болох вэ?

12 Олон ах дүүс маань Хаанчлалын танхимын барилгын ажилд оролцсондоо сэтгэл өндөр явдаг. Гар бие оролцох боломжтой ч бай, үгүй ч бай, хүн бүр энэ ажлыг дэмжин хандив өргөж болно. Библи бичигдэж байх үед амьдарч байсан Бурхны ард түмэн цэвэр шүтлэгийн төвтэй болохын тулд хөрөнгө мөнгө гаргадаг байсан. Өнөөгийн христианууд ч бас адилхан (Ег. 25:2; 2 Кор. 9:7).

ХААНЧЛАЛЫН ТАНХИМЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ

13, 14. Хаанчлалын танхимаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах талаар Библид ямар зарчим байдаг вэ?

13 Нэгэнт Хаанчлалын танхимтай болсон бол ямар Бурхан шүтдэгээ харуулж танхимаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах ёстой. Ехова бол эмх журмын Бурхан (1 Коринт 14:33, 40-ийг уншина уу). Бас ариун Бурхан. Тиймээс бид шүтлэг мөргөл, бодол санаа, үйл хэргээ цэвэр ариун байлгахын зэрэгцээ биеийн ариун цэвэр сахих нь нэн чухал (Илч. 19:8).

14 Хаанчлалын танхимаа ямагт цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгадаг бол сонирхсон хүмүүсийг цуглаанд урихдаа бид нүүр бардам байна. Хүмүүс ч биднийг хэлж ярьдаг зүйлээ ажил хэрэг болгодог гэж дүгнэнэ. Бидний шүтдэг Бурхан бол дэлхийг удахгүй үзэсгэлэнт диваажин болгох ариун Бурхан гэдгийг тэд ойлгоно (Ис. 6:1–3; Илч. 11:18).

15, 16. а) Хаанчлалын танхимыг ямагт цэвэр байлгах нь яагаад амаргүй вэ? Гэхдээ ингэх нь яагаад чухал бэ? б) Танхимыг ямар журмаар цэвэрлэдэг вэ? Хурлын гишүүн бүр яах ёстой вэ?

15 Танхим цэвэрлэх тухайд хүмүүс янз янзын бодолтой байдаг нь тэдний төрж өссөн орчинтой холбоотой. Зарим хүний амьдардаг нутагт шороо тоос, шавар шалбааг болсон гудамж талбай их, цэвэрлэгээний бодис ховор, усны нөөц бага байдаг. Гэхдээ бид аж байдал, хүмүүсийн нийтлэг үзэл бодлыг дагахын оронд Хаанчлалын танхимаа хэзээд цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах ёстой. Энэ бол Ехова Бурхныг шүтдэг ариун газар юм (Д.хууль 23:14).

16 Хаанчлалын танхимаа байнга цэвэр байлгая гэвэл сайн зохион байгуулалт хэрэгтэй. Ахлагчид хуваарь гаргаж, цэвэрлэгээний бодис, хэрэгслийг хангалттай хэмжээгээр байлгах ажлыг хариуцна. Танхимын зарим хэсгийг цуглаан болгоны дараа цэвэрлэх хэрэгтэй байхад, заримыг нь байнга цэвэрлээд байх шаардлагагүй байдаг. Тиймээс танхим цэвэрлэсний дараа ахлагчид хянаж шалгах хэрэгтэй. Хурлын гишүүн бүр цэвэрлэгээндээ идэвхтэй оролцох нь зүйтэй.

ШҮТЛЭГИЙН ГАЗРАА АРЧИЛЖ ТОРДОХ НЬ

17, 18. а) Цэвэр шүтлэгийн газраа арчилж тордож байсан эртний үйлчлэгчдээс юу сурах вэ? б) Хаанчлалын танхимаа арчилж тордох хэрэгтэйн учир юу вэ?

17 Бид шүтлэгийн газраа байнга арчилж тордон эвдрэл гэмтэлгүй байлгахыг хичээдэг. Бурхны эртний үйлчлэгчид бас тийм байсан. Жишээ нь, Иудагийн хаан Иехоашийн үед ард түмэн сүмд мөнгө хандивлажээ. Цугласан мөнгөөр Еховагийн «өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун» гэж Иехоаш тахилчдад тушаасан (Х.дэд 12:4, 5). Түүнээс хойш 200 гаруй жилийн дараа Иосиа хаан сүмийн хандивын мөнгийг засварт зориулж байжээ (Шастирын дэд 34:9–11-ийг уншина уу).

18 Салбаруудаас ирсэн мэдээгээр бол зарим улсад барилга байшингаа засаж янзлах талаар төдийлөн анхаардаггүй ажээ. Энэ нь мэдлэг туршлагатай, хөрөнгө мөнгөтэй хүн ховор байдагтай холбоотой байж болох юм. Гэхдээ бид Хаанчлалын танхимаа арчилж торддоггүй бол хугацаанаасаа өмнө элэгдэж муудан өнгө үзэмжээ алдах ба гадны хүмүүст сайнаар хэлэгдэхгүй. Харин хурлын гишүүн бүр Хаанчлалын танхимаа сайхан байлгахад чадлынхаа хэрээр оролцдог бол Еховаг алдаршуулна, итгэл нэгтнүүдийнхээ өгсөн хандивыг хэмнэнэ.

Хаанчлалын танхимаа цэвэрлэж, тордож байгаарай (16, 18-р догол мөрийг үзнэ үү)

19. Та Хаанчлалын танхимаа үнэлж эрхэмлэдгээ яаж харуулъя гэж бодож байна вэ?

19 Хаанчлалын танхимыг Еховад зориулдаг. Тиймээс энэ нь хэн нэг хүний юм уу хурлын өмч биш байх нь. Энэ өгүүллээр үзсэн Библийн зарчмуудыг эргэцүүлэн бодвол Бурхнаа шүтдэг газартаа зөв зохистой хандаж сурна. Бид Еховаг хүндэтгэдэг учраас цуглаандаа хүндэтгэлтэй хандаж, Хаанчлалын танхимаа үнэлж эрхэмлэдэг. Илүү олон танхим барихад зориулж мөнгөн хандив өргөдөгтөө баяртай байдаг. Мөн Хаанчлалын танхимаа цэвэрлэх, арчилж тордох ажилд цаг зав, хүч чадлаа дуртайяа зориулж идэвхтэй оролцдог. Ийнхүү Еховагийн өргөөний төлөө зүтгэлтэй байсан Есүсийг дууриадаг (Иох. 2:17).

^ д/м 2 Энэ өгүүллээр Хаанчлалын танхимын тухай ярина. Гэхдээ зарчим нь Чуулганы танхим болон цэвэр шүтлэгийн төлөө ашиглах бусад барилгад хамаатай.