Skip to content

Гарчиг руу орох

Шинэ ертөнцийн амьдралд одооноос бэлдье

Шинэ ертөнцийн амьдралд одооноос бэлдье

«Сайныг үйлд ... хэмээн тэдэнд тушаа. Тэд ... жинхэнэ аминд хүрэх юм» (1 ТИМ. 6:18, 19).

ДУУ: 43, 40

1, 2. а) Дэлхий диваажин болоход та ямар ивээл хүртэхийг хамгийн их хүсэж байна вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Шинэ ертөнцөд хүртэх сүнслэг ивээл гэж юу вэ?

«ЖИНХЭНЭ АМЬ». Ихэнх христиан энэ үгийг сонсоод диваажин дэлхийд мөнх амьдрах тухайгаа боддог. Тэгээд ч элч Паул «жинхэнэ амийг» «мөнх амьтай» адилтгасан байдаг (1 Тимот 6:12, 19-ийг уншина уу). Бид аз жаргал, баяр баясгалангаар бялхсан мөнхийн амьдралыг хүсэн хүлээдэг. Одоо төсөөлөхөд амаргүй ч, тэр үед өглөө сэрэх бүрд бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа маань цоо эрүүл байна (Ис. 35:5, 6). Хайртай хүмүүс, найз нөхөдтэйгөө, түүний дотор амилсан нэгэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх хэчнээн таатай билээ! (Иох. 5:28, 29; Үйлс 24:15). Шинжлэх ухаан, соёл урлаг, уран барилга гээд янз бүрийн салбарт хүч, ухаанаа сорино гээд бод доо.

2 Бид шинэ ертөнцөд энэ бүхнийг үзэхийг тэсэн ядан хүлээдэг. Сүнслэг ивээл хүртэхийг бүр ч их хүсэн тэмүүлдэг. Еховагийн нэр ариусаж, хэмжээгүй эрх мэдэл нь зөвтгөгдөхийг харах нь сүнслэг ивээл юм (Мат. 6:9, 10). Хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны анхны санаа зорилго биелэхийг үзээд бидний сэтгэл хэчнээн их хөдлөх бол! Аажим аажмаар нүглээсээ ангижирсаар эцэстээ төгс болоход Еховатай дотносох бүр ч амархан болно! (Дуу. 73:28; Иак. 4:8).

3. Одооноос ямар бэлтгэл базаах хэрэгтэй вэ?

3 Ехова дээрх амлалтуудаа биелүүлнэ гэдэгт бид итгэдэг. Яагаад гэвэл «Бурханд бүх юм боломжтой» (Мат. 19:25, 26). Шинэ ертөнцөд хөл тавиад зогсохгүй Христийн Мянган жилийн засаглалаас цааших амьдралыг үзье гэвэл одооноос «мөнх амийг барьж авах» хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? Өнөөгийн бузар муу ертөнцийн төгсгөл ирнэ гэж итгэдгээ харуулж амьдрах ёстой. Мөн шинэ ертөнцөд амьдрахад шаардлагатай бүхнийг яг одоо хийх учиртай. Яаж гэдгийг ярилцъя.

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

4. Шинэ ертөнцөд амьдрахад хэрхэн бэлтгэх вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Бурхны шинэ ертөнцөд амьдрахад одооноос хэрхэн бэлдэх вэ? Жишээ нь та гадаадад амьдрахаар төлөвлөж байна гэж бодъё. Тэгвэл тодорхой бэлтгэл базаана. Тэндхийн хүмүүсийн хэлийг сурна. Бас ёс заншлыг нь судалбал ашигтай. Үндэсний хоолыг нь идэж үзнэ. Тэр улсад оччихсон юм шиг амьдарч эхэлнэ. Ингэж байж гадаадад амьдрах бэлтгэлээ хангана. Үүнтэй адилаар, одоо шинэ ертөнцөд байгаа мэт амьдарч сурах хэрэгтэй. Дараах аргуудыг бодож үзье.

5, 6. Еховагийн байгууллагаас ирсэн зааврыг дагаж сурах нь шинэ ертөнцөд амьдрах бэлтгэлээ базааж буй хэрэг гэхийн учир юу вэ?

5 Сатаны дарангуйлдаг энэ ертөнцөд хүмүүс дур зоргоороо амьдрахыг чухалчилж, Бурханд захирагдах хэрэггүй гэж үздэг. Үүний үр дагавар нь зовлон зүдүүр, уй гашуу, гай гамшиг байдаг (Иер. 10:23). Тэгвэл хайр халамжтай Удирдагч Ехова дэлхийг захирах үед амьдрал ямар байхыг бод доо. Шинэ ертөнцөд Бурхан хэмжээгүй эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, бүх хүн дуулгавартай болно. Тэр цагт амьдрал цэцэглэнэ!

6 Тэгээд бид Еховагийн байгууллагын заавраар дэлхийгээ үзэсгэлэнт диваажин болгоно. Амилсан хүмүүст Бурхны тухай заана. Хүн төрөлхтний талаарх Еховагийн хүсэл таалалтай холбоотой янз бүрийн ажил хийнэ. Ингээд бодохлоор ямар таатай вэ! Хэрэв удирдах үүрэг хүлээсэн хүн дургүй ажлыг тань даалгавал яах вэ? Дуулгавартай байж, тэр ажлыг чадлынхаа хэрээр хийх болов уу? Хийлгүй яах вэ гэж ихэнх хүн хариулах байх. Тэгвэл байгууллагаас ирсэн зааврыг одоо дуртайяа дагадаг уу? Дагадаг бол шинэ ертөнцөд амьдрах бэлтгэлээ базааж байна гэсэн үг.

7, 8. а) Удирдах үүрэг хүлээсэн хүмүүстэй хамтран ажиллах нь яагаад чухал бэ? б) Зарим христианы амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? в) Шинэ ертөнцөд бид ямар сэтгэгдэлтэй байх вэ?

7 Шинэ ертөнцийн амьдралд бэлдэхдээ Еховагийн байгууллагаас ирсэн зааврыг дагахаас гадна ямар ч үед сэтгэл хангалуун байж, бусадтайгаа хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Удирдах үүрэг хүлээсэн хүмүүсийг дэмжиж ажилладаг, шинэ даалгавар авахлаараа баяр баясгалантай байдаг бол ирээдүйд ч бас ийм л байх болно (Еврей 13:17-г уншина уу). Израильчуудыг Амласан газар ороход Бурхан тэдэнд газар хуваарилж өгдөг (Тоол. 26:52–56; Иош. 14:1, 2). Шинэ ертөнцөд бид хаана амьдрахаа одоо мэдэхгүй. Гэхдээ бусдыгаа дэмжиж хамтран ажилладаг бол тэр үед хаана ч амьдарсан Еховагийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байна.

8 Хаанчлал дэлхийг бүхэлд нь захирах үед Бурхандаа үйлчилнэ гэдэг ямар их нэр төрийн хэрэг байх бол оо! Ийм л учраас бид өнөөдөр Еховагийн байгууллагатай хамтран ажиллаж, өгсөн даалгаврыг нь дуртайяа хийдэг. Цаг хугацаа өнгөрөхөд амьдрал ахуй, нөхцөл байдал өөрчлөгддөг нь үнэн. Жишээ нь, АНУ-д амьдардаг зарим бетелчин эхлэгчээр үйлчлэх томилолт авчээ. Гэхдээ тэд даалгавраа баяр хөөртэй биелүүлж байна. Явуулын ажил хийж байсан зарим хүн нас хөгшрөх зэргээс болоод тусгай эхлэгчээр томилогдсон. Хэрэв бид сэтгэл хангалуун байж суран, Бурхнаас тусламж гуйн залбирч, дэлгэрүүлэх ажилдаа чадлынхаа хэрээр оролцдог бол өнөөгийн хэцүү цагт ч баяр баясгалантай амьдарч, их ивээл хүртэнэ (Сургаалт үгс 10:22-ыг уншина уу). Тэгвэл шинэ ертөнцийн тухай бодъё. Таныг дуртай газраас тань өөр газар явуулбал яах вэ? Хаана үйлчилж, юу хийх нь чухал биш, хамгийн гол нь диваажинд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх биш үү? (Нех. 8:10).

9, 10. а) Шинэ ертөнцөд юуг тэвчих хэрэгтэй болж магадгүй вэ? б) Тэр үед бэлтгэлтэй байхын тулд одоо юуг тэвчиж сурах хэрэгтэй вэ?

9 Шинэ ертөнцөд зарим юмыг тэвчих хэрэгтэй болно. Жишээлбэл, зарим хүн хамаатан садан, найз нөхдийгөө амилсан гээд бөөн баяр болж байхад таны хайртай хүмүүс хараахан амилаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл та тэвчээртэй хүлээнгээ тэр хүмүүстэй хамт баярлах уу? (Ром 12:15). Еховагийн санаа зорилго биелэхийг одооноос тэвчээртэй хүлээгээд сурчихвал тэр үед хэрэг болно (Ном. 7:8).

10 Өнөөдөр Библийн үнэний тухай ойлголт бага багаар тодорхой болж байна. Ийм үед тэвчээртэй байж сурвал ирээдүйн амьдралд бэлдэж байгаа хэрэг юм. Та шинэ ойлголтын талаар судалж, сайн ойлгохгүй ч гэсэн тэвчээртэй байдаг уу? Тэгдэг бол шинэ ертөнцөд Ехова бидэнд ямар ч шинэ содон зүйлийг мэдүүллээ гэхэд тэвчээртэй байж чадна (Сур. 4:18; Иох. 16:12).

11. Бусдыгаа одооноос уучилж сурах хэрэгтэйн учир юу вэ? Энэ нь шинэ ертөнцөд яагаад хэрэгтэй вэ?

11 Шинэ ертөнцөд хэрэг болох бас нэг чанар бол ууч сэтгэл юм. Христийн Мянган жилийн засаглал эхэлмэгц бүх хүн төгс болчихгүй. Нүгэлт хандлагаасаа ангижрахад хугацаа хэрэгтэй (Үйлс 24:15). Тиймд бид бие биеэ уучлах шаардлагатай үе гарна. Одооноос бусдыгаа уучилж сураад, нөхөрлөлдөө сэв суулгахгүй байвал тэр үед энэ чанарыг илэрхийлэхэд бүр хялбар болно (Колоссай 3:12–14-ийг уншина уу).

12. Шинэ ертөнцөд амьдрахыг хүсэн хүлээж байгаа бол одоо яах хэрэгтэй вэ?

12 Диваажинд амьдарна гэдэг нь дуртай цагтаа, хүссэн бүхнээ авахын нэр биш юм. Харин ч шинэ ертөнцөд амьдрах хүмүүс ямар ч үед сэтгэл ханадаг, талархдаг байх болно. Одоо Еховагийн зааж өгч байгаа тэр л зан чанаруудыг шинэ ертөнцөд илэрхийлэх хэрэгтэй болно. Тиймээс бид эдгээр зан чанарыг илэрхийлж сурвал «ирэх ертөнцийг» бодитой гэж үзэж, мөнх амьдрах бэлтгэлээ базааж байна гэсэн үг (Евр. 2:5; 11:1). Түүнээс гадна, бүх хүн Еховад дуулгавартай болох тэр цагийг хэчнээн их хүлээдгээ харуулж байгаагийн шинж болно.

ЕХОВАД ҮЙЛЧЛЭХИЙГ ГОЛ ЗОРИЛГОО БОЛГООРОЙ

Сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлээрэй

13. Шинэ ертөнцөд бидний хувьд хамгийн гол зүйл юу байх вэ?

13 Жинхэнэ амь буюу шинэ ертөнцийн амьдралд бэлдэх бас нэг аргыг ярилцъя. Тэр үед хоол хүнс гээд хэрэгтэй бүхэн элбэг дэлбэг байна. Гэхдээ сүнслэг хэрэгцээгээ хангаж байж жинхэнэ жаргал эдэлнэ (Мат. 5:3). Еховад үйлчилж, даалгасан ажлыг нь хийх нь бидний хувьд хамгийн гол зүйл байх бөгөөд үүнээс асар их сэтгэлийн таашаал авна (Дуу. 37:4). Тиймд Еховаг одооноос амьдралынхаа эн тэргүүнд тавиад сурчихвал ирээдүйн амьдралд бэлтгэлтэй байна (Матай 6:19–21-ийг уншина уу).

14. Залуу христианууд ямар зорилго тавьж болох вэ?

14 Ехова Бурхандаа илүү их баяр хөөртэй үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Сүнслэг зорилго тавих нь нэг арга юм. Залуу христиан та Хаанчлалын үйл хэрэгт амьдралаа зориулъя гэж бодож байгаа бол бүрэн цагийн янз бүрийн үйлчлэлийн талаар бичсэн материал судалж, аль нэгээр нь үйлчлэх зорилго тавьж болохгүй нь юу билээ? * Бүрэн цагаар олон жил үйлчилсэн хүмүүстэй ярилцаарай. Хаанчлалын төлөө амьдралаа зориулбал мэдлэг чадвар, дадлага туршлага эзэмшинэ. Энэ нь шинэ ертөнцөд Бурханд үйлчлэхэд тус нэмэр болно.

Хаанчлалын үйл хэрэгт оролцоорой

15. Хаанчлалын тухай мэдээ тунхаглагчид ямар зорилго тавьж болох вэ?

15 Хаанчлалын тухай мэдээ тунхаглагчид ямар зорилго тавьж болох вэ? Христиан хүнд байх ёстой янз бүрийн чадвар эзэмшихийг зорилгоо болгож болно. Эсвэл Библийн зарчмыг илүү сайн ойлгож, ажил хэрэг болгох талаар анхаарах нь зүйтэй. Бас цуглаан дээр унших, ярих, хариулах чадвараа сайжруулах зорилго тавих нь сайн. Энэ мэтчилэн тоочоод байвал олон. Сүнслэг зорилго тавихын үр дүн нь Бурхандаа илүү урам зоригтой, идэвх зүтгэлтэй үйлчилдэг болох явдал юм. Ингэвэл шинэ ертөнцөд амьдрахад бэлэн болно.

ЕХОВА ОДОО Ч ИВЭЭДЭГ

Сүнслэг хоол ундыг талархан хүртэж байгаарай

16. Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам гэхийн учир юу вэ?

16 Бурхны шинэ ертөнцийн амьдралд бэлтгэхэд хамаг цагаа зориулж байгаа маань өнөөдөр илүү сайн амьдрах боломжоо алдаж байна гэсэн үг үү? Яалаа гэж! Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам юм. Бид агуу их гай гамшгийг эсэн мэнд давахын тулд юм уу бусдын албан шахалтаар Еховад үйлчилдэг юм биш ээ. Еховатай дотно байсан цагт сайн сайхан, аз жаргалтай амьдарна. Хүн ийм л байхаар бүтээгдсэн. Бурхнаар удирдуулж, хувиршгүй хайрыг нь мэдрэхээс илүү сайхан юм хаа ч байхгүй (Дуулал 63:1–3-ыг уншина уу). Гэхдээ шинэ ертөнцөд л тэр ивээлийг хүртэнэ гэж бодох хэрэггүй. Еховад үйлчлэхийн баяр баясгаланг одоо ч эдлэх боломжтой. Бурханд хэдэн арван жил чин сэтгэлээсээ үйлчлэн тийм ивээл хүртэж яваа хүн бидний дунд олон бий. Үүнээс сайхан амьдрал байхгүй гэж тэд чин сэтгэлээсээ хэлдэг (Дуу. 1:1–3; Ис. 58:13, 14).

Библийн үндэстэй заавар зөвлөгөө авч байгаарай

17. Дуртай зүйлээ хийж, амарч зугаацах нь диваажинд хэр чухал байх вэ?

17 Бурхны шинэ ертөнцөд бид дур сонирхолтой зүйлээ хийж, сэтгэлийн таашаалыг зүй зохисоор нь эдэлнэ. Тэгээд ч Ехова биднийг тийм хүсэлтэй, бас хэрэгцээтэй бүтээсэн (Ном. 2:24). Тэрбээр «бүх амьтны хүслийг хангахаа» амладаг (Дуу. 145:16). Сэтгэлээ сэргээх, зугаацаж цэнгэх нь зайлшгүй хэрэгтэй ч хэмжээ хязгаартай байх ёстой. Еховатай тогтоосон харьцаагаа энэ тэргүүнд тавьсан цагт хүн илүү их баяр баясгалантай болдог. Диваажин дэлхийд ч мөн ялгаагүй. Тиймээс Хаанчлалыг эхлээд хайн, ивээлээ бодож амьдрах нь ухаалаг хэрэг юм. Үүний зэрэгцээ зөв зохистой амарч зугаацаж сурах хэрэгтэй (Мат. 6:33).

18. Диваажинд мөнх амьдрахад бэлтгэж байгаа маань юунаас харагдах вэ?

18 Удахгүй болох диваажинд бид хэзээ ч амсаж үзээгүй тийм их жаргал эдэлнэ. Тиймд одооноос бэлтгэлээ базааж жинхэнэ амьтай болох гэж тэсэн ядан хүлээдгээ харуулцгаая. Бурхны таалалд нийцдэг зан чанаруудыг өөрийн болгож, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа идэвхтэй оролцоцгооё. Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавихын баяр баясгаланг эдэлцгээе. Бурхны амлалтад бүрэн итгэж, шинэ ертөнцөд оччихсон юм шиг амьдарцгаая!